Австралийн ЗГ-ын Шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа #ЯлгаварланГадуурхалтыгЗогсооё медиа кампанит ажлын хүрээнд цуврал подкастуудын анхны дугаараар Хүний эрх хамгаалагч, Монголын Эмнести Интернэшнл ТББ-ын УЗ-ийн дарга Б. Болорсайхан оролцож “Ялгаварлан гадуурхалт” сэдвээр ярилцлаа, хүлээн авна уу.

Сонсох:

ЛГБТ Төв хүн бүрт хүний эрх, шударга ёс, нэр төр.

Аагий: Сайн байцгаана уу, эрхэм хүндэт сонсогчид, уншигчид аа. ЛГБТ Төвийн сайн дурын залуучуудаас эрхлэн хэрэгжүүлж байгаа Mongolian queer podcast-ын маань ээлжит дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Би хөтлөгч Аагий байна.

Кенна: Сайн уу Кенна байна.

Аагий: Энэ удаагийн дугаараар бид та бүхэнтэй хүний эрхийн талаар болон ялгаварлан гадуурхалт гэж юу гэдгийн талаар ярилцахаар зочноо урьсан байгаа. Ингээд зочин маань өөрийгөө танилцуулна уу.

  • Сайн байцгаана уу? Энэ подкастыг сонсож (уншиж) байгаа бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Болорсайхан гэдэг. Би Монголын Эмнести Интернешнл ТББ-ын удирдах зөвлөлд ажилладаг. Нэг үгээр хүний эрхийг хамгаалахын төлөө хувь нэмрээ оруулаад явж байгаа гэж харж болно.

Аагий: Та ер нь хэзээнээс хүний эрхийн төлөө ажиллаж эхэлсэн бэ?

  • Яг энэ асуултыг өмнө нь нэг хүн асууж байсан. Би тэгэхэд өмнө нь ерөөсөө бодож байгаагүйгээ мэдсэн. Яг хүний эрхийн төлөө ажиллая гэж бодохоос илүүтэйгээр 10 жилд байхдаа манай анги скаутаар элссэн юм. Скаутаар ангиараа элсээд бүлэг болж ажиллаад, нэг удаа хүүхдийн баяраар хүүхдийн хорих ангид очиж байсан юм. Тэгэхэд би амьдралдаа анх удаа нийгмээс хүүхдийг тусгаарлаж хорьдог юм байна, том хүмүүсийг шоронд хорьдог шиг шоронд хорьдог юм байна гэдгийг тэгэхэд мэдэж авч байсан. Тэгээд гайхаад, яагаад хүүхэд мөртлөө хүүхдэд алдах боломж олгохгүй гэж? Яагаад хүүхдийн алдааг ингэж бүрэн харахгүйгээр шууд нийгмээс тусгаарладаг юм бол гэж гайхаж байсан. Тэгээд их сургуульд байхдаа, МУИС-ын Хууль Зүйн Сургуульд сурч байхдаа “Хагас заяадлын сан” гээд байгууллага яг энэ хүүхдүүдэд хорих ангид хоригдож байгаа хүүхдүүдэд хүмүүжихэд нь дэмжлэг үзүүлэх үүднээс эрх зүйн боловсрол олгох сургагч багш сонгон шалгаруулна гэсэн зар хараад, тэгээд тэрэнд оролцоод хорих анги дээр ажиллаж байсан туршлага бол байгаа юм. Тэгэхээр яг хамгийн анх хүний эрхийн талаар сэдэл төрж байсан, хүний эрхийн чиглэлээр ажиллах нь чухал юм байна гэдэг ойлголтыг 5-р ангидаа ойлгож, энэ талаар ажиллах нь чухал юм байна гэдгийг мэдэрч байсан байж болох юм.

Аагий: Хөөх 5-р анги гэхээр, би бараг дүнгээ яая даа, багшийн хойгуур зодолдож модолдоод явж байсан юм шиг байна. Кеннагаар сонин сайхан юу байна? Чамтай ойрд хөтлөөгүй юм байна.

Кенна: Өө харин тийн. Надаар тайван дөө. Ер нь бол Австрали Улсын Засгийн Газрын шууд бус тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа цуврал подкастуудаа хийж эхэлж байна. Өнөөдөр хамгийн анхны дугаарыг нь та бүхэн сонсож, уншиж байна. Энэ төсөл нь болохоор “Ялгаварлан гадуурхалтыг зогсооё” гээд төсөл хэрэгжиж байгаа. Тэгэхээр подкастаараа дамжуулаад сонсогчид, уншигчид маань эрх зүйн боловсрол, ялгаварлан гадуурхалт гэж бас юу яриад байгаа юм гэдгийг мэдээд, та хэддээ чухал мэдээлэл хүргэхийг зорьж байна.

Аагий: Би болохоор өмнө нь дандаа залуучуудтай өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ? Залуучуудын хайр дурлал, тэгээд л ер нь найз нөхөд дундаа ямар байдаг вэ? гээд л ерөнхийдөө чөлөөт сэдвээр хийж байсан бол энэ удаагийнх илүү эрх зүйн боловсрол олгох болов уу гэж итгэж байгаа. Аймар том хүнтэй уулзаж байгаадаа баяртай байгаа. Миний тавих эхний асуулт болохоор ер нь хүмүүс хүний эрх, хүний эрх гээд л яриад байдаг. Хүний эрх гэж ер нь яг юу юм бэ? Аягүй их хуулийн нэр томьёонууд байгаад л байдаг. Яг хүмүүст хүний эрх гэдгийг нэг өгүүлбэрээр хэлбэл?

  • Нэг үгээр бол хүний эрх гэдэг зүйл маань өөрөө эд зүйл биш, “хүний эрх гэж юу вэ?” гэж асуухаас илүүтэйгээр “хүний эрх хэнд хамаатай вэ?” гэвэл хүмүүсийг илүү тэгж асуудаг байгаасай гэж боддог. Яагаад гэвэл хүний эрх гэдэг бол худалдаад авчихдаг эсвэл хэн нэгэн өгдөг, хэн нэгнээс авчихаад, дараа нь буцаагаад алдчихдаг зүйл бол биш. Нэг үгээр хэлбэл хүн гэж бодьгалыг олж төрснийхөө хувиар таны оршихуйтай, амьдрахтай чинь шууд холбоотой тэр бүхнийг хөнддөг гэж хармаар байгаа юм. Тэгэхээр зүйрлэх юм бол та төрөнгүүтээ л дархлаатай, дархлаа чинь таныг элдэв өвчнөөс хамгаалаад л, ямар нэгэн байдлаар бие махбод чинь суларч, доройтохоос сэргийлдэг бол хүний эрх гэдэг ойлголтын цаана бид хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, хүн төрсөн цагаасаа хойш үхэх хүртлээ ямар нэгэн байдлаар өмнө нь шошго, тэмдэг тавихгүйгээр хүнийг байгаагаар нь хүн гэж хүлээн зөвшөөрч харьцдаг байх тухай ойлголт гэж харж болно.

 

 

  • Тэгэхээр хүнийг өмнө нь ямар нэгэн тэмдэг нэр тавихгүйгээр, шошго наахгүйгээр, “чи ийм шүү дээ” гэж харахгүйгээр хүнийг хүн гэж харьцах, хүн гэж хүндэтгэхийг л энэ тэргүүнд хүний эрхийн тухай ойлголттой уялдуулж үзнэ гэж хэлмээр байна.

 

 

Аагий: Хүний эрхийг сая та дархлаатай адилтгалаа шүү дээ. Дархлааг хүн өөрөө дэмжээд, өөрөө төрөхдөө дархлаатай төрөөд өөрөө үүнийгээ дэмжээд явдаг шүү дээ. Яагаад хүний эрх гэдгийг нийгэмд ингээд их яриад байдаг юм бэ? Өөрийнхөө эрхийг хангаад яваад байж болдоггүй юм уу?

