Mongolian Queer Podcast-ын 3-р улирлын ээлжит дугаарыг унших хувилбараар хүлээн авна уу. ЛГБТ Төвийн сайн дурын ажилчиддаа талархсанаа илэрхийлмээр байна.
Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид оо!
Өнөөдөр та бүхэнтэй Кенна байна. 3-р дугаар улирлын шинэ дугаарууд та бүхэнд хүрч байгаад баяртай байна. Манай Аагий хөтлөгч маань аялахаар явсан байгаа. Өнөөдрийн зочноо танилцуулья. Та өөрийгөө товч манай сонсогч нарт танилцуулна уу.
Зочин: За намайг Хүрэлээ гэдэг. Одоо 19 настай 3-р курсын оюутан. Дараа жил төгсөх курсын оюутан болж байна. 2019 оны 3-р сард гэр бүлдээ кам аут хийсэн.
Кенна: Манай Хүрэлээ өөрийгөө юу гэж тодорхойлдог вэ?
Зочин: Ер нь бол гей.
Кенна: Хамгийн эхний асуулт анх өөрийгөө гей гэдгээ хэрхэн мэдэрч байсан бэ? Яаж хүлээж авч байсан бэ?
Зочин: Бусдаас өөр гэдгийгээ багаасаа мэддэг байсан. Жишээлбэл, гэр бүл дотор байлаа гэхэд эрэгтэй эмэгтэй 2 хүн хоорондоо гэрлэхэд надад төрж байгаа мэдрэмж нь яагаад 2 эрэгтэй хүн хоорондоо гэрлэж болохгүй гэж тиймэрхүү байдлаар боддог байсан. Тэгээд өөрийгөө бусдаас ондоо гэдгийг сэтгэлзүйн хувьд өөрөөр мэдэрдэг байсан. Том болохын хэрээр өөрийнхөө гей гэдгээ яаж мэдсэн бэ гэвэл эрүүл мэндийн хичээл дээр тулгуурлаж мэддэг болсон. Тухайн үед манай эрүүл мэндийн багш маань бэлгийн бойжилт гэсэн бүлэг сэдэв байдаг тэрэн дээр хүйсийн баримжаа ч билүү тиймэрхүү сэдэв бүтэн орж байсан. Тэр хичээл дээр өөрийгөө гей гэдгээ мэдсэн. Багадаа бол тийм гей гэж мэдэхгүй, бусдаас ялгаатай ер нь эрэгтэй хүнд татагддаг гэдгээ мэдэж байгаа болохоос дэлгэрэнгүй ЛГБТ гэж юу юм гэдгээ мэдэхгүй. Тэгээд яг тэр хичээл дээр Л нь тийм утгатай гэх мэт бүгдийг задлан тайлбарлаж өгсөн. Тэр үеэс хойш өөрийгөө гей гэж мэдэрч эхэлсэн гэх үү юу гэх юм, тодорхойлсон.
Кенна: Ммм. Ямар сонирхолтой юм бэ! Би бол эрүүл мэндийн хичээлд сууж үзээгүй. Манайд орж байгаагүй. Багш чинь яг ямар байдлаар зааж байсан бэ? Хүүхдүүд хэрхэн хүлээж авч байсан бэ?
Зочин: Тухайн үед 7-р анги байсан болохоор хүүхдүүд хэрхэн хүлээж авсан сайн мэдэхгүй байна. Самбар дээр яг “Хүйсийн баримжаа, бэлгийн чиг баримжаа” гээд томоор гарчиг бичсэн байсан. Бидэнд тайлбарлахдаа Амьдрал дээр ийм хүмүүс байдаг өдөр тутам бидний эргэн тойронд байнгын өнгөрч байдаг. Гэхдээ сэтгэцийн өвчтэй ч юм уу, эмгэгтэй хүмүүс биш төрөхдөө л ийм болж төрсөн. Та нар ялгаварлан гадуурхах эрхгүй. Тэд бусдын л адил сурах хэрэгтэй, та нартай найзлах хэрэгтэй. Хүн гэдэг утгаас нь хүлээж авах нь зөв шүү гэдэг утгаар нь тайлбарлаад, нөгөө үгнүүдээ хооронд нь задлаад нийгэмд ч, хүүхдүүдэд аягүй эерэг утгаар ойлгогдохоор хэлж өгч байсан.
