“Mongolian queer podcast” одоогоор нийт 14 дугаар та бүхэндээ хүргэсэн билээ. 13 дахь дугаарыг та бүхэндээ унших хэлбэрээр хүргэж байна. Мөн ЛГБТ Төвд тусалж, дэмждэг бүх сайн дурын ажилтнууддаа талархсанаа илэрхилье!
ЛГБТ төв хүн бүрт хүний эрх, шударга ёс, нэр төр.
Гонто: Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчид уншигчид аа. ЛГБТ төвөөс эрхлэн хүргэдэг монголиан күийр подкастын маань шинэ дугаар эхэлж байна. Би хөтлөгч Гонто байна.
Кенна: Сайн уу Кенна байна.
Гонто: Өнөөдрийн манай зочин маань өөрийгөө танилцуулахгүй юу
- Сайн байцгаана уу? Намайг Алунгоо гэдэг. Би 25 настай, күийр хүн байгаа юмаа. Би улс төр судлалаар төгссөн. Миний мэргэжил бол улс төр судлаач. Одоогийн байдлаар IT компанид бизнес хөгжлийн менежерээр ажилладаг.
Кенна: Өөрийгөө анх хэзээ мэдсэн бэ?
- Надаас харин хүмүүс анх хэзээ мэдсэн бэ гэж асуухаар надад жоохон эвгүй санагддаг л даа. Яагаад гэвэл мэдсэн гэхээсээ илүү угаасаа л тийм байсан болохоор мэдсэн гэдэг яг тийм нэг цаг минут, он сар гэсэн зүйл бол миний хувьд байхгүй л дээ. Гэхдээ би бусдаас жаахан өөр юм байна даа гэж мэдсэн үе нь 11тэй л үед байсан юм байна. Тэр үед л анх нэг охинтой аймар сайн найзууд байсан юм. Хандгайт зуслан дээр байсан юм. Тэр охин сонсож (уншиж) байгаа бол одоо сайн уу? Гэхдээ нэрийг нь санахгүй л байна л даа (инээв). Тэр үед тэр охин бид хоёр аймар сайн найзууд байж байгаад тэр нэг залуутай үерхээд, тэрнээс нь болоод би аймар sad болоод, аймар их гутраад, намайг хуурсан юм шиг мэдрэмж төрж байсан. Тэр үедээ зүрх шархалж байсан. Тэр үедээ найзыгаа л алдсан гэж бодсон юм шиг байна лээ. Гэхдээ яг үнэндээ би краштай байсан юм билээ. Миний анхны крашлаж байсан охин юм уу даа.
Кенна: Алунгоо маань хүйсийн баримжаа, илэрхийлэлийн хувьд өөрийгөө юу гэж тодорхойлдог вэ?
- Өөрийгөө би жендэркүийр хүн гэж тодорхойлдог. Жендэркүийр гэдэг ойлголт нь би өөрийгөө эмэгтэй, эрэгтэй хоёуланг нь дотроо байдаг гэж боддог учраас өөрийгөө жендэркүийр гэж тодорхойлдог байгаа. Хүмүүс намайг охин, эмэгтэй л гэж дууддаг л даа. Гэхдээ дотроо миний мэдэрдэг зүйл нь би дотроо өөрийгөө эмэгтэй ч гэж мэдэрдэг, эрэгтэй ч гэж мэдэрдэг.
Кенна: Тэгэхээр жендэркүийр гэдэг үгийг манай сонсогчдод махчлаад тайлбарлавал юу гэж тайлбарлах бол? Яагаад заавал жендэркүийр гээд байгаа юм бол?
- Жендэркүийр гэж болно. Жендэрфлүйд гэдэг бас нэг нэршил байгаа. Энэ нь өөрөө яг юу гэж хэлж байна вэ гэхээр хүйсийн тодорхойллын хувьд зарим хүн өөрийгөө яг эмэгтэй л гэж боддог, зарим хүн өөрийгөө яг эрэгтэй л гэж боддог. Зарим нь тэр тухай огт боддоггүй ч байж магадгүй гэж боддог үеүд надад байдаг. Угаасаа л би эмэгтэй төрчихсөн юм чинь, угаасаа л би эмэгтэй юм чинь тэрний тухай бодох юм юу байсан юм гэж зарим хүмүүс боддог байж магадгүй л дээ. Тэгэхдээ миний хувьд бол яг бүрэн өөрийгөө эмэгтэй хүн гэж мэдэрч байсан үе байхгүй. Жендэркүийр гэдэг нь тэр ялгаатай байдлыг л илэрхийлж байгаа нэр томьёо, нэршил гэж хэлэх юм уу.
Кенна: Өөрийгөө жендэркүийр гэж тодорхойлоод, тэгээд нийгэмд хэр нээлттэй байдаг вэ?
