“ЛГБТ Төв”-ийн зүгээс олон нийтийн эрүүл мэндийг сайжруулах, олон нийтээ тамхинаас татгалзахад нь тус болох, дэмжих зорилгоор “Тамхигүй олон нийт” санаачлагыг хэрэгжүүлж эхэлсэн билээ. ЛГБТИК олон нийт маань тамхины хор уршигт хамгийн их өртдөг бүлэг хүмүүсийн нэг ба олон улсад хийгдсэн судалгаагаар ЛГБТИК өсвөр үеийнхэн стрэйт өсвөрийнхөнтэй харьцуулахад 2 дахин илүү тамхи татдаг ба энэ эргээд олон нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Тус санаачлагын нэг хэсэг болох тамхинаас хэрхэн татгалзаж чадсан талаарх олон нийтийнхээ захидлыг хүлээж аван бусдад урам өгөх зорилгоор нийтлэж байна. Та бүхэн сонирхоно уу?
Сайн байцгаана уу,
Намайг Кенна гэж дууддаг. Би одоо 23 настай күийр хүн билээ. Та бүхэнтэй тамхинаас татгалзсан түүхээ хуваалцахаар шийдлээ. Юуны өмнө яагаад татаж эхэлснээ өгүүлье.
Би 18 настайдаа ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, СУИС-т уран зургийн ангид орохоор болсон зун 8-р сард л даа, дөнгөж найзууддаа кам аут хийчихсэн, сургуулиа төгсчихсөн, мөрөөдлийнхөө сургуульд орох гэж байгаа “күүл” хүүхэд байжээ. Эрх чөлөөг амталж байна гээд найзуудаа дагаж тамхи татаж үзсэн. Эхэндээ бол юу ч бодоогүй ээ, гэрийхэндээ баригдахгүй мөртлөө нууцхандаа тэдний төсөөлөөчгүй, болохгүй юмыг хийж байгаа нь таалагдаж байсан. Тамхи татдаг болсноор би олон шинэ найзуудтай болж байлаа. “Тамхилах уу?” гээд л шууд танилцчихна. СУИС-т тамхи татдаггүй хүн ч ховор. Яваандаа гутрах үедээ, бухимдах үедээ, ганцаардах үедээ тамхи татахаар нэг л ханьтай санагдаж тамхины эсрэг юм ярьсан хүмүүсийг бүр ч ойшоохоо байлаа. Гэхдээ дэмий зүйлд мөнгө үрж, эрүүл мэндээ хохироож байгаагаа мэдээд л байсан. Жилийн өмнөөс гарах гэж хичээж эхэлсэн ч аль 6-р сард л жинхнээсээ гарч чадсан. Эхлээд тамхинаас гарах гэхэд бүх найзууд тамхи татдаг бас сэтгэл зүйн байдал их саад болсон юм. Яг тэр үед ээж намайг мэдчихсэн, маш хэцүү санагдаж, тамхи татвал тайвширж байгаа гэж өөртөө итгүүлдэг байв. Удалгүй би тусдаа гарч, ээжид ахин худлаа хэлж өөрийгөө зовоохооргүй болсон нь их эерэгээр нөлөөлсөн. Дараа нь яг халуунд тамхи татах, өвөл хүйтэнд дааран байж тамхи татах ямар ядаргаатайг бас тамхинд үрэх мөнгөө тооцоолж бодож, эрүүл байхын ач тусын талаар их эргэцүүлж бодсон. Тэгээд тамхины тоогоо эрс багасгаад нэг өглөө сэрээд “Хоёрын хооронд орон гаран татаж байснаас бүр гарчихвал яасан юм бэ? Залхуу юм байж өөртөө хор авах гэж дэлгүүр лүү гараад орж ирэх гэж байгаа юм уу? Халуун зунд тамхи татаж толгойгоо манаргаж байснаас ус уугаад хэвтэж байя л даа” гэж бодоод шууд шийдчихсэн. Эхэн үедээ тамхи татахыг сануулдаг бүх юмнаас татгалзсан: пиво, тамхины өрөөтэй кафенууд, тамхи татаж байгааг харуулсан кинонууд, тамхичин найзууд, оронд нь дуртай юмандаа цаг гаргасан. Миний хувьд найзуудтайгаа кафед уулзах, ном унших эсвэл зүгээр л зугаалдаг байсан.
Хүн бүрийн түүх өөр л дөө. Гэхдээ тамхи 4 жил татаж байгаад гарсны дараа өөрөөрөө их бахархдаг юм байна лээ. Хүмүүс чаддаггүй, хэцүү гэдэг зүйлийг чадчихсан болохоор цаашид өөртөө эерэг өөрчлөлт хийхэд их урам өгсөн шүү.
Би нэг зөвлөгөө өгье. Хэрвээ тамхи татахгүй гээд шийдсэн бол шууд бүрэн итгэлтэйгээр “Би тамхинаас гарчихсан ш дээ!” гэж бусдад болон өөртөө хэлээрэй. Хариуд нь “Хэдхэн л хонож байж юун өөртөө итгэлтэй юм. Чи буцаад орно доо” гэх юм бол битгий тоо, чи шийдчихсэн юм чинь хэд хонож байгаа нь хэнд хамаатай юм бэ. Би лав одоо тамхи татдаггүй гээд л сууж байдаг ш д бас тамхи татсан хүн аймар муухай үнэртэй юм байна лээ. Өөрийгөө тэгэж үнэртүүлээд явдаг байсан гэхээр урам хугараад байдаг юм. За амжилт хүсье!