Бидний дунд ч байж болно. Гэхдээ та нар ялгаварлан гадуурхаж болохгүй, мэдсэн бол анх яаж харьцаж байсан тэр л хэвээрээ найз гэдэг утгаар нь хүлээж аваарай гэсэн.
Кенна: Ямар гоё юм бэ тэ.
Зочин: Юу билээ ийм хичээл ордог л юм байхдаа гэж гайхаж байсан. Номон дээр бол тийм хичээл байхгүй ш дээ.
Кенна: Номон дээр байгаа. Байх ёстой.
Зочин: Тухайн үед бол эрүүл мэндийн хичээлийг ном нээх хэрэглэдэггүй байсан болохоор номыг анзаарч харж байгаагүй. Бэлгийн бойжилт гэдэг хичээл хүүхэд болгоны ичдэг хичээл.
Кенна: Аягүй мундаг багш байна. Ямар лаг юм бэ. Чи ангийнхандаа кам аут хийсэн үү? 10 жилийнхэндээ
Зочин: 10 жилд бол хийж байгаагүй оюутан болоод сайн найзласан хэдэн найздаа л хэлж байсан.
Кенна: Хамгийн анхны….
Зочин: Хамгийн анх кам аутаа Pride-н үеэр хийж байсан. 2018 оны Pride Parade анх удаа алхсан. Тэрнээсээ хэд хоногийн өмнө найзууддаа хйиж байсан. Тэгээд бас нэг гоё юм нь энэ жил Испаний АЙДАХОТ өдрүүдэд манай найз Испаниас тэр үер над руу залгаад жагсаалд оролцож байгаа байдлаа харуулж байсан.
Кенна: Ямар гоё юм бэ. Ер нь бол бидний хувьд стрэйт байна уу, сизжендер байна уу найзууд ингэж алхах ЛГБТ хүний эрхийн төлөө жагсаж байгаа нь аягүй том бэлэг бөгөөд аз жаргалтай мөч байдаг.
Зочин: Тийн. Над руу найз нь чамд гоё юм харуулъя гээд чатаар холбогдоод хэсэг хугацааны дараа туг бариад алхаж байгаа бичлэгээ явуулж байсан. Тэр нь надад илүү таалагдсан. Манай найзууд намайг маш эерэгээр хүлээж авсан. Эхлээд найздаа хэлэхдээ ер нь өөрийгөө гей гэж хэлэх чинь миний хувьд хүнд сэдэв ш дээ. Ичмээр ч юм шиг гэхдээ өөрөөсөө ичнэ гэдэг буруу зүйл л дээ. Гэхдээ найздаа хэлнэ гэдэг жаахан хэцүүхэн сэдэв. Тэгээд хамгийн анх найздаа хэлсэн чинь намайг загнасан. Чи миний цагийг нээх сүртэй юм хэлэх гэж байгаа юм шиг гэж ирээд л тэгснээ миний найзын хэлсэн хамгийн гоё зүйл нь
“Миний найз гей байна уу юу байна уу надад хамаагүй, чиний дотор байгаа хүн чинь Хүрэлээ хэвээрээ л байна. Чи гей байлаа гээд миний найз биш болохгүй, битгий энэнээсээ санаа зов” гээд тухайн үед нь би тэрийг уншчихаад аймар уйлж байсан.
Кенна: Гоё мөч байна. Тэгээд come out хийсний дараа чи найзыгаа хүлээж авч байгаа ч юм уу, та хоёрын нөхөрлөл хэр өөрчлөгдсөн бэ?
Зочин: Нээх тийм өөрчлөгдсөн юм байхгүй яг л хуучнаараа тэр миний найз Оюукаа, би түүний найз Хүрэлээ
Кенна: Илүү дотно болсон мэдрэмж төрсөн үү?
