“Mongolian queer  podcast” одоогоор нийт 11 дугаар та бүхэндээ хүргэсэн билээ. Бид сонсох хувилбараас гадна унших хэлбэрээр нийтэлж байхаар боллоо. 7дахь дугаар болох “Өөкө болон Тодоо хоёрын түүхүүд” подкастыг та бүхэндээ хүргэж байна.

Сонсох бол: Castbox , itunes


Сайн байцгаана уу?

Эрхэм хүндэт подкаст сонсогчдоо ЛГБТ Mongolian Queer подкастын маань ээлжит нэгэн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Би шинэ хөтлөгч Зоро байна. Өнөөдөр надтай хамт Өөкө болон түүний найз Тодоо нар ярилцахаар ирсэн байна.

Зоро: За тэгэхээр Өөк өөрийнхөө талаар дэпгэрэнгүй танилцуулаач

  • За намайг Өөкө гэж дуудаж болно. Би 19 настай удахгүй 20 хүрнэ. МУИС-н 3-р түвшинд суралцдаг.

Зоро: За Тодоогийн маань хувьд

  • За намайг Тодоо гэдэг 20 настай. МУИС-н 3-р түвшинд суралцдаг байгаа.

Зоро: Өнөөдөр энд хүрэлцэн ирж ярилцлага өгч байгаад баярлалаа. Өнөөдрийн маань гол сэдэв нь  coming out түүхүүд байгаа. Өөкөөгөөс асууя. Өөрийгөө анх хэзээ мэдсэн, бэлгийн чиг баримжааны хувьд сонсогчдод ярьвал.

  • Өөкө: За яг, мэдэж эхэлсэн гэдэг арай өөр гэхдээ өөрийгөө гадарлаж эхэлсэн 2013 оны өвөл байсан. Тэгж явсаар 2015 оны өвөл буюу бараг 12-р ангидаа ороод явж байхдаа өөрийгөө илүү мэдсэн гэж хэлж болно. Тэгээд илүү чимээгүй явдаг байсан. Яагаад гэвэл мэдэх шаардлагагүй гэж боддог байсан болохоор юм. 2016 оны зун Pride day үеэр алхаад илүү их мэдээлэлтэй аваад тэрнийхээ дараа өөртөө илүү ихээр итгэдэг болсон гэж хэлж болох юм даа.

Зоро: Бэлгийн чиг баримжааны хувьд

  • Өөкө: За бисексуал гэж болно, гэхдээ тэгж хэлэх жаахан дургүй.

Зоро: Тэгэлгүй яахав, анх бэлгийн чиг баримжааны талаарх мэдээллийг хаанаас авдаг байсан бэ?

  • Өөкө: Мэдээж эргэн тойронд янз бүрийн мэдээлэл маш их явна. Зурагтаар ч, сошиал медиагаар ч явна. Гэхдээ яг эх сурвалжаас нь буюу баттай мэдээллийг хаанаас авч эхэлдэг болсон вэ гэхээр 2016 оны зун буюу ЭЕШ өгсний дараа Солонго гээд ЛГБТ төвд ажилдаг байсан эгчтэй танилцсан. Тэр эгч надад илүү их мэдээллийг өгөөд би түүнд өөрийн бэлгийн чиг баримжааны талаар, асуудлаа тоочиход “Аа энэ бол ийм зүйл, чиний бэлгийн чиг баримжаа ийм тэгэхээр ингэх хэрэгтэй” гэдэг ч юм уу, ЛГБТИ гэдэг олон нийтийн талаар таниулж өгсөн гэж хэлж болно.

Зоро: За тэгэхээр Өөкө-н маань гэр бүл нь мэддэг уу? Анх мэдээд хэрхэн хүлээж авсан бэ?

