Австралийн ЗГын шууд тусламжийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа #ЯлгаварланГадуурхалтыгЗогсооё медиа кампанит ажлын хүрээнд цуврал подкастууд хийж байгаа билээ. Энэ удаагийн дугаараар Олон улсын Эрүүгийн шүүхийн ахлах өмгөөлөгч Н.Орчлон бидэнтэй нээлттэй ярилцлаа. Та бүхэн хүлээн авч уншина уу.

 

Сонсох бол:

Castbox

Soundcloud

M Plus

itunes

 

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт сонсогчид оо! Mongolian queer podcastын маань ээлжит дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Кенна бид хоёр энэ удаагийн дугаарыг хөтөлж явуулна.
– Кеннагаар маань сонин сайхан юутай вэ ?

Кенна : За сайн байцгаана уу , Австралийн засгийн газрын шууд тусламжын хөтөлбөрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа ” Ялгаварлан гадуурхалтыг зогсооё ” медиа компанит ажлын хүрээнд ээлжит хэдэн подкастыг хийж байгаа. Өнөөдрийн подкаст маань маш онцлогтой байгаа.

Аагий : Энэ онцгой дугаарт маань зочин Орчлон ахыгаа урьсан байгаа. Сайн байна уу, та?

Орчлон : Сайн байна уу , намайг нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа.

Аагий : Таныг хүмүүс Орчлон гээд сайн таньдаг. Зарим подкаст сонсогчид маань танихгүй байж магадгүй , та өөрийгөө танилцуулбал

Орчлон : Намайг Н. Орчлон гэдэг. Хуульч мэргэжилтэй , одоо Голландын олон улсын шүүхэд хохирогчийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Ер нь бол 1999 онд сургууль төгссөнөөсөө хойш насаараа хуулийн ажил хийлээ. Монголд Цагдаагийн дээд сургууль гэж байхад төгсөөд мөрдөн байцаагчаар ажиллаж байлаа. Мөн АНУ-д Их сургуульд хуулийн магистр хийсэн. Дараагаар нь Калифорнид олон нийтийн хуулийн товчоонд өмгөөлөгчийн туслахаар орлогч ажилтан хийсэн. Монголд буцаж очоод хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаад 2006 оноос хойш энд ажиллаж байна. Хуулийн мэргэжлийн чиглэлээр авсан боловсрол нэг ийм. Богино хугацааны мэргэжлийн сургалтууд гэх юм бол Голланд, Герман, Франц, Бельги, Итали, Шинэ Зеланд гээд улсуудад мэргэжил дээшлүүлсэн. Мөн Ирландын үндэсний их сургуульд , Австрийн их сургуульд олон олон улсын хуулийн чиглэлээр ярьж зуучилж байсан. Олон улсын хүний эрхийн хуульч гэсэн ажил хийдэг хүн байна.

Аагий : Одоогоор хохирогчийн ахлах өмгөөлөгч хийдэг гэж байна. Энэ нь яг юу хийдэг гэсэн үг вэ ?

Орчлон : Манай ОУЭШ гэхээр хүн төрөлхтний хамгийн хүнд ноцтой гэж үзэж байгаа дөрвөн төрлийн гэмт хэргийг шүүн тасалдаг ийм байгууллага. Энд юу ордог вэ гэхээр: эзлэн түрэмгийллийн гэмт хэрэг , хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг  , дайны гэмт хэрэг гээд эдгээрийг шүүн тасалдаг. Энэ гэмт хэргүүд нь улс орныг хамарсан үймээн самуун, дайн, иргэний дайн мөн улс хоорондын зэвсэгт мөргөлдөөний үед үйлдэгддэг гэмт хэргүүд байгаа. Нэг хэрэгт гэхэд л маш олон мянган хохирогч нар байдаг. Миний хийдэг ажил гэхээр энэ хэргийн хохирогч нарыг шүүхийн өмнө төлөөлөх , тэр хохирогчдыг хохироосон гэмт хэрэгтнүүдэд шударга ял шийтгэл оноох , хэргийг шударгаар шууд хэргийн хохирогч нарт хохирлыг нь нөхөн төлүүлэх талаар хууль зүйн туслалцаа үзүүлдэг. Би анх ажиллаж эхлэсэнээсээ хойш ардчилсан Конго, Уганд, Кени, Судан гэх мэт улсуудаас үүсэлтэй эрүүгийн хэргүүдэд өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Ер нь бол олон улсын түвшинд үйлдэгдэж байгаа ноцтой гэмт хэрэгүүдийг шүүн тасалдаг хэд хэдэн байгууллагуудын системийн нэг хэсэг гэсэн үг.

 

 

Ядаж хүн бүр өөр өөрсдийнхөө хэмжээнд ялгаварлан гадуурхалтыг ойлгоод аль болохоор өөрөө хувь нэмэр оруулахгүйгээр хүн болгон хуулийн өмнө тэгш шудрага , хүнийг хүн гэж хүлээн авдаг ертөнцийн төлөө өөр өөрийнхөө хэмжээнд тэмцэх ёстой гэж би хувь хүнийхээ хувьд ойлгоод байгаа шүү дээ.

