Сайн байна уу?
Захидал очих өдрийн мэндийг хүргэе, уншигч та бүхэндээ.
Би одоо 25-тай эгэл даруу нууцлаг амьдрахыг илүүд үздэг нэгэн. Оюутан байхдаа анги газраар орж л явсан. Одоо бол ажил дээр гараад амьдрал үзэж л явна. Би юу ярих гэсэн бэ гэвэл энэ захидал хайртай хүнд минь хүрээсэй гэж хүсэж байна. Миний анхны хайр, хүнийг хайрлах, хүнд хайрлуулах ямар сайхан гэдгийг би тэр хүнээс л мэдэрсэн. Анх үерхэхдээ би оюутан, тэр минь аль хэзээний 2 их сургууль дүүргэчихсэн мундаг охин байж билээ. Та нар анхны харцаар дурладагт итгэдэг үү? Би лав итгэдэггүй нэгэн байсан даг. Гэхдээ би анх уулзсан өдрөө л анхны харцаар дурласан. Улам их танихыг хүсэж нөгөө дуу цөөтэй охин чинь хамаг юмаа ярьж өөрчлөгдөж билээ.
Яагаад үерхэл эхэндээ тийм сайхан эхэлдэг юм болоо? Хоёр бие лүүгээ татагдаж, уулзах гэж тэмүүлж, завгүй байсан ч зав гаргадаг. Магадгүй олон жил үерхсэн хайранд ч анхных шигээ байлгаж чаддаг хайр байдаг байх. Тэгж хадгалж чадаагүйдээ өөртөө гомдох шиг. Би хаана, хэзээ алдчихсан юм болоо гэсэн бодлууд хааяа бодогдоно. Анх тэрэнтэйгээ уулзахад тэр их ганцаардсан, хэн нэгний хайр, халамжаар дутсан нь анзаарагдаж билээ. Уулзах тусам намайг жаргалтай болгооч гэх харц ширтэж байсанг би одоо ч хүртэл мартдаггүй. Бид хоёр салаад аль хэзээний 2 жил болчихож. Хүсвэл чи минь энэ дууг битгий мартаарай… /Наагий – Чамайг хүлээнэ/.
Түүн лүүгээ гүйж очоод харахсан гэх хүсэл намайг зовоодог хэвээр. /Чамайгаа ямар их санана вэ/. Хамгийн сүүлд төрсөн өдрөөр нь цэцэг барьж очиход над руу хүйтэн харцаар харж байсанг нь бас мартдаггүй. Тэгэхэд л би энэ хүн надаас бүр мөсөн явсанг ойлгосон. Магадгүй одоо тэгж харах байх гэсэн харцнаас нь айж байна. Нэгэн цагт тэрнээс минь илүү намайг халуун дулаанаар ширтэх хэн ч үгүй байх гэж бодож явсан үе саяхан мэт.
Намайг жаргаах гэж
Намайг зовоох гэж ирсэн хайр
Хэрвээ чи үүнийг минь уншиж байвал намайг уучиллаа ч гэж хэлэхгүй ээ харин намайг хайрласанд, намайг өөрчилсөнд бас хайрыг мэдрүүлсэнд баярлалаа.
“Одод харвах тоолонд” чиний минь хамгийн сүүлийн бөгөөд чин сэтгэлийг үг…
Энэ шүлгийг чамд зориулъя:
БИ ЧАМАЙГ ЯВУУЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.
Би чамайг явуулах цаг нь болжээ
Биеэ барьж сэтгэлээ чангалаад
Байсныг нь санаж
Байхгүйд нь орлуулж явья
Нүдээ аних төдийд дурьдатгал бүхэн харагдаж
Нулимс зөнгөөрөө урсана
Намайг хайрласны чинь шагнал
Надаас явах эрх чөлөө
Дүүрэн байсан зүрх тэг дундуураа хуваагдаж
Дасал болсон өдрүүд маргаашнаас хагацлаа
Дэрний минь хажуу зай хүйтэн хоосноор цоргиж
Дэргэд төөнөх амьсгал чинь үгүйлэхийн зайд холдоно
Гарыг чинь санах л байх
Ганцаардаж их удаан зүдрэх л байх
Гэрэл цацарсан дүр чинь байн байн үзэгдэж
Гэзэгний чинь үнэр гол дотор анхилна
Өнгөрсөн өдрүүдээ нэг нэгээр нь үдье
Өөрөөс чинь өөр хүнд зүрхээ хоосолъё
Өрцөн цаанаа насаараа нандигнаж
Өөрийг чинь одоо явуулъя
Алдахгүй юмсан гэсэндээ алгандаа бөөцийлж хайрласан шүү
Асгахгүй юмсан гэсэндээ энгэртээ тэвэрч эрхлүүлсэн юм шүү
Амьтнаас илүү байлгах гэж голоо тасартал хичээсэн шүү
Ач хариу нэхэлгүй энхрийлсэн шүү
Зүүдийг чинь манаж хар даруулаагүй юм
Зулыг чинь бадрааж чамайг дааруулаагүй юм
Зуурдын шөнөөр итгэлийг чинь сааруулаагүй юм
Золсон жаргалаар өөрийгөө цайруулаагүй юм
Одоо надаас чи яв
Он жилийн дурсамж тэврүүлээд холд
Оргүй хоосон зайг хань болгож орхиод
Орь ганцааранг минь үлдээ
Чамайг би сайн л яваасай гэж хүснэ
Чадвал хүслийнхээ оргилд гараасай гэж залбирна
Чиний хэлсэн, хийсэн бүхэнд талархаж
Чамд эрх чөлөөний штамп даръя
Үүрнээсээ өөрөө ниссэн шувуу
Байрнаасаа өөрөө хөдөлсөн чулуу
Үүр хаяарахаас өмнө унтарсан гал
Бүүр наана нь шантарсан зүрх
Надаас илүү эрхлүүлэх зүрх олоорой
Нас нэмэхдээ буруугаа бүү тоолоорой
Нэрээ хичээж биеэ бодож яваарай
Намайг болж өгвөл хурдан мартаарай
Баяртай багахан жаахан амраг минь
Биеэсээ салгаж сэтгэлээ чамд өгье
Баяртай бүх насны минь хайр минь
Бодлоо нээж зүрхийг чинь хүүтэй нь буцааж төлье…
/Todko Samson/