  • Өөкө: Тийн, гэрийнхэн бүгд мэддэг. Хамгийн эхэнд үеэл эгч тэгээд гадаадад байдаг эмээдээ хэлсэн. За эмээ маань ЛГБТИ гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн оронд амьдардаг хүн учраас хэрэв Монголд хэцүү байвал энд хүрээд ирээ гэсэн хандлагатай хүлээж авсан. Тэгээд шөнөжин уйлаад ёоё. Гэхдээ их сургуулиа төгсчөөд очно. Үеэл эгч маань Америк-д байдаг. Маш олон гей болон лесбиан найзуудтай байгаад үзсэн. “Өөрийгөө бол мэдэж байгаа бол яах вэ. Гэхдээ өсвөр насны чинь сонирхол байж магадгүй шүү гэсэн утгаар маш их юм хэлээд” Тэр үед би тэр үгсийг хүлээж аваад магадгүй тийм байж болох юм гээд хүлээсэн, янз бүрийн зүйл суралцсан, тэр хооронд хичээлээ хийгээд ажлаа хийгээд явж байсан гэтэл ердөөсөө өөрчлөгдөөгүй. Тйим болохоор одоохондоо итгэлтэй байна. Сөргөөр хүлээж авсан тохиолдол одоохондоо байхгүй байна. Ээж аав 2 маань бас мэдсэн байгаа.

Зоро: Coming out хийж өөрийгөө хүлээн зөвшөөрсөнөөр чиний өмнөх амьдралаас хэрхэн өөрчлөгдсөн бэ? Эерэг болон сөрөг талуудаар.

  • Өөкө: За аймар эерэг тал сөрөг тал гээд байх юм байхгүй. Гэхдээ юм болгонд 2 тал байдгийн адилаар сөрөг тал нь бол мэдээж. Би нэг хүнд сэтгэлтэй болчоод тэрийгээ өөрөө илэрхийлэх учраа олохгүй байсан 10жилд “Заза угаасаа хэлээд ч яах билээ, энэ бол амь биш заяа биш” гээд хаячихсан. Дараа нь ЭЕШ өгсний дараа өөрийгөө илэрхийлсэн гэсэн дээ. Илэрхийлсэн гэж өөртөө илүү баттай болсон үе. Тэр үед над руу намайг мэдсэн хүмүүс нь, янз бүрийн танихгүй хүмүүс нь дайралт хийн орж ирч байсан. “Чи манай хүүхдийг ингэлээ тэглээ” гэдэг ч юм уу, эсвэл адилхан ЛГБТИ байж эсэргүүцдэг хүмүүс нь янз бүрийн юм бичиж эхэлсэн. Тэрийг тоогоогүй гэхдээ иймэрхүү дарамтанд байдаг. Энийг илүү хүндээр хүлээж авдаг хүүхдүүд, үеийнхэн маань байвал яаана, тэд нарт мэдээлэл хэрэгтэй байгаа юм байна гэдэг үүднээс мэдээлэл өгөхийг зорьсон. Хэрвээ намайг зориод ирэх юм бол би цааргалахгүйгээр ЛГБТ Төвтэй холбоод өгье гэдэг болсон. Тиймэрхүү inspiration өгөх маягаар ажиллахыг хүсээд. Үүнийгээ дагаад нийгмийн идэвхи ч бас сайжирсан юм болов уу гэсэн эерэг талыг олж харж байна.

Зоро: Гэр бүлийнхнээс гадна орчин тойрон хүрээлэл, найзууд, ангийнхан нь хэр хүлээж авсан бэ?

  • Өөкө: Манай ажлынхан бол мэдэхгүй. Ажлынхан гэж 2 эгч маань л байдаг. Энэ талаар хальт ярьдаг ч гэсэн тэр 2 сөргөөр хүлээж авдаггүй. Монголчууд энийг мэдэх ёстой хэтэрхий хаагдмал явчихлаа, нээлттэй байвал дээр гэсэн үүднээс ханддаг. Одоо бараг 40 гарч яваа хүмүүс. Ээжтэй маань бараг чацуу, маш их ойлгодог. Одоохондоо хэлээд байх шаардлагагүй болохоор хэлдэггүй, гэхдээ хэлбэл ойлгохоор байна гэдгийн мэднэ. 10 жилийнхэндээ ЭЕШ өгсөний дараагаас хэлж эхэлсэн. Нэг банди болохоор “Өө би чамайг бараг мэдэж байсан” гэсэн утгатай юм хэлсэн. Би ХӨӨХ… гээд гайхаж байсан. Ангийн даргадаа хэлсэн чинь “Өө би чамайг гайхахгүй байна” гэсэн. Тэрэнд би өөрөө гайхаад, өөрийгөө гайхаад явж байхад “Чи яагаад гайхахгүй байгаа юм” гэсэн утгатай байсан. Харин намайг сайн мэддэг, надтай илүү он удаан жил найзалсан гэсэн эрэгтэй найздаа хэлсэн чинь гайхширч хүлээж аваад “ХӨӨХ ямар сонин юм бэ” гээд цааш нь тараачихсан байсан. Гэхдээ надад сөрөг хандлага огт үзүүлээгүй. “Заза ийм бол одоо яахав дээ” гэж хүлээж аваад бидний нөхөрлөл хэвээрээ байгаа.