 

Аагий : Таны ажлыг сонирхлоо. Ер нь танаар сонин сайхан юутай байна. Монголд хэр их ирж буцдаг вэ?

Орчлон : Би ер нь өөрийгөө дажгүй олон явдаг гэж боддог. Гэхдээ харьцангуй ойлголт л доо. Жилд зундаа өвөлдөө нэг заавал очдог. Манай ээж нэлээн настай болж байгаа ээждээ очиж харагдах хэрэгтэй. Ер нь бол амралт гарахаараа л Монгол явчих гээд байдаг болчихсон байна лээ. Энэ асуудлууд тулгарч байгаа хүмүүс , олон улсын харилцаа чиглэлээр цаашдаа суралцах сонирхолтой залуучуудад би мэдээлэл өгье гэж боддог. Миний фэйсбүүк дээр хөтөлдөг ” Шинэ Хуульчдын Орчлон клуб ” гээд грүүп байгаа одоо арван-хоёр мянга гаруй гишүүнтэй. Тэр клубынхаа шугамаар аль болох монгол залуучуудтай уулзаж цаашдаа олон улсын төвшинд яаж сурах, яаж чадвараа дээшлүүлэх, олон улсын түвшинд яаж ажиллах уу гэдэг сэдвээр лекц, яриа хийхийг хүсдэг. Миний Монгол явах гэр бүлээс гадна шалтгаан бол монгол залуучуудад хүрэх, сонирхсон асуултад нь хариулах, мэдлэг мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд нь туслах гэсэн ийм хэд хэдэн зүйлүүд байгаа. Олон улсын төвшинд мундаг ажиллаж байгаа Монгол залуучууд их байна. Энэ тэнд хамгийн шилдэг дээд сургуулиудыг төгсөөд зарим нь Монголдоо ирээд ажиллаж байгаа. Тэр хүмүүсийг авчраад цуглуулаад орчин үеийн залуу хүнд шаардлагатай мэдлэг мэргэжлийн талаар , яаж цаашдаа тэр хүмүүс шиг амжилттай байх вэ гэдэг талаар лекцийг Монголд очих болгондоо зохион байгуулдаг.

Аагий : Би тэр лекцэнд хоёр ч удаа очиж байсан. Нодлин ” Зорилготой амьдарцгаая ” гээд ЛГБТ Төвөөс таныг уриад лекц тавиулж байсан. Сүүлд ЛГБТ Төвд таныг урихад хүмүүс ямар хандлагатай байсан бэ ? Ер нь таныг бэлгийн цөөнх юм уу гэсэн хандлага нэлээн их байсан шүү дээ.Танд тиймэрхүү хандлага ажиглагдаж асуудал үүссэн үү ?

Орчлон : Би тэрэнд ер нь нэлээн дасчихсан л даа. Сонсогчид мэдэх бол миний фэйсбүүк дээр ” Үнэртэй усанд дурлагчдын клуб ” гээд одоо бараг 170 мянган гишүүнтэй том грүүп байгаа. Би үнэртэн сонирхдог, үнэртэй ус цуглуулдаг, үнэртний соёлд суралцаж байгаа хүн гэж боддог болохоор анх зургаан жилийн өмнө энэ грүүпийг нээгээд эхлүүлсэн. Би өөрөө гадаадад байдаг грүүпийн маань ихэнхи гишүүд Монголд байгаа Монголоор явдаг грүүп , би өөрийнхөө найзууд дунд эхлүүлсэн. Грүүпээ өвөл эхлүүлчихээд зун нь Монголд ирсэн чинь нөгөө нэг Орчлон чинь гомо юм байна , сонирхож байгаа юмнаас нь харахад л мэдэгдэж байна гээд яриа гарчихсан байна лээ. Тэрнээс хойш тийм юм сонссоор байгаад сүүлдээ тоохоо ч больчихсон шүү. Би бэлгийн цөөнхд орохгүй. Нодлин ЛГБТ Төвийн урилгаар очихдоо хүмүүст тийм хандлага гарах вий гэсэн бодол байсан л даа. Гэхдээ би тоохоо больчихсон байна лээ. Ер нь бол би хүний эрхийн хуульчийн хувьд ч хувь хүнийхээ хувьд ч бэлгийн цөөнхүүдийг бусадтай адилхан хүн гэж боддог болохоор тийм бодол толгойд ч ер нь орж ирэхээ больчихсон байна лээ.

Аагий : Ялгаварлан гадуурхалт гэж таны бодлоор юу вэ , яг яагаад ялгаварлан гадуурхалт үүсээд хүмүүс гэмт хэрэгт холбогдоод байдаг юм бэ ?

