ЛГБТ Төв сайн дурын ажилчидтайгаа хамтран Mongolian Queer Podcast-ыг эрхлэн гаргаад жил гаруй болсон байна. Хүртээмжтэй байх үүднээс унших хувилбараар оруулдаг болоод нэг жил болжээ. Хөл хорионы үеэр манай олон нийт юу хийж байгаа тухайгаа хуваалцсан дугаарыг унших хувилбараар хүргэж байна.
Мэдээлэл:
ЛГБТ Төвийн сайн дурын ажилчид, Mongolian Queer Podcast-ын багийнхан подкаст/ярилцлага бүрийн цаана тусалж, хичээж байдаг билээ. Нэг подкастыг шивж, нийтлэхэд л гэхэд дунджаар 6 цаг ажилладаг юм шүү. Мөн манай подкаст ашгийн бус бөгөөд санхүүжилтгүй хэрэгждэг тул та манай сайн дурын ажилчдыг дэмжээрэй.
ЛГБТ Төвийн үйл ажиллагаа болон хүний эрхийг дэмжиж, хувь нэмрээ оруулж буй танд талархлаа илэрхийлье!
Голомт банк, 1405012628 ЛГБТ Төв, Төгрөгийн данс
Утганд нь: Подкастын багт
Зоро: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчид оо. ЛГБТ Төвөөс эрхлэн гаргадаг Mongolian Queer Podcast-н маань ээлжит нэгэн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Би хөтлөгч Зоро байна. Өнөөдөр надтай хамт шинэ хөтлөгч..
Гонто: Хөтлөгч Гонто байна.
Зоро: Өнөөдөр бид бүхэн нэгэн шинэ хайрын түүхийг сонсоно. Бидэнтэй алс холын Америкаас холбогдсон байна.
Гонто: Хоёроо өөрсдийгөө танилцуулаарай 😊
Шики: Сайн байна уу? Шики байна.
Ууганаа: Сайн байна уу? Ууганаа байна.
Гонто: Тэгэхээр наана чинь хэдэн цагийн зөрүүтэй билээ?
Шики: Монголоос 13 цагийн зөрөөтэй. Одоо энд шөнийн 23 цаг болж байна.
Гонто: Та хоёр өөрсдийгөө манай сонсогчдод дэлгэрэнгүй танилцуулаад өгөөч.
Шики: Би 21 настай. Одоогийн байдлаар бид хоёр хамтдаа энд хэлний бэлтгэлд суралцаж байна.
Ууганаа: Би одоо 22 нас хүрч байгаа.
Гонто: Та хоёр бид бүхэнд анх хэзээ, хаана, яаж танилцаж байснаа хуваалцаач?
Шики: Анх 2016 оны 2 сард бид хоёр фэясбүүкээр танилцаад, чатлаад, утсаар яриад л.. Ер нь л их дотно болчихсон байсан. 2016 оны 2-р сарын 14-ны Валентины өдрөөр гэрт нь очиж уулзаж байсан. Тэгээд бэлэг өгсөн тэ?
Ууганаа: Тийн, бэлэг өгсөн. Ном өгсөн /инээв/.
Шики: тэгээд намайг гэрийнхээ гадаа өвөл 2 цаг хүлээлгэсэн. Би 2 цаг тэсвэртэй хүлээсэний эцэст уулзсан.
Гонто: Тэр үед бол Монголд байсан тэ? Монголын өвөл тэ?
Шики: Тийн, Монголд.
Зоро: Тэгэхээр нэлээн хүйтэн байсан байна даа. Даарж дээ 😊
Шики: Тийн, бүр сүүлд яагаад удсаныг нь сонссон чинь харин бууз идээд намайг хүлээлгэж байсан юм байна лээ /инээв/.
Гонто: Цагаан сартай давхацчихсан байсан юм уу?
Шики: Тийм. Тэгээд түүний дараа бид хоёр уулзаад, болзоонд яваад, түүний 2 сарын дараагаас үерхэж эхэлсэн. Гэхдээ яг хэзээнээс үерхэж эхэлснээ мэдэхгүй байна. Нэг мэдэхэд хосын харилцаатай болчихсон байсан.
Гонто: Анх нүүр нүүрээ хараад болзож эхэлж байхад нэг нэгнийхээ яг юунд нь татагдаж байсан бэ?