Зоро: Өөрийгөө хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Coming out хийж чадахгүй байгаа сонсогчиддоо хандаж юу гэж хэлэх вэ?

  • Өөкө: За юуны түрүүнд илүү их мэдлэгэтэй болоорой, coming out хийх гэж дайрах хэрэггүй. Яагаад гэвэл, хэрвээ хэн нэгэн чамаас чиний ЛГБТИ байдлын талаар асуух юм бол чи энэнд эх сурвалжтайгаар хариулах мэдлэгэтэй байх хэрэгтэй. Чи заавал coming out хийх тэр мөчдөө биш өөрийнхөө өөр бусад хувь хүний зан чанараар бусдыг байлдан дагуулдаг, бусдад хүндлэгддэг, бусдын сайхан сэтгэгдлийг хүлээж авсан тийм хүн байх хэрэгтэй шүү. Тэрийг бол хэлмээр байна.
  1. Хувь хүний зан чанар
  2. Мэдлэг
  3. Нийгэмд зөв хандлага бий болгох тийм хүн эхлээд болоорой. Эцэст нь үнэхээр хайртай гэж бодсон хүнээ л гэр бүлийнхэндээ хэлээрэй.

Зоро: За тэгэхээр сонсогчид маань Өөкөгийн алтан дүрмийг сонсож авсан байх. Үнэхээр үнэтэй зөвлөгөө өгсөн байх гэж найдаж байна.

Зоро: За тэгэхээр Өөкө маань найз охинтой юу? Найз охиноо танилцуулаач.

  • Өөкө: Найз охин байгаа. Танилцуулахгүй ээ.

Зоро: Үерхээд хэр удаж байгаа вэ?

  • Өөкө: Үерхээд 7 сар болж байна.

Зоро: Хайрын түүхээ хуваалцвал та 2 хэрхэн яаж танилцав, бие биенийгээ яаж ойлгов?

  • Өөкө: Бид 2 нэг сургууль, ер нь 2-р курсээсээ нэгнээ сайн мэддэг болцгоосон. Тэгээд найз нөхдийн журмаар явдаг байсан. Хаа нэг таарахаараа хацарнаас чимхээд, үнэсээд, толгой эдр илээд л.

Зоро: Ямар хөөрхөн юм бээ.

  • Өөкө: Ядаргаатай байдаг байсан юмаа. Би тийм нялуун биш болохоор дургүй байсан. Тэгээд яасан бэ гэхээр манай дундын нэг найзын төрсөн өдөр болоод тэрэн дээр таараад ярилцдаг ч юм уу, eye contact ч юм уу тиймэрхүү зүйлс үүсгэсэн. Маргаашаас нь илүү дотно харьцдаг болоод тэгээд үерхсэн дээ.

Зоро: Тэгэхээр хосууд хүртэл маргалдаж, муудалцдаг үе байдаг тийм үү? Тэгвэл та 2 хэрхэн ойлголцдог вэ? ЛГБТИ хосууд энгийн стрэйт, сизжендэр хосуудаас илүү ялгаатай байдаг юм болов уу? Энэ тал дээр ямархуу байр суурьтай байдаг вэ?