- Нийгэмд маш нээлттэй байдаг. Миний хувьд бол би бисексуал юм уу, жендэркүийр гэдгээ хүнээс ерөөсөө нуудаггүй. Гэхдээ жендэркүийр гэдэг нэр томьёог маань бараг хүмүүс мэддэггүй. Бисексуал гэхээр аягүй сайн мэдээд байдаг. Жендэркүийр гэдэг томьёог оруулаад ирэх юм бол “За одоо эд нар чинь бас юу яриад эхлэв ээ?” гээд бүх толгойг нь эргүүлчихнэ гэж боддог учраас одоо бид нар чинь трансжендэр гэдэг үгээ ч ойлгохгүй яваад байна шдээ ихэнх хүмүүс нь. Тэгэхлээр жендэркүийр гэдэг зүйлийг дахиад оруулаад ирэх юм бол “За эд нар чинь одоо солиороод, мэдрэл муутай болчихож” гээд хэлчихнэ гэж боддог учраас тэрнээс болоод жендэркүийр гэдгээ хүмүүст бол нэг их хэлдэггүй. Гэхдээ миний илэрхийллийн хувьд бол би өөрийгөө жендэркүийр байдлаар илэрхийлдэг л гэж боддог.
Кенна: Тэгэхээр өөрийгөө бисексуал бас жендэркүийр гэж ком аут хийх шаардлага гарсан уу? Гэр бүл нь ч юм уу, найзууд нь яг яаж хүлээж авсан бэ?
- Байнга гардаг. Миний дотны найзууд бол бүгдээрээ намайг анхнаасаа мэддэг байсан. Найзласан тэр бүх л хугацаандаа намайг мэддэг байсан. Тэгээд манай найзуудад хэзээ ч тэр нь шоконд орж байсан ч юм уу гайхаж байсан зүйл бол хэзээ ч байгаагүй. “Энэ хүн бисексуал юм байна” л гэж манай найзууд бол боддог. Гэр бүлийн хувьд болохоор ээждээ хэлж байсан. Өөр гэр бүлийн гишүүддээ гэвэл 2-3 хамаатандаа л хэлж байсан. Бусад хүмүүст бол яг хэлж үзээгүй байгаа. Тэгээд ээждээ хэлэхэд манай ээж бол аягүй хүндээр хүлээж авч байсан. Одоо энэ тухай бол огт ярьдаггүй, гэхдээ мэддэг. Нэг ийм л сэдэв байгаа даа гэр бүлийн хүрээнд бол.
Гонто: Тэгэхээр хүйсийн тавгүйцэл хэр ихтэй байдаг вэ? Эсвэл хэн нэгэн өөрийг чинь чи заавал сизжендэр л хүн, битгий ингээд олон долоон юм яриад бай гэж тулгах юм бол хэр тавгүйцэл төрдөг вэ?
- Маш тавгүй байдаг. Бүр маш тавгүй байдаг. Тэр тусмаа нөгөө нэг “эмэгтэй юм байж” гээд л хэлэнгүүт би “Нэгт би эмэгтэй гэж боддоггүй” гэж хэлмээр санагддаг. Би эмэгтэй байлаа ч гэсэн надад юу ч хэн ч тулгах эрхгүй гэж боддог. Тэр нь бол намайг гүн тавгүйцэлд оруулдаг юм байна.
Кенна: Ерөнхийдөө яг ЛГБТ олон нийтийн хувьд болохоор тэр үзэгдэж байх нь аймар чухал байдаг ш дээ? Бид хэдийг бага байхад ч юм уу, анх өөрсдийгөө хүлээн зөвшөөрч байхад өөр надтай адилхан хүн байдаг юм байнаа гээд, тэгээд миний хувьд болохоороо жендэркүийр гэж өөрийгөө нээлттэй илэрхийлж байгаа хүмүүс монголд аягүй цөөхөн байдаг. Тэгэхээр хэрвээ өөрийгөө бас мэдэхгүй байгаа жендэркүийр хүүхдүүд байвал тэд нарт юу гэж зөвлөх вэ?
- Жендэркүийр хүүхдүүдэд болон жендэркүийр залуучуудад ямар зөвлөгөө өгөх вэ гэхээр өөрийнхөө тухай маш сайн бодоод дотны хүнтэйгээ ярилцаад үзээрэй гэж би хэлэх байна. Яагаад гэвэл миний хувьд жендэркүийр гэдэг нь яг үнэндээ аягүй шинэ ойлголт. Би жендэркүийр гэж өөрийгөө тодорхойлдог болоод одоо хоёр жил болж байна гэсэн үг. Би энэ тодорхойлолтонд яаж хүрсэн бэ гэхээр хамгийн сайн найзтайгаа маш удаан, бүр хэдэн өдөр ярилцсаны дараа л бид хоёр хоёулаа ойлгож авсан л даа. Тэр ойлгож авсан зүйл нь юу вэ гэхээр бид хоёр хоёулаа өөрсдийгөө жендэркүийр гэж тодорхойлдог. Өмнө нь бол бид хоёрт өөрсдийгөө трансжендэр юм болов уу гэсэн бодол байсан. Трансжендэр эрэгтэй хүн юм болов уу? Гэж бодож байсан үеүд аягүй их байсан. Яагаад гэвэл өөрийгөө эмэгтэй, эсвэл охин гээд хэлчихэнгүүт надад нэг л аймар тавгүйцаад байгаад байдаг байсан. Намайг яг эрэгтэй хүн гэхээр бас яг биш байгаад байдаг. Яг нэг голд нь л оршоод байдаг. Тэгээд тэрийг би найзтайгаа маш удаан ярилцаж байж, маш удаан гүн ярилцаж байж хоёулаа ойлгож авч байсан зүйл болохоор миний хувьд бол тийм байсан. Тэгэхээр дотны итгэдэг хүн байх юм бол тэр хүнтэйгээ нэг яриад үзээрэй. Мөн тэр хүнтэйгээ яриад тэр хүн ойлгохгүй байлаа гэхэд өөр олон хүн ойлгохгүй байлаа ч гэсэн, чамайг ойлгох хүмүүс бас байдаг юм шүү. Тэрэн дээр тэвчээртэй байгаарай гэж хэлье.