Шики: Би өмнө нь ерөөсөө залуучуудтай уулзаж үзээгүй байсан. Миний анх уулзаж байсан залуу Ууганаа байсан. Надад анхнаасаа таалагдаж байсан. Анх хараад л, гаднах төрхийг нь хараад л яг миний type-ийн хүн байсан. Цагаан, буржгар үстэй.. 😊
Гонто: Ууганаагийн хувьд?
Ууганаа: Анх Шикитэй утсаар ярихад л таалагдаж эхэлсэн. Яриа нийлээд л, аягүй хөгжилтэй, joke ойлгодог, Ер нь л аймар яриа нийлдэг байсан. Тэгээд уулзаад үзсэн чинь аймаар өндөр залуу байсан. Би бүр айгаад, ядаж байхад би өндөр залуучуудад дуртайг ч хэлэх үү xD /инээв/. Ер нь манай хүн чинь аймар хөөрхөн.
Шики: Халамжтайг нь хэлээч /инээв/
Зоро: Та хоёр үерхээд бараг 3 жил болох гэж байгаа юм байна тэ?
Шики: Тийн. Одоо энэ 2-р сарын 14-нд бид хоёрын 3 жилийн ой болно. Бид хоёр анх танилцсан өдрөөрөө тоолоод явчихдаг юм л даа.
Зоро: Мхмм, тэгэхээр гей хосууд стрэйт хосуудаас юугаараа ялгаатай байдаг вэ? Зарим хүмүүс өөр гэж бодоод байдаг . Мөн хосын харилцаанд тулгамддаг асуудлын талаар манай сонсогчдод хуваалцаач. Мэдээж 3 жилийн хугацаанд олон зүйл тохиолдож байсан байх.
Шики: Яг л адилхан. Стрэйт хосууд болон гей хосуудад адилхан асуудал тулгардаг. Мэдээж муудалцах үе байна, бие биенээсээ түр тусдаа байх үе байна, яг л адилхан. Хэрвээ үл ойлголцол гарвал тэрийгээ шийднэ, хамтдаа ярилцана. Ерөөсөө ямар ч ялгаа байхгүй гэж надад санагддаг.
Гонто: Та хоёр Монголд хамт байж байгаад, одоо Америкт хамт байгаа. Хоёр орны ялгаа юу байна вэ?
Зоро: Хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?
Шики: Ер нь бол ялгаатай.
Ууганаа: Маш том ялгаатай.
Шики: Жишээ нь, Монголд бид хоёр хэзээ ч ил хөтлөлцөж явж үзээгүй. Харанхуй гудамжинд бол хөтлөлцөж явж үзсэн л дээ. Гэхдээ мэдээж айдастай. Харин энд бол тоодоггүй шд. Хүмүүс бид нарыг тоодоггүй, бид нар ч бусад хүмүүсийг тоодоггүй. Энд гей хосууд олон байгаа. Хамгийн ойролцоох Вашингтон ДС-д бол гей эрхийг сайн дэмждэг. Хүмүүс нь аягүй сайн бүрэн мэдээлэлтэй. Тийм болохоор хэн нэгнийг ялгаварлан гадуурхах үзэл байдаггүй. Бид хоёр бол гудамжаар хөтлөлцөөд л явж байдаг. Хэн ч пүү паа гэж хардаггүй.
Гонто: Олон нийтэд нээлттэй байх нь харилцаанд илүү давуу тал авчирч байна уу? Жишээ нь, Монголд нуугдмал байснаасаа болж стресс үүсдэг. Сэтгэл зүйн хувьд өөрчлөлт байна уу?
Шики: Надад мэдрэгдсэн хагийн том зүйл бол: Бид хоёр маргалдахаараа хамтдаа эсвэл гарын бариад ч юм уу эсвэл үнэсчхээр шууд эвлэрчихдэг. Харин Монголд байх үед муудалцах ч юм уу тийм тохиолдол гарахад эвлэрэх боломж төдийлөн байдаггүй байсан. Энд нээлттэй хамтдаа байхаар нээх асуудал гарахгүй, аягүй хурдан биенийгээ ойлгодог.
Зоро: Америк руу яваад хэр удаж байгаа вэ?
Шики: Одоо 6 сар болж байна. Өмнөх жилийн зун 3 сарын хугацаатай Америкт хамтдаа ирж байсан. Энэ зун 6 сард хоёр өөр газар ирээд зуны 3 сар тусдаа байсан.
Гонто: Хэцүү байсан уу?
Шики: Хэцүү байсан /инээв/. Бид хоёр байнга өдөржин хамтдаа байдаг. Бүх зүйлээ хамтдаа хийдэг байсан. Тус тусдаа өөр өөр мужид байсан болохоор бие биенийгээ маш их санасан. Бас үл ойлголцол үүссэн. Тэр үед чатаар ярихаар би шууд уйлчихдаг байсан /инээв/. Тэгээд 9-р сард хоёулаа өөр өөр мужаасаа ДС д ирсэн. Уулзаад шууд тэвэрч аваад, автобусны буудал дээр үнэссэн. Яг л кинон дээр гардаг шиг юм болдог юм байна лээ тэр чинь /инээв/.
Гонто: Та хоёрын хувьд ирээдүйн төлөвлөгөө, мөрөөдөл юу вэ? Нууц биш бол хуваалцаач.
Шики: Миний төлөвлөгөө гэвэл, би өнгөрсөн 6 сард явахаасаа өмнө гэрийнхэндээ кам аут хийх гэж байсан. Даанч маш их хийх зүйлтэй байсан болохоор цаг зав гараагүй. Яараад хүрээд ирчихсэн энд. Эхний ээлжинд хэлний бэлтгэлээ төгсөөд энд их сургуульд орох том зорилготой байгаа. Түүний дараа гэртээ очоод гэрийнхэндээ кам аут хийнэ. Тэгээд дараа нь энд ирж гэрлэлтээ батлуулна гэсэн хамгийн том зорилготой байгаа.
Зоро: Уншигчиддаа болон гей хосууддаа зориулаад юу гэж хэлэх вэ?
Шики: Миний хувьд хамгийн чухал нь ярилцах. Юунаас болсон, тэр асуудлаа яаж шийдвэрлэх, түүнийгээ ярилцах хэрэгтэй. Би ер нь дотогшоогоо хүн болохоор нээх их ярьдаггүй. Дотроо хадгалаад байдаг. Харин Ууганаа асуудал үүсэх тоолонд надтай илүү их ярилцъя гэдэг. Түүнийх нь хүчинд одоо хүртэл бид хоёр ингээл хамт байгаа байх даа. Тэгэхээр гей хоссууддаа зөвлөх нь гэвэл, бие биенийгээ илүү их ойлгож, ярилцах хэрэгтэй байх. Юунд дуртай, юунд дургүй гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө сурсан зүйлээр нөгөө хүнээ хүчлэх, тулгахгүй байх, ЛГБТИК+ хүний эрхийн талаар илүү ойлголттой болох хэрэгтэй. Бас миний саяхан мөрөөдөж байсан мөрөөдөл гэвэл хэзээ нэгэн цагт хэрэв бид хоёрын гэрлэх насан дээр Монгол улс маань ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрвөл хамгийн анхны гэрлэх гей хос нь болмоор байна /инээв/. Монголдоо хуулиар баталгаажсан гэрлэлтийг хамгийн эхэнд хийлгэхийг хүсч байгаа.
Гонто: Монголчуудын гей хосыг хүлээн авах сэтгэл зүйг зөвөөр өөрчлөхийн тулд юу хийх нь хамгийн зөв бол?
Шики: Миний бодлоор энд яагаад хүмүүс тоохоо больчихсон бэ гэхээр энд ийм хүмүүс байдаг гэдгийг мэддэг, хүлээн зөвшөөрдөг, эрхийг нь ойлгодог. Тийм болохоор нээх тоогоод байдаггүй байх гэж бодож байна.
Ууганаа: 1-рт тоодоггүй, 2-рт харсан ч гэсэн дургүй байдлаа илэрхийлээд байхгүйгээр зүгээр л тоохгүй өнгөрдөг. Энд байгаа, энд ирээд удаж байгаа Монголчууд гэхэд ер нь задгай сэтгэдэг болчихсон. Миний асуудал бол миний л асуудал. Хүний асуудалд оролцдоггүй.