  • Өөкө: За, ЛГБТИ байлаа гээд харилцаа нь ялгаатай байдаг гэсэн үг биш, энэ бол эрэгтэй эмэгтэй гэсэн хүйсэн дээр тогтдог зүйл биш юм байна гэдгийг маш сайн ойлгож байна. Яагаад вэ гэхээр эмэгтэй хүмүүс хоорондоо үерхлээ гэхэд сарын тэмдэг(менструаци) ирэх нь адилхан болохоос хувь хүний зан чанар дээр бол өөр байдаг. Жишээлбэл, бид хоёрын өссөн орчин өөр, үзэл бодол, хандлага өөр тэгэнгүүт стрэйт хүмүүстэй тун адилхан үйл явцаар танилцах нь ч адилхан, үерхэх үйл явц ч бас адилхан шүү дээ. Хайрын 5 үе шат гээд байдаг шиг ер нь бол маш адилхан журмаар явагддаг. Тэгээд би ингэж удаан үерхэж үзээгүй, нэг л муудалцвал шууд хаяад явчих гээд байдаг зантай. Гэтэл манай найз охин авч үлдэх гэж хичээдэг төрлийн хүн байсан. Намайг өөртэй нь ярилцахад нээлттэй байхад энэ тал дээр сургаж байгаа нэг хүн юм аа. Хосууд хоорондоо эрэгтэй эмэгтэй гэлтгүй ярилцаж байх л чухал юм байна. Нэгнээсээ ичих хэрэггүй, нэгэнт л хамт байна гэж шийдцэн бол ямар ч төрлөөр хамаагүй. Жишээлбэл, чи шүдээ угаа л даа ингээд цэвэрхэн үнсэлцмээр байна гээд ярьж болно ш дээ. Хоёулаа хамт сайн дурын ажил хийе нэгнээ хөгжүүлье гэдэг ч юм уу, адилхан л явдаг зүйлс юм.

Зоро: Өөкө-н найз охин энэхүү подкастыг сонсож байж магадгүй. Энэхүү завшааныг ашиглан найз охиндоо хандаж хэлэх үг байвал хэлж болно.

  • Өөкө: Тэгэхээр би жаахан ичээд байна. Чатаар л хайртай ч юм уу тиймэрхүү үгийг хэлдэг байхгүй юу. Тэгээд нэг зориг ороод хэлчихье. Хайртай шүү.

Зоро: Тодоогийн маань хувьд Өөк бид 2н яриаг нилээн удаан чагнаж суулаа. Дахиад өөрийгөө танилцуулаач, өөрийгөө хэрхэн анх мэдэрсэн бэ? Бэлгийн чиг баримжааныхаа талаар.

  • Тодоо: За Тодоо байна. Бэлгийн чиг баримжааны хувьд бол бисексуал. Анх мэдэрч эхэлсэн гадарласан гэх юм уу тэр үед 15 настайдаа мэдрээд гайхдаг байсан л даа. Ямар ч мэдээлэл байхгүй байсан. Тэгээд 16 настай болчихоод эрэгтэй хүн ч гоё харагдаад эмэгтэй хүн ч гоё харагдаад би гайхдаг байсан л даа. Тэгж байх үед сургууль дээр эрүүл мэндийн төвөөс гадаад мэргэжилтэн ирээд сургалт зохион байгуулаад би тэнд оролцсон. Яг надад тохирсон мэт бэлгийн чиг баримжааны талаар байсан. Тэндээс яг үнэн мэдээллийг аваад, дараа нь мэргэжилтэнтэй уулзаад өөрийнхөө ерөнхий чиглэлийг ойлгож авсан байгаа. Тэр үеэс хойш баттай мэдсэн. Гэхдээ яг гей юм уу, бисексуал гэдгээ аль гэдгээ мэдэхгүй явсаар 19 нас хүрсэн. Энэ үед зөвхөн эмэгтэй хүн сонирхдог болох талаар ч юм уу тиймэрхүү оролдлогууд олон хийсэн. Сэтгэл зүйчтэй уулсан гэхдээ хичээгээд байсан хэрнээ боломжгүй байсан. Дараа нь өөрийгөө сонсоод, юу хүсээд байгаагаа бодоод өөртэйгөө эвлэрсэн байгаа. Тэгээд бисексуал гэж тодорхойлсон.

