Австралийн ЗГ-ын шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа #ЯлгаварланГадуурхалтыгЗогсооё медиа кампанит ажлын хүрээнд цуврал подкастууд хийж байгаа билээ. Энэ удаагийн зочноор зураач Бадамаа өөрт нь хүү нь хэрхэн өөрийгөө илэрхийлсэн, эх хүү хоёрын харилцаа, бусад эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөн өөрийн үзэл бодлоо чөлөөтэй хуваалцлаа. Та бүхэн хүлээн авч уншина уу.

Сонсох:

soundcloud

castbox

itunes

 

Гонто: Сайн байцгаана уу, эрхэм хүндэт сонсогчид, уншигчид аа. ЛГБТ төвөөс эрхлэн гаргадаг Монголиан күийр подкастын маань шинэ дугаар эхэлж байна. Миний бие хөтлөгч Гонто байна. Надтай хамт хөтлөгч Кенна байна.

Кенна: Австралийн Засгийн Газрын дэмжлэгтэйгээр “Ялгаварлан гадуурхалтыг зогсооё” кампанит ажлын хүрээнд энэхүү подкаст маань хийгдэж байгаа билээ.

Гонто: Өнөөдрийн оролцогч маань маш хүндтэй хүн байгаа. Тэгэхээр та өөрийгөө бидэнд дэлгэрэнгүй танилцуулаач.

  • Би зураач мэргэжилтэй. 60 нас дөхөж байгаа Бадамаа гэж хүн байнаа. Өнөөдөр ярилцлаганд уригдсандаа их баярлаж байна.

Гонто: Бид бас ирсэнд тань маш их баяртай байна.

Кенна: Өнөөдрийн сэдэв маань маш сонирхолтой. Манай өмнөх дугааруудад маань ихэвчлэн залуучууд ордог, өөрсдийнхөө түүхүүд, найзууддаа хэрхэн өөрийгөө илэрхийлж байсан, өөрийгөө хэрхэн мэдэж байсан тухай ярьдаг бол өнөөдөр болохоор  яг эх хүний зүгээс ярих байгаа.

  • Миний хүү гей. Гэхдээ хүний яг тийм чанар бол багаасаа яг анзаарагдаж байдаг юм билээ. Өөрсдөө нэг их айхтар анзаардаггүй болохоос биш манай хүү бол багаасаа палаж өмсөх гэж гүйгээд л, охидтой найзлаад л нэг тиймэрхүү байдаг байсан юм. Тэрийг нь би нэг их анзаардаг ч үгүй байсан. Хүү маань сургуульд яваад хэдэн жилийн дараа надад өөрийгөө хэлсэн юм. Нэг өдөр хэллээ. “Та намайг мэддэг үү? Та Ган-Одыг мэддэг үү? Та Ганбуушийг мэднэ биз дээ? Ганбуушийг мэддэггүй хүн монголд байхгүй байх” гэхээр нь би “Тийн” гэсэн чинь “Би Ганбууштай адилхан хүн ш дээ. Би адилхан гей хүн”гэсэн. Манай хүү чинь аягүй хурц илэрхийлэлтэй айхтар хүн. Тэгсэн чинь л надад дрррр гээд киноны кадр эргэлдэж байгаа юм шиг болоод л. Нээрээ юу вэ гээд л баахан бодоод л, тэгээд би хүүдээ хайртай болохоор аль болох хүүгээ цочроохгүй тайван хүлээж авъя гэсэн бодолтой байсан.

 

 

  • “Ммм үгүй ээ яахав дээ тэгээд, хүмүүс чинь янз бүр байж л байдаг ш дээ. Зүгээр” гээд тэр үедээ хэллээ. “Тэглээ ч гэсэн миний хайртай хүн хэвээрээ байх юм чинь” гээд хэлсэн ч яг цаагуураа бол би аймар том цочролд орсон.

 

 

