Mongolian Queer podcast-ын 16 дах дугаар “Өөрийнхөөрөө зоригтой амьдраарай” сэдэвтэйгээр та бүхэндээ унших хувилбараар хүрч байна.

Сонсох бол:

M Plus

Soundcloud

Castbox

iTunes

 

 

Зоро: Сайн байцгаана уу, эрхэм хүндэт сонсогчид оо. ЛГБТ төвийн сайн дурын залуучуудаас хэрэгжүүлдэг Монголиан күийр подкастын маань ээлжит нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бидэнтэй хамт би хөтлөгч Зоро байна.

Кенна: Би хөтлөгч Кенна байна.

Австралийн Засгийн Газрын дэмжлэгтэйгээр “Ялгаварлан гадуурхалтыг зогсооё” медиа компанит ажлын хүрээнд энэхүү подкаст маань хийгдэж байгаа билээ. 3-р сарын 31-нд

Олон Улсын Трансжендэр байдлыг Ойлгох Өдрийг

тохиолдуулаад энэхүү подкастыг хийж байна. За, манай зочин өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу.

  • Сайн байна уу? Намайг Сүх-Очирын Марта гэдэг. Одоо 31 настай. Транс эмэгтэй.

Кенна: Тэгэхээр өөрийнхөө хүйсийн баримжааг анх хэрхэн мэдэрч байсан бэ, хэдэн насандаа ч юм уу?

  • Тэр мэдрэмж бүүр анх хүүхэд байхад, сургуульд орохын өмнө, бараг цэцэрлэгт явдаг байхад ч байна уу. Нэг тийм эмэгтэй хүний нүүрний будаг шунх, өсгийтэй гутал, одоо даашинз зэргийг өмсөхөөр нэг тийм таатай. Багаас нэг тийм эмэгтэйлэг эмэгтэй хүний үйлдэл, харилцаа, мэдрэмж зэрэг дотор байдаг байсан. Хүүхэд байхын л.

Кенна: Та яг хэзээнээс өөрийгөө эрж хайж, мэдэрч эхэлсэн бэ?

  • Анх яг би яагаад ингээд байна аа гэж боддог байсан. Өөрт тохиолдож байгаа тэр мэдрэмжийн талаар сайн ойлгохгүй, өөрийгөө огт танихгүй, мэдэхгүй хүн шиг мэдэрч байсан. Тэгээд би арван жилд байхдаа өөрөө өөртөө зориулаад мэдээлэл хайж эхэлсэн. Тэгээд ер нь интернетээс бэлгийн цөөнх, ЛГБТ хүмүүсийн талаар үнэн зөв мэдээлэл олох гэж судалж эхэлсэн. Эцэст нь би өөрийгөө ямар ч эргэлзээгүй трансжендэр эмэгтэй гэдгээ олж мэдсэн. Дараа нь, мэдээж өөрийгөө шууд хүлээн зөвшөөрч чадахгүй нэлээн эргэлзэж тээнэгэлзээд, ахиад сайтар судалж, ном уншиж бас бусдыг ажигласан. Төөрөгдөлд явсаар байгаад оюутан болох үедээ яг эцсийн байдлаар өөрийгөө трансжендэр гэдгээ хүлээн зөвшөөрч өөрийгөө хайж олсон.

Зоро:  Анх өөрийгөө хайж олсныхоо дараа ойр дотныхоо найз нөхөд ч юмуу эсвэд гар бүлийнхээ хэн нэгэнд өөрийгөө илэрхийлж байсан уу?