Кенна: Англи хэлэн дээр ялангуяа жендэркүийр хүмүүс дээр нэр томьёо байдаг ш дээ тэ? Тэрийг гэхдээ хэрэглэх нь яагаад чухал юм бол?
- Яагаад яг жендэркүийр гэдэг үгээрээ хэрэглэсэн нь дээр вэ гэж үү?
Кенна: Тийн, they ч юмуу Ze гээд ярьдаг ш дээ. Ер нь яг жендэркүийр хүний талаас яг яагаад чухал юм бол?
- Би яг хэн бэ? Яг хүн гэдэг утгаараа яг тэрүүгээрээ л бусдад тодорхойлогдож байна гэдгээрээ аягүй баярладаг гэх юм уу. Яагаад гэвэл би he биш бас she биш байгаад байдаг тэ? Уул нь ингээд гаднаас нь харангуут яалт ч үгүй she л байгаад байдаг, аймар олон хүний нүдэнд. Гэхдээ миний дотор мэдэрч байгаа зүйл нь яг нөгөө they гэдэг нэр томьёо. Тэгээд they гэдэг нэр томьёог и-мэйл дээр намайг they гэсэн тийм байдлаар ирэнгүүт би аягүй их баярладаг л даа. Би эцсийн эцэст хүн гэдгээрээ, хэн бэ гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөж байна гэдэг тийм сэтгэгдэл төрүүлдэг учраас энийг ашиглаж байх нь ер нь зөв юмаа гэж боддог.
Кенна: Яг нөгөө жендэркүийр ч юмуу хүйсийн тавгүйцэлтэй ч юмуу хүүхдүүд, хүмүүсийн найзууд, гэр бүл дотны хүмүүст нь хандаж юу гэж хэлмээр байна? Ямар зөвлөгөө өгмөөр байна?
- Маш олон л юм хэлмээр байна (инээв). Миний өгөх зөвлөгөө нь яг юу вэ гэхлээр яагаад ч юм зүгээр ЛГБТ хүмүүс гэхээр дандаа бид нарыг ялгаварлан гадуурхсаар ирсэн тэр гол шалтгаан нь юу байсан бэ гэхлээр дандаа тийм гаж буруу, байгалийн бус гэдэг утгаар гаж донтон ч юм уу тэ? Тиймэрхүү утгаар нь дандаа хүлээж авдаг. Яг үнэндээ ЛГБТ гээд байгаа хүмүүс нь хүйсийн баримжаа илэрхийллийн хувьд эсвэл бэлгийн чиг баримжааны хувьд нэг бол хүнд зүгээр дурласан хүн лесбиян, гей, бисексуал тийм ээ? Зүгээр л бие биенийгээ хайрлаж байгаа тэр хайр, тэгээд трансжендэр болон жендэркүийр хүмүүс болоод ирэхээрээ дотроосоо өөрөө өөрсдийгөө мэдэрч байгаа тэр мэдрэмжинд нь бид нар нэршил олгосон болохоос биш тэр нь гаж, 2000 жилийн түүхэнд байдаггүй, хэзээ ч байгаагүй зүйл гэсэн үг биш юм шүү. Жендэркүийр хүмүүс байсаар л ирсэн, трансжендэр хүмүүс байсаар л ирсэн, бид нар яалт ч үгүй цөөнх л байгаад байгаа учраас. Тэгснээс ямар ч тийм гаж донтой, тийм зүйл гэсэн үг биш шүү. Тэгээд мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай л гэж хэлэхээр байна даа.
Кенна: Подкастанд уригдаад ярилцлага өгсөн баярлалаа. Нэмэлт зүйл хэлэхэд транс тугны цагаан өнгө нь яг ийм жендэркүийр, genderfluid, non-binary хүмүүсийн өнгө нь гээд би уншиж байсан. Тэгээд бид нар чинь тэр дотор байдаг юм байна ш дээ тэр дотор гээд аягүй баярлаж байсан. Тэгээд ер нь бол ЛГБТ хүмүүс ч бай, сизжендэр хүмүүс ч бай одоо энэ мэдээллийг авах цаг болсон гэж бодож байгаа. Хамгийн эхэнд төлөөлөл нь болоод орсонд маш их баярлалаа.
Нийтлэл бэлтгэсэн: Жюни