Зочин: Илүү нээлттэй болсон, кам аут хийгээгүй байхдаа найздаа шохоорхдог бандиа ч юм уу эсвэл үерхэж байгаа ч юм уу төдийлөн тэгж ярихгүй. Кам аут хийнгүүт илүү чөлөөтэй, нээлттэй юу дуртайгаа яриад болчихдог тийм болсон. Ер нь бол 2 найздаа кам аут хийсэн.
Кенна: Найзууддаа кам аут хийчихээд гэр бүлийнхэндээ кам аут хийхэд юу нөлөөлсөн бэ? Ямар байсан бэ, тэр талаар сонсъё.
Зочин: Найзууддаа кам аут хийхэд бол зүгээр тухайн үед Pride-д оролцоно гээд шийдчихсэн байсан болохоор хэлчихье гээд хийж байсан. Гэр бүлд бол мэдээж жаахан хэцүүхэн байдалд ороод хийж байсан юм аа. Тэр үед хүнтэй үерхэж байсан нөгөө хүндээ аягүй сайн 3-р сарын үед надаас нэг хөндийрөөд ирэхээр нь хүнтэй ярилцмаар санагдаад найзууд маань дэргэд байж таараагүй. Нэг нь гадаадад, нөгөө нь эмнэлэгт байж таараад тэгээд хэцүүхэн болоод ярилцах хэрэгтэй байсан. Би хүнтэй ярилцаж дотроо гаргаж байж л тайвширдаг хүн. Тэгээд дотор давчдаад яаж ч чадахгүй өглөө хүртэл гэрээсээ гарахдаа ороо хураахгүй гардаг болчихсон, өдөр хичээлээ тарж ирээд л орондоо ороод уйлаад хэвтчихдэг.
Тийм байдалтай байж байгаад ээжийнхээ өмнө сөгдөж сууж байгаад уйлаад байсан. Ээж надаас яасан миний хүү гээд асуугаад л байсан. Найз нь гомдоосон юм уу яасан гээд. Ээж тэр үед намайг хүнтэй үерхэж байгааг мэдэж байсан. Эрэгтэй гэдгийг бол мэдээгүй. Найз охин нь гомдоосон юм уу гээд тэгэхээр нь тийн бид 2 бараг салж байгаа гээд гэхдээ ээжээ хүү нь эрэгтэй хүүхэдтэй үерхэж байсан гээд хэлсэн ээж миний өөдөөс бас гоё хариулт өгсөн. Ээж нь ер нь гадарлаж байсан орой болгон утсаар яриад иймэрхүү байхад нь найз охинтой биш найз залуутай юм уу даа гэж гадарлаж байсан гэсэн. Одоо тэгээд яахав энэ чиний буруу биш ийм хэцүү үед нь би ойлгохгүй бол хэн ойлгох юм бэ. Ээж маань намайг тэврээд уйлаад л. Ямар байсан аймар гоё мэдрэмж авч байсан. Сэтгэл санаа хэцүү байхад ээж маань намайг ойлгоод дэмжихэд нь буцаад амьдрал руугаа орчихсон юм шиг болсон. Бид хоёр 6 сар шохоорхож байгаад тэгээд үерхэсэн. Нэлээн ач холбогдол өгч байсан болохоор салахад хүндрэлтэй байсан. Гэхдээ нэг юманд харамсдаг салж байх үедээ бүүр амьдралаас холдчихсон хичээлээ хүртэл хаячихсан. Өглөө ээжтэй гарахдаа хичээлдээ явлаа гэчээд ихэнх үед нь тасалчихдаг. Гадуур алхаад өнгөрчихдөг байсан. Юм бодоод л нөгөө хүн маань буцаад ирэх болов уу гэсэн хүлээлттэй.
Харамсдаг юм нь болохоор би Америкийн SGE гэдэг санхүүгийн компаний тэтгэлэгээр сурдаг. 2 жил болж байсан. Салж байх үеэр хичээл эхэлсэн болохоор тасалчихсан. Тэгээд тэтгэлэг авч чадаагүй. Тэр нь ч яахав гэр бүл маань намайг ойлгоод илүү дэмжээд байх тусам нь миний хувьд гэртээ өөрөөр байх боломж олгож өгсөн.