ОрчлонЯахав , ялгаварлан гадуурхалт гэдэг нь зөвхөн бэлгийн цөөнхөөс гадна бусдаас өөр гэсэн асуудал шүү дээ. Ялангуяа миний мэргэжлийн чиглэлээр холбогдож орж ирж байгаа. Одоо жишээлбэл манай шүүх дээр хэлэлцэгдэж байгаа гэмт хэргүүд байна. Би илүү туйлын жишээг авч ярья л даа. Манай Голландын ОУЭШ – ээс гадна бусад өөр олон улсын эрүүгийн шүүхүүд байдаг. Жишээлбэл: Угандад үйлдэгдсэн гэмт хэргийг шүүх гэх мэт. Угандад болсон хэрэг манай шүүх дээр хэрэгжиж байгаа хэргүүдийн эх үүсвэр нь дандаа л үзэн ядалт, ялгаварлан гадуурхалттай холбогдолтой. Энэ үзэн ядалтад маань яагаад хүн төрөлхтөн анхаарал тавьж багаас нь гаргахгүй байх ёстой вэ гэхээр энэ нь яван явсаар эцсийн эцэст хүн төрөлхтөн нэгнийгээ устгадаг , төрлөө устгахад хүргэдэг аймшигтай аюултай зүйл. Өнөөдөр бэлгийн цөөнхийн тухай асуудал ярья. Гэхдээ энэ бол зөвхөн нэг хэсэг. Жишээ нь Угандад үйлдэгдсэн хэрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал. Гэхдээ яг үнэндээ бол бүгд л адилхан. Хүн гэдэг бол нэг л зүйл юм аа , бусдаас ялгаагүй. Бид хоорондоо нэгнийгээ ялгадаг зүйл бол төрөлхийн юм гэдгийг хүн төрөлхтний соёлт ертөнц маань хүлээн зөвшөөрчихсөн, одоо цаашдаа яаж явах вэ гэдэг асуудлыг л ярьж байгаа. Мэдээж бид төгс төгөлдөр Дэлхий ертөнцтэй болоход хол байна л даа. Ядаж хүн бүр өөр өөрсдийнхөө хэмжээнд ялгаварлан гадуурхалтыг ойлгоод аль болохоор өөрөө хувь нэмэр оруулахгүйгээр хүн болгон хуулийн өмнө тэгш шударга , хүнийг хүн гэж хүлээн авдаг ертөнцийн төлөө өөр өөрийнхөө хэмжээнд тэмцэх ёстой гэж би хувь хүнийхээ хувьд ойлгоод байгаа шүү дээ.

 

 

Хуучны нийгмийн үзэл суртлаар тархи толгойгоо угаалгасан зүйл маш их байдаг. Дээрээс нь нэгэнт ийм буруу ойлгогдсон зүйлсийг зүгшрүүлэхийн тулд хүн болгон алхам хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон.

 

Кенна : Хүний эрх ч юм уу , ялгаварлан гадуурхалтын эсрэг гэж ярихаар зарим хүмүүс бол давуу эрх эдлэх гээд байна гэж ойлгодог. Яагаад хүний эрхийг дэмжих ёстой юм бол , тэр дундаа эмзэг бүлгийнхний эрхийг дэмжиж байгаагаа илэрхийлэх нь яагаад чухал вэ ? Таны бодлоор

Орчлон : Би бол хуучин нийгэмд өссөн хүн л дээ. Одоо жишээлбэл Mонголд ЛГБТ Төвийн хүмүүс , энэ эрхийн төлөө тэмцэж байгаа та бүхэн маань үнэхээрийн Монголд агуу том зүйлийг хийж чадсан гэж боддог. Яагаад гэхээр энэ бол тархи угаалтаар хүмүүсийн дунд маш буруу ойлголт суулгаж өгсөн нь өнөөг хүртэл инерцээрээ яваад байна. Жишээлбэл намайг жоохон байхад бэлгийн цөөнхийн асуудлыг хүчин гэж ойлгуулдаг байлаа. Би ч гэсэн тэгж боддог байсан. Яваандаа хэл сураад , гадагшаа яваад олон улсын төвшинд гарч ажиллаад олон жил явсны явцад зөвөөр ойлгож авсан. Хуучны нийгмийн үзэл суртлаар тархи толгойгоо угаалгасан зүйл маш их байдаг. Дээрээс нь нэгэнт ийм буруу ойлгогдсон зүйлсийг зүгшрүүлэхийн тулд хүн болгон алхам хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэхээр үзэн ядалтын асуудал чинь өөрөө амь ороод инерцээрээ яваад байдаг юм байна. Энэ болгон байгаа цагт түүнээс гарах хор хохирол, аймшигтай эрсдэлүүд байнга байна гэсэн үг. Аль болохоор хүний эрхийг илүү хангасан , аль болохоор үзэн ядалтыг дарж чадсан улс орнууд илүү аз жаргалтай хүмүүнлэг ардчилсан нийгмийг бүтээж байна. Дэлхий дээр хаана ч төгс төгөлдөр орон байхгүй л дээ, би их олон орноор аялж үзсэн. Бидний хувьд ч гэсэн Монгол бол жижигхэн улс л даа. Монголд бэлгийн цөөнхийн эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүс Монголд богинохон хугацаанд маш олон зүйлийг өөрчилж чадсан гэж боддог. Та бүхнээр бахархдаг. Энэ үйл хэрэгт би хувь нэмрээ оруулж чадаагүй ч ирээдүйд оруулах юм сан гэж боддог.