  • Би ер нь ахлах ангид байхдаа ангийнхаа охидтай нийлдэг байсан. Дөрөв, таван охинтой их дотно найзалж нөхөрлөдөг байсан. Тэгээд би ширээнийхээ найз охинд анх хэлж байсан. Магадгүй тэр охины хувьд энэ их шинэ зүйл байсан байх, юм ярилгүй их олон хоноод л, цочирдож хүлээж авч байсан. Хэсэг надтай өмнөх шигээ харьцахаа болиод, үг дуугарахаа больчихсон. Дараа нь бусад найз охиддоо хэлсэн. Ер нь хамгийн анх гэвэл тэр ангийн маань нийлдэг байсан охид юм даа. Тэд нарын зарим нь харьцахаа болиод бага багаар хөндийрөөд, их гайхаж хүлээж авч байсан. Гэхдээ ямар нэгэн сөрөг хандлага гаргаж байгаагүй. Магадгүй тэдэнд намайг хүлээж авч ойлгоход цаг хугацаа хэрэгтэй байсан байх. Үлдсэн ганц хоёр нь бол ямар ч асуудалгүй ш дээ. “Бид нар бараг чамайг хэлэхээс чинь өмнө анзаарч байсан, найз нь ойлгоно оо.” гэж хүлээж авч байсан. Үлдсэн нь хөндийрсөөр хөндийрсөөр холбоо тасарч, найзлахаа больсон.

Кенна: Эерэгээр хүлээж авсан найзуудтайгаа одоо холбоотой байдаг уу?

  • Мэдээж одоо болтол холбоотой байдаг. Миний дээд сургуулийн найзууд ер нь бүгдээрээ холбоогүй байдаг. Харин миний арван жилийн найзууд их олон жил найзалж байгаа. Миний анх өөрийгөө илэрхийлж байсан арван жилийн найзууд маань л миний яг “бест” дотны найзууд.

Кенна: Өөрийгөө яг оюутан болоод хүлээн зөвшөөрч байсан гэсэн. Тэр үед өөрт чинь нээлттэй амьдрахад яг юу нөлөөлсөн бэ? Яг юу бодож байсан бэ? Энэ талаар илүү дэлгэрэнгүй яриач?

  • Оюутан болсныхоо дараахан би гэрийхэндээ энэ тухайгаа хэлсэн. Би дээрээ гурван эгч, нэг ахтай. Манай аав ээж хоёр байдаггүй байсан. Эхэндээ яг яаж бүгдэд нь хэлэх учраа олохгүй, аман дээр гарч ирээд гацчихаад л бас тэд нар маань тус тусдаа гэр бүлтэй хүмүүс нэг зэрэг цуглардаггүй хэцүү байсан. Тэгээд тэр үедээ миний бодож олсон нэг арга бол утасны мессежээр товчхон хоёр, гурван өгүүлбэр бичээд бүгд рүү нь зэрэг явуулж байсан. Тухайн үед манай ах эгч нарт ЛГБТ хүмүүсийн талаар ямар ч мэдлэг байхгүй гэж хэлэхэд болно. Тэгээд тэд нарт маань бас надтай ярилцаж, халуун дотно яриа хийе гэхээр бас хэцүү байсан байх. Үүний дараагаар шууд нээлттэй болоогүй. Хоёр, гурван жилийн дараа нийгэмдээ хүйсийнхээ баримжааг нээлттэй илэрхийлж эхэлсэн. Магадгүй одоо бодоход гэр бүл, найз нөхөдийнхөө дунд ком аут хийсний дараах хэдэн жил дараагийн нийгэм гэх илүү том хүрээлэлд ороход надад хэрэгтэй байсан сэтгэл зүйн бэлтгэл хийж өөрийгөө бэлдсэн хугацаа байсан.

Кенна: Нийгэмд өөрийгөө илэрхийлсний дараа ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Сэтгэл санааны хувьд ч юмуу? Танд яг ямар мэдрэмж төрч байсан бэ?

