2018 оны 11-р сард, Нэгдсэн Вант улсын нөлөөллийн байгууллага болох Стөүнуолл нь Их Британи дахь ЛГБТ хүй олны эрүүл мэндийн судалгааг хийжээ. Энэхүү судалгаанд Англи, Шотланд, Уэльс орнуудаас нийт 5000 ЛГБТ хүмүүс хамрагдсан бөгөөд тэд өөрсдийн хүйсийн баримжааг 50% нь эрэгтэй, 41% нь эмэгтэй болон 8% нь бусад ( тэдний дурьдсанаар нонбайнари) гэж илэрхийлсэн байна.
Мөн судалгаанд оролцсон 5000 оролцогчдын 58% нь гей эсвэл лесбиян, 30% нь бисексуал, 9% нь өөрсдийнхөө бэлгийн чиг баримжааг илэрхийлэх өөр нэр томьёонуудыг ашигласан бол 2% нь стрэйт гэжээ. Нийт оролцогчдын 14% хүртэл хувь нь өөрсдийгөө транс гэж тодорхойлсон бол 4 хувь нь өөрсдийн хүйсийн баримжаандаа эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Судалгааны үр дүнд нийт ЛГБТ оролцогчдоос 52% нь сүүлийн 12 сард хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орж байсан бол транс хүмүүсийн 67% нь өнгөрсөн жилд хүнд хэлбэрийн сэтгэл гутралд орж байсан гэдгийг тус судалгаа харуулжээ. Сүүлийн 12 сард тохиолдсон сэтгэл гутралын хувь нон-байнари хүмүүсийн хувьд илүү өндөр (70%) байсан байна. (non-binary гэдэг нь өөрийн хүйсийг эрэгтэй эсвэл эмэгтэй гэх аль нэг хүйсэнд тохируулдаггүй өөрөөр хэлбэл эрэгтэй, эмэгтэй аль аль хүйсэнд өөрийгөө мэдэрч илэрхийлдэг хүмүүсийг тодорхойлдог нэр томъёо)
Энэхүү судалгаа нь мөн ЛГБТ хүй олон нийт ерөнхий хүн амтай харьцуулахад сэтгэл зүйн түгшүүр, дарамт ихтэй гэдгийг харуулж байна: судалгаанд оролцогчдын 61% нь сүүлийн жилд байнгын түгшүүртэй байж үзсэн тухайгаа илтгэсэн бөгөөд транс олон нийтийн 71% нь, нонбайнари 79% нь байгаа нь илүү өндөр үзүүлэлт юм. Үүнээс харахад хүйсийн баримжааны цөөнх болсон транс болон хүйсийн хэвшмэл байдалд үл нийцэх хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн хувьд илүү эмзэг бөгөөд нийгмээс ирэх ялгаварлан гадуурхалт дарамт нь илүү их гэдгийг харуулж байгаа юм.
ЛГБТ олон нийт тэр дундаа тодорхой бүлэгт амиа егүүтгэх бодол болон оролдлогын эрсдэл өндөр байгааг тус судалгаа мөн харуулж байна. Тус эрсдэл өндөр бүлэгт нийгэм эдийн засгийн байдал тааруу эсвэл/мөн өнгөт арьстан, ази болон угсаа гарлын хувьд цөөнхөд хамаарах транс, нонбайнари, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс багтаж байна. Дан ганц бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийллээс гадна тухайн хүмүүс тус бүс нутагт арьс өнгө, угсаа гарал, хөгжлийн бэрхшээлийн цөөнх бол давхар ялгаварлан гадуурхалтад өртөж, нөхцөл байдал улам хэцүү болдгийг харж болж байна. Та бүхэн тус судалгааны тайланг бүтэн эхээр нь унших бол энд дарж уншина уу.
2014 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Монголд ЛГБТ байх нь” тайланд Монгол улсын ЛГБТ олон нийт ерөнхий хүн амтай харьцуулахад сэтгэл гутрал ихтэй, өөрийгөө үнэлэх үнэлэмж маш доогуур гэж дурьджээ. Мөн тайланд бичсэнээр, хэрэв тухайн хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай бол мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзахаас илүү өөрийн найз нөхөд эсвэл ЛГБТ олон нийтийн хүмүүстэй уулзахыг илүүд үздэг байна. Тус тайланг бүрэн эхээр нь унших бол энд дарж уншина уу.
Хэрвээ танд дээр дурьдсан асуудал тулгарч байвал ЛГБТ Төвтэй холбогдоорой.
+976 7011 0323 эсвэл 24 цагийн тусламжийн утас +976 9515 9270
Хэрэв танд мэргэжлийн сэтгэл зүйч шаардлагтай бол ЛГБТ Төв таныг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвт болон хамтарч ажилладаг бусад сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй холбож өгөх боломжтой. Хэн ч ганцаараа зовох ёсгүй.
Эх сурваж
- Стөүнуолл. (2018). Британид дахь ЛГБТ хүмүүсийн эрүүл мэндийн тайлан http://www.stonewall.org.uk/sites/default/files/lgbt_in_britain_health.pdf
- НҮБХХ, АНУ-ын ОУХА (2014) Азид ЛГБТ байх нь: Монгол Улсын тайлан. http://www.asia-pacific.undp.org/content/dam/rbap/docs/Research%20&%20Publications/hiv_aids/rbap-hhd-2014-blia-mongolia-country-report-mongolian.pdf