Бидний хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, ямар тоглоомоор тоглуулах, яаж хувцаслах нь тэдний төрөхөд тэмдэглэгдсэн хүйснээс хамаардаг зүйл болсон билээ. Хөвгүүд хөх өнгийн хувцас өмсөж, машинаар тоглож, харин охид ягаан өнгөөр хувцаслаж, гал тогоонд өөрсдийнхөө хүүхэлдэйгээр тоглоно.
Трансжендэр, интерсекс эсвэл нонбайнари хүмүүс нийт хүн амын тодорхой хувийг эзэлдэг билээ. Тэд бүгд өөр өөрөөр хүйсээ мэдэрч, өөрсдийгөө илэрхийлцгээдэг. Тиймээс бид хүүхдийнхээ төрөхөд тэмдэглэгдсэн хүйсээс хамаарч өсгөж хүмүүжүүлдэг аргаа дахин хэлэлцэх хэрэгтэй юу?
Төрөхөд тэмдэглэгдсэн хүйс/оноосон хүйс гэж юу юм бэ?
(Бичиг баримт дээрх хүйс, хуулийн хүйс)
Биднийг төрөхөд эх баригч эмч нар биднийг хараад төрсний гэрчилгээн дээр “эрэгтэй” эсвэл “эмэгтэй” гэж хүйсийг маань тодорхойлж, баримтжуулдаг. Энэ бол ихэвчлэн бидний хүйсийг ямар байх ёстойг тодорхойлдог анхны зүйл болдог билээ. Бэлэг эрхтэнийг гаднаас нь дүгнэж биднийг тодорхойлж байгааг төрөхөд тэмдэглэгдсэн хүйс гэж нэрлэж байгаа юм. Бидний мэдэх хүйс гэдэг ойлголт бас л маш төвөгтэй ойлголт.
Хүүхэд ярьж, алхаж бүр өөрийгөө таньж ч мэдээгүй байхад хүйсийг нь шууд тодорхойлчихдог. Тэр тодорхойлолт нь буюу төрөхөд тэмдэглэгдсэн хүйс нь тухайн хүний хүйсийн баримжаатай нийцэхгүй ч байж болно. Энэ нь огтоос асуудал биш бөгөөд хүнд байж болох л онцлог юм.
АНУ болон Швед зэрэг орнуудад тодорхой хүйс заалгүйгээр хүүхэд хүмүүжүүлэх аргын талаар сэдэв олны анхаарлыг татаж байгаа юм. 2018 оны “Hidden Brain” подкастын нэгэн дугаарт арьс үндэстний ялгаатай хос хүйсийн хэвшмэл ойлголтоос болж охиноо өөрийн боломжоо бүү хязгаарлаасай гэсэн үүднээс шинэ аргаар хүмүүжүүлж буй тухайгаа ярилцжээ.
Тэгвэл тодорхой хүйс заалгүйгээр хүүхдээ хүмүүжүүлнэ гэхээр яана гэсэн үг вэ?
Хүүхдийг нийгмээс ирэх хүйсийн хоёр туйлт (зөвхөн “эрэгтэй” ба “эмэгтэй”) хязгаарлагдмал ойлголтыг эвдэж, түүнээс өөр байж болох бусад хүйсийн баримжаа болон илэрхийллийг ил гаргаж, мэдрэх боломж олгох юм. Жишээ нь: хүүхэд хүмүүжүүлэгч хүүхдийн өрөөг тодорхой хүйс заагаагүй өнгөөр шийдэж “охин” болон “хөвгүүн”-ий хэн нь ч тоглодог тоглоом, хувцасладаг хувцаснаас өөрөө сонголтоо хийх боломжоор хангах юм. Гэр бүлийхэн нь хүүхэддээ тодорхой хүйс заасан нэр өгөлгүй, өөрөө өсч том болж хүйсийн баримжаагаа болон өөрийн хүйсээ мэдрэхэд туслах явдал багтана.
Тодорхой хүйс заалгүйгээр хүмүүжүүлэх нь онолын үүднээс хүний биологийн хүйс нь тухайн хүний нийгэм, сэтгэл зүйн болон оюуны үзүүлэлтийг тодорхойлдоггүй ажээ. Бодлого, хэл болон нийгмийн бусад салбарууд нь хүний хүйс ба жендэрийн ялгаатай байдлаас болж нийгэмд аль нэг хүйсийн хүмүүс давамгайлж, тэдэнд илүү их тогтсон үүрэг хүлээлгэдэг билээ. Улмаар хэвшмэл ойлголтыг дэвэргэж, ялгаварлан гадуурхалтыг өдөөж байгааг зогсоох, бууруулах зорилготой үзэл санаа нь тодорхой хүйