Holland буюу Гу Тэ Соб нь KPOP урсгалын хамгийн анхны бөгөөд одоогийн байдлаар байгаа цорын ганц нээлттэй гей дуучин юм. Энэ долоо хоногт түүний дебют хийсний 2 жилийн ой тохиож байгаа билээ. Тэрээр 1996 оны 3-р сарын 4-ий өдөр Өмнөд Солонгос улсын Дэгү хотод төржээ. Дунд ангид байхдаа найзууд дундаа өөрийгөө гей хэмээн илэрхийлсэн боловч үүнээсээ болж ялгаварлан гадуурхагдаж дээрэлхүүлдэг болсон байна.
2018 оны 1-р сарын 22-ний өдөр тэрээр өөрийн бие даасан анхны уран бүтээл болох “Neverland” дуугаар дебют хийсэн юм. Өөрийн тайзны нэрийг Holland хэмээсэн шалтгаан нь Голланд улс ижил хүйсийн гэрлэлтийг Дэлхийд хамгийн анх хуульчилж байсантай холбоотой юм. Тэрээр ЛГБТИК хүмүүсийн дуу хоолой, төлөөлөл болж, эерэг хандлагыг түгээхийг хүссэн тул уран бүтээл хийж эхэлсэн бөгөөд хэд хэдэн хөгжмийн компаниудтай гэрээ байгуулахаар ярилцаж үзсэн боловч бүгд түүний бэлгийн чиг баримжаанаас болж зөвшөөрөөгүй байна. Хэдийгээр ямар нэгэн төсөв санхүү, сурталчилгаагүйгээр уран бүтээлээ цацсан ч, YouTube хуудсан дээр нэг өдрийн дотор 1 сая хандалт авч, гадаад дотоодын маш олон фенүүдтэй болсон юм. Тус дууны клип дээр Holland найз залуугаа үнсэж буйгаар гардаг хэсгийн Солонгосын YouTube-ээс +19 агуулга бүхий хэмээн үзэж R Rated бичлэгүүдийн жагсаалтад оруулжээ.
Тэрээр айлын ганц хүү бөгөөд аав ээж нь түүнийг гей гэдгийг дебют хийснийх нь дараа мэдсэн байна. Тухайн үед гэртээ эзгүй байсан Holland аав ээж рүүгээ бүх зүйлсээ учирлаж захидал бичихэд ээж нь хамгийн эхэнд “Хүү минь хэчнээн их зовсон бол доо?” хэмээн хэлсэн гэдэг.
2018 оны 6-р сард хоёр дахь дуу болох “I’m not afraid” хэмээх дуугаараа эргэн ирэлт хийсэн ба сарын дараа үргэлжлэл дуу болох “I am so afraid”-ийг цацсан. 2019 оны 3-р сард Holland өөрийн анхны бие даасан цомог болох “Holland”-ийг “Nar-C” болон “Up” хэмээх хоёр дуутайгаар цацсан юм. Түүнийг альбумаа гаргасны дараа маш олон агентлагуудын зүгээс түүнийг чимээгүй амьдарсан нь дээр хэмээн зөвлөсөн ч тэрээр татгалзсан байна.
“Намайг дунд сургуульд байхад ЛГБТИК хүмүүсийн төлөөлөл болсон Солонгос уран бүтээлч байсан бол тэр үед надад илүү амар байх байсан. Бусад хүмүүсийг ч бас тийм байдалд оруулмааргүй байгаа учраас би өөрөө тэр төлөөл нь болохоор шийдсэн”
Ижил хүйсийн харилцааг fan service маягаар/зөвхөн фенүүдэд зориулан ашигладаг (Нэг хамтлагийн гишүүд фенүүдийхээ өмнө хоорондоо цаас дамжуулж тоглох гэх мэт) KPOP урлагт жинхэнэ ЛГБТИК уран бүтээлчид өөрсдийгөө илэрхийлэх боломжгүй үлдээдэг. Ийм хатуу нөхцөл байдалд камин аут хийх нь тухайн уран бүтээлчийн нэр хүнд, гэр бүл, бие махбод гээд маш олон зүйлсийг хохирол оруулах эрсдэлтэй байдаг нь дэндүү харамсалтай. Иймдээ ч Holland энэ ширүүн хөгжмийн салбарт мөнгө ч гүй, танил тал ч гүй хэрнээ шантралгүй зүтгэсээр байгаа биз ээ.
Нийтлэл бэлтгэсэн: Меган /Meghan/