Аагий : Одоо та их хувь нэмэрээ оруулж байгаа.

Орчлон : Бэлгийн цөөнхийг ч дэлхийн хоёрдугаар дайны үед нацистын засгийн газрын үед хавчиж байсан гэх мэтийн аюултай баримтууд дэлхийн түүхэнд байна. Би саяхан судлахад дэлхийн маш олон оронд бэлгийн цөөнх байхыг хуулиар хориглодог. Маш олон улсууд одоо хүртэл гэмт хэрэг гэж үздэг хэвээрээ. Хамгийн хатуу хуультай таван орон гэж сонсож байсан. Бэлгийн цөөнх гэсэн хүмүүсийг цаазаар авдаг ялтай байх жишээний энэ үзэн ядалт нь туйлын ноцтой хэмжээнд байгаа. Тиймээс хүмүүст зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй. Үүнд хүн болгон хувь нэмрээ оруулах ёстой гэж бодож байна. ОУЭШ – д би арван дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Дөрөв таван жил түр ажилтан байхдаа өөрийн ажил карьерыг өөрчилмөөр санагдаад ажил хайж байсан. Яг тэр үед Лондонд бэлгийн цөөнхийн хүмүүсийг гэмт хэрэгтэн болгож тогтоолцдог буруу муухай зүйлтэй тэмцдэг хүний эрхийн байгууллага байсан. Үйл ажиллагаа нь маш товч тодорхой бэлгийн цөөнхийн асуудлыг гэмт хэрэг гэж тооцдогийг болиулж эрүүгийн хуулиас хасуулах тийм нарийн ажил хийдэг, хуульч нар ажилладаг багтай. Тэгээд тэнд ажлын байранд хандсан ч яагаад ч юм тэнцээгүй. Гэхдээ аргагүй ээ, надад угаасаа нарийн туршлага байхгүй юм чинь. Яг тэр үед би амьдралдаа бас хүний эрхийн төлөө чухал зүйлд хувь нэмрээ оруулмаар байна , энэ байгууллагад хандаад үзвэл яах бол гээд бодож байсан. Яг карьер өөрчлөх боломж бол тухайн үед олдоогүй.

 

Бодитой тоо судалгаа факт ярихаар бидний урьд нь итгэдэг байсан зүйлс худлаа гэдэг нь харагддаг.

 

 

Кенна : Түрүүн та тархи угаалт гээд ярьсан шүү дээ. Эсрэгээрээ масс ихэнхи хүмүүс биднийг гадаадын юманд уруу татагдаж тархиа угаалгасан байна гэж ойлгодог. Тэгэхээр та тархи угаалт гэдгийг яаж ялгадаг вэ ? Яаж ялгах хэрэгтэй гэдэг дээр зөвлөгөө өгвөл

Орчлон : Чи түрүүн дурдлаа шүү дээ. Хүмүүсийг илүү их эрх эдлэх гээд байна гээд. Хүмүүсийг зөв ойлголттой болгоё гэсэн их олон хүчнүүд ажилладаг юм байна. Хуучин нийгмийн үед хүмүүсийн бэлгийн амьдралтай холбоотой асуудлуудыг бүгдийг нь дарж байсан. Зарим шашинлаг улсууд маш их хүчтэй суртал ухуулаг явуулдаг байх жишээтэй. Монголд шашны асуудал харьцангуй бага мөртлөө хуучин нийгмийн хүмүүст өгсөн буруу мэдээлэл хүчтэй явж байна. Яг нарийн тодруулахад тэр бүхэн нь худлаа гэдэг гараад ирдэг. Сүүлийн үед Монгол нээлттэй болоод хүмүүс гадаадын кино үзээд хүмүүс ийм болоод байгаа юм шиг ярьдаг. Жишээлбэл би хуучин нийгмийн хүн, тийм ч хөгшин биш л дээ гэхдээ би хүүхэд байсан тэр үеийн мэдээллийг сонсож ойлгодог байсан. Тэр үед тийм хүмүүс байсан гэсэн ч ямар ч мэдээлэл байгаагүй. Угаасаа ямар ч нийгэм , төрийн зохион байгуулалт , ямар ч хөгжлийн хувьд хүн байгаа бол бэлгийн цөөнх хүмүүс байж л таараа. Бодитой тоо судалгаа факт ярихаар бидний урьд нь итгэдэг байсан зүйлс худлаа гэдэг нь харагддаг. Жишээлбэл намайг Монголд ирсэн байхад бэлгийн цөөнх хүмүүс нэгнийгээ их уруу татдаг гэж ярьдаг байсан. Би дэлхийн их олон газраар явж үзсэн. Голландад дэлхийн хамгийн том гей парад болдог. Тийшээ над дээр айлчилж ирсэн ах эгч хоёрыг аваад явж байсан. Тэнд бараг хоёр сая хүн цуглачихсан , бүгдээрээ аймар аз жаргалтай дуулж бүжиглээд явж байсан. Би бол бэлгийн цөөнхийн хүмүүсийн эрхэнд харьцангуй тэгш ханддаг олон орноор явж байсан. Бүгдээрээ л өөр өөрийн амьдралыг бодож , өөр өөрийн хүсэл мөрөөдлийг нээгээд хүний амьдардаг амьдралаар л амьдардаг. Уруу татах зүйл ярихаар би гайхдаг. Намайг хэн ч уруу татаж байгаагүй, би өөрийнхөө нүдээр хаана ч хэзээ ч хараагүй.

Аагий: Сая 3-р сарын 8-нд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх алхалтууд маш олон улсад мөн Монголд хийгдлээ л дээ. Энд ЛГБТИ хүмүүс маань бас алхаж байна. Маш олноороо массынх хамарж чадаж байна. Ер нь энэ жагсаалуудад жагсаж байгаа хүмүүс маань бүгд ЛГБТИ байна уу , эсвэл дэмжигчид байна уу ер нь бусад хүний эрхийн төлөө яагаад ингэж жагсах ёстой юм бэ ?

Орчлон : Энэ болгоныг харуулах ёстой юм байна л даа. Энэ асуудлуудыг чимээгүй дарчихаар хүмүүсийн дунд байдаг буруу ойлголтууд чинь хэвээрээ үргэлжлэнэ , үзэн ядалт хэвээрээ , ялгаварлан гадуурхалт хэвээрээ үргэлжлээд яваад байна. Хэрвээ би Монголд очсон байхад ийм жагсаал болбол би хамгийн түрүүнд нь очно гэж бодож байна. Тэнд очиход миний стрэйт байх хамаагүй шүү дээ. Би нэгдүгээрт хүний эрхийн хуульчийн хувьд хоёрдугаарт хувь хүнийхээ эцсийн эцэст хүн гэдгийнхээ хувьд бид нар Монгол ахан дүүс, бидний нэг хэсэг маань энэ ялгаварлан гадуурхалтад өртөөд хүний эрхээ зөрчүүлээд байхад би тэрийг дэмжих ёстой гэдэг утгаар орж байгаа. Тэгэхээр энэ чинь зүгээр жагсаал шүү дээ тэрнээс хүний бэлгийн амьдралтай ямар ч хамаагүй зүйл. Хүний эрхийнхээ хувьд, хүнийхээ хувьд очиж дэмжлэг үзүүлэх асуудал ярьж байгаа юм. Ер нь өөрийнхөө хувийн амьдралын карьерийг хараад байхад миний мэргэжлийн хувьд би дандаа л ядарсан , зовсон , эрхээ хасуулсан , эрх мэдэлтэй хүмүүст дээрэлхүүлсэн тийм хүмүүсийн эрхийн төлөө ажиллаж байсан юм байна лээ. Улс орныг хамарсан үймээн самуун , иргэний дайн ялгаварлан гадуурхалтын хохирогч нь дандаа л эрх нь зөрчигдсөн, нийгмийн өмнө хүчгүйдсэн, эмзэг бүлгийн хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн төлөө дуу хоолойгоо хүргэх нь энэ хүмүүсийн төлөө санаа зовж байна гэдгээ харуулж байна, хоёрдугаарт энэ нийгэмд ялгаварлан гадуурхалт байна аа гэдгийг илүү тод харуулж байгаа асуудал шүү дээ. Тэрнээс нэг зарим хүмүүсийн бодож байгаа шиг хүмүүсийн өмнө харагдах гээд байгаа асуудал биш. Мэдээж жагсах шаардлага нь байгаа болохоор л хүмүүс гарч жагсаж байгаа. Одоо бол би ОУЭШ– т ажиллаж байна. Хэзээ нэгэн цагт Монголдоо буцаж очих байх, тэр үед ийм жагсаал гарвал би очиж жагсана. Хүмүүс намайг юу гэж бодох нь хамаагүй. Хүмүүсийн жижиг сажиг ярианаас айж байна гэдэг бяцхан асуудал. Тэнд өөрийгөө харуулж байна гэдэг чинь ” Би энэ хүмүүсийн төлөө санаа зовж байна, Би хууль шүүхийн өмнө эрх тэгш байдаг хүний эрхээр хангадаг эх оронд амьдармаар байна” гэдгээ харуулж байгаа шүү дээ. Үзэн ядалт ялгаварлан гадуурхалт асуудал ганцхан бэлгийн цөөнхийн биш хүн болгонтой холбогдолтой асуудал. Ямар ч нийгэмд ялгаварлан гадуурхагдсан хүмүүс байдаг. Тэр хүмүүс ястан үндэстний, бэлгийн цөөнх, шашны цөөнх байж болно. Ямар нэгэн байдлаар тэр улсад тэр хүмүүсийн эрхийг хангахгүй зөрчиж байна гэдэг бол бүх хүмүүсийн эрхийг зөрчих эрсдэл байна гэсэн үг. Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч Мартин Лютер Кинг хүн бол миний үлгэрлэн дуурайж дагадаг хүн. Тэр хүн хэлсэн байдаг “Ямар нэгэн газар шударга бус зүйл байгаа бол тэр нь бүхий л газар шударга бус зүйл тогтох эрсдэлтэй эх үүсвэр мөн “ гэж хэлсэн. Арьс өнгө, яс үндсээр ялгаварлан гадуурхах нь бэлгийн цөөнхтэй яг адилхан асуудал. Одоо жишээлбэл ” монголоид ” гэж үг байдаг. Энэ бол Монгол гэсэн үг. Нацистийн германы үед юу гэж хэлж байсан гээч.

