Та бүхэнд хүчирхийлэл, хортой харилцааны талаар цуврал мэдээлэл бэлдэж хүргэж байна. Та бүхэн өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ эрүүл, аз жаргалтай байлгах үүднээс хүчирхийллийг танин мэдэхэд туслах энэхүү мэдээллийг уншиж, цааш тараагаарай.

Энэхүү нийтлэлээс та бүхэн хүчирхийллийн хэлбэрүүд, жишээнүүд ба хүчирхийлэлд өртсөн болон үйлдсэн бол яах талаар хүлээн авах болно.

Хүчирхийлэлтэй харилцаа гэж юу вэ?

Бидний харилцаа хэвийн үү?

Хүчирхийллийн хэлбэрүүд

Эрүүл бус харилцаанд байхад хүчирхийлэл байнга нэг хэлбэрээс нөгөө рүү шилжиж байдаг. Мөн та одоо эрүүл хэвийн харилцаанд байж болох ч ирээдүйд учрах эрсдлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалахыг тулд мэдлэгтэй болоорой.

Бие махбодын хүчирхийлэл

Хэн нэгний хүсээгүй зүйлийг хийлгэхдээ биеийн хүчээ ашиглаж эсвэл хүний биенд халдаж, бие махбодын гэмтэл учруулахыг бие махбодын хүчирхийлэл гэнэ.

Жишээ нь:

 

  • Хүсээгүй байхад нь биед нь хүрэх (биейин аль ч хэсэг байж болно)
  • Түлхэх 
  • Алгадах
  • Эд зүйл шидэх, чулуудах
  • Шүргэх
  • Чимхэх
  • Гижигдэх
  • Өшиглөх
  • Үснээс зулгаах
  • Гар мушгих;
  • Гарах, орохыг хориглох. Хаалга түгжих, хааж зогсох, түлхэх гэх мэт биеийн хүчээ ашиглах 
  • Тань руу дайрах (өрөө рүү эсвэл гэр лүү чинь)
  • Өөрт нь таалагддаггүй зүйлсийг хорих, хийхгүй байхыг шаардах (таны бодлыг үл тооно)
  • Таны бие махбод гэмтсэн, өвдсөн тохиолдолд бусад хүмүүст хэлж тусламж авахыг зөвшөөрөхгүй, хориглох
  • Таны хамтрагч албаар өвдөж гэмтэх
  • Таны хамтрагч албаар таныг айдастай болгох
  • Таныг нойргүйдүүлэх, өлсгөх эсвэл ариун цэврийн өрөө хэрэглэхэд саад болох, хориглох
  • Гэх мэтчилэн бусад бие махбодын гэмтлүүд
  • Хамгийн аймар нь: амь насаар хохироох

гэх мэт

Бэлгийн хүчирхийлэл

Энэ нь тухайн хүн хүсээгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр эсвэл зөвшөөрөл авахгүй, асуухгүйгээр үйлдсэн ямар ч бэлгийн болон бэлгийн эд зүйлтэй холбоотой үйлдлүүд болон үйл явдлуудыг хэлнэ. Энэ нь шууд болон шууд бус үйлдэл байж болно. Жишээ нь: хүн “үгүй” гэж байхад түлхэх, амыг нь гараар дарах эсвэл согтуу, унтаж байсан эсвэл бие махбодын гэмтэл авахаасаа айсандаа дуугүй байсан тохиолдлууд.

Мөн сэтгэл санааны дарамтанд оруулан хүнийг бэлгийн харьцаанд орохыг шаардаж байвал энэ нь хүчирхийлэл юм. Мөн хамтрагчийнхаа албадлагаар өөр хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаа бол бас л бэлгийн хүчирхийлэлд тооцно.

Ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авч, харилцан тохиролцоогүй л бол бэлгийн хүчирхийлэл гэдгийг санах хэрэгтэй. 

Бэлгийн хүчирхийллийн хэлбэрүүд:

 

  • Бэлгийн сэдэлтэй зөвшөөрөлгүй биед хүрэх эсвэл хүрэх гэсэн оролдлого
  • Бэлгийн сэдэлтэй магтаал, үгсийг хүсээгүй байхад хэлэх
  • Тухайн хүнийг нүцгэх байхад, бэлгийн харьцаанд орж байхад эсвэл гар хангалга хийж байхад зөвшөөрөлгүй ширтэх, зургийг нь авах
  • Бэлэг эрхтнээ харуулах
  • Порно үзэхийг албадах
  • Нүцгэлэх эсвэл биеийн аль нэг хэсгээ харуулахыг шаардах
  • Аман секс хийхийг албадах (ямар ч төрлийн)
  • Бүх төрлийн бэлгийн ажлыг хийхийг шаардах, албадах

гэх мэт

Сэтгэл зүйн хүчирхийлэл 

Тодорхойлоход хамгийн хэцүү хүчирхийллийн хэлбэр билээ.

Нэгдүгээрт, энэ төрлийн хүчирхийлэл нь шууд танигддаггүй, ойлгомжгүй байдаг. Бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл нь арай илэрхий байдаг бол сэтгэл зүйн хүчирхийлэл нь далд талдаа. Хоёрдугаарт, хүчирхийлэлтэй харилцаанд байдаггүй хүмүүс үл ойлголцолын үед доорх бичсэн зүйлстэй учирсан байж магадгүй. (хоолойгоо өндөрсгөх,буруутгах г. м.) Гуравдугаарт, жагсаалтанд байгаа зарим зүйлс хоёр талтай. Дөрөвдүгээрт,  жагсаалтанд бичсэн үйлдлийг өөрийгөө хамгаалах гэж хийсэн байж болно. (зодуулахаас зайлсхийж үгээр дарамтлах гэх мэт)

Сэтгэл зүйн хүчирхийлэл:

 

  • Заналхийлэх, айлган сүрдүүлэх
  • Дарамт шахалт (хүчирхийлэгч нөгөө хүнийхээ зан араншин, үйл хөдлөлөө өөрттаалагдах байдлаар өөрчлөхийг шахах )
  • залилах
  • Хардах, дагах (хүсээгүй байхад нь хэтэрхий их анхаарлаа хандуулах, залгах, бэлэг болон захидал өгөх, мессеж бичих, тандах, дагаж явах, мөрдөх)
  • Бэлгийн дарамт (дээр дурьдсан байгаа);
  • Байнгын шүүмжлэх, дутуу үнэлэх, доош нь хийх, үл хүндэтгэх;
  • Биелүүлшгүй хэцүү хэт их шаардлага
  • Мэдрэмжийг нь үл ойшоох
  • Нөгөө хүнийхээ үзэл бодлыг үл тоох эсвэл өөрийн гэсэн үзэл бодолтой байхыг нь хорих
  • Дуугаа өндөрсгөх, орилох
  • Бүдүүлэх байх;
  • Ойр дотны болон бусад хүмүүстэй уулзахыг хориглох
  • Эрх чөлөөг нь бие махбодын хүчирхийлэл үйлдэхгүйгээр хязгаарлах
  • Хувийн орон зай руу халдах (өдрийн тэмдэглэл, утас үзэх, цахим орчин дахь хувийн хаягууд руу нэвтрэх гэх мэт)
  • буруутгах
  • Доромжлох, шоолох, наргиа хийх (ялангуяа олны өмнө);
  • Тухайн хүний ярихыг хүсэхгүй байгаа зүйлсийг гуравдагч хүнд хэлэх
  • Хувийн эд зүйлсийг нь устгах, хаях
  • Гэрийн тэжээвэр амьтныг нь алах эсвэл гэмтээх
  • Заналхийлэх, буруутгах, удирдах гэж оролдох, гоншигонох
  • Ярилцахаас зайлсхийх
  • Үл тоох/үл хайхрах
  • Тухайн хүнийг буруу байсныг өөрт нь нотлох гэж оролдох, мэдрэмж болон сэтгэл хөдлөлийг  нь үндэслэлгүй байсан тухай бас ярих, өөрийнх нь буруугаас болж итгэлээ алдсан гэж итгүүлэх
  • Шууд бусаар түрэмгийлэх

гэх мэт

Эдийн засгийн хүчирхийлэл

Өөрийн хамтрагчаа эдийн засаг болон эд хөрөнгөөр удирдаж, энэ үйлдлээрээ тухайн хүнийг хэцүү нөхцөл байдалд оруулахыг эдийн засгийн хүчирхийлэл гэдэг. Ихэвчлэн эдийн засгийн хувьд тэгш бус нөхцөл байдалтай эсвэл нэг нь л ажилладаг хосуудад энэ төрлийн хүчирхийллийн хэлбэр ажиглагддаг.

Жишээ нь:

 

  • Дундын мөнгөөр өөртөө хувийн зүйл худалдаж авах
  • Зарлага бүрийг хянах, баримт шаардах
  • Мөнгөний тусламж байнга хүсэх
  • Эд хөрөнгө, эд зүйлс устгах, гэмтээх
  • Юм худалдаж авах эсвэл зарахыг хориглох
  • Мөнгөний хувьд хязгаарлах эсвэл бүр өгөхгүй байх
  • Орлогоо нуух (хэрэв дундын санхүүтэй бол)
  • Дээрэмдэх
  • Дундын эд хөрөнгөө шударга бус хуваах
  • Мөнгө эсвэл эд хөрөнгө хураах
  • Ажил хийхийг хорих
  • Хулгай хийх
  • Амьдрал ахуйд шаардлагатай зүйлс худалдаж авахыг хориглох
  • Хадгаламжтай байхыг хориглох

 

Нөхөн үржихүйн хүчирхийлэл

Хүүхэдтэй байх эсэхийг шууд хориглох байдлаар илэрч болзошгүй, эсвэл шахаж шаардах, хуурах, дарамтлах зэрэг үйлдлүүд орно.

Нөхөн үржихүйн хувьд та ямар ч сонголт хийсэн энэ бол таны эрх. Эргэн тойрны хүмүүс тань таны сонголтыг хүндлэх ёстой юм.

Энэ хэлбэрийн хүчирхийлэл нь:

 

  • Хүүхэдтэй болохыг шаардах
  • Төрөх эсвэл аборт хийлгэхийг тулгах
  • Нөхөн үржихүйн эрхтнээ авахуулахыг шаардах
  • Хүүхэдтэй холбоотой дутуу үнэлэх, доромжлох
  • Эрхийг нь хязгаарлах
  • Хүүхдийг нь авах, булаах г.м

Харилцааны болон мэдээллийн хүчирхийлэл

 

Энэ хүчирхийлэл нь бас л тодорхой биш бөгөөд дөнгөж яригдаж эхэлж байгаа хүчирхийллийн нэг хэлбэр юм. Энэ хэлбэрийн хүчирхийлэл нь харилцан ярианд хамаатай бөгөөд мэдээлэл, мэдээ солилцох явцад гарч ирж болзошгүй. (цахим орчин болон амьд харилцаа хоёул тооцогдоно)

Жишээ нь:

  • харилцааны явцад байдлыг гартаа авч, ганцаархнаа ярих
  • анх хэлсэн үгийг өөрийнхөөрөө утга болон санааг нь өөрчлөн давтаж хэлэх
  • Мэдээлэл, харилцаа, ярианд оролцоход саад хийх, үгүйсгэх
  • Нэр томьёогоор тодорхойлох
  • Хүсээгүй байхад зөвлөгөө өгөх
  • Хүний санааг өөриймшүүлэх
  • Өөрийгөө илэрхийлэх боломж өгөхгүй байх
  • Хүний ярихыг хүсээгүй зүйлийг ярих, мэдэхийг хүсээгүй юмыг ярьж өгөх, ярихаа болихыг хүсэхэд үгүйсгэх, үл тоох
  • тухайн хүний хувьд чухал зүйлийг нь үгүйсгэх, үл тоох

гэх мэт

 

Хүчирхийлэл байгаа юм байна, одоо яах вэ?

Хэрвээ таны дотны харилцаанд хүчирхийлэл байгаа бол та юу хийх вэ?