  • Хамгийн анх ямар ч эрэгтэй хувцас өмсөхгүй гэж шийдээд бүх хувцасаа хогийн уутанд хийгээд хаясан. Тэгээд “хоногийн 24 цагаар өдөр болгон дандаа эмэгтэй хувцас өмсөнө” гэж шийдсэн. Би хамгийн анхны өдрөө сайн санадаг. Дэлгүүр орж талх авах гэж байсан. Тэгээд мэдээж тэр дэлгүүр дотор таних танихгүй олон хүмүүс байгаа. Энэ шийдвэр гаргахаасаа өмнө яг онцгой тохиолдлуудад (шоу, парти гэх мэт) өөрийн хүйсийн баримжаагаа илэрхийлж хувцас өмсдөг байсан. Дэлгүүрт орохоосоо өмнө их сандарч байсан. Хүмүүс яах бол, юу гэж бодох бол, гаднаас ирэх эерэг болон сөрөг нөлөөнүүдийг дотроо бодож айж байсан. Энэ саадыг давсныхаа дараа илүү өөртөө итгэлтэй болж, айдас маань багассан. Тэгээд бага багаар хүрээлэлдээ ингэж өөрийн гадаад хувцаслалт болон нүүрээ будах зэргээр өөрийгөө илэрхийлж байсан. Тэгээд бас хүн иргэний бүртгэл дээрээ хуулиараа нэг удаа нэрээ солиулах эрхтэй байдаг юм байна лээ. Энэ эрхээрээ зургаан сар засаг дарга, хороогоор явж, Улсын Иргэний Бүртгэл Мэдээллийн Төвд хандан өмнө нь байсан арай эрэгтэйлэг нэрээ иргэний үнэмлэх болоод цахим үнэмлэх дээрээ солиулсан. Нэр солиулахад зургаа, долоон баримт бичиг шаардлагатай байсан. Энэ бас нийгэмдээ өөрийгөө илэрхийлж эхэлсэн нэг арга юм даа.

Зоро:  Та гэр бүлдээ өөрийгөө илэрхийлэх үед гэр бүлийн гишүүдээс чинь сөрөг хандлага илэрсэн үү? Гэрээсээ хөөгдөх ч юмуу? Бусад хүмүүс ийм асуудалуудтай их тулгардаг шүү дээ.

  • Анх эгчдээ ком аут хийхээс өмнө бол гэрт миний эмэгтэйлэг байгаа байдлаас болоод ам муруйх, маргалдах явдал арван жилд байхын л өчнөөн их гардаг байсан. Харин ком аутын дараа хэдэн сар ах эгч маань юу асуухаа мэдэхгүй байгаа ч юмуу нэг их юм ярихгүй, нэг гэрт байгаа ч ямар ч амьд харилцан яриагүй байсан. Зайлшгүй тохиодолд ганц хоёр зүйл асуугаад товчхоноор хариулдаг яриа өрнөдөг байсан. Гэхдээ манай ахын хувьд нөгөө гурван эгчийг бодвол нөгөө л нэг нийгэмд тогтсон эрэгтэй хүний гаргах хариу үйлдэл гэх юм уу, надад жоохон хатуу ширүүн ханддаг байсан. Ганц хоёр удаа ах минь надад гар хүрч байсан. Эхнийх нь дөнгөж их сургуулиа төгссөний дараа, харин хоёр дахь нь гурав, дөрвөн жилийн дараа байсан. Төрсөн дүүгээ трансжендэр гэдгийг хүлээн авч ойлгохыг хүсээгүйгээсээ болоод нэг тийм үл ойлголцол гардаг байсан. Ер нь өнөөг хүртэл гарсаар байгаа.  Тухайн үед гарсан тийм үл ойлголцолууд, хэрүүл маргаануудын дараагаас нэлээд хэдэн жил бараг арван найм, есөн он хүртэл гурван эгч, ахынхаа хэнтэй нь ч холбоотой байгаагүй. Тэгээд саяхан шинэ оны дараагаас санамсаргүй байдлаар бага эгчтэйгээ эргээд холбогдсон. Бага эгчтэйгээ бусад эгч нараасаа илүү их дотно байдаг байсан. Бас намайг анх ком аут хийсний дараа бусдаасаа илүү энэ талаар мэдлэгтэй байсан учраас надад тэгж их хатуурхаагүй, зөөлөн хандсан хүн. Одоо харилцан холбоогоо эргэн сэргээгээд нэг, хоёр сар болж байна.

Зоро:  Эгч нь одоогийн нөхцөл байдлыг нь хараад юу гэж хэлж байна?

  • Намайг их санасан бас намайг их урамшуулсан. Бас саяхан гэрт нь очоод хоол хамт хийгээд, юм ярьж хоноод, кино үзээд их сайхан төрсөн эгч дүүс шиг их сайхан өдрийг өнгөрүүлсэн.