Шики: Аль дээр бид хоёр дэлгүүрт явж байгаад, “Хайраа, хайраа” гээд л Монголоор хэлээд л, дэгдээд явж байдаг. Тэгээд яг гараас нь хөтөлчихсөн “хайраа би тэрийг авмаар байна” гээд л явж байсан чинь. Би угаасаа байнга тэгдэг, байнга юм авахуулдаг. Тэгээд явж байсан чинь нэг Монгол залуу “Хөөе, юу байцгаана?” гэж хэлээд нээх тоохгүй яваад өгсөн. Гайхаад л юу билээ гэж бодсон оо тэгээд сэтгэл өөдрөг гарсандаа тэр дэлгүүрээс.
Гонто: Та хоёроос өөр Монгол хостой таарсан уу?
Шики: Күийр хүмүүстэй таарсан. Яг күийр хосуудтай тараагүй л байна. Бид хоёр бусад хүмүүстэй нээх гарч нийлдэггүй. Хаа ч явсан хоёулаа л явж байдаг. Одоохондоо найзуудтай болоогүй л байна. Ойрын зорилго гэвэл гей хос найзуудтай болмоор байгаа. Гэхдээ яаж олох аргаа сайн мэдэхгүй байгаа.
Ууганаа: Хоёулаа гол нь завгүй байгаад байгаа.
Гонто: Эсвэл нэг гей юм уу лесбиян найз олж аваад тэрийгээ хостой болго /инээв/. Харанхуй шөнө цагаа гаргаж холбогдсонд та хоёрт маш их баярлалаа.
Шики, Ууганаа: Баярлалаа.
Зоро: Энэхүү подкастаар дамжуулаад бид хоёрын асуугаагүй зүйл юм уу та хоёрын хэлэхийг хүссэн зүйл байна уу? Эсвэл та хоёр бие биедээ хандаад сэтгэлийн гоё үгээ хайртдаа зориулаад хэлж болно.
Шики: Би ЛГБТ Төвд хамгийн их талархаж байгаагаа хэлмээр байна. Энэхүү подкастанд орж байгаа болохоор. Мөн би хэзээ ч өөрийгөө хүнд илэрхийлж хэлдэггүй байсан. Өөрийн бэлгийн чиг баримжааны талаар. Мөн хэн нэгэн бэлгийн чиг баримжаа болон хүйсийн чиг баримжаа илэрхийллээсээ болоод хязгаарлагдаж байгаа тохиолдолд тэр хүний эрхийн төлөө дуугарч чаддагүй байсан. Дуугармаар байсан ч яг юу хэлэх, яах ёстойгоо мэддэггүй байсан. Тэгээд 2016 оны 1 сард ЛГБТ Төвтэй холбогдсон. Залуу манлайлагч хөтөлбөрт оролцоод, Түүнээс хойш сүүлийн 2 жил сайн дурын ажилтан хийж байгаа. Тэрнийхээ хүчинд би ЛГБТ эрхийн талаар болон хэн нэгний эрх зөрчигдөж буй тохиолдолд хэрхэн тэр хүнийг хамгаалдах, хэрхэн тэр хүнтэй ярилцах вэ гэдэг талаар суралцаж авсандаа маш их баяртай байдаг. Үүний сацуу би өөрийгөө илүү их нээсэн. Өөрийгөө илүү их чөлөөтэйгээр мэдэрдэг болсон. ЛГБТ Төв дээр байнга очих бүрт орчин нь хамгийн safe байдаг. Үнэхээр аз жаргалтай байдаг байсан тэр мэдрэмжийг өгсөн ЛГБТ Төвийн хамт олондоо маш их баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. Бас зөндөө их санаж байна.
Гонто: Хөөрхөн ш дээ.
Зоро: Монголд ирвэл Төв дээрээ шууд гүйгээд ороод ирээрэй.
Шики: Би бүр тэрийг хамгийн эхэнд мөрөөдөж байна. Төв рүү гүйж ороод, бүгдийн тэврээд тэврээд л явмаар байна. Бас гуляш идмээр байна/инээв/.
Шики Ууганаа хоёр 2020 онд ахин манай подкастанд орсныг ЭНДЭЭС уншина уу.
Нийтлэлийг бэлтгэсэн: Зоро