Ерөнхийдөө ЛГБТ, бэлгийн цөөнх хүмүүс чинь гадуур ч гэртээ ч өөрөөрөө байхад хэцүү байдаг. Гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөөгүй кам аут хийгээгүй байхдаа хэцүү, байнгын хуурамч дүр эсгэнэ гэсэн үг шүү дээ. Ээж маань ойлгоод дүү маань ч бас мэдэж байгаа болохоор надад тааламжтай гэртээ чөлөөтэй байдаг болсон.
Бахархалтайгаар 2018 оны Pride-р барьж явсан тугаа хүртэл гэртээ тавьчихсан. Бас хөөрхөн жижиг юмнууд байдагдаа ЛГБТ сэдэвтэй комик номнууд тиймэрхүү хайрын түүхтэй комик унших дуртай болохоор тийм номнууд хүртэл чөлөөтэй миний тавиур дээр байж байдаг болсон. Өмнө бол аав ээжийг олохгүй гэсэн газар далд нуугаад унтсан хойгуур нь уншдаг. Одоо бол тийм биш болсон, ном уншмаар үедээ ээжийнхээ хажууд уншиж чаддаг болсон. Ээжтэй чөлөөтэй ярилцаж чаддаг болсон болохоор илүү нэг тийм гоё гэр бүлээсээ авч байгаагүй мэдрэмжээ аваад байгаа.
Кенна: Бүр их хайрлаад ч байгаа юм шиг тийм гоё
Зочин: Тийн, гэхдээ би кам аут хийчээд бас удаагүй энэ сэдвээр ээжтэйгээ муудаад гэрээсээ явж байсан удаа байсан. Тухайн үед ээж маань хэдий хүлээн зөвшөөрч байгаа хэрнээ гэр бүлийн хувьд ээжид тодорхой хэмжээний хэцүү байсан байх л даа. Би өөрөө айлын ганц эрэгтэй хүүхэд, тийм байхад ганц хүү нь гей ч юм уу тиймэрхүү байдалтай хүлээж авч байна гэхэд хэцүү байсан байх даа. Гэхдээ ээж маань дараа нь, би муудаад гэрээ явсан ч надад хэлж байсан. Тийм байдалтай байсан учраас ээж нь хүүдээ муухай аашилчихлаа уучлаарай би хүүгээ үнэхээр дэмжиж, ойлгож байгаа шүү гээд тэгээд гэртээ буцаж ирээд тэрнээс хойш илүү гоё болсон.
Кенна: Би нэг юм асуучих уу? Ээж чинь чамайг мэдсэнийг ярьсан ш дээ. Аав чинь яаж мэдсэн юм. Ээж чинь хэлсэн үү? Та 3 бөөнөөрөө ярилцсан уу?
Зочин: Хамгийн анх би ээждээ хэлсэн, аав маань бол манай хойд аав юм. Гэхдээ аав маань надад аймар хайртай үргэлж халамжлаад, миний хүү мөнгөтэй байна уу, хоол идсэн үү, хаана явж байна гээд аав маань ч надад би ч аавд хайртай. Аавын хувьд бол ээж аавд бага багаар ойлгуулж хэлсэн, аавдаа бол би өөрөө кам аут хийгээгүй. Ээж л ойлгуулсан юм байна лээ. Дүүгийн хувьд бол угаасаа илүү чөлөөтэй байдаг болохоор өөрөө олоод мэдсэн дээ.
Кенна: Дүү чинь чамаас хэд дүү вэ?
Зочин: Төрсөн дүү бол надаас 10 хэдэн насны зөрүүтэй. Одоо дөнгөж 6 настай. Харин үеэл дүү маань намайг мэдэж байгаа. Төрсөн дүү маань бол тэгээд том болохын хэрээр мэддэг болох байх даа.