Кенна: Тэгш эрх, Бахархлын өдрүүдэд их идэвхтэй оролцдог шүү дээ, “Эрхийн төлөөх алхалт”-нд оролцоод жагсах нь яагаад танд чухал вэ?

  • Би Тэгш эрх, Бахархлын парадад хоёр удаа дараалж, дунд нь нэг удаа өнжөөд алхсан, 2018, 2016 онуудад. Ер нь ийм төсөл хөтөлбөрийн хүрээнд ч юмуу эсвэл байгууллагуудын хүний эрхийн төлөөх хөдөлгөөн, кампанит төслийн ажилд нь зав чөлөөтэй, боломжтой байвал оролцохыг хүсдэг. Тиймдээ ч үүнд хоёр удаа үйл ажиллагааны нэг хэсэг нь болоод тугийг нь бариад идэвхтэйгээр оролцсон. Энэ маань нийгэм, хүн амд үнэн зөв мэдээлэл болон эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөн барих нь миний зүгээс хийж чадах зүйл гэж боддог. Ер нь юу ч хэлэхгүй байвал тэгээд дэлхийн олонхид мэдээлэл хүрэхгүй байх байсан. Тиймдээ ч бид үүгээр дуу хоолойгоо хүргэж, эвлэлдэн нэгдэн, бусад ижил олон нөхдийнхөө хамт жагсан, нийгэм хүн амд ялангуяа залуучуудад чиглэсэн нийгмийн хэвшмэл буруу ойлголтуудыг өөрчлөх нөлөөллийн ажилд оролцох нь үргэлж таатай байдаг. Тиймдээ ч би зөвхөн өөрийнхөө төлөө бус, надтай адилхан бусад хүмүүсийн эрхийн төлөө ЛГБТИ хүмүүүсийн идэвхтэн төлөөлөл болоод энэ алхалтанд оролцох дуртай.

Кенна: Нийгмээс айдастай транс хүмүүс, өөрийнхөөрөө амьдарч чадахгүй байгаа хүмүүст юу гэж зөвлөж хэлмээр байна?

  • Онцгойлон хэлэхэд трансжендэр охид эмэгтэйчүүдэд өөрт нь тулгараад байгаа тэр олон дарамт шахалт мөн энэ удаан үргэлжлэх процессийн дүнд гарч байгаа өөрийнх нь сэтгэцийн эрүүл мэндтэй нь холбоотой өөр бас бус гэр бүл, найз нөхөд, ижил сургуулийн орчинд ирэх ялгаварлан гадуурхалт, өөрт нь ирэх дарамт шахалтаас, хүчирхийллээс үүдэн зориггүй, орон гэрээсээ дайжсан эсвэл гэртээ байхдаа их хэрүүл маргаантай хэцүү нөхцөлд байдаг. Анхандаа л бүгдийнх нь туулах замнал нь юм даа. Хамгийн гол нь та бүхэн өөрөө тодорхой мэдлэгтэй байж, хайрцагнаасаа гарч сэтгэх хэрэгтэй гэж бодож байна. Өөрөө өөрийгөө эрт таньж мэдээд ком аут хийхийг хүсдэг бол тэрийгээ гэр бүл, найз нөхдийнхөө дунд чөлөөтэй өөрийгөө илэрхийлээд явчихвал дээр байдаг. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шүү дээ.

 

  • Гэхдээ яалтчгүй гэрийнхэндээ хэлчихвэл яах бол, юу гэж бодох бол, гэрээс хөөчихвөл яах бол гэсэн айдастай, яг зориглож чадахгүй, хаагдмал байсны эцэст өөрөө их стрессдэж, өөртөө итгэх итгэлгүй болдог.

 

  • Иймэрхүү явдал надад ч мөн адил тохиолдож байсан. Нэг тийм хүрээлэн буй орчноосоо тасарчихсан мэдрэмж, нийгмээс тусгаарлагдчихсан юм шиг хүн юу хийхээ мэдэхгүй, хаягдмал орхигдмол тийм мэдрэмжийг би ч бас одоо биш тэр үед авч байсан. Тэгээд охиддоо хандаж хэлэхэд өөртөө итгэлтэй, хэзээ ч хойш ухралгүйгээр өөдөө тэмүүлэлтэй зоримог байж сайхан нийгмийг цогцлоож өөрсдөө ч бас аюулгүй эрүүл таатай орчин нөхцөлд амьдрах хүсэлтэй байгаарай.

