Бутаны хаант улс нь Гималайн нурууны зүүн хойно оршдог бөгөөд далайд гарцгүй, зүүн өмнөд Азийн орон билээ. Нийт 700 000 гаруй хүн амтай, буддист шашинтай юм. Та бүхэнд Бутан улсын ЛГБТИ хүний эрхийн активист Таши Тшетены ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

 

Өнгөрөгч  6-р сарын 7-ны өдөр Гималайн бүс нутгийн улсуудаас түүхэндээ анх удаа бэлгийн цөөнх хүмүүсийг үл ялгаварлан гадуурхах дэвшилтэт алхам хийсэн Бутан улсын парламентийн доод танхим тус улсын эрүүгийн хуулийн 213 болон 214-р зүйлийг хүчингүй болгохоор саналаа хэлэлцжээ. Тус улсын Сангийн сайд Намгай Церинг “Бэлгийн чиг баримжаанаас үүдэн хүнийг яллана гэдэг тус улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөх том хар толбо” хэмээн тус саналыг дэмжсэн юм.

 

Таши Тшетен 26 настай, Бутаны Тимпү-д төрж өссөн гей залуу бөгөөд ‘Rainbow Bhutan’ нэртэй ЛГБТК олон нийтийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч билээ. Тэр бидэнд хаагдмал патриарх нийгэмд төрж өссөн күийр эрийн хувьд энэхүү мэдээ ямар чухал болох тухай хуваалцсан юм.

 

Бутанд Күийр хүн байх нь бага зэрэг ганцаардмал хэрэг

 

Би күийр эрийн хувьд Бутанд төрж өсөх маш хүнд байсан гэж хэлэхгүй ч эндхийн нийгэмд ЛГБТК олон нийт бараг л үл үзэгдэгч гэсэн үг. Бас дээр нь Бутан ердөө хорьхон жилийн өмнөөс л зурагттай болсон шүү дээ. Би маш хуучинсаг, патриарх тогтолцоотой нийгэмд амьдардаг. Энд  зөвхөн эрэгтэй ба эмэгтэй, найз охин ба найз залуу, эхнэр ба нөхөр гэсэн харилцаа л үүсдэг гэсэн үг. Үүнээс болж надад өөртөө эргэлзэж, буруутгах үе ч гарч байсан.

 

Багадаа би тийм ч олон найзтай байгаагүй,  дээр нь өөрөө энэ тухай ямар ч мэдлэггүй болохоор цөөхөн хэдэн найздаа өөрийн бэлгийн чиг баримжааны тухай чөлөөтэй ярилцах боломж байгаагүй. Сургуульд байхад маань надад өөрийгөө эмэгтэй гэж тодорхойлдог ч ил гарч чадаагүй трансжендэр найз байсан. Надад нийгмийн хэм хэмжээг эвдэж өөрийгөө гей, би күийр гэж илэрхийлж чадахгүй байгаа минь их гунигтай санагддаг байсан.

 

Эрэгтэй хүн ийм байх ёстой гэсэн хэм хэмжээнээс болоод гадуурхагдах тохиолдол маш их.

 

2015 онд би 22 хүрдэг жилдээ өөрийгөө гей гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ түүнээс өмнө ч хүмүүс намайг “Яагаад олон охинтой найзалдаг юм. Яагаад спортоор хичээллэдэггүй юм” гэж асуудаг байсан. Зарим нь миний алхаа гишгээг хүртэл шүүмжилж байлаа.

 

Иймэрхүү хүмүүсээс өөрийгөө хамгаалахаар би хана босгож, тэднийг үл тоож эхэлсэн. Энэ арга надад сайн үйлчилсэн ч хүн болгонд сайн байгаагүй. Жишээ нь: миний хамтрагч  сургуульдаа дээрэлхүүлдэг байснаасаа болоод нийгмээс айх айдас, депресс, гэнэтийн сэтгэл зүйн цочролуудтай болсон. Би бусад хүмүүсийг үл тоож, урагшаа тэмүүлэх хүчтэй байгаа минь их азтай хэрэг.

 

Би  хотынхоо ЛГБТК олон нийттэй нууц фейсбүүк нээж танилцаж байсан.

 

Би 2015 онд хүмүүстэй танилцах зорилгоор хуурамч хаяг нээж байсан юм. Тэр үед харилцаж байсан нэг хүн маань  намайг анх удаа ЛГБТК олон нийтэд зориулсан ХДХВ/ДОХ- оос сэргийлэх өдөрлөгт очихыг урьсан. Ингээд би анх удаа ил гарч, эргэн тойрондоо юу болж байгааг мэдэхээр шийдсэн юм. Тэгж л би анх удаа өөрөөсөө өөр күийр хүмүүстэй танилцаж байлаа. Бас хүйсийн шилжилтээ эхлүүлсэн хуучны транс найзуудтайгаа ч таарсан.

Тэр өдрийг хүртэл би тэр хаягаа зөвхөн болзоонд л зориулж бараг хоёр жил ашигласан ч одоогийн найз залуутайгаа таараад бүр мөсөн хаасан. Бутанд хуурамч хаяг хэрэглэдэг хүмүүс их олон. Бид нэг нэгэндээ тийм ч амархан итгэдэггүй. Тэр тусмаа ЛГБТК олон нийт.