Зоро: Эргэн тойрны хүрээлэл найз нөхөд чинь хэрхэн хүлээж авсан бэ?

  • Тодоо: Ихэнх найзууд түрүүлээд мэдчихсэн. Мэдээгүй хэд нь гадарлачихсан байсан. Намайг хэлэхэд шууд эерэгээр намайг мэддэг байсан юм шиг ярьж байсан. Мэдсэн хүмүүс нь надаас шууд найз бандитай юу гээд тулган асуугаад ярилцаж байсан. Ер нь их эерэгээр хүлээж авсан. Гэр бүлийнхэн маань бас гадарладаг. Эгч маань мэддэг, сөрөг сэтгэгдэл байхгүй. Хүссэнээрээ бол гэдэг.

Зоро: За тэгэхээр подкаст сонсогчиддоо зориулаад хэлэх үг байна уу?

  • Тодоо: Та бүхэнд хэлэхэд ЛГБТИ хүн нь стрэйт хүмүүстэй адилхан хайрлана, догдлоно, уурлана гэх мэт хайр дурлалын хувьд амьдралын хувьд ч тэр адилхан. Тэгээд энгийн хүнээс өөр зүйл байхгүй. Хүндээр битгий хүлээж авч байгаарай.

Зоро: Тэгэлгүй яахав. Тодоогийн маань хувьд одоогийн байдлаар ямар нэгэн дотно харьцаж буй хүн байгаа юу? Хостой юу? Нууц биш бол.

  • Тодоо: Яг одоогийн байдлаар найз залуу харьцдаг хүн байхгүй. Өмнө нь байсан.

Зоро: Сингл гэж байна шүү. Өөкө Тодоо 2 маань хэзээнээс найзалж нөхөрлөж эхэлсэн бэ. Бие биенийхээ талаар хэзээ мэдэж эхэлсэн бэ?

  • Өөкө: За би нэг газар ажилладаг. Тодоо анх орж ирж байсан. Тэгээд баахан яриа өрнүүлээд бүх төрлийн юм ярьж байсан. Амьдралаа ч яриад, хичээлээ ч яриад, бэлгийн чиг баримжааны талаар ч ярьж байсан байх, сайн санахгүй байна. Тэр үе 1-р курсын эхний семестер байсан байх тэ?
  • Тодоо: Тийн, анх сургуулийн фейсбүүк групп дээр манай Өөкө маань пост хийсэн байсан тэгээд би ороод харсан чинь профайл эдр нь ЛГБТ-н бахархалын далбаатай авахуулсан зургууд нь байсан. Тэгээд сонирхоод чат бичсэн, ярилцаад үзсэн чинь нэг хичээл хамт судалдаг болоод хэд хоног хааяа даа чатлаад явж байгаад ажлын газры нь асуугаад дараа нь очсон. Анх бие биенээ танихгүй болохоор “Би фейсбүүкийн чинь найз байнаа” гэлтэй нь биш би зогсоод л байсан, дээрээс нь ичээд зогсоод л байсан байхгүй юу

Зоро: ХАХА… зогсоод л байсан юм уу. Ямар балай юм.

  • Тодоо: Тэгээд л байж байсан Өөкөгийн үйлчлүүлэгчид нь бас гараад тэгээд би үйлчлүүлэх гээд нэг юм зохиогоод хэлээд, тийм байж байгаад чаталж байсан тухайгаа хальт цухуйлгаад ер нь тэрнээс хойш.
  • Өөкө: Бид 1-р курсээ төгсчөөд зун нь хамт амьдарсан байгаа. 3-н сар байр түрээслээд тэгээд энийг ээж эмээ 2т хэлээд эмээ болохоор эрэгтэй хүүхэд тустай гээд. Ээж залуу хүн ганц төрсөн охиноо гэдэг үүднээс эрэгтэй хүүхэд үү гээд гайхахаар нь гэнэн томоогүй зангаараа “зүгээр ээ, ээж тэр чинь гей” гээд хэлчихсэн. Тэгсэн ээж “За тэр нь хамаагүй, өөрсдөө болгож л байвал гээд амьдраад үзэхгүй юу” гээд ер нь ардчилсан сэтэлгээтэй хүн л дээ. Тэгж шийдээд би чинь эмэгтэй хүн байж хоол унд хийхгүй гэр орон цэвэрлэхгүй орой ажлаасаа тарахад манай Тодоо маань мессеж биччихсэн “Би хоол хийчихсэн шүү” , тэгээд л очдог байсан.