 

 

Хүмүүс намайг юу гэж бодох нь хамаагүй. Хүмүүсийн жижиг сажиг ярианаас айж байна гэдэг бяцхан асуудал.

 

 

Гитлер төрийн эрхэнд орох гээд, сонгуульд оролцоод, улс төрийн үйл ажиллагаа явуулж байхад германы хэвлэл мэдээлэл, төр засаг, иргэний нийгмийн төлөөлөгчид бол Гитлерт туйлын тааламжгүй хандаж байсан. Гитлерыг монголоид гэж хочилж байсан. Яагаад гэхээр монгол хүнтэй адилхан харагддаг, адгуус шиг, зэрлэг гэсэн үг байхгүй юу. Түүний үзэн ядалт соёлгүй, боловсролгүй гэсэн тэр үг нь хүртэл Монгол гэдэг үгээр хэлэгдэж байсан. Дараа нь Гитлер засгийн эрхэнд гараад хамгийн түрүүнд еврей үндэстнүүдийг хавчин, газрын хөрснөөс арчих бодлого явуулсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед зургаан сая еврей хүмүүсийг устгасан. Энэ бол геноцидийн гэмт хэрэг. Гитлерийг төрийн эрхэнд гарсны дараа хэвлэл мэдээллүүд еврей хүмүүсийг монголоид гэж ярьж эхлэсэн. Дэлхийн хоёрдугаар дайны материалуудыг судалсан хүмүүс энийг нотлох баримттайгаар хардаг. Бидний Монгол гэдэг нэрийг ашиглаад хүмүүс хоёр талд хүмүүсийн үзэн ядалт хоёр талд талцаж байсан байгаа юм. Энэ нь явсаар явсаар дайн, үймээн самуун, аллага хядлага, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт хүргэдэг. Би ер нь олон улсын мэдээ байнга сонсдог. Бэлгийн цөөнхийн хүмүүсийг хавчиж гадуурхаж байна гэсэн мэдээг сонсоод миний дотор үнэхээр зарсхийдэг. Тэнд нэгдүгээрт бэлгийн цөөнх хүмүүс хавчигдаж байна гэдгийг харуулж байна, хоёрдугаарт хууль байхгүй хууль шүүхийн хүмүүс тэгш биш хүний эрхийг хангаж чадахгүй байна гэсэн үг.

 

 

Тиймээс хэн гэдэг нь чухал биш. Яагаад гэхээр хэн нэгэний эрх зөрчигдөж , хавчин гадуурхагдаж байгаа л бол тэнд хүний эрхийн зөрчил гарна , гэмт хэрэг гарна гэсэн үг. Бэлгийн цөөнх болоод бусад цөөнх болсон хүмүүсийн эрхийн төлөө тэмцэх нь нэгдүгээрт тэр хүмүүсийн төлөө дээрээс нь эх орныхоо төлөө тэмцэж байгаа эх оронч үйлдэл юм.

 

 

Ялангуяа хуулийнхан үүн дээр анхаарах ёстой, анхаарч сонсоосой гэж би бодож байна. Жишээлбэл та бэлгийн цөөнх хүмүүс бусдаас илүү их эрх эдэлтэл гэдэг ч юм уу эсвэл тэр хүмүүсийн эрхэнд итгэдэггүй бол та хүний эрх гэдэгт угаасаа итгэдэггүй юм байна. Яагаад гэвэл хүний эрх гэдэг нь нэгдмэл цул зүйл. Тэрнээс зарим хүний эрхийг хангаж зарим хүмүүсийнхийг хангахгүй байгаа бол хүний эрх гэж угаасаа байхгүй гэсэн үг. Шударга ёсонд та итгэдэг бол энэ эрхүүдэд итгэдэг байж байж таны итгэл бодитой гэсэн үг.