 

Сүүлийн үед Бутанд маш олон өөрчлөлтүүд гарч байгаа. Бид дэлхийн хамгийн хурдан хөгжиж буй улсын тоонд ч орж, GRINDR  гэх мэт болзооны аппууд гарч ирсэн ч тийм ч алдартай болоогүй. Энэ нь бид хаа саагүй күийр хүмүүс халдлагад өртөж, зодуулж, бүр амь насаа алдаж байгааг  харж, байнгын айдас дунд аж төрж буйтай холбоотой. Тиймээс энд күийр болзооны аппуудыг ашиглана гэдэг маш том эрсдэл.

 

Бид эрхийнхээ төлөө тийм сайн тэмцдэггүй ч нөхөд минь тэмцдэг

 

Дан ганц ЛГБТК хүмүүс зориулсан анхны үйл ажиллагаа 2015 онд ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хөдөлгөөнөөр эхэлсэн. Дараа нь 2017 онд хэсэг хүмүүс бидэнд тулгарч буй цор ганц асуудал ХДХВ/ДОХ биш хэмээн нэгдэж ‘Rainbow Bhutan’-ыг үүсгэн байгуулсан.

 

Анх ЛГБТК олон нийтийн бүхий л асуудлыг нэг дор шийдвэрлэхээр ажиллах их хэцүү байсан. Бусад улс орнуудын ЛГБТК олон нийт өөр өөрийн байгууллагуудтай байдаг ч  хүн ам цөөнтэй, жижиг улс тул бүхнийг нэг дор байлгахаас өөр сонголт бидэнд байгаагүй.

 

Үнэн хэрэгтээ бид хуульд өөрчлөлт оруулах тухайд тийм ч идэвхтэй ажиллаагүй. Гэхдээ бидний хэлж буй үгийг сонсож, туслах олон хүмүүст өөрсдийгөө ойлгуулж чадсан. Ингэж л одоо эрүүгийн хуулийн 213, 214 дүгээр заалтуудыг хасах санал захиргааны доод танхимд хүрээд байна. Сангийн сайд Намгай Церинг энэ саналыг дэмжин үг хэлсэн. Урьд өмнө нь ямар ч албан тушаалтан ийм зүйл хийж байгаагүй.

 

ЛГТБК хүмүүсийг ялгаварлан гадуурхсан хуулийг хүчингүй болгохоор хэлэлцэж байна гэдэгт итгэж өгөхгүй л байна.

 

Хэрвээ та бүхэн анзаарсан бол Ази дахь ЛГБТК олон нийтийн тэгш эрхийн төлөөх хөдөлгөөнүүд маш олон саад тотгортой тулгардаг. Бид ч тулж байгаа. Гэхдээ бид өөрсдөө тэвчээртэй байж, зөв цаг иртэл хүлээх хэрэгтэйг байнга санаж явдаг. Манай улсын хувьд бүх зүйл арай эрт байна. Энэтхэгт ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг хүлээн зөвшөөрөх гэж хорин жил тэмцсэн.  Тайвань бараг гучин жилийн нүүрийг үзсэн. Тиймээс бид үргэлж тэвчээртэй хүлээсээр ирсэн. Харин одоо бидний энэ зүтгэл үр шимээ өгч эхэлж байна.

 

Хуульд өөрчлөлт оруулах тухай анх яригдаж эхлэхэд сэтгэл үнэхээр их хөдөлсөн. Зарим найз нөхөд маань уйлж байлаа. Надад үнэхээр хэлэх ч үг олдоогүй. Энэ бүхнийг санаачилсан албаныхан, биднийг дэмжсэн нөхдөдөө маш их талархахын хажуугаар итгэж өгөхгүй л байсан.

 

Бутанд хэзээ ч Бахархлын парад болж байгаагүй. Цаашдаа ч болохгүй байх

 

Манай оронд биднийг өөрийнхөөрөө байсны маань төлөө  үргэлж хянаж, цагдаж, эсвэл бүр үзэн ядаж байгаа нь мэдрэгддэг. Гэхдээ тэр хүмүүс бидний тухай мэдлэг, ойлголтгүй байгаатай холбоотой. Одоо ч гэсэн зарим хүмүүс над дээр ирээд урьд нь хэзээ ч ЛБГТК хүн харж байгаагүй гэж хэлдэг. Тиймээс бидний гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа зүйл бол хүй олноо ил болгох, ийм  хүмүүс байдаг гэдгийг нийгэмд, хүмүүст таниулах. Хэрвээ тэд мэддэг болчихвол ойлгож эхэлнэ шүү дээ.

 

Бутанд хэзээ ч Бахархлын парад болж байгаагүй нь үүнтэй ч холбоотой байх. Бидэнд ч парад зохион байгуулах бодол алга. Бахархлын парад бол хүмүүс гудманд гарч, өөрсдийгөө  илэрхийлэн, хууль цаазад өөрчлөлт оруулахыг шаардан, эрх чөлөөгөө илэрхийлж буй хөдөлгөөн. Харин Бутанчууд үүнийг хэзээ ч зөвшөөрөхгүй байх. Тиймээс хэдий хуучинсаг үзэлтэй нийгэмд ч гэсэн бид хүмүүстэй нэг нэгээр нь зүрх сэтгэлээсээ ярилцаж, ойлгуулах нь л жинхэнэ өөрчлөлт авчирна гэдэгт итгэн ажиллаж байна.

 Нийтлэл бэлтгэсэн: Оогийноо

Эх сурвалж: vice.com