Зоро: Ямар хөөрхөн юм бэ.

  • Өөкө: Бид 2 янз бүрийн relationship-ээ ярина. Хэнтэй харьцаж байгаа, үерхэж байгаагаа ч юм уу ярина. Би гарлаа гээд л байнгын холбоотой байгаад гурван сарыг үзсэн.

Зоро: ЛГБТИ хүмүүсийн нөхөрлөл стрэйт, сизжендэр хүмүүсээс ялгаатай байдаг болов уу? Ямархуу байдаг юм болоо? Тэр талаар юу гэж бодож байна.

  • Өөкө: Нээх ялгаа байхгүй, хайр дурлалтай адилхан. Хувь хүний хоорондох харилцаа нь адилхан. Энэн дээр илүү нээлттэй, хэрвээ эрэгтэй эмэгтэй 2 найз явж байхад үерхдэг гэж хардаг бол үнэндээ галзуу хамууд байдаг. Тэгээд гол нь бид нарын янз бүрийн харилцааны талаарх гайхшрал илүү багассан байдаг. Жишээлбэл, ямар ч coming out хийж байгаагүй найз ирээд найз залуутай гэхэд би “Өө ямар сонин юм, чи юу?” гэж ерөөсөө хэлэхгүйгээр сэтгэлий нь нээх маягаар “Та 2 тэгээд амжилттай юу? Надад туслах зүйл байна уу, асуумаар зүйл байна уу?” гээд цаашаа яамаар байна гэх мэтчилэн илүү сэтгэлийн нээх яриа бидний дунд байдаг байх гэж боддог.

Зоро: За өнөөдрийн маань ярилцлага подкаст сонсогчдын хувьд сонирхолтой байгаа болов уу гэж бодож байна. Подкастын маань төгсгөлд та 2т нэмж ярих асууж дурдаагүй зүйл байна уу? Шинэ содон зүйл байна уу?

  • Өөкө: ЛГБТИ хүмүүсийг хамгийн гаж байх ёсгүй гэж боддог яг үнэндээ бол хүчирхийлэл байх ёсгүй зүйл гэж би боддог. Яагаад гэвэл намайг 3н сарын хугацаанд тэр байрыг түрээслэх эхэн үеийн хугацаанд юу болсон гэвэл манай гэрт 3н ЛГБТИ хүүхэд хөөгдөж ирсэн гэрээсээ бүгдээрээ зодуулсан, гэрийн хорионд орсон, эдийн засгийн болон хоол хүнсний хараат болсон хязгаарлуулсан тиймэрхүү байдалтай хүүхдүүд маш олон ирсэн. Энэ одоо яг яаж байгаа юм бэ? Аав ээж ах эгч нар аа, ийм зүйл байж болох уу гэдгийг би асуумаар байна. Энэ нь илүү гаж зүйл биш гэж үү? би бол тэгж бодож байна. Тэгж болохгүй гэдгийг өөрийн зүгээс хүсч байна. Илүү хүнлэг байцгаая. Хүн чанартаа анхаарч мэдлэгтэй биш хүн чанараа нэгт тавьж үүн дээр суурилсан мэдлэгээ олж авцгаая. Мэдлэггүй улмаас энэ харанхуй бүдүүлэг зүйлс үүсдэг гэж боддог. ЛГБТИ хүмүүс бол гаж үзэгдэл биш бид адилхан хүн. Адилхан харилцъя. Бид ч бас адилхан харилцана. Ийм л байна.

Зоро: Өнөөдрийн подкастаар coming out түүхийн талаар ярилцлаа. Хүрэлцэн ирсэн Өөк болон Тодоодоо баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзалтлаа баяртай.

  • Тодоо: Баярлалаа. Баяртай
  • Өөкө: Баярлалаа.

Нийтлэл бэлдсэн: DawQ