Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид оо. Кенна байна. Mongolian Queer подкастын ээлжит дугаараар та бүхэнтэй уулзаж байна. Манай зочин өөрийгөө танилцуулна уу.

Зочин: За сайн байцгаана уу? Намайг Тамираа гэдэг. Би 19 настай. Транс эрэгтэй.

Кенна: Нэгдүгээр улиралд Билгүүн-г орсныг хүмүүс сайн санаж байгаа байх, транс асуудлаар та бүхнийг ерөнхий ойлголттой байгаа гэж бодож байна. Тамираа өөрийгөө яг хэдэн насандаа мэдэрч эхэлсэн бэ? Тэр тухайгаа хуваалцвал…

Зочин: Би ерөөсөө багаасаа л ухаан орсон цагаасаа өөрийгөө эрэгтэй гэж мэдэрсэн. Гэхдээ өөрийгөө огт транс гэж бодоогүй. Эмэгтэй хүн болгон эмэгтэй хүнээ сонирхоод байдаг байх гэж бодоод байдаг ч тэр нь өөр байсан. Яг өсвөр насанд хүрээд эмэгтэй хүний бие физиологи гараад ирэхээр улам тавгүйцээд, тэгээд өөрийгөө транс эрэгтэй гэж ойлгож эхэлсэн. 16 бишээ, 17 настай байхдаа.

Кенна: Эмэгтэй хүний бие физиологи гэдгийг нарийн тайлбарлавал юу юм болоо?

Зочин: Миний өсвөр насны бие физиологи эхэлдэг үе нь бусад хүмүүсийнхээс арай хожим эхэлсэн. Цээжинд хөндүүрлээд эхэлсэн, бараг 16 настайгаас тэгээд нэг юм ургаад тэрэндээ дургүй, удаачгүй биений юм ирж эхэлсэн. Бас л тийм дургүй, ер нь ийм эмэгтэйлэг биетэй болоод л хоолой хүртэл жил ирэх тусам нарийсаад байдаг юм шиг санагдаад байдаг. Энэ бүхнийг анзаараад тавгүй болоод байдаг. Сайн найзаасаа анх асууж үзсэн л дээ “Чи хөхөндөө тавгүйцдэг үү” гээд тэгсэн “Үгүй” гэхээр нь гайхаад тэр үеэс л мэдэж эхэлсэндээ.

Кенна: Тавгүйцэх гээд ярихаар хүмүүс сайн ойлгохгүй шүү дээ тэ, сизжендер хүмүүс тэр талын мэдрэмжийг мэдрээгүй болохоор ойлгохгүй. Хөнгөн маягаар бодоод байдаг. Жаахан дургүй ч юм уу, “Би ч гэсэн том хөхтэй байх дургүй, гүйхээр өвддөг” гэх мэт байдлаар ханддаг. Тэгэхээр өөрийнхөө зүгээс тэр мэдрэмжийг яаж илэрхийлж болох вэ?

Зочин: Усанд орох болгондоо өөрийнхөө биеийг хараад энэ миний бие биш өөр хүний бие, би энийг жаахан өөрчлөх юмсан гэж боддог. Энэ биеийг харах болгонд дотроос нэг юм зулгаагаад эсвэл ерөөсөө тийм тавгүй байдал, яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Усанд орох болгондоо биеэ харж тавгүйцнэ. Мэдээж миний сэтгэхүйд энэ бие бол миний биш тэгээд суултуур дээр сууж бие засахад дургүйцэх мэдрэмж нь бага, харин байгальд бие засах, хөдөө гадаа бөөндөө автобусаар явж байхад хөвгүүд нь нэг талдаа охидууд нь нэг талдаа холхон очоод бие засахад би яг хаашаа явахаа мэдэхгүй болчихдог. Сууж бие засахад хүмүүсийн хараанд их өртдөг. Босоод мэдээж чадахгүй. Тэгээд л нэг өнжөөд ч юм уу эсвэл бүр болохоо байвал холоо очиж бие засдаг. Тиймэрхүү тохиолдолд тавгүйцэл төрдөг. Хааяа босоод бие засмаар санагддаг.

