Бүгдээрээ сайн уу? Энэ өдрийн мэнд хүргэе.

Багаасаа эршүүд өссөн охин би ижил хүйстэн гэх нэршлийг сонингийн хуудас дээрх Ганбуушийн ярилцлагаар анх хүлээн авч байлаа. Том хүний сэдэвтэй тэр нийтлэл тэрхүү ойлголтыг тэр чигээр нь гаж буруу хэмээн ойлгуулж байсан юм. Энэ сэдэв надтай хааяа хааяахан таарна. Нэгэн өдөр хүүхэд бүрийн ичингүйрэн суудаг эрүүл мэндийн хичээл дээр “Найз чинь ижил хүйсний хүн сонирхдог гэвэл яаж хүлээн авах вэ?” гэсэн асуултанд тоохгүй гэж хариулах гэтэл хажуунаас “шал заваан сэжгийн юм, дахиж харьцахгүй” хэмээн нэг хүүхэд дуугаран би гэдэг хүн хэлэх үгээ залгиад өнгөрч билээ… Цаг хугацаа өнгөрсөөр анхны шохоорхол анхны дурлалтай учирлаа. Гэхдээ тэр зуур эрэгтэй эмэгтэй хүнтэй ижил түвшинд харьцаж байгаагаа анзааралгүй явж дээ. Эрэгтэй хүнээс би сүрддэг, бас дундаа ч ордог. Эмэгтэй хүнтэй найзлахад амар ч дотно найзлаж үзээгүй.

Ийнхүү өсвөр насандаа би өөр гаригаас ирсэн хүн шиг их ганцаарддаг байлаа. Миний гэх хүн үгүй мэт санагдаж, бүгдээрээ харь холын юм шиг санагдана. Өөрөөрөө байх тусам тэд надаас холдож, өөрсдөд нь таалагдах гэж хичээх тусам өөрийгөө үзэн яддаг байв. Гэхдээ дэлхий дэх олон янзын хүнээс нэг л хүнийг онцлон сонгох хувь тавилан хайр гэдэг хэчнээн сайхан билээ дээ.

Энэ тавилан надад өнөөх нэг нэршилтэй хамт ирэхэд хамаг ертөнц минь доргих шиг л болсон. Цор ганц онцгой түүнийг хайрламаар, хамгаалмаар, хажууд нь баймаар их хүсэл дотор минь буцалсан тэрхэн дэрвүүн цаг одоо бодоход ямар сайхан гэгээлэг байгаа вэ дээ. Даанч би хангалттай хүчтэй байж чадаагүй, зориг гаргаагүй, өөртөө бас түүнд итгээгүй дээ. Зүгээр л би түүнийг найз залуутай болсон гэж найзууддаа хэлээсэй гэж хүссэн. Тэгэхэд нь тэд “fb-г нь хурдан явуул, ямархуу хүн юм харъя” гэх болно. Гудамжаар хамт явахдаа хайрын баландаа мансуурч орчноосоо хэсэг тасарчихвал зөрж өнгөрөх хүмүүс “яасан нялуун юм” гэж муухай хараад өнгөрнө. Аав ээждээ очоод үсрээд л хэдэн удаа үл итгэсэн царай хөндий үгстэй тулгарна. Удахгүй тэгээд л хуримаа хийнэ, хамаатан садан танилууд ажлынхан бүгдийг нь урьж ерөөл хүртэж, заримаар нь сонжуулж гал голомтоо бадраана. Дараа нь хүүхэд төрүүлэн үр удмаа үргэлжлүүлэх болно. Тэгээд л насан эцэс хүртлээ хичээвэл бахархуулж, хэнэггүйтвэл муулуулаад л дурсагдан бас мартагдан хоцрох энгийнээс энгийн амьдрал… Гэхдээ боль доо! Өөрөөсөө би одоо хүртэл асуусаар л сууна. Миний түүнийг гэх хайр юу нь тийм өөр, юу нь тийм болохгүй байсан юм бэ? Өөр нэгэн хүнийг өөртөө татах гэж хичээх хайр гэх зүйл шунал юм бол, миний түүнийг хүссэн шунал бусдаас юугаараа өөр байсан юм? Араас нь гүйж байгаад аваад суучихсан түүхүүд гашуунаар эргэн харгисаар дууссан ч, тэнд хэчнээн бузар булай агуулагдаж байлаа ч, хэр их хор уршиг дагуулсан байсан ч шогшроод л хоцрох хүмүүс яагаад миний түүхийг уншин нүд нь орой дээрээ гарч, хүүхдүүдийнхээ нүдийг дарж, хууль, дүрэм, шүүх, цагдаа, хүн төрөлхтний элдэв философи, шашин, шүтлэг ярьж “Дэлхийгээс зайл”, “Амиа хорло” гэх нь холгүй хүлээж авна гэж?

Миний нүдэнд тэр надтай адил эм хүйстэй хүн биш, миний хайртай хүн “тэр” минь л байдаг. Би өөрийгөө лесбиян гэх мэтээр нэрлэхийг хүсдэггүй. Би зүгээр л “түүнд” хайртай хүн. Царайлаг эмэгтэйг хараад би уулга алдах мөртлөө эрэгтэй хүнийг нь тоохгүй байна гэж байхгүй, алинд нь ч би нүд унагаж зүрхээ булаалгахгүй. Зөвхөн тэр. Тэгээд л болоо. Яагаад гэдгийг нь мэдэхгүй, би тийм ухаантай хүн биш. Зүгээр л тэр миний хувьд бүх юмаараа хамгийн шилдэг нь. Үйл хөдлөл, зан чанар бүр нь надад таалагддаг. Санал бодол, сэтгэл хөдлөл бүрийг нь би ойлгож хүндэлдэг. Элдэв саад бэрхшээл тулгарвал хэрхэн давахыг би тэр бүрт нь суралцан, гараас нь хөтлөөд хамтдаа давах хүслээр буцлан байдаг. Тэр их мэдрэмжүүд бүгд дурсамж болон дотор минь хадгалагдсан байгаа. Намайг аз жаргалаар дүүрэн хүн болгосон түүнд талархаад баршгүй…

Энэ урт захидлынхаа эцэст та бүхэнд захиж хэлэх зүйл байна. Хүмүүс ээ, бусдын юу гэж бодохыг битгий тоо. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж битгий хичээ. Энэ бол хэзээ ч биелэхгүй зорилго. Ганцхан зүйлийг л сана: муу зүйл л битгий хий. Юуг, яагаад муу гэдгийг чи мэднэ. Нэг зүйлийг л битгий мартаарай: хайр хэзээ ч муу зүйл байдаггүй юм шүү.

Уншсанд баярлалаа. Ярилцах хүн хэрэгтэй бол cloudiamon@gmail.com хаягаар хандаарай.