Зоро:  Харин одоо бэлгийн олонхид хандаж юу гэж хэлмээр байна вэ? Хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст ч юм уу. Бид чинь бүгдээрээ л адилхан эрх тэгш хүмүүс шүү дээ.

  • Хүн болгон л өөр өөрийн гэсэн үзэл бодол хандлагатай. Нэгэн жигд хэвшмэл ойлголттой биш. Эрхийн төлөөх ЛГБТ байгууллага, идэвхтнүүд, лидер манлайлагчид, хувь хүмүүс бүгд л тодорхой хэмжээнд хүчин зүтгэлээрээ нөлөөллийн ажлаа хийсээр байна. Мэдээж нэг зүйлээс өргөс авах шиг биш, энэ бол удаан үргэлжлэх зүйл. Энд миний хандаж хэлэх зүйл гэхээс илүүтэйгээр энэ ЛГБТ эрхийн төлөөх хөдөлгөөнөө илүү үр өгөөжтэй, хүртээмжтэй үргэлжлүүлээд явах нь их чухал байх.

Зоро:  Та өөрийгөө яг яаж зоригжуулж сэтгэл зүйгээ тогтвортой байлгадаг вэ?

  • Би өөрөө өөртэйгөө их ярилцаж, доторх өөртэйгөө их тулж ажилладаг л даа. Бага зэрэг стрессдэж бухамдсан, гутарсан үе байвал сайхан, өөрөөнийхөө хаалгыг түгжээд хөгжмөө тултал нь чангалж байгаад эсвэл чихэвчээ зүүж байгаад хөлсөө гартал бүжиглэж стрессээ тайлахтай адилхан заримдаа юмс эмх цэгцгүй замбараагүй санагдаж эхлэхэд буйдан дээрээ дээшээ харж хэвтээд, бодлуудаа цэгцлэх, өөртэйгөө ярих бас анализ хийж, асуудлын гаргалгааг хийдэг. Тэгээд л хийх зүйлсийн дараалал аяндаа гараад ирдэг. Энэ яг өөрийгөө зоригжуулах гол арга юм уу даа.

Зоро:  Одоо ихэнх хүмүүс бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааг ялгаж салгаж ойлгодоггүй. Энэ 2 ойлголтыг та яг өөрийнхөөрөө ялгааг хэлж өгөөч

  • Бэлгийн чиг баримжаа гэдэг нь хүн ямар хүйсийн хүнд бэлгийн болон сэтгэлийн хувьд хайрлах татагдах талаар яригддаг. Хүйсийн баримжаа нь хүнд хайрлах дурлах талаар бус тухайн хүн өөрийн хүйсээ яг юу гэж мэдрээд байна, биологийн хүйс нь эрэгтэй, эмэгтэй байлаа ч тухайн хүн өөрийн хүйсийг ямраар мэдэрч илэрхийлээд байгаа талаар яригдах асуудал юм. Үүгээрээ л ялгаатай. Хүмүүс энэ хоёр ойлголтыг их хольж солиод байдаг. Гэхдээ үгнээсээ л уг нь өөр утгатай “хүйс”, “бэлэг” гэсэн үг байгаа шүү дээ.

Зоро:  За хүйсийн чиг баримжаа болон бэлгийн чиг баримжааны талаар Марта маань их ойлгомжтой хэлж өглөө. Хэрвээ та энэ талаар эргэлздэг ойлгодоггүй байсан бол ялгааг нь одоо мэдэж авлаа. Өнөөдөр бидэнтэй хамт Марта маань ярилцлаа. Транс байдлын талаар болон түүнтэй холбоотой зарим асуудлуудын талаар хуваалцлаа. Та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Мартадаа бас баярлалаа.

  • Та бүхэнд намайг өнөөдрийн подкастанд урьж оролцуулсан явдалд бас баярлалаа. Сонсогч олондоо болон та бүхэнд ажлын амжилт хүсье. Баярлалаа.

Нийтлэл бэлтгэсэн:  Жина