Кенна: Гэхдээ ямар ч хүнийг сууж бие засах нь сайн гэдэг биздээ. Хүйс нь хамаагүй би тийм юм уншиж байсан.

Зочин: Манай аав, ах гэр бүлийнхэн маань бүгдээрээ л сууж бие засдаг. Гадуур л….

Кенна: Нийгэмд л ойлголт нь байхгүй тэ. Жишээ нь: Транс хүмүүс, трансжендер гэхээр зөвхөн эмэгтэй хүмүүсийг төсөөлдөг. Эрэгтэй байж байгаад эмэгтэй болоо биз дээ гэсэн ойлголтоор хүлээж авдаг. Харин трансжендер эрэгтэй нь эсрэгээрээ байдаг. Чам дээр жишээ авах юм бол хүрээллийнхэн нь яаж хүлээж авсан бэ? Өөрийгөө илэрхийлээд өөрийнхөөрөө байж эхлэхэд…

Зочин: Яг миний ойр дотны хэдхэн хүмүүс л намайг мэддэг. Дотны сайн найз, үерхэж байгаа хүн тэгээд ээж мэддэг. Бусад нь намайг эмэгтэй хүн сонирхдог Л (лесбиан) гэж боддог ч би тэдэнд транс гэдгээ хэлэхийг хүсдэггүй. Ойлголт ойлголтоор нь л байлгахыг хүсдэг. Зарим танихгүй хүмүүс ирээд чи Л биздээ гэхэд мэдээж тавгүйцнэ, өөрийгөө эмэгтэй гэж дуудуулах дүргүй. Намайг Л гэхээр тавгүйцдэг ч “За энэ хүн мэдэхгүй юм чинь” гээд л орхидог. Зайлшгүй мэдэх шаардлагатай хүмүүст хэлэхэд ээж маань анх маш их эсэргүүцсэн, бид 2 эх үрийн холбоогоо таслаж үзсэн. Одоо бол ойлгодог, намайг охин гэж нээх дуудаад байхгүй. Гэхдээ тэр хүнд ямар ч ойлголтгүй. Тэгсэн мөртлөө жаахан гадарлаад “Чамайг миний хүү гэх үү? Яах уу? Эвгүй байна уу?” гээд аль болох миний талд байдаг. Найзууд бол бас ойлгоно. “Ээ чи тийм юм уу” гээд байдаг хүмүүс байхгүй.

Кенна: Ээжийнх нь хувьд яг одооны түвшинд хүрэхэд хэр хугацаа зарцуулсан бэ?

Зочин: Анх намайг эмэгтэй хүнтэй үерхээд байгааг мэдэхэд гэхээр 2 жилийн өмнө мэдсэн. Тэгээд жил гаран аймар эсэргүүцдэг. “Үсээ ургуул, Би чамайг арай ч юбка өмсүүлэхгүй ч эмэгтэй хувцас өмс” гээд ингэж хэлэх нь миний сэтгэл хэдий төрсөн ээж маань хэлж байгаа ч надад хэцүү. Би хэзээ ч үсээ ургуулж чадахгүй, хэзээ ч эмэгтэйлэг хувцас өмсөж чадахгүй. Жил гаран тийм байдалтай явж байгаад ээж бид 2 тохиролцоод “Хоёулаа сэтгэлзүйчтэй уулзаж үзье, ярилцъя” гээд: ээж намайг болиулах талаас би ээжид ойлгуулах талаас ямар ч хэлэлцээрт хүрэхгүй байсан болохоор ядаж хөндлөнгийн огт танихгүй хүн та бид хоёрыг дүгнээд яг юу гэх вэ? ингээд үзье гээд нээх удаагүй уулзахаар болсон.