  • Хүн өөрөө төгс төгөлдөр амьтан биш. Янз бүрийн нөхцөл байдалд хүрнэ, янз бүрийн амьдралын туршлагыг туулна. Зарим нь багаасаа хүч хэрэглэж асуудлыг шийддэг юм байна гээд танин мэдээд явчихна. Зарим нь болохоор би хүмүүсийг хүндэтгэх ёстой юм байна гээд явчихна. Тэгээд эхлэнгүүт хүч хэрэглэж багаасаа асуудлыг нударгаар шийдэж сурсан хүмүүс маань бусдыг өөртэйгөө нэгэн адил хувь хүн гэж харахгүй, “Би энэнээс хүчээр илүү юм чинь”, “Би эсвэл насаар илүү юм чинь”, “Би туршлагаар илүү юм чинь”, эсвэл “Бид энэ хүнээс олуулаа юм чинь” гэдэг байдлаар нэг нэгэнрүүгээ халддаг, нэг нэгнийгээ үл тоодог байсан байгаа юм. Энэ бүх зүйл нийлж явсаар байгаад хүмүүс юу гэж харсан бэ гэхээр “Хүүе ээ, нэг хүнийг бид нар тусгайлан анхаарч болохгүй юм байна, бид нар бүлэг хүмүүсийг тусгайлан анхаарч болохгүй юм байна, бид нэг ард түмнийг онцолж үзэж болохгүй юм байна. Бүгдээрээ л хүн төрөлхтөн гэдэг малгайн дор байгаа юм чинь яагаад нэгнийгээ байгаагаар нь хүн төрөлхтний гэр бүлийн гишүүн гэж харж болохгүй юм бэ” гэдэг зүйлийг олж харсан байгаа юм. Гэхдээ ний нуугүй хэлэхэд ингэж харахын тулд маш олон зуун жилийг өнгөрүүлсэн, маш олон дайн, хүчирхийлэл, самуун, зүй бус үйлдэлтэй нүүр тулсан. Гэхдээ хүн төрөлхтний олж харсан энэ маань бид нарын эрхэмлэн нандигнах зүйл юм байна гэдгий олж харсан нь тэр ахиц дэвшил нь бол хүний эрхийн тухай ойлголт гэж хэлж болно.

Кенна: Ялгаварлан гадуурхалт гэдэг нь яг юу юм бэ?

  • Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн хүний эрхийг хүнтэй холбож харна гэдэг шиг ялгаварлан гадуурхалт гэдэг зүйлийг ч бас хүнтэй л холбоно. Яагаад хүмүүс нэг нэгнийгээ ялгаж гадуурхаж байгаа юм бэ гэдгийг л энэний цаана ярина гэсэн үг. Тэгэхлээр ялгаварлан гадуурхалт гэдэг зүйл маань юутай холбоотой юм бэ гэхлээр хүнтэй өөртэй нь холбоотой. Хүн яадаг вэ гэхээр ялгаварлан гадуурхалт гэдэг зүйлийг хийхийн тулд хэд хэдэн нөхцөл байдал бүрддэг гэж хараад байгаа юм л даа. Нэгдүгээрт хүн айдаг. Айдас байна. Тэгэхлээр хүн ялгаварлан гадуурхахын тулд айна гэдэг маань өөрөө аливаа зүйлийг мэдэхгүй бол тэрийгээ ерөөсөө хүлээн зөвшөөрдөггүй. Одоо бүгдээрээ бодъё л доо. Хүн төрөлхтөн анх үүсч бий болоод амьдрал ахуйгаа залгаад байгаль дээр амьдраад явж байлаа гэхэд яагаад аянга, цахилгаан гарч байгааг мэддэггүй байсан. Яагаад салхи шуурга болоод, яагаад заримдаа цэлмэг нартай болоод, яагаад заримдаа араатан амьтан дайраад эсвэл заримдаа идээ ундаа элбэг олдоод, нэг бол үер болоод, нэг бол жимс ургаад байгааг мэддэггүй байсан. Тэгэнгүүт үүнийгээ мэдэхгүй учраас, тайлбарлаж чадахгүй учраас өөрсдөө ямар нэгэн тайлбар хийдэг. Тэр тайлбараа хийчихэж байгаа зүйлдээ итгэдэг. Хүмүүс өөрсдөө тайлбарлаж чадахгүй байгаа зүйлээсээ айдаг. Тэгээд одоо энийг эргээд харах юм бол үлгэр домог, хууч яриа эд нар чинь бүгд хүний өөрийнхөө мэдэж байгаа түвшинд л ямар нэгэн байдлаар тайлбарлаж байсан гэсэн үг. Хамгийн ойрын жишээ гэвэл хүмүүс яагаад биедээ үсгүй хэрнээ толгой, суга үстэй болсон бэ гээд л тэгдэг шд. Тэгэнгүүт домгоор юу гэж ярьдаг вэ гэхээр бурхан эхлээд хүмүүсийг үстэй бүтээсэн. Тэгэнгүүт чөтгөр хорлоод хүмүүсийн бие дээрх үсийг нохойгоор бохирдуулсан чинь, чөтгөр бурхны бүтээлийг хорлочихсон чинь, чөтгөр хүрж ирээд шээчихсэн байна. Тиймээс “Нохой, чи хүний биен дээрх үсийг долоо” гэж л дээ. Тэгэнгүүт нохой хүрч ирэнгүүт нь хүн айсандаа толгойгоо дараад сугаа хавчаад доошоо суучихаж л дээ. Тэгэнгүүт хүн биенийхээ ил хэсгийг нохойгоор долоолгоод, үсээ алдаад, чөтгөрийн хорлосон хүний биений усыг нохой өөртөө авсан гээд ярьж байх жишээтэй. Энэ бол зүгээр домог. Хэзээ ч ийм юм байгаагүй. Гэхдээ хүмүүс зүйрлэсэн. Тэгээд яагаад суганд үс ургадаг юм? Яагаад толгой дээр үс байдаг юм? Яагаад ийм хөмсөгөн дээр үс байдаг юм гэхээр нүүрээ дараад сууснаас л байх…

Аагий: Харин тийм бараг хийж үзсэн чинь нээрээ тэгчихсэн юм шиг санагдчихлаа.

  • Ингэж байх жишээтэй. Тэгэхээр энэ бол нөгөө мэдэж байгаа хүрээндээ л мэдэхгүй байгаа зүйлээ тайлбарлаж байна. Харин мэдэхгүй байгаа зүйлээ тайлбарлаж чадахгүй бол айдаг л гэсэн үг. Хамгийн эхний алхам юм. За тэгээд айдгийнхаа дараа яадаг вэ гэхээр, тодорхой хэмжээнд тэд нар мэдчихлээ ш дээ. “Нар зүүнээс манддаг юм байна, нарны бурхан морио унаанд давхихаар өдөр болдог. Харанхуйн бурхан морио унаад давхихаар шөнө болдог” гээд тайлбар гарч ирээд эхлэнгүүт бас өөрсдөө тэрэндээ итгэнэ ш дээ. Тэгэнгүүтээ араас нь яадаг вэ гэхээр өөрийнхөө мэддэг зүйл дээр, мэддэггүй зүйлийгээ дүгнэдэг. Тэгэнгүүт ташаа бодно, эсвэл ухвар мөчид төсөөлнө. Хамгийн ойрын жишээ гэвэл “Олимп уулын орой дээр бурхад байдаг учраас тэнд хамгийн хүчтэй бурхад амьдардаг. Тэрнээс доош хүмүүс байдаг. Газар доор харин там байдаг. Тамын ёроолд бурхны эсрэг боссон муу үйлтэй амьтад байдаг. Тэднийг Титанууд гэдэг. Тэгээд Титануудыг ёроолд нь хийчихсэн” гээд домог байх жишээтэй. Эсвэл жишээ нь манайд Замбуутив гэж байна. Замбуутив бол хүн амьдардаг ертөнц. Тэгээд доошоо бол тамын ертөнц байна. Хэдэн төрлөөрөө хүйтэн халуунаараа ялгарсан там байдаг. Дээр бурхны ертөнцрүү явахын тулд завсрын ертөнц байдаг. Ингээд төрөл бүрийн тайлбарууд байдаг. Энэ маань өөрөө юм юм бэ гэхээр домгийн шинжтэй, хүмүүс өөрсдийн танин мэдсэн хүрээндээ ертөнцийн ойлголтыг тайлбарлаж байдаг гэсэн үг. Ташаа бодож ухвар мөчид төсөөлдөг аюул байдаг. Дараа нь хэвшмэл дүр загвар бий болгоно. Хэвшмэл дүр загвар гэдэг маань “Чи ийм байх ёстой, ийм байж болохгүй” гэдэг зүйлсийг сургаад эхэлнэ гэсэн үг. Гуравдугаарт ийм зүйлүүдийг ярьсны ард хамааралтай байдлуудыг бий болгоно. Хамааралтай байдал гэдэг бол “Чи ийм шашин шүтдэг учраас шашнаар энэ нь зөв, ийм шашныг шүтдэггүй учраас энэ чинь буруу, чи буруу номтон” гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ дөрвөн зүйл дээр тулгуурлаад ялгаварлан гадуурхдаг гэсэн үг. Тэгэхээр Кеннагийн асуултыг яагаад ингээд оршилтой ярьж байна вэ гэхээр өнөөдрийн та бүхний надтай гол ярилцах гэж байгаа сэдэв маань ялгаварлан гадуурхалт гэж хэлсэн учраас яагаад ялгаварлан гадуурхалт гардаг юм бэ гэдгийг би дараа нь жишээн дээр тайлбарлахаар энэ дөрвөн алхмыг л харна гэсэн үг. Тэгэхлээр айдас, ухвар мөчид төсөөлөл, нэг бол ташаа бодол, тэгээд хэвшмэл дүр загвар, хамааралтай байдал ялгаварлан гадуурхалтыг үүсгэдэг юм байна. Энэ бүхэн хүний бөндгөртэй, толгойтой холбоотой. Хүний бодол ямар байхаас хамаараад хүмүүс ялгаварлан гадуурхаж эхэлдэг юм байна гэдгийг 1 үгээр хэлж болно гэсэн үг.