  • Яг тэр дороо би ажил хөөцөлдөөд гараад явсан юмаа. Тэгээд явж байсан чинь шууд машинтай мөргөлдөөд, машинтай явж байгаад өөр машиныг мөргөөд, тэгээд цаанаа бол аягүй том цочролд орчихсон, элдэв бусын юм бодогдоод, заавал миний хүү тийм төрдөг нь ямар учиртай юм бэ? гээд л өөртөө бурууг өгөөд л элдэв л юм бодогддог юм билээ. Тэгж анх мэдэж байсан. Гэхдээ яг тэрийгээ хэлснээс хойш манай хүү чинь том болчихсон юм чинь, бид хоёр хоорондоо жоохон хөндийрөх гээд байгаа ч юм шиг. Эх хүү хоёр хөндийрнө гэдэг чинь аягүй муухай юм болно ш дээ. Тэгээд хүүхэд чинь өөрөө тийм нуух юмтай болохоороо өөрийн эрхгүй бас цаашаа зүтгээд байдаг юм билээ. Тэгэхээр бид хоёрын хооронд нуух юм байхгүй болчихоор аль алинд нь их гоё болчихсон. Бүүр хэдэн жил уулзаагүй найзууд шиг зүгээр үерлэж ирээд л аягүй их юм яриад л. Яг тэр сэтгэлийн сонин цочрол маань их гоё зурагнууд болж гарч ирсэн. Долоохон зураг гарч ирсэн. Долоон зургаараа би Токиод Шинжукуд үзэсгэлэн гаргаад тэрнээс 3 нь буцаж ирээд 4 нь зарагдсан гээд боддоо. Тэр хүнд аягүй хүрсэн зураг болсон юм шиг байгаа юм. Тэгээд үлдэж ирсэн 3 зураг нь бас эзэнтэй болчихсон

Кенна: Яасан хөөрхөн юм бэ. Уран бүтээлчийн оргил үе гэдэг шиг.

  • Сэтгэлийн хурц догдлол хүнд аягүй хэрэгтэй байдаг юм шиг байна лээ. Гэхдээ мэдээж догдолж байна гээд гялс сараачаад л зураагүй л дээ. Бодно тэрийг. Доторх бодлоо л илэрхийлсэн.

Кенна: Та хүүгээ ойлгоход таны уран бүтээлч сэтгэхүй арай эерэгээр нөлөөлсөн гэж боддог уу? Эсвэл эх хүн л бол хүүгээ ер нь ойлгоно гэж илүү боддог уу?

  • Үгүй ээ ер нь эх хүн болгон төрүүлсэн үр хүүхэддээ хайртай ш дээ. Тиймээс ер нь хүүхдээ ойлголгүй яахав. Бүр хэцүү юм бас биш ш дээ. Одоо жишээ нь саажилттай хүүхэд төрүүлсэн эхчүүд байдаг ш дээ. Тэгээд л насаараа тэр хүүхдээ асраад л тэтгээд л явж байдаг ээжүүд зөндөө л байдаг. Хүүхэд маань хэн ч байсан хайртай л байна. Нэг кино байдаг ш дээ. Алуурчин хүүхэдтэй, алуурчингаа хүртэл хайрлаж л байгаа юм чинь юун тэрний хажууд жирийн л хүн байхгүй юу. Ёстой жирийн хүн байхгүй юу.

Кенна: Ерөнхийдөө надад болохоор өөрсдийгөө хүлээн зөвшөөрчихсөн хүүхэд ч яах вэ “Заза би байгаа юм чинь” гээд хүлээгээд авчихсан. Эцэг эхийн хувьд болохоор яг тэр хүлээж авах процесс нь аягүй хэцүү санагдаад зөрчилдөөд байдаг юм шиг санагдаад байдаг юм. Жишээ нь манай ээж бол одоо хүртэл хүлээж авч чадахгүй, хүмүүсээс нуудаг ч юм уу, хүмүүсийн өмнө “Одоо яах вэ?” гэж бодоод, тэгээд эцэг эхийн хүлээж авах процессыг нь яаж түргэсгэх вэ?

  • Эртнээс уншаад судлаад үзэх юм бол угаасаа л байсан л юм байгаа байхгүй юу. Тэгээд Социалист Монгол ч гэдэг юм уу, дэлхий даяараа тэрийг чинь өвчин мөвчин гээд л эмчлэх гээд л янз бүрийн юм болж байсан юм байна лээ ш дээ. ЛГБТИ хүмүүс чинь асар өндөр мэдрэмжтэй байгаа юм шиг санагддаг. Яагаад гэвэл тэд нар өөрийгөө хүнээс дутуу гэж ойлгоод, асар их хүчтэй, мэрийлттэй, юм болгоныг оролддог. Аль нэг талаараа аль нэг авъяас нь нээгдчихсэн ч байдаг юм уу. Тэгээд ерөнхийдөө бол миний бодлоор их хүчтэй хүмүүс юм шиг санагддаг, их сэтгэлийн тэнхээтэй. Янз бүрийн юмнуудыг унших хэрэгтэй. Мундаг уран бүтээлч ЛГБТИ хүмүүс зөндөө л байна. Зураач Фрида Кало чинь бисексуал, тэгээд л Фредди Меркури байна, өшөө олонд алдартай Элтон Жон гээд л зөндөө л алдартай хүмүүс байдаг. Улс төрч байдаг. 1920-оод оны үед Америкийн нэг сенатор байсан юм байна лээ ш дээ.

