“ТРАНС* ЭРХЭМ ЧАНАР” БИЧИЛ ТӨСЛИЙН УРАЛДААНЫ ЗАРЛАЛ

ЛГБТИК+ олон нийтийг төслийн уралдаанд урьж байна.

ЛГБТ Төв НҮТББ Азийн эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Транс* эрхэм чанар” төслийн хүрээнд бэлгийн цөөнх болох лесбиян, гей, бисексуал, транс*, интэрсекс, күийр хүй олны дунд төслийн уралдаан зарлаж байна. Тэгш эрх, хүний эрхийг дэмжих, жендэрийн тэгш байдлын хөхиүлэн дэмжих, залуучуудын манлайлал, транс* олон нийтийг чадавхижуулах, зөв ойлголтыг олон нийтэд түгээх, хөгжүүлэхийг зорин санхүүгийн болон мэдлэг арга зүйн дэмжлэг үзүүлэх гэж байна.

 

 Транс*(тэмдэгтэйг анхаарна уу): Өөрийн хүйсийг төрөхөд тэмдэглэгдсэн хүйсээс өөрөөр эсвэл эсрэгээр илэрхийлдэг, эсхүл өөрийгөө аль ч хүйст хамруулахгүй тодорхойлж мөн өөрийн мэдэрч буй хүйсээрээ нийгэмшдэг хүмүүсийг энэхүү нэр томьёонд хамруулж ойлгоно. Транс* гэх нэр томьёо нь сүүлийн үед илүү их ашиглагдаж байгаа хүйсийн баримжаа, илэрхийлэлийн цөөнхийг нэгтгэсэн жишиг нэр томьёо юм. (транс эрэгтэй, транс эмэгтэй болон хүйсийн хэвшмэл тодорхойлолтонд үл багтах (нон-байнари, жендэркүйир, гэх мэт) хүйсийн баримжаа, илэрхийлэлтэй хүмүүсийг нэгтгэн “транс*”)

 

Төслийн зорилго нь:

 

  • Залуучуудыг дэмжих, залуу бүлгийг чадавхижуулах
  • Транс* хүй олны дуу хоолойг гаргах, дэмжих
  • ЛГБТИК+ олон нийтийг хамарсан, тэднийг чадавхижуулах, мэдлэгжүүлэх
  • Транс* хүмүүсийн талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, сайн жишээ бусдад түгээх

 

 

Үйл ажиллагаа:

Төслийн үйл ажиллагаа нь бэлгийн цөөнх залуучуудын эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн, жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, тэр дундаа транс* олон нийтийн нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг бууруулах,  хүний эрхэд суурилсан, баг болон хамтран эрхийнхээ төлөө дуу хоолойгоо гаргах, ЛГБТИК+ хүний эрхийн зөрчлийн асуудлыг гаргаж ирж, түүнийг бууруулахын төлөө ажиллах хүсэл эрмэлзлэлийг бий болгоход чиглэнэ.

 

Төслийн зорилтууд:

  • Транс* хүний эрхийг дэмжигчдийг нэмэгдүүлэх
  • Транс* байдлын талаарх зөв ойлголтыг түгээх, нэмэгдүүлэх
  • Транс* олон нийтийг чадавхижуулах, мэдлэгжүүлэх

 

Уян хатан байдал:

ЛГБТ Төв нь төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай зүйлсээр хангах боломжтой. Оффис, интэрнет, принтер ашиглах, бичгийн цаас болон төсөл хэрэгжүүлэх ур чадвар, санхүүжилт босгох гэх мэт туршлагаасаа хуваалцаж, заахад нээлттэй. Төслийн төсөвтөө цалин, урамшуулал нь 30%-с хэтрүүлэлгүй тусгахыг зөвшөөрнө.

Жич:

Төсөл бичих явцад асууж тодруулах, зааварчилгаа авахыг хүсвэл санаа зоволгүй khulan@lgbtcentre.mn хаягаар холбогдоорой.

 

Нөөц:

Төслийн санхүүжилт нь 1,000,000 сая төгрөг, хэрэгжүүлэх хугацаа нь 2020 оны 05-р сараас 2020 оны 06 сарыг дуустал 2 сар байна.

 

Төсөл хэрэгжих газар: Монгол улс

 

Төслийн уралдаанд оролцох боломжтой бүлэг, хүмүүс:

  •  ЛБТИК+ хүний эрхийн тэгш байдал, тэгш боломжийг хангах, дэмжихэд гол анхаарлаа төвлөрүүлж, суралцан ажиллах хүсэлтэй хүмүүс 
  •  Бүлэг нь ЛГБТИК+ олон нийтээс бүтнэ
  •  Бүлэг нь 3-с 5 хүний бүрэлдэхүүнтэй байна. Бүлэгт заавалчгүй транс* хүй олны төлөөлөл байх

 

Ирүүлэх төслийн баримт бичиг:

  • Өргөдөл, төслийн үндэслэл, хэрэгцээ /Төслийн маягтыг khulan@lgbtcentre.mn и-мэйлээр авна уу/
  • Төсөл нь ямар үр дүнд хүрэх нь тодорхой байх
  • Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон хугацаа, санхүүжилтийг зарцуулах тооцоо тодорхой байх
  • Төслөөс гарах үр дүн, үр нөлөө, төсөл хэрэгжүүлснээр тухайн бүлгийн хүмүүс болон нийгэмд гарах өөрчлөлтүүдийг тусгах
  • Өмнө нь төсөл хэрэгжүүлж байсан бол төсөл болон туршлагаа бичсэн товч мэдээлэл
  • ЛГБТ Төвд сайн дурын ажил хийж байсан бол сурч мэдсэн зүйл, туршлагаа хуваалцсан мэдээлэл
  • Төсөл хэрэгжүүлэгч бүлгийн танилцуулга, гишүүн бүрийн CV,  төсөлд оролцох үүрэг, ажлын хуваарилалт
  • Богино болон урт хугацаанд нийгэмд гарах өөчлөлтийг тусгах

 

Ирсэн төслүүдээс зорилго, зорилт, үр дүнг харгалзан 1 төсөл шалгаруулна. Төслөө амжилттай хэрэгжүүлсэн тохиолдолд төслийг үргэлжлүүлэх боломжийг олгоно.

 

Төслийн материалыг хүлээн авах хугацаа 

4-р сарын 25-г дуустал

 

Шалгаруулах үйл явц

  1. Ирүүлсэн төслийн материалуудыг хянан, шалгарсан бүлгүүдэд 4-р сарын 28-нд мэдэгдэнэ.
  2. Эхний шатанд шалгарсан бүлгүүдтэй 29, 30-нд ярилцлага хийнэ
  3. Шалгарсан 1 төслийг 5-р сарын 1-нд зарлана