Кенна: Тийн, аав ээж 2 чинь дэмждэг юм чинь тэр бол нээх асуудал биш ш дээ тэ. За тэгээд чиний түүх дэндүү гоё байна, би өнөөдрийн эрч хүчээ авчихсан. Ямар гоё юм бэ, багш нар чинь ч гоё юм, чи бас маш азтай байна.
Зочин: Ер нь амьдралд байсан бүх хүн намайг дэмжиж байсан болохоор маш их аз жаргалтай, кам аут хийснээсээ хойш өдөр болгон баяр баясгалантай байх болсон. Кам аут хийгээгүй байхдаа уйлах үедээ үйлж байж байгаад сэтгэлзүйн дарамтанд орчихдог. Нээлттэй болсноос хойш бол ийм зүйл байхаа больсон.
Кенна: Ямар гоё юм бэ, ерөнхийдөө сонсогчдоо зориулан юу гэж хэлмээр байна, зөвлөгөө өгмөөр байна уу? Жишээлбэл, хайр дурлалын хувьд ийм юм байдаг юм байна. Бас чи том том хүнд үеүдийг давчихсан юм чинь.
Зочин: Би түрүүн хэлсэнчлэн Америкийн том санхүүгийн компаний тэтгэлэгээр сурдаг байж байгаад хичээлээ хаяснаас болоод тэтгэлэг авч чадахаа больчихсон. Энэ дээр яг юу хэлэх гээд байна вэ гэвэл үерхээд салсан ч бай, сэтгэл санааны гүн хямралд орсон ч гэсэн хичээлээ битгий хаяарай. ЛГБТ ч биш ер нь стрэйт бүх л хүмүүсдээ хандаж хэлмээр байна. Мөн түүнчлэн, би 2018 Pride кино өдөрлөгөөр кино үзсэн. Тэнд Jonathan гэдэг киноны ерөнхий утга санаа нь чи гей гэр бүл чинь хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч эцсийн дүнд нь чиний гэр бүл болохоор хүлээн зөвшөөрдөг юм шүү гэдгийг ойлгож авсан. Ямар ч нууцыг хүн үүрд хадгалж чадахгүй гэдгийг харуулаад өгсөн байсан. Ер нь ЛГБТ бэлгийн цөөнх хүмүүсдээ хандаж хэлэхэд тэр кинон дээр гардаг шиг үүрд бэлгийн цөөнх гэдгээ нуугаад байж чадахгүй. Ямар ч байсан эгзэгийг нь тааруулж байгаад нэг л зориглосон бол гэр бүлдээ кам аут хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Хэдий ээж аав чинь чамд уурлаад хатуурхаж байгаа ч гэсэн сүүлд нь зөвшөөрдөг юм шүү.
Кенна: Би энэ дээр нэмээд хатуурхаж байгаа хугацаа эцэг эх болгонд өөр өөр байгаа. 1, 2 хононо, 7 хононо 1 жил болно гээд тэр хугацаанд өөргийгөө яаж эрсдэлд оруулахгүй байх вэ гэдгээ бодоорой. Бие дааж амьдрах хэрэг гарах ч юм билүү. Тийм юмандаа бэлдээрэй.
Зочин: Кам аут хийхдээ шууд 2-ууланг нь суулгаад ээжээ би гей, ааваа ээжээ би трансжендер гэхгүйгээр бага зэрэг дасгаж байгаад хэлвэл арай хөнгөн тусна гэж бодож байна.
Кенна: Би бас ийм дасгах техникийн талаар сонсож байсан. Олон кам аут хийсэн хүмүүс тэгэж яриад байдаг юм.
Зочин: Шууд шагнал авснаа хэлж байгаа юм шиг хэлвэл цочирдоно гэж бодож байна.
Кенна: За тэгээд өнөөдрийн подкастанд өөрийнхөө ийм гайхалтай түүхийг ярьсанд баярлалаа. Маш олон хүнд урам зориг өгөх байх гэж бодож байна.
Зочин: Намайг бас Күийр подкастанд урьж оролцуулсан Кенна эгчдээ маш их баярлалаа.
Кенна: За дараагийн дугаар хүртэл баяртай.
Зочин: Баяртай.