Мэдээж сэтгэлзүйч намайг сонсоод энэ хүүхэд хэзээ ч өөрчлөгдөхгүй та ойлгох ёстой гээд ээжид хэлсэн чинь яг тэр үедээ эх үрийн холбоогоо таслая надад ийм хүүхэд байх ёсгүй гээд бид 2 чинь хоёр тийшээ салж явсан. Орой нь ээж намайг хүрээд ир ярилцах юм байна гэж дуудаад би чинь гайхаад өдөр нь бөөн юм болчихоод юу ярих гэж байгаа юм болдоо гэж бодоод гэр лүүгээ очтол “Ямар ч байсан миний л хүүхэд юм даа” гээд тэгээд анх намайг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бас тохиролцоотой бид хоёр, одоо би 2-р курс тэгээд намайг сургуулиа төгстөл битгий охинтой үерхээрэй, хүнд  болж өгвөл өөрийгөө хэлэхгүй байгаарай ээжтэйгээ нээлттэй байгаарай ямар ч байсан миний хүүхэд би чамайг одооноос ойлгоно. Тэгэхээр жил гарны хугацаа шаардагдсан юм байна даа.

Кенна: Жил гарны хугацаанд ээжээсээ эсэргүүцэж байсан одоо нээлттэй болсоны сэтгэлзүйн хувьд өөр байгаа байх түүнээгээ харьцуулвал ямар вэ?

Зочин: Би чинь өмнө ээж гэр бүл гээд бүгдийн блок хийгээд, ээжтэй огт ярьдаггүй утсаар ч ярихгүй. Ярихаараа хааяа л ярьдаг. Ээжтэй хаалттай байдаг байсан. Ерөөсөө юугаа ч ярьж чадахгүй үнэнээ хэлье гэхээр миний тиймэрхүү асуудал орчих гээд байдаг. Яалтчгүй худлаа ярьдаг байсан. Ээждээ худлаа яричихаар стресс нэмэгдэнэ. Манай ээж хол байдаг бид хоёр тусдаа байдаг, очоод уулзъя гэхээр би үсээ засуулчихсан. Засуулаад очихоор дургүйцдэг.

Яг тэр эсэргүүцэж байх үед ээж бид хоёрын харилцаа маш хөндий байсан. Бас ээж ч стресс ихтэй, төрсөн хүүхэд нь өөртэй нь ярихгүй, уулзахгүй дандаа худлаа ярина. Ээж миний худлаа ярьж байгааг яалтчгүй мэдчихдэг. Хаагуур юу хийгээд яаж яваад байгааг мэдчихдэг. Хэнтэй нийлж нөхөрлөөд байгааг яаж гэдгий нь мэдэхгүй мэдчихдэг байсан. Одоо бол би бүх үнэнээ хэлж байгаа “ Би ийм найзтай”, “Би ийм хүнтэй үерхдэг”, “Одоо ингээд явж байна” гэх мэт үсээ засуулчихаад ээжтэй уулзахад ч эсэргүүцэл байхгүй. Ээжтэйгээ буцаад илүү дотно болчихсон. Хоорондоо худлаа ч ярих зүйлгүй илүү амар болчихсон.

Кенна: Гоё юмаа. Би хэзээ ээжтэйгээ дотно юм ярьдаг болох юм байгаа нь мэдэхгүй. Транс хүмүүсийн хүйсийн баримжаа гэхээр нэг л их хол юм шиг санагдаад байдаг. Тэрийгээ илэрхийллийг ярихаар хүмүүс бас ойлгодоггүй. Яг үнэндээ чинийх зайлшгүй шаардлагатай зүйл шүү дээ. Үсээ засуулах ч юм уу, эрэгтэй хувцас өмсөх ч юм уу чиний хувьд өөрийгөө илэрхийлж байгаа чухал зүйл тийм байхад гудамжаар явж байхад хүмүүсийн яриа гэх мэт юмс сонсогддог уу?