Аагий: Сая хэвшмэл байдал гээд ярьж байна. Хэвшмэл байдал гэхээрээ яг юу юм бэ? Би хүн учраас бүгдээрээ л адилхан гэж үзээд байна ш дээ тэ? Сая таны ярьж байгаа нь надад болохоор аягүй шинэ мэдлэг байгаа байхгүй юу. Одоо болохоор бид нар их сургуульд сурч байгаа оюутан гэдэг нэр үг зүүгдээд одоо 3, 4 жил болж байна гэхээр бүгдээрээ л хэвшмэл юм шиг байгаад байгаа юм. Ер нь яг хэвшмэл байдал гэж юу юм бэ?

  • Хамгийн ойрын жишээ гэвэл оюутнуудыг юу гэж ярьдаг билээ?

Аагий: Хүн биш (инээлдэв).

  • Юу юу хоёрыг хоолловол буян болно гэдэг билээ?

Аагий: Оюутан, нохой, гандангийн тагтаа. Одоо гэхдээ гандангийн тагтаа байхаа больчихсон байна лээ.

  • Тагтаа, нохой, оюутан гурвыг хоолловол буян болно гэдэг үгийг эргээд харъя л даа. Энэ юу вэ гэхээр энэ нөгөө хэвшмэл байдал чинь гарч ирж байна гэсэн үг. Тагтаа, нохой хоёр бол хоолгүй, гадаа гудамжнаас хоол олох гээд өлөн зөлмөн явдаг амьтад. Тэрэнтэй адилхан маниус дунд байдаг хүн гэж харах шаардлагагүй бодьгал бол оюутан юм байнаа гээд л тодорхойлж байна гэсэн үг. Тэгэхлээр энэний хамгийн аюул нь юу юм бэ гэхээр хүмүүс тусдаа, оюутан гэдэг тодотголтой хүн бол тусдаа гээд ялгачихаж байгаа юм. Тэгэнгүүтээ бүгдээрэнг нь хүн гэж харах ёстой байтал “Оюутан бол өлөн явдаг. Оюутан мөнгөгүй явдаг. Оюутнуудаар юу ч хийлгэж болно. Оюутнуудын хөдөлмөрийг мөлжиж болно. Оюутанд ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Оюутнуудыг зарж болно” гэдэг хандлага чинь өөрөө түрүүний ярьсан хэвшмэл ойлголт юм байна гэж харж болно. Энэ юунаас эхтэй юм бэ гэдгийг харъя. Тэгэнгүүт энэ чинь нөгөө ялгаварлан гадуурхалтын 3 дахь алхам нь байгаа биз? 2 дахь алхам дээр нь юу яригдаж байна вэ гэхээр ташаа бодно гэж байгаа. Гэтэл яг бүх оюутнуудыг аваад үзэх юм бол бүх оюутан дандаа өлөн явдаггүй, бүх оюутан чадваргүй байдаггүй, бүх оюутан юм хийж чаддаггүй биш, бүх оюутан туршлагагүй гэж үү? гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхлээр үгүй. Хүн болгоны явсан зам өөр, хүн болгоны заавал 16, 17, 18 тай болоод оюутан болж байгаа гэдгээс үл хамаараад тэр хүмүүсийн ертөнц тэр хүмүүсийн туулсан зам бүгдэнтэй нь адилхан байх албагүй. Өдий 16 настай мөртлөө маш их арвин нийгмийн тухай туршлагатай хүн байж болно. 18 настай мөртлөө маш олон төрлийн хүмүүстэй уулзчихсан, эсвэл олон газраар аялаад, ертөнцийг таньж мэдчихсэн хүн байж болно. Тэрийг зөвхөн насаар нь “Чи дөнгөж 1-р курс ш дээ, чи дөнгөж их сургуулийн босго алхсан, чамайг оюутан гэнэ” гээд оюутан гэдэг малгайн дор “Энэ бол туршлагагүй, энэ бол чадваргүй, энэ юу ч хийж чадахгүй” гэж харж байгаа чинь ташаа бодол. Ухвар мөчидөөр төсөөлж байна гэсэн үг. Өөрт байгаа жоохон мэдлэг, мэдээллийг бусдыг харсан өөрийнхөө явцуу дүгнэлтэн дээр тулгуурлаад ташаа бодчихож гэсэн үг. Тэгэхээр оюутан бол хүн биш гэдэг дүгнэлт өөрөө энэнээс эхэлж байнаа л гэсэн санаа.

Аагий: Монголд байгаа оюутнууд ингэж яригддаг юм байж. Ер нь ялгаварлан гадуурхаад байгаа талаар аягүй их яригддаг. Ер нь Монголд яг ямар хүмүүсийн, аль хэсэгт хүмүүсийн эрх илүү ихээр зөрчигддөг юм бэ?