Аагий : Маш их баярлалаа , таныг цайны үнэтэй цагаа зарцуулж байгаад талархаж байна.

Орчлон : Зүгээрээ

Аагий : Монголд ЛГБТИ хүмүүсийн эрх арай гайгүй төвшинд байна. Ер нь эрхээ хамгаалуулж жагсаад яадаг юм , эд нар мэдэгдэхгүй явж байвал зүгээр юм биш үү гэсэн хүмүүс их байдаг. ЛГБТИ хүмүүс амжилтанд хүрэхэд энэ зан хандлага нөлөөлдөг юм болов уу? Ажилд авахад нь ч юм уу ЛГБТИ гэдэг пайз байдаг, энэ зүйл хэр нөлөөлдөг юм бол?

Орчлон : Мэдээж монгол улс маань тодорхой хэмжээгээр ардчилсан улс, хүний эрхийг тодорхой хэмжээгээр дээдэлдэг улс.  Хуучин үеийг бодоход харьцангуй дэвшил гарсан. Гэхдээ бид хол байна, болоогүй байна. Хуулийг цаасан дээр бичих тусдаа асуудал, Монгол улсын хуулинд хүн болгон тэгш эрхтэй гээд биччихсэн байгаа. Ганц ЛГБТ асуудал дээр ч биш Монголд хууль дээдлэх асуудал ямар байгаа нь хүн болгонд ойлгомжтой байгаа шүү дээ. Би өөрөө ЛГБТИ хүмүүсийн эрхийн хуульч биш болохоор зарим зүйл дээр тоо баримттай хэлж мэдэхгүй байна л даа. Хамгийн наад захын асуудал нь ЛГБТИ хүмүүс гэрлэх , хүүхэд үрчлэх эрхгүй байгаа. Энэ чинь хамгийн гол үндсэн эрхүүдийн нэг шүү дээ.

 

 

Яагаад хоёр биедээ хайртай хүмүүс гэрлэх эрхгүй , хүүхдийг өргөж авах эрхгүй байдаг юм. Бид хүний эрхийг дээдлэдэг бэлгийн цөөнх хүмүүсийн эрхийг хангадаг, соёлтой хуулийг дээдлэдэг түвшинд очиход их хол зай байна. Энэний төлөө тэмцэх ёстой.

 

 

Цаасан дээр хүнийг эрхтэй гэж биччихээд бодит байдал дээр хангахгүй байвал тэр нь бид болоогүй байгааг хүний эрхийг хүндлэхгүй байгааг л харуулж байгаа. Тиймээс цаасан дээр бичих бодит байдал дээр хэрэгжүүлэх хоёр ондоо зүйл. Өөрөө сая намайг ЛГБТИ эрхийн төлөө яриа хийхэд хүмүүс яаж хандаж байна вэ ? гэж асуусан шүү дээ. Над руу хүмүүс бичсэн. Зарим бүсгүйчүүд “Өөрийг чинь дажгүй залуу гэж бодтол гей байсан юм уу “ гэх ч юм уу их олон бичсэн ч би ихэнхидээ тоглоом болгоод өнгөрсөн. Гэхдээ байсан ч яадаг юм. Хамгийн гол нь би зүгээр л ЛГБТИ хүмүүсийн урилгаар очиж ярьсан. Тэрнээс би очоод өөрийн бэлгийн амьдралын талаар ярих гээгүй. Хүн яаж зорилгодоо хүрэх вэ? Залуу хүн яаж сахилгатай , тууштай хөдөлмөрч байх вэ гэх мэт зүйлсийг ярих гэж очсоны төлөө хүмүүс надад тэгж хандаж байна, зарим хүмүүсийн намайг харах хандлага өөрчлөгдөж байна гэдэг нь бас л ЛГБТИ хүмүүсийн эрхийг хүндлэх асуудал хол байна гэдгийг харуулж байна.

Миний ярьж байгаа жишээ та бүхний өдөр бүр тулгамддаг зүйлийн хажууд харьцангуй жижигхэн байж магадгүй , уучлаарай. Би зохиож ярихгүйгээр өөрийнхөө амьдрал дээрх бодитой зүйлийг ярихыг боддог. Нээх лаг лаг юм яриад сайн болох гэж дүр эсгэхгүйгээр яг бодитой асуудлыг ярих хэрэгтэй гэж боддог юм. Миний хувьд хүний эрхийн хувьд маш олон асуудлууд болоогүй байна. Энэ талаар нарийн судалгаа хийвэл бүр олон асуудал ч гарах байх. Франц-д Араб гаралтай, Араб нэртэй бол гадуурхдаг асуудал байдаг , ганцхан Франц-д ч биш дэлхийн олон оронд байгаа л даа. Франц чинь бас харьцангуй хүний эрхийг дээдэлдэг орон шүү дээ. Гэтэл тэр асуудал байдаг. Ажилд орох яг адилхан CV явуулсан байгаа юм. Ганцхан юм нь ондоо нэг нь классик Франц нэртэй хүнийх , нөгөөх нь Араб нэртэй. Ингээд явуулахад Араб нэртэй CV- г явуулсан газруудаас нэг ч ажлын ярилцлагад авах урилга ирээгүй. Гэтэл нөгөө CV – ээс урилга аваад байдаг. Энэ нь Францын нийгэмд Араб нэртэй, мусульман шашинтай хүмүүсийн эсрэг үзэн ядалт байж магадгүй гэдгийг харуулж байгаа юм. Ямар ч орныг хүний эрхийг яаж дээдэлж байна, ялангуяа цөөнх хүмүүсийнхээ эрхийг яаж дээдэлж байна гэдгийг шалгах олон шалгуурууд байж болно. Сүүлд Энэтхэгт ЛГБТ хүмүүс гэрлэх эрхийг хуулиар зөвшөөрсөн. Би хэдий стрэйт ч гэсэн тэр мэдээг сонсоод маш их баярласан. Монголд одоо хэзээ тэр эрхийг өгөх юм бол гэж би их гайхаж л байна.