Энэ чухал 3 дүрмийг санаарай:

 

  • Тусламж хүс Найз нөхөд, хамаатан садан, ажлын хамтрагч, танил, багш, сэтгэл зүйч, тусламжийн төвүүд, цахим орчин дахь групп гээд танд тусалж чадах хүмүүст хандаарай. Та “сул дорой” учраас ийм зүйл тохиолдсон гэсэн үг биш, ичих зүйл биш шүү. Харин та өөрийнхөө амьдрал, эрүүл мэндийн төлөө тусламж хүсэхдээ битгий санаа зовоорой.
  • Өөрийгөө битгий буруутга! Хүчирхийлэл үйлдсэн хүн өөрийн хариуцлагаа хүлээн ёстой болохоос биш та биш. Таны буруу мэт санагдаж болох ч тийм биш гэдгийг өөртөө байн байн сануулаарай.
  • Өөрийнхөө төлөө өөртөө санаа тавь Бусдад биш өөртөө санаа тавьж өөрийгөө бод.

 

Та нөгөө хүнтэйгээ харилцаагаа авч үлдэхийг үнэхээр хүсч, мөн та бүгдийг засахыг хүсч байвал та нөхцөл байдлаа сайн бодоод үзээрэй. Хамтрагчтайгаа хүчирхийллийн тухай ярилцахад таны эрүүл мэнд, амь нас хэр эрсдэлтэй нөхцөлд байгаа вэ? 

Мөн хүчирхийлэлтэй харилцаа шал өөр зарчимтай байдаг. Асуудлууд ярилцаж, хэлэлцсэний дүнд шийдэгддггүй. Хүчирхийлэгчид хүний амьдралыг удирдаж, нөгөө хүнээ дарамталж байдаг учир барагтаа л буулт хийдэггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам хүчирхийлэл бүр ч их нэмэгддэг. Удалгүй таныг дагаж, хүнд гэмтэл учруулж ч мэднэ. (харилцаа дууссан ч гэсэн хүчирхийллээ зогсоохгүй байж болзошгүй) Тиймээс та цаг алдалгүй бусдаас тусламж хүсэх нь зүйтэй.

Эсвэл та хоёр ярилцаад асуудлаа шийдэхээр болсон бол “бал сар”-ын мөчлөгний талаар санаарай. Тиймээс та хүчирхийлэлд ахин өртсөн тохиолдолд авах арга хэмжээгээ тооцоолоход илүүдэхгүй.

Хүчирхийлэл үйлдэж байгаа хүн өөрийгөө өөрчилнө гэж амлалт өгсөн байлаа ч шууд итгэж болохгүй. (Энэ нь түүнийг худалч, хууран мэхлэгч гэж хэлээгүй) Хүчирхийлэл үйлдэх нь хүний зан араншинд нөлөөлдөг бөгөөд ихэнх хүчирхийлэгчид өөрийгөө хүчирхийлэл үйлдэж байгааг ухамсарладаггүй, ойлгодоггүй.

Нөхцөл байдлаа илүү тодорхой болгоход хол зайнд байх нь чухал. Богино хугацаанд ч болов айлд эсвэл өөр хотод байж үзэх. Хэрэв тийм боломжгүй бол ядаж өөр хүмүүст нөхцөл байдлаа яриад үзээрэй. Гэхдээ таныг сонсож байгаа хүн шүүмжлэлгүйгээр сонсож, анхаарах нь чухал юм шүү.

Хүчирхийлэл үйлдэгчид дандаа “муу” хүмүүс байдаггүй. Тэдний зан араншин, дотоод хүн хүчирхийлэл үйлдэхэд хүргэдэггүй. Мөн ихэнх хүчирхийлэл үйлдэгчид бусад хүмүүст маш сайнаар ханддаг, тусч сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг байна. Тийм учраас ойр орчмын хүмүүс болсон явдлыг сонсоод итгэдэггүй байх тохиолдол их байдаг.

Та ямар нэг байдлаар зайгаа бариад харилцааныхаа талаар сайн бодоод үзээрэй.