  • Би саяны нөгөө 4 алхам дээрээ тулгуурлаад л хариулчихъя. Хүмүүс тэр хүмүүсийнхээ тухай амьдралыг мэддэггүй. Тэр хүн ямар нийгмийн саад бэрхшээлтэй тулгарж байгааг мэддэггүй. Хүмүүс өөртэйгөө яг адил амьдралын замыг туулаагүй хүмүүсийг гадуурхдаг. Хамгийн ойрын жишээ нь хүүхэд байна. Хүүхдийг яадаг вэ гэхээр “Чи насаар бага, надаас туршлагаар бага, чи миний бүрэн хамааралд байгаа, чи надтай цусан төрлийн холбоотой эсвэл эцэг эх нь учраас чи надаас бүрэн хамааралтай” гэж эцэг эхчүүд боддог. Гэтэл эцэг эх биеийг нь төрүүлсэн нь үнэн боловч, тэр хүний юу хүсч байгаа, мэдэж байгаа, юу руу тэмүүлж байгаа болгоныг тэр болгон зааж чиглүүлж саванд цутгаж чадахгүй. Тэгэхээр эцэг эхчүүд юу гэж боддог вэ гэхээр “Би энэ хүүхдийн амьдралыг зааж зааварлана, миний амьдралдаа биелүүлж чадаагүй мөрөөдлийг энэ хүүхэд биелүүлэх ёстой гэж тулгадаг”. Хамгийн аймар нь юу юм бэ гэхээр “Би багадаа балетаар хичээллэхийг хүсдэг байсан ч гэсэн балетаар хичээллэж чадаагүй, тэгэхээр миний охин балетчин болно” эсвэл “Би багадаа математикч болно гэж бодож байсан, даанч чадаагүй тиймээс миний хүү математикч болно” гэж тулгадаг. Тэгэхээр энэний цаана юу яригдаж байна вэ гэхээр эцэг эхчүүд өөрийнх нь биелээгүй хүсэл мөрөөдлийг биелүүлэх, өөрийнх нь үргэлжлэл, эсвэл өөрийнх нь үгээр яв цав явах ёстой утсан хүүхэлдэй гэж хараад байдаг. Гэтэл бид нарын гол амин сүнс, бид нарын эргээд харах ёстой зүйл нь юу юм бэ гэхээр хүүхэд таниас төрсөн нь үнэн боловч тэр амьдралаа авч явах, амьдралаа залгах, амьдралаа тодорхойлох нь тэр хүүхдээс өөрөөс нь бүрэн хамаардаг юм. Та зөвхөн тусалж, дэмжиж өгөх байх гэж бодож байгаа юм. За дараа нь яригдаж байгаа бүлэг хүмүүс бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бид нар яаж хардаг вэ гэхээр “Энэ бол уламжлалаар бол үйлийн үрээ эдэлж байгаа юм. Наад хүмүүс чинь эсвэл эцэг эх нь ямар нэгэн буруу юм хийгээд хөгжлийн бэрхшээлтэй болчихсон, тахир дутуу болчихсон, чадвараа алдчихсан” гэж хараад байдаг. Гэтэл төрөлхөөсөө хөгжлийн бэрхшээлтэй байх, эсвэл ямар нэгэн осол аваар, гэмтэл, санамсаргүй байдлаар, тохиолдлоор хөгжлийн бэрхшээлтэй болох нөхцөл Монгол улсад зөндөө бий. Төрөл бүрийн байгууллагын хийсэн судалгаагаар юу яригдаж байна вэ гэхээр ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаас илүү хувь нь ямар нэгэн осол гэмтлийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болж байна гээд байгаа юм. Тэгэхээр тийм хүмүүсийн хувьд бол тэдэнд маш аюулгүй байдлыг нь бүрдүүлээгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй, эсвэл замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүмүүс осол аваар гэмтэлд ороод хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа тохиолдол бий. Ялангуяа хуучин цагт юу яригдаж байсан бэ гэхээр эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хэрэгсэл дутмаг байсны улмаас, оношийг бүрэн тавиагүйн улмаас буруу эмчилгээ бичээд, ямар нэгэн байдлаар хүүхдүүдийн сонсгол нь алддаг ч байдаг юм уу, оюунд нь нөлөөлдөг байдлаар асуудал тулгарч байсан байгаа юм. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бол ялгаварлан гадуурхалд өртөж байгаа хүмүүсийн нэг гэж харж байгаа юм. Тэгэхээр саяны 2 жишээн дээрээс аваад үзэх юм бол хүмүүс юу гэж харж байна вэ гэхээр нийгэмд байгаа цөөнх хүмүүсийг, эсвэл өөрөөс нь сул дорой хүмүүсийг, эрх мэдэлгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг юм байна гэж нэг үгээр хэлж болно гэсэн үг.

Кенна: Тэгээд ялгаварлан гадуурхалтыг зогсооё, болиулъя гээд олон ярьдаг ш дээ. Тэгээд одоо гол зорилго нь бол ялгаварлан гадуурхалтгүй сайхан нийгмийн цогцлоох гэж байгаа ш дээ. Тэр нийгэм ер нь юугаараа давуу талтай юм. Яагаад бид нар тэрний төлөө хичээх ёстой юм бэ?

Аагий: Монгол яг ялгаварлан гадуурхалттай нийгэм мөн юм уу?

  • Нэг үгээр тийм. Аагийгийн асуусан асуултаар бол ялгаварлан гадуурхалт байна. Манай Монгол улсын 1992 оны Үндсэн хууль дээр оршил хэсэг дээр нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн цогцлоон бүтээнэ гээд ард түмний хүсэл эрмэлзлийг тодорхойлчихсон байгаа юм. Үндсэн хуулийн оршлыг аваад үзэх юм бол яг энэ хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд хүрэхийн тулд бид нар яаж хүрэх юм бэ гэдэг 4 арга зам байгаа гэж харж болно. Тэгэхээр бид тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлаа хангана, хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ, үндэсний эв нэгдлийг бэхжүүлнэ, хүн төрөлхтний ололт амжилттай мөр зэрэгцэж алхана, өв уламжлалаа нандигнан өвлүүлнэ гэсэн арга замаар бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээнэ гэж байгаа юм. Тэгээд 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа ялгаварлан гадуурхаж болохгүй гэсэн нэг заалт байгаа юм. Тэр заалтан дээр юу яригдаж байна вэ гэхлээр яг өнгөрсөн цаг үед хүмүүсийг яаж ялгаварлан гадуурхаж байсан юм бэ гэдэг хүн төрөлхтний болон Монголын түүхийнхээ сургамжин дээр тулгуурлаад тэрийг оруулж ирсэн байгаа юм. Хүнийг насаар, хүйсээр, нийгмийн байдал, угсаа гаралаар, төрөл бүрийн хэлбэрээр ялгаварлан гадуурхаж болохгүй гээд дурдчихсан байгаа юм. Хэдэн жилийн өмнө Үндсэн хуулийг цэц юу гэж шийдсэн юм бэ гэхлээр энэ Үндсэн хууль дээр заасан шинжээр ялгаварлан гадуурхаж болохгүйн зэрэгцээ яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс жагсаал цуглаан байгуулахад оролцож болохгүй гээд хорьж болохгүй. Ийм учраас Үндсэн хууль дээр заасан нэр томьёоноос гадна Үндсэн хууль дээр заагаагүй ч нийгэмд тулгарч байгаа хөгжлийн бэрхшээл юм уу бусад хэлбэрээр ялгаварлан гадуурхаж болохгүй юм гээд манай Монгол улсын цэц шийдвэр гаргачихсан. Тэгэхлээр өнөөдөр бид нар Үндсэн хуулийн зүйл заалт дээр байгаа тэр шалгуураас гадна өөр ямар нэгэн байдлаар бид нар ялгаварлан гадуурхалттай нүүр тулбал тэрийг бас бид нар хориглох тэмцэх ёстой гэсэн үг. Жишээлбэл одоо хууль харах юм бол хүүхдийн эрхийн тухай хууль, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, ахмад настныг дэмжих тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хууль гээд байна. Ингээд нийгмийн бүлгээр нь тодорхойлчихсон. Тэгэхээр энэ хүмүүс хамгийн их ялгаварлан гадуурхалтанд өртдөг учраас тусгайлан анхаарч байна гэж харж болж байгаа юм. Дараа нь манай Монгол улсын эрүүгийн хуулинд 2017 онд шинээр ялгаварлан гадуурхалт бол гэмт хэрэг юм байна гэж оруулж ирсэн. Тэгэхээр тэр гэмт хэрэгт юу орж ирж байна вэ гэхээр нэмээд тэр насаар, хүйсээр, нийгэмд эзэлж байгаа байр суурь гээд олон янзаар ялгаварлан гадуурхахын зэрэгцээ хүмүүсийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар нь битгий ялгаварлан гадуурхаж бай гэдгийг гэмт хэрэг болгон оруулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд хүмүүсийг өөрийгөө хэрхэн илэрхийлж байгаа, хүмүүст өөрийгөө хэрхэн харуулахыг хүсч байгаа, нэг бол хэн рүү тэмүүлж татагдаж байгаа, хэнийг хайрлахыг хүсч байгаагаар нь гоочилдог, доромжилдог, “Чи ийм сонголт хийгээд байхдаа яадаг юм” гэж нүд үзүүрлэдэг, эсвэл гадуурхдаг байсан бол энэ та нарын ухвар мөчид төсөөлөл чинь, энэ та нарын хэвшмэл ойлголт чинь ялгаварлан гадуурхалт юм байна шүү. Хүнийг хайрлаж байгаагаар нь эсвэл өөрийгөө илэрхийлж байгаагаар нь эсвэл өөрийгөө хэн гэж тодорхойлж байгаагаар нь битгий ялгаварлан гадуурхаж бай гэдгийг бүр хуулиар хориглочихсон гэсэн үг. Тэгэхээр бид нарт бол хуулийн арга хэрэгсэл байна үүний зэрэгцээгээр бид нар энэ хуулийг таньж мэдээд хуулийн дагуу шаардаж болох юм байна гэдгийг эндээс харж болох юм.