Кенна : Маш их баярлалаа. Энэ подкастыг сонсож байгаа хүмүүстээ өөрийнхөө зүгээс ямар зөвлөгөө өгмөөр байна вэ ?

Орчлон : Би нээх ухаалаг сонсогдсон мундаг мундаг үгэнд их дургүй ээ. Хувь хүнийхээ хувьд бүр илүү энгийн ярианд дуртай. Заримдаа найзуудтайгаа ярьж байхад ” Чамайг хүмүүс гей гэж яриад байна ” гэхэд зүгээр л тоглоом болгоод өнгөрдөг. Зүгээр л хүн өөрийнхөө амьдралыг л хичээх хэрэгтэй. Миний амьдралд гэхэд л өчнөөн асуудал, төлөвлөгөө байна. Бусад хүмүүст ч бас маш олон санаа зовох асуудлууд байгаа. Тийм болохоор хүн өөрийгөө хичээгээд өөрийн аз жаргалын төлөө явах хэрэгтэй. ЛГБТИ хүн гэхээр ганцхан сексийн тухай асуудал биш шүү дээ. Зарим хүмүүсийг гайхаад байдаг юм. Хүн бүр өөрийн гэсэн амьдрал өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Тэр хүмүүс өөрт чинь ямар ч хамаагүй , ямар ч муу юм хийгээгүй. Тиймээс тэр хүмүүсийг үзэн ядаж байхаар өөрийнхөө амьдралыг дээшлүүл. Ер нь бол орчин үед хүний эрх гэдэг чинь хүн болгон тэгш байдаг , хэн ч бусдаас илүү эрх эдлэхгүй , хэн ч бусдаас дутуу эрх эдлэхгүй. Бид нээлттэй Дэлхийд амьдарч байна. Өнөөдөр хил хязгаар гэж байхгүй боллоо , хэлний бэрхшээл байхгүй боллоо. Орчин үеийн хүнийг хүн гэж хүлээн авдаг нийгэмд амьдарч байна. Үзэн ядалт бол хүн төрөлхтний түүхэнд зөндөө байсан. Бид хамгийн наад зах нь өөрсдийн хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Тэгээд яваандаа болно.

Аагий : Маш их баярлалаа, ЛГБТИ хүмүүсийн эрхийн төлөө, Монголчуудын эрхийн төлөө, Дэлхийн энх тайвны эрхийн төлөө гэсэн үгнүүд маань маш хурц хурц мэдээлэл өгөхүйц, зоригжуулахуйц тийм үгнүүд байлаа. Энэ удаагийн дугаарт оролцсон Орчлон ахдаа маш их баярлалаа. Таны ирээдүйд хүний эрхийн төлөө дугарч байгаа үг нь тод үзэг нь хурц байгаасай гэж хүсэж байна. Таны цайны цагийг зарцуулсанд уучлаарай.

Орчлон : Зүгээр. Намайг урьж оролцуулсанд баярлалаа. Би ганцхан юм хэлчих үү ? Түрүүн хэлсэн шүү дээ ” Шинэ хуульчдын Орчлон клуб ” гээд байгаа танайхыг гоё залуу хуулийн оюутнууд , хуульч нар сонсдог бол ” Шинэ хуульчдын Орчлон клуб ” – т би маш их мэдээлэл хүргэж байгаа шүү. Тэр мэдээллүүдийг аваарай, ер нь яаж бид орчин үеийн хүмүүс болох юм, яаж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хууль болон гадааг харилцааны хүн болох юм, яаж мэдлэг боловсролоо дээшлүүлэх юм гэсэн олон асуудал байгаа. Тэр бол жинхэнэ асуудал шүү. Яаж бид хөгжиж, ядуу дорой,хээл хахууль, авилгаар дүүрэн нийгмээс салах юм. Тиймээс бид нэг нэгнээ ялгаварлан гадуурхах биш.