Холбогдох дугаарууд:

Цагдаагийн шуурхай дуудлага 102

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 7011 9949, 9649 0505

Гэмтэл согог судлалын дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээ 7018 0136

Шүүх эмнэлгийн  дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээ 7011 3408

Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн дэргэдэх Нэг цэгийн үйлчилгээ 350793, 9605 6448

Аймгийнхаа цагдаагийн хэлтэст хандах боломжтой

Хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авах бол 70001982 (Хууль зүйн туслалцааны төв), Хүний Эрхийн Үндэсний Комиссын гомдол гаргах утас 7000 0222.

Мөн ЛГБТ Төвд хандах бол 70110323 эсвэл фейсбүүкээр холбогдох боломжтой.

 

Хэрвээ та өөрөө хүчирхийлэл үйлдсэн бол яах вэ?

Хэрвээ та хүчирхийлэл үйлдэж байснаа мэдсэн бол зогсоож чадна гэдгийг хэлэхэд таатай байна. Та хүчирхийлэл үйлдсэн байлаа гээд ирээдүйд заавал үйлднэ гэсэн үг биш. Гэхдээ одооноос эхлэн та хүмүүстэй арай өөр аргаар учраа олж сурах хэрэгтэй. Та дараах зүйлийг санаарай:

Та үйлдсэн хүчирхийллийнхээ хариуцлагыг үүрэх ёстой бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Та зохих ёсоор уучлалт гуйх ёстой.

Цаашид хүмүүстэй ойлголцохдоо хүчирхийллийн арга ашиглахгүй байхад суралцах хэрэгтэй.

Бусдыг хүндэлж сурах нь зүйтэй.

Хүчирхийлэлд өртсөн хүн яагаад огт буруугүй гэж?

Хохирогч/даван туулагч ч гэсэн энэ хэрэгт хамаатай биш гэж үү? Өөрөө хүчирхийллийг өдөөсөн бол яах вэ? Хоёул бие биенээ харилцан хүчирхийлсэн бол яах юм?

Ийм жишээ авъя л даа.

Хүчирхийлэгч үйлдэгч этгээд хамтрагчаа зоддог байлаа гэж бодъё. Тэр этгээд ажил дээрээ дарга юм уу, захирлаа зоддог болов уу? Хэчнээн их дургүйг нь хүргэж, хор шарыг нь малтаж байсан ч өөрийн даргаа зоддоггүй, биеэ байрьдаг байх, тийм үү? Тэд үнэндээ биеэ барьж чаддаг л байж таарна, гэтэл өөрөөсөө “сул дорой” хүнийг…

Та өөрийн сайн найз, хамтрагч эсвэл ээж, эмээ гээд нэг ойр дотны хүнтэйгээ муудалцлаа гээд төсөөл дөө. Таны маш дургүйг хүргэх зүйл нөгөө хүн тань ярьж байна. Танд дараах сонголтууд байна:

  • Түүнийг цохих
  • Түүнийг доромжлоод, хаалгаа тасхийтэл хаагаад гарах
  • “Таны үгс намайг маш их бухимдууллаа. Энэ маргааныг бие биенээ доромжлохгүйгээр эвтэй шийдэцгээе” гэж хэлэх
  • Эсвэл өөрөөр хариу үйлдэх

 

Өөрийн сөрөг мэдрэмжин дээр үндэслэн тухайн нөхцөл байдалд бид ямар үйлдэл хийхээ өөрсдөө шийддэг. Энэ үйлдлүүд бол бидний хариуцлага юм.

Нөгөө хүний ямар ч үйлдэл бидний хийх үйлдлийг хариуцахгүй бас шийдэхгүй. (онцгой тохиолдолд өөрийгөө хамгаалах үйлдлээс бусад нь) Ерөнхийдөө бол бид өөрсдийгөө хянаж, хүчирхийлэл үйлдэхээс сэргийлж чадна.

Хүчирхийллийн талаар шууд ярилцах хялбар биш. Хааяа хариултаас илүү их асуулт гарч ирдэг. Хэрвээ та цаашид өөрийгөө өөрчлөхийг хүсч байгаа бол сайн хичээгээрэй.

Нийтлэлийн зохиолч: Саша Крик, сэтгэл зүйч

Эх сурвалж: “Выход” ЛГБТ групп