Аагий: Ялгаварлан гадуурхаж байгааг гэмт хэрэг гээд л ярьлаа ш дээ. Жишээлбэл намайг би ЛГБТИ байлаа. Би нийгмээс өөр, манай найзууд намайг доромжиллоо гэж бодъё л доо. Ер нь тэгвэл би яг хэнд яаж хандах ёстой юм бэ? Одоо бол би цагдаа дээр  очоод энэ намайг ингэсэн гэвэл бараг хов зөөсөн маягтай болчихно шүү дээ найзууд дундаа. Ер нь яг яаж би эрхээ хамгаалах ёстой вэ?

  • Миний нэг найз байдаг юм л даа. Тэргэнцэр хэрэглэдэг. Тэгээд эхээс төрөхдөө ямар нэгэн чадвараа алдаагүй ч гэсэн осол гэмтлээс болоод тэргэнцэр хэрэглэдэг болчихсон. Бүсэлхийнээс доош мэдээ байхгүй. Тийм залуу байгаа юм. Тэгээд тэр залуу сургуульд сурч байсан чинь оюутан байхад нь бараг төгсөх курст байхад нь ангийнх нь охид асуусан байгаа юм. “Хүүе, чи ингэхэд жорлон орж байгаа харагдахгүй юмаа. Яг яаж бие засдаг юм?” тэгээд 22-той охид тэгээд асуухаар чинь 22-той залуугийн хувьд аймар эвгүй шүү дээ. Үе тэнгийнх нь охид “Чи тэргэнцэр хэрэглэдэг, тэгээд яаж бие засдаг юм, яаж жорлон орж шээж бааадаг юм” гэж асуух чинь аймар эвгүй биз дээ? Тэгээд манай найз бол өөрөө хэлсэн байгаа юм. “Би памперс хэрэглэдэг юм. Памперс хэрэглэхээр яахав 2, 3 цагтаа бол тэсээд болчихно. Бүр болохгүй нойтон оргиод байвал би жорлон орж байгаад би памперсаа шинэ живхээр сольчихдог юмаа” гэж хэлсэн байгаа юм. Тэр охидын хувьд цэцэрлэгт байхаасаа, сургуульд сурахаасаа эхлээд амьдралдаа хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй нүүр тулж байгаагүй гэсэн үг. Тэгэхээр тэр охидын буруу биш. Тэрэн шиг одоо Аагийгийн найзууд чамайг “Би ийм хүнийг хайрладаг, би хүн рүү тэмүүлдэг, би өөрийгөө ингэж илэрхийлмээр байна, би өөрийгөө ингэж тодорхойлмоор байна” гэнгүүт нь “Еэ еэ бөө вөө, чи эрэгтэй юм байж эрэгтэй байхгүй байхдаа яадаг юм” гээд дооглож байгаа бол үндсэндээ тэр хүүхдүүд маань ухвар мөчид төсөөлж чамайг эрэгтэй байж эрэгтэй байж чадахгүй байхдаа яадаг юм гэж харж байна гэсэн үг. Тэгэхлээр тэр хүүхдүүдийн хувьд маш хомс мэдээлэл байна. Амьдрал дээр өөр олон төрлийн, олон хүсэл эрмэлзэлтэй, олон өнгийн хүмүүс байдаг юм байна гэдгийг хараагүй юм байна л гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ ээж аав нь, орчин нь, нийгэм нь, ойр тойрны хүмүүс нь эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёрхон л өнгө байдаг юм байна, улаан, цэнхэр гэсэн хоёрхон л өнгийн хүн байдаг юм байна гэдгийг тэр хүүхдүүдэд ойлгуулчихсан байсан гэсэн үг. Тэгэхлээр бид нарын хувьд ийм асуудалтай тулгарлаа гэвэл яах вэ гэхээр “Хорвоо ертөнц дээр солонго шиг солонгорсон маш олон төрлийн хүмүүс байдаг юм аа. Ийм хүмүүсийг чи таньж мэд. Хэрвээ чи мэдэхгүй байвал судал, үз, би чамд тайлбарлаж өгье” гэж ятган үнэмшүүлж, тэр ухвар мөчид төсөөлж байгаа тэр хэвшмэл ойлголтоор ертөнцийг харж байгааг нь таниулах нь тэргүүний чухал алхам л гэж хэлмээр байна. Дараагийн алхам бол үнэхээр чиний бие махбодод халдчихсан, чамайг доромжилчихсон, чамд бүр үнэхээр хүнд тусчихсан байх юм бол дараа дараагийн хууль цагдаагийн байгууллагад нь хандаад явж болно. Эхний ээлжинд найзууддаа бол найзуудыгаа буруушаахаас илүүтэйгээр найзуудыгаа илүү танин мэдүүлэх тал дээр анхаарах нь илүү зүйтэй гэж бодож байна.

Аагий: Хэрвээ бүр асуудал нь хүндрээд, би магадгүй хүчирхийлэлд өртсөн бол ийм ийм арга замаар ингэж шийдүүлнэ гэдэг алхмуудыг та хэлж өгвөл?