Зочин: Нээх тийм сонсогддоггүй. Гэхдээ би чинь гудамжинд ганцаараа явж байвал давгүй байдаг. Яагаад гэвэл миний хоолой нарийхан. Хүнтэй эсвэл найзтайгаа яриад явж байхад хүмүүс яриа сонсчихоод зөрж байхдаа энэ чинь одоо эр юм уу эм юм уу гээд яриад явчихдаг. Гаднаас нь харахад бол яалтчгүй эрэгтэй, ядаж байхад жаахан царайтай болохоор 7, 8 ангийн эрэгтэй хүүхэд явж байгаа юм шиг л харагддаг. Хоолой сонсоод ирэхээр гудамжинд зөрсөн хүмүүс, үйлчилгээний байгууллага, зарим бүдүүлэг хүмүүс шууд асуучихна. Эрэгтэй юм уу эмэгтэй юм уу гэдэг асуулт чинь транс эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүмүүсийн хувьд их хүнд үг байхаа. Миний хувьд хүнд. Хоолой сонсоод л тиймэрхүү асуудал гардаг.

Кенна: Түүхээ хуваалцсанд баярлалаа. Яг хэлэхийг хүссэн ч юм уу, бусад хүмүүст зөвлөгөө өгмөөр байгаа юу?

Зочин: Юу гэж хэлмээр юм бэ дээ. Хүнийг гадаад төрх байдлаар нь битгий дүгнээрэй. Дотроо ямар ч ертөнцтэй, ямар ч хүн байж болно шүү. Жишээлбэл, надад чи эр юм уу, эм юм уу гэж асуухад би тавгүйцдэг. Зүгээр гудамжаар яваа эмэгтэй хүнээс чи таргалчихсан юм уу гэхэд тэрэнд тавгүй болдог хүн байгаа. Ер нь гадаад төрхөөр нь битгий хүн дүгнээрэй. Хүний ярианаас бас битгий дүгнээрэй.

Кенна: Хэрвээ найз нь өөрт чинь транс гэдгээ илэрхийлсэн бол юу гэж зөвлөгөө өгөх вэ?

Зочин: Тэр транс байдлын сайн хүлээж аваад мэдээж тэр хүн чинь транс гэдгээ мэдээд, хүйсийн тавгүйцлээ мэдрээд өөрт чинь хэлж байгаа байх сайн хүлээж аваад битгий тавгүй байдлыг мэдрүүлээрэй. Дэмжээд өгөөрэй. Сэтгэлзүйн хувьд их асуудалтай хүмүүс ч байдаг, их стресстэй, дарамтанд байдаг.

Кенна: Одоо би нэг л юм тодруулаад дуусгая. Тавгүйцлийн хөдөлгөх зүйлүүд гэвэл хамгийн наад зах нь юу мэдэж байвал болох вэ?

Зочин: Чи транс найзыгаа хүнд танилцуулвал “Энэ манай эмэгтэй найз” гээд ам алдаад хэлчихэж болно.

Кенна: Транс эрэгтэй гэдгийн мэдсээр байж уу?

Зочин: Тийн, мэдсээр байж гэхдээ санаандгүй тэгээд хэлэхэд нөгөө найз чинь хүндээр хүлээж авна. Мэдсээр байж энэ лесбиян гээд хэлчихэж болохгүй. Хэрвээ үерхдэг хүн нь байвал хамгийн асуудалтай нь үерхдэг охин нь хэзээ ч “Энэ миний найз охин” гэж битгий танилцуулаарай. Тиймэрхүү тохиолдол олон байдаг. Транс эрэгтэй хүнтэй үерхэж л байгаа бол миний найз залуу, миний залуу, эрэгтэй хүн гэдгээр нь авч үзэхгүй л бол хэцүү. Найзууддаа танилцуулахдаа энэ эмэгтэй, чи эмэгтэй гээд байвал эсвэл найз охин гээд хэлчихээр маш их тавгүйцнэ.

Кенна: За тэгэхээр манай сонсогчид жаахан ч гэсэн мэдлэгтэй болсон байх чиний подкастыг сонсоод нэг ч гэсэн хүн зөв ойлголттой болсон гэж найдаж байна. Маш их баярлалаа.

Зочин: Баярлалаа.