Гонто: Одоо ч гэсэн нээлттэй орнуудад өөрсдийгөө нээлттэй илэрхийлдэг улс төрчид аягүй олон байдаг. Амжилттай явдаг. Карьерт нь бэлгийн чиг баримжаа нь ерөөсөө саад болдоггүй.

  • Ер нь соёлтой хөгжчихсөн орнуудад бэлгийн чиг баримжаа ерөөсөө хамаагүй. Зүгээр ажил мэргэжилдээ хэр чадалтай байна, тэр л чухал. Угаасаа тийм л байх ёстой ш д. Тэгтэл чинь манайхан болохоор бэлгийн чиг баримжаа нь ийм тийм. Яахав дээ гэхдээ арай өөр болж л байгаа байх. Тэр бол эцсийн эцэст хүнд нэг их хамаатай асуудал биш шүү дээ. Тийм биз дээ? Чи яагаад энэнд дурлачихсан юм гэж стрэйт хүмүүс бие биенээсээ асуудаггүй биз дээ? Тэрэнтэй л адилхан юм байхгүй юу. Тэгээд би чинь энэ байдлыг ойлгоод олон жил, бараг 10-аад жил болох гэж байгаа учраас тийм хүмүүсийн тухай их мэднэ. Тийм бэлгийн чиг баримжаатай зөндөө олон хөөрхөн найзуудтай болсон. Тэгээд ярилцаад байж байхад ердийн хүүхдүүдээс арай илүү ганцаардал ихтэй юм шиг. Ганцаардал ихтэй байна гэдэг чинь хүн өөртэйгөө байна гэсэн үг. Өөртэйгөө байна гэдэг чинь өөртэйгөө их ойртсоноор өөрийнх нь ухаан нь их хурцлагдана. Ерөнхийдөө тиймэрхүү хүүхдүүд юм шиг санагддаг. Ердийн хүүхдүүд бол сэтгэл өвдөх юм байхгүй. Яагаад гэвэл эмзэглэлтэй, ганцаардалтай хүн гэдэг чинь аягүй чухал юм шиг байна, хэрэгтэй л юм шиг байна лээ.

Кенна: Тэгж бодож байгаагүй юм байна.

  • Тийм хүн чинь өөрлүүгээ их гүнзгий ордог.

Гонто: Ямар нэгэн байдлаар уран бүтээлчид илүү күийр байгаад байгааг бас жоохон анзаардаг л юм байна лээ л дээ.

  • Бид нарын үеийн 60-аад насны хүмүүсийн дунд бол зөндөө л тийм байсан байх. Гэхдээ тас нуугаад, андуураад, өөрийгөө хүчээр өөр тийшээ замнуулсан тийм хүмүүс их л байдаг юм шиг байгаа юм. Хэлэх биш ямар, хэлэхгүй. Тэгээд л одоо ингээд найз нөхдөө анзаарч байхад “Аан, энэ тиймэрхүү юм байна шүү” гээд л

Кенна: Гэхдээ ер нь бас байгаа л байх л даа. Надад гунигтай санагдаад байдаг юм.

  • Тэр хүмүүс бол хэцүү ш дээ. Яагаад гэвэл өөрөөрөө амьдраагүй. Хайр дурлалын хувьд бол өөрөөрөө амьдраагүй гэдэг чинь аягүй том бараг л 50 хувь нь алга болчихлоо л гэсэн үг. За яахав уран бүтээлч хүмүүс зураг мурагаа зураад өөрийгөө илэрхийлчихэж болно. Гэхдээ мэдэхгүй ээ. Өөрөөрөө биш байна гэдэг хэцүү л байх. Ер нь тэгээд ЛГБТИ байлаа гээд тэрэнд эмзэглээд хүүхдүүд нь тэрнээсээ болоод, одоо бүүр бага насны юм ойлгодоггүй хүүхдүүд болохоор амиа хорлох юм бодогддог гэсэн. Тийм учраас ийм юман дээр бол эцэг эхчүүд хүүхдээ аль болох ойлгоод, аль болох юм уншиж судлаад, тэр талаас нь хүүхэдтэйгээ аль болох л ойрхон байхыг л бодоорой доо. Нэг л заяасан сайхан хүүхэддээ эерэг хандацгаагаарай л гэж хэлмээр байна.

Гонто: Бидний урилгыг хүлээж аваад ирээд дэлгэрэнгүй гоё ярилцсанд маш их баярлалаа.

Кенна: Таны уран бүтээлд бас амжилт хүсье. Бас бусад эцэг эхчүүд ч гэсэн илүү ойлгоосой гэж хүсч байна. Заа баярлалаа

  • Баярлалаа. Баяртай.

Нийтлэл бэлтгэсэн: Жюни