  • Яг таны хэлсэнчлэн гэмт хэрэгт юм уу хэн нэгний буруу үйлдлийн хохирогч болчихлоо гэвэл цагдаад хандах нь зүйтэй. Тэгээд цагдаа тэрийг шалгаад, прокурор тэрийг хянаад, тэр ялгаварлан гадуурхах гэмт хэрэг үү эсвэл хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үү гэдгийг өөрсдөө мөрөөр нь ажиллаад явчихаж болно. Өөр нэг зүйл нь гэвэл яг ийм хүмүүст тусладаг, ийм хүмүүст хууль зүйн зөвлөгөө өгдөг, ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлдэг ТББ-ууд байна. Жишээлбэл ЛГБТ Төв гээд байгууллага байна. ЛГБТ Төвийн сайн дурын залуучуудын үйл ажиллагааны нэг хэсэг нь энэ подкаст. Энэ маань юу юм бэ гэхээр ЛГБТ Төв хүртэл олон нийтэд болон бусад хүмүүст энэ ойлголтыг түгээх гээд та бүхэнтэй хамтраад, та бүхний үйл ажиллагааг дэмжиж байна гэж харж болж байгаа юм. Үүний зэрэгцээгээр Австрали улсын Засгийг Газрын шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгээр “Ялгаварлан гадуурхалтыг зогсооё” гээд хөтөлбөрийн хүрээнд энэ подкастыг хийж байна. Энэ подкастын гол нь зорилго нь юу вэ гэхээр би та хоёрын ярианаас медиа аян өрнүүлээд, медиагаар дамжуулаад олон нийтэд мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх гэж байна гэж ойлгож байна. Дараа нь гэвэл зөвхөн ЛГБТ Төв гэлтгүй бас мөн энэ чиглэлээр ажилладаг ТББ-ууд бас байна. Хамгийн анхны ТББ гэх юм бол үндсэндээ бүр 1959 онд байгуулагдсан Тавилан ТББ-ын туршлага дээр үндэслээд тэнд ажиллаж байсан хүмүүс маань Залуус Эрүүл Мэнд Төв гээд байгуулсан. Үүний зэрэгцээгээр Залуус Эрүүл Мэнд Төвийн зэрэгцээгээр бусад нийгмийн бүлэгт туслах зорилгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа сайн дурын санаачлагууд, ТББ-ууд, эвслүүд бас байна. Яагаад бас яг ТББ-ыг онцолж байгаа юм бэ гэхээр хэрвээ та ганцаараа байгаад үнэхээр өөрийнхөө асуудлыг шийдэж чадахгүй, өөрийнхөө төлөө дуугаръя гэхээр айдастай, эсвэл ямар нэгэн хүнд байдал тулгараад ч юмуу, эсвэл ямар нэгэн айдас дарамттай, миний өмнөөс хэн нэгэн дугараад өгөөсэй, миний өмнөөс хэн нэгэн асуудлыг гаргаад өгөөсэй гэж ганцаараа дугарч чадахгүй байгаа тохиолдолд ЛГБТ Төв ч юм уу, Залуус Эрүүл Мэнд төв ч гэдэг юм уу, эсвэл бусад бэлгийн цөөнхийн талаар ажилладаг байгууллагуудад хандаж болно. Хоёрдугаарт яригдаж байгаа зүйл нь гэвэл Хүний эрхийн үндэсний комисс гээд төрийн байгууллага байна. Энэ байгууллага маань хуулиар хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд , эсвэл жендэрийн эрх тэгш байдлыг хангах үүднээс жендэрийн суурилсан ялгаварлан гадуурхалттай нүүр тулсан хүмүүст мэргэжлийн туслалцаа үзүүлэх, хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх, шаардлагатай тохиолдолд өмнөөс нь эрхийг нь төлөөлөн нэхэмжлэн ажилладаг байгууллагууд байх жишээтэй. Тэгэхлээр төрийн ба төрийн бус байгууллагуудад хандаж болно. Шаардлагатай тохиолдолд үнэхээр ноцтой байх юм бол хууль хяналтын байгууллагад буюу нэг үгээр хэлбэл шууд цагдаад хандаж болно гэсэн үг. Тэгэхлээр та яг ямар асуудалтай тулгарав? Яг яав? гэдгээсээ хамаараад бас хандах боломжтой. Шаардлагатай гэвэл хэрвээ та насанд хүрээгүй хүүхэд байх юм бол 108 гээд утсанд хандаж болно. Хэрвээ цагдаад хандъя гэвэл 102-т хандаж болно. Эсвэл Хүний эрхийн үндэсний комисст хандъя гэвэл 7000-0222 гээд дугаарт хандаж болно. Нэг бол онлайнаар гомдлоо Хүний эрхийн үндэсний комиссын сайтруу ороод хандаж болно. Нэг бол ЛГБТ Төвд хандаад “Би яг ийм явдалд орчихлоо, одоо яах вэ?” гээд энд ажилладаг мэргэжлийн хуульчаас нь хүртэл зөвлөгөө авах боломжтой. Танд тухайн асуудал тулгараад яаж хандахаа мэдэхгүй, цагдаад хандъя гэхэд маш олон хүнтэй нүүр тулаад ярилцах гээд байвал, эсвэл олон хүнд харагдахыг хүсэхгүй байвал зүгээр л утсаар яриад асуудлаа шийдэхийг хүсч байвал, зөвлөгөө авъя гэж байвал ийм олон боломж байгаа гэдгийг дурдмаар байна.

Аагий: Кеннагаас би асууя. Сая аягүй олон хүний эрхийн байгууллагуудын утасны дугааруудыг хэлж байна л даа. Хэрвээ би үнэхээр ЛГБТ эрхийн асуудлын талаар надад зөрчил гараад, би хэн нэгэнд ялгаварлан гадуурхагдчихсан бол танайхаас яг зөвлөгөө утас байдаг тэ? Тэр дугаараа хэлж өгвөл

Кенна: Аанхан. Манайд 7 хоногийн 24 цагаар ажилладаг тусламжийн утас байгаа 9515-9270 гээд. Ийшээ залгаад анхан шатны сэтгэл зүйн зөвлөгөө авах боломжтой. Бас яг ийм чиглэлээр янз бүрийн мэдээлэл авах боломжтой. Яг ЛГБТИ хүний эрхийн талаар ажилладаг байгууллага гэвэл зөвхөн ЛГБТ Төв байгаа. Гэхдээ мэдээж ЛГБТ хүний эрх гэхээрээ яг тийм тусгайлан авч үздэг бусад хүний эрхээс шал өөр зүйл биш. Тэгэхээр мэдээж бусад хүний эрхийн байгууллагуудтай холбогдох боломжтой.

  • Кеннагийн хэлсэн дээр нэмж хэлэхэд би түрүүн хэлсэн дээ, ямар нэгэн байдлаар хэн нэгний өмнө битгий шошго наагаач ээ, битгий тэмдэг нэр тавиач ээ гээд байгаагийн гол санаа нь хүний эрх ярьж байгаа бол тэрийг хүнтэй шууд холбоотой авч үзнэ. Тэр хүн ямар байхаас үл хамаарна. Ямар байхаас үл хамаарна гэдэг нь сая хэлсэнчлэн лесбиян, гей, бисексуал, трансжендэр эсвэл интерсекс байна уу, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, хөдөө амьдардаг, оюутан, сургуульд хамрагдаагүй, боловсролгүй, сургуулиас завсардсан, хөдөлмөр эрхэлж байгаа, морь унадаг, зах дээр тэрэг түрж байгаа байна уу, эсвэл ямар нэгэн мэргэжил ур чадваргүйн улмаас ажилгүй, гуйлга гуйгаад амьдарч байгаа юм уу, эсвэл ямар нэгэн байдлаар барилга дээр хар ажил хийж байгаа хүмүүс ч бай ямар нөхцөл байдалд байгаагаас үл хамааран хүн болгоныг хаана ямар нөхцөлд ажиллаж, амьдарч байгаагаас үл шалтгаалан хүнийг хүн гэж харах л тухай асуудал яригдаж байгаа юм. Фэйсбүүк дээр тавигдсан нэг зургийг хараад надад тэгж санагддаг юм. Бүх хүмүүсийн араг ясыг эгнүүлээд тавьчихсан. Тэр хүн шашин шүтдэг, шүтдэггүй, ЛГБТИ, бэлгийн цөөнх, арьсны өнгө, улс төрийн үзэл бодол нь өөр угсаа гарал нь өөр ч гэсэн яг араг ясыг нь харах юм бол хүүр болоод мах нь устаж, зөвхөн тэр хүний араг ясыг авсанд орсных нь дараа харах юм бол бүгд адилхан. Тэгэхээр ялгаварлан гадуурхалт гэдэг бол түрүүний асуултан дээр дахиад яриад явахад яг ямар юмны асуудлыг бид яриад байгаа юм? Яг яах юм гэхээр хүмүүс нэг нэгнийгээ ялгаварлан гадуурхдаггүй, олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрдөг байх юм бол улс орон илүү хурдан хөгждөг юм байна гэдэг зүйл байгаа юм. Яагаад вэ гэхээр тэр нийгэмд хүн болгон хувь нэмрээ оруулна, тэр нийгэмд амьдарч байхдаа хүн болгон тэр нийгмийг сайн сайхан болгохын тулд гар бие оролцно гэсэн үг. Тэгж чаддаггүй нийгэм бол нэг бол дарангуйлал тогтно, нэг бол нийгэмд байгаа хамгийн олон бүлэг нь цөөнхийгөө гадуурхаж, цөөнхийнхөө нулимс, цус, зовлон, шаналал дээр өөрсдийнхөө аз жаргалыг бий болгодог гэсэн үг. Тэгэхээр энийг Болорсайхан хэлж байгаа юм биш, энийг хүн төрөлхтөний түүх болон өнгөрснөөс авсан сургамжаар л харж байна гэсэн үг. Хамгийн ойрын жишээ нь 13-р зуунд бид нар маш олон шашныг хүлээн зөвшөөрөөд Хархорумдаа шашнуудыг хоорондоо мэтгэлцэхийг зөвшөөрөөд хаан нь хүртэл тэрийг харж байсан гэдэг түүхэн баримт байдаг. Одоо эргээд харах юм бол Монголын орчин үеийн түүхийг аваад үзэх юм бол шашин шүтдэг хүмүүс, шашин шүтдэггүй хүмүүс гэж хоорондоо хуваагдаад, шашин шүтэж байгаагаа үзэн ядаад хомроголон алж байсан, төрлөөр устгаж байсан жишээ байна. Дараа нь болохоор шашингүй үзэл нийгэмд тогтонгуутаа, шашныг уландаа гишгэнгүүтээ бүх хүмүүсийг шашин шүтдэг байснаар нь ялгаварлан гадуурхаад бүр алчихсан. Бүр мөрөөр нь гэр бүлийнхнийг нь мөрдөг мөшгиж байсан. Дараа нь чи шашингүй үзлийн зэрэгцээгээр манай улсын хөгжлийн үзэл суртлыг дагах ёстой. Энэ үзэл суртлыг дагахгүй бол бид нар чамайг мөрдөн мөшгинө гээд бүр 1960-аад онд хүмүүсийг цөлж байсан, эсэргүү, сэхээтний төрөлд орчихсон гээд бүр албан тушаалаас нь буулгаад бүр нутаг зааж цөлж байсан тохиолдол байх жишээтэй. Тэгэхээр хүний амьдралыг тэгж ямар нэгэн шошго, тэмдэг тавьж, зааж зааварладаг хэн бэ? Сүүлийн ганц жишээ бол хүмүүсийг хүн амаа өсгөх бодлого нэрээр “Чи эхнэргүй, нөхөргүй бол, чи хүүхэдгүй бол татвар төл гэж шахаж байсан”. Одоо эргээд харъя л даа. Болорсайхан эрэгтэй хүн. Тэгсэн мөртлөө миний зүрх сэтгэл эрэгтэй хүн рүү тэмүүлдэг. Би эрэгтэй хүнийг хараад догдолдог. Миний хайр, хүсэл тэмүүлэл эрэгтэй хүн рүү татагддаг, эрэгтэй хүнээр өдөөгддөг байя. Тэгвэл тэр нийгэмд хэзээ ч эхнэртэй байж чадахгүй. Тэгэхээр би үхэн үхтлээ татвар төлөх үү? эхний асуулт тийм болж таарна. Дараа нь би хүүхэдтэй болох тухай асуудал. Би үнэхээр эхнэртэй болж чадахгүй юм чинь би үхэн үхтлээ хүүхэдгүй байгаагийнхаа төлөө төрд татвар төлөх ёстой болж байнаа гэсэн үг. Гэтэл зүйнд би хэнийг хараад дурлах, хэнтэй амьдралаа хамт өнгөрүүлэх, би хань ижилтэй болоод хүүхэд төрүүлэх гэдэг чинь миний сонголтын асуудал байтал шууд надад тулгаж байна гэсэн үг. Одоо өөрсдөө ингээд харъя л даа. 18 хүрээд л шууд хайртай хүнээ бүгд олчихдоггүй. Тэгэнгүүт энэ хуулиар тэг гээд байгаа байхгүй юу. Чи 18 хүрсэн л бол хүнтэй суу. Тэгэнгүүтээ суух суухдаа эрэгтэй бол эхнэр ав, эмэгтэй бол нөхөр ав гээд байгаа байхгүй юу. Энэ чинь шууд механикаар ингэж болохгүй зүйл шүү дээ. Энэ чинь хайр сэтгэлийн асуудлыг бид нар дийлэхгүй шүү дээ. Зарим хүмүүс чинь 30 40 хүртлээ ганц бие явж байх тохиолдол байна.

Аагий: Цагаан сараар л жишээ нь “Чи хүнтэй суухгүй яасан юм бэ?” гээд л хэлдэг шиг

  • Өө наадах чинь ингээд ухвар мөчид төсөөлөл, хэвшмэл дүр загвар чинь явж байна гэсэн үг. Тэгэнгүүт хүүхдийн асуудал байна. За үнэхээр би хань ижилтэй боллоо, үнэхээр би нэг эмэгтэйд сэтгэл алдраад, дурлаад, бид 2 нэг нэгийгээ таньж мэдээд нэг гэрт ороод өрх тусгаарлалаа, дэр нэгтгэлээ. Бид 2 тасралтгүй 3 жил бэлгийн харьцаанд орлоо гэсэн хэдий боловч хүүхэдгүй байвал яах юм. Үнэхээр хэн нэгэн нь үргүй бол яах юм? Хүний амьдралд ийм юм тохиолдоно шүү дээ. Ийм юм тохиолдохыг үгүйсгэх аргагүй ш дээ. Гэтэл чи хүүхэд гаргахгүй бол татвар төл гээд бид хоёроос татвар авч байгаа чинь өөрөө шударга юм уу? Тэгэхээр энэ чинь нөгөө олон ургалч үзэл байхгүй, хүнийг шууд оршихуйг нь үгүйсгэж байгаа, хүний амьдрал бүр хүний хамгийн нандин харилцаа руу төр орж ирж байгаа, хүнийг эхнэртэй, эхнэргүй, хүүхэдтэй, хүүхэдгүйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа үйлдэл гэж харж болж байгаа юм. Тэгэхээр ийм зүйл чинь өөрөө эргээд хүний амьдралыг хүнд байдалд оруулдаг, тэгээд эргээд худлаа дүр эсгэхэд юмуу, эсвэл утсан хүүхэлдэй болгоход юм уу эсвэл өөрийнхөө мэдрэмж, өөрийнхөө хүсэл зоригоос өөр амьдрал бүтээхэд хүргэдэг гэсэн үг. Тэгэхээр өөр амьдрал бүтээхэд хүргэнэ гэдэг чинь жишээлбэл миний таньдаг хүмүүс дотор үнэхээр өөрөө эрэгтэй хүнрүү тэмүүлдэг, эрэгтэй хүнрүү татагддаг мөртлөө нийгмээс тулгаж байгаа хэвшмэл дүр загвар, хамааралт байдлаасаа болоод тэр залуу эхнэртэй болж байх жишээтэй. Өөрийн хүсэл, өөрийн хайр, өөрийн дур хүслийн эсрэг зогсож байна гэсэн үг. Ийм амьдрал өөрөө хэр удаан үргэлжлэх вэ? Хэрхэн аз жаргалтай байх вэ? Тэгэхлээр энэ чинь өөрөө маш хүнд, маш хэцүү, төсөөлөхийн аргагүй амьдрал байгаа байхгүй юу. Нэг үгээр хэлэх юм бол та алхаж явдаг хэдий ч таныг насан туршдаа хэвлийгээрээ мөлх гэж байгаатай л адилхан зүйл. Тэгэхлээр та бод л доо та өөрөө алхаж чаддаг хүн хэдий ч таныг насан туршдаа мөлх гэхээр уншигч та бүхний хувьд ямар санагдах вэ? Тэрэн шиг ийм амьдралыг авч яв гэдэг чинь аймшигтай, бүр цусаар уйлаад ч багадах явдал байхгүй юу

Аагий: Одоо манай подкаст дуусах дөхөж байна. Гэхдээ та хүний эрхийн активист учраас би нэг асуултыг асуумаар байна л даа. Хэн нэгэн шошго зүүх хэрэггүй ээ гээд та хэлсэн. Тэгээд л ингээд л би гей гээд л зүгээр л эрэгтэй хүнд дуртай болохоос би өөрийгөө гей гэж дуудуулахыг хүсэхгүй байна ш дээ тэ. Гэхдээ монголд би хараад байхад аймар олон ТББ-ууд байна л даа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах төв, ЛГБТ иргэний эрхийн хамгаалах төв ч гэдэг юм уу. Энэ хүмүүс чинь эрхийн хамгаалах төв гэсэн хэрнээ бас өөрсдөө шошго зүүгээд байгаа юм биш үү?

  • Тэгж ойлгож болохгүй. Яагаад хүний эрх гэж ярьсан мөртлөө заримдаа бусад хүмүүсийг онцлоод байгаа юм бэ? гэдэг асуулт байгаа юм. Тэгэхлээр нийгэмд хамгийн их эрх нь зөрчигддөг, хамгийн их хүчирхийлэлд өртдөг, хамгийн их гадуурхагддаг, дуу хоолойг нь сонсдоггүй, нийгмийн төвд байдаггүй, нийгмийн захаас дандаа түлхдэг, түлхэгддэг, нийгэмд үл үзэгдэгч, хүмүүс тэрнийг байгааг нь ч мэддэггүй тэр бүлгүүдийг анхаарлын төвд авчрах, тэр бүлгүүдийг нийгмийн цөмд тавих, нийгмийн голд та нарын өмнө ийм хүмүүс байдаг юм шүү гэж харуулахын тулд наад нэр томьёог чинь ашигладаг гэж хэлж байгаа юм. Энэ бол шошго биш шүү. Хүмүүс тоодоггүй учраас, хүмүүс хүчирхийлэх нь байх ёстой зүйл гэж боддог учраас, хүмүүс энэ зүйлийг бид нар амьдралын л нэг хэсэг гэж харах ёстой шүү гэж нэг нэгэндээ тулгадаг учраас хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, бэлгийн цөөнхийн эрх, лесбиян хүмүүсийн эрх, гей хүмүүсийн эрх, бисексуал хүмүүсийн эрх, интерсекс хүмүүсийн эрх, транс хүмүүсийн эрх гэж ярьж байгаа юм. Яагаад гэвэл ингэж хэлэхгүй бол тэр хүмүүс чинь харахгүй, тэр хүмүүс чинь ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй, танин мэдэхгүй, ийм зүйл байдаггүй юм шиг хараад байдаг болчихдог учраас тусгайлан анхаардаг гэсэн үг. Ийм учраас тусгайлан ТББ-ууд, хүний эрхийн байгууллагууд анхаарч ажилладаг гэсэн үг. Эцэст нь зүгээр нэг үгээр хэлэхэд ямар нийгмийг бид нар хүсээд байгаа юм бэ? Ямар нийгэм чухал юм бэ? Гээд надаас асуугаад байгаа ш дээ, нэг үгээр хэлэх юм бол айх айдасгүй, гачигдах зовлонгүй, чөлөөтэй үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг, итгэж, үнэмшдэг тийм нийгмийг бид нар 1992 онд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулна гэсэн нэрэн дор тусгасан юм. Тэгээд энэ нийгмийг цогцлоон бүтээхийн тулд хүн болгон энэ нийгэмд хэрэгтэй юм шүү. Манайд бол ямар зүйлүүд гарч ирж байна вэ гэхлээр Хятадын эрлийз, эх оронч бус, Монголоо худалдсан, эсвэл жинхэнэ Монгол, жинхэнэ ялсан Монгол, нэг бол баруун зүүн Монгол, халх ойрад, нэг бол Өвөрмонгол, Ар монгол, Увсынхан гээд л тэгээд тэр нь бөх дээрээ ч илрэлээ олж байдаг, тэгээд цаашлаад манай тал, танай тал, дайсны тал, тэгэнгүүтээ “Чи миний үзэл санааг дэмждэг бол сайн хүн, чи миний үзэл санааг дэмждэггүй бол муу хүн, чи бол адгийн амьтан” ч гэдэг юм уу тэ? Тэгэхлээр энэ талцал байхгүй нийгэм бид нар хүсч байгаа гэсэн үг. Ингэж талцуулж байгаа чинь өөрөө хэнд ашигтай юм гэхлээр маш явцуу, маш эрх мэдлийг нэг цэгт төвлөрүүлэхийг хүссэн цөөн хэдэн бүлэгт л ашигтай байгаад байгаа юм. Тэгэхлээр уг нь ямар ч хүн манай улсад хүрээд ирсэн айх айдасгүй, гачигдах зовлонгүй амьдарна гэдэг бол эргээд бид нар хүн бүр санаа амар хөгжих, амар амгалан амьдрах хөрс байгаа юм. Тэгэхээр ямар ч хүн ирсэн чөлөөтэй амьдрах боломжтой нийгэм гэдэг чинь бид нарын хүсээд байгаа нийгэм гэсэн үг. Тэгэхлээр хэн нэгний өмнө шошго тавьдаггүй, хүнийг байгаагаар нь “Хөгшөөн чи надтай мөр зэрэгцээд амьдар, бүгдээрээ хамтдаа сайн сайхан амьдаръя” гэдэг энэ нийгмийг бий болгохын төлөө бид нар зориод явж байна. Харин энэ нийгмийг нураахын төлөө явж байгаа, нурааж байгаагаа мэдэхгүй, нурааж байхад хувь нэмрээ оруулж байгаагаа мэдэхгүй хүмүүс байдаг. Гэсэн хэдий боловч өнөөдрийн бид нарын ярьж байгаа чинь “Ийм нийгэм бол буруу юм байна. Бид нар хамтдаа бүгдээрээ мөр мөрөө түшиж, нэг нэгнийгээ дэмжиж амьдрах нь чухал юм байна” гэдгийг л би хэлмээр байна.

Аагий: За ингээд уншигч та бүхэндээ маш их баярлалаа. Бидний ярилцлага 40 гаруй минут үргэлжилсэн байна. Магадгүй нилээн урт подкаст юм шиг хэрнээ, маш үр өгөөжтэй, үг бүр нь өөртөө наахуйц подкаст болсон гэдэгт итгэлтэй байна. Хамгийн сүүлийн асуулт гэвэл манай подкастыг маш их залуучууд, ялангуяа хүүхдүүд, ЛГБТИ өсвөр үеийнхэн маань маш их сонсож, уншдаг. Эдгээр хүүхдүүдэд ер нь эрхээ яаж хамгаалах, эрхийнхээ төлөө яагаад дугарах ёстой юм бэ гэдэг мессежийг хэлээд төгсгөвөл

  • Хуучнаар бол ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Одоо бол мэдээлэл технологи хөгжсөний хэрээр юу гэж ярьж байна вэ гэхээр мэдлэг боловсрол бол хүч гэж хэлмээр байгаа юм. Та бусдаас илүү мэдээлэлтэй, бусдаас илүү мэдлэгтэй, өөртөө тулгарсан асуудлыг өөрийн мэдлэг ур чадвараар даван туулахуйц тийм хүн болоорой. Та мэдлэг боловсролоор дамжуулж, өөрийн ур чадвараар дамжуулж энэ нийгмийг өөрчлөнө. Түүнээс биш муйхар нудрагаар, хүчээр, эсвэл нулимсаар энэ асуудлыг шийдэж чадахгүй. Тийм учраас та маш их мэдлэгтэй, ур чадвартай, өөрийгөө боловсруулж хөгжүүлж энэ нийгмийг өөрчлөхийн төлөө өөрийгөө бэлдээрэй. Та ертөнцийг илүү өргөнөөр хардаг, та солонгорсон өнгийг таньж мэддэг байх юм бол тантай мөр зэрэгцэж байгаа хүмүүс солонгорсон өнгийг харж чаддаг болно. Ертөнцийг нэг хар юмуу цагаан шидээр харахаа болино. Тэгэх юм бол танаас эхлээд, таны дараа дараагийн үе тэрхүү олон өнгөт ертөнцийг, олон өнгөт хүмүүсийг, тэр солонгорсон нийгмийг, тэр солонгон амьдралыг хүлээн зөвшөөрч чаддаг болно. Тийм учраас та буруушаах биш, хараах биш, уйлахаас илүүтэйгээр би энэ ертөнцийг өөрчлөхийн тулд бусдаас илүү мэдлэгтэй, надаас илүү ур чадвартай хүмүүсийг илүү өөрийнхөө туршлагаар, мэдлэгээр, амьдралаараа өөрчлөхийн төлөө зүтгэдэг байя гэдэг зөвлөмжийг өгмөөр байна.

Кенна: За манай подкастанд ирсэнд маш их баярлалаа.

Аагий: Энэ удаагийн дугаарт хүний эрхийн активист Болорсайхан хөтлөгч Аагий болон Кенна нар ажиллалаа. Манай подкастыг үргэлж сонсдог, уншдаг та бүхэнд маш их баярладаг шүү. Дараагийн дугаараар уулзацгаая. Баяртай

Нийтлэл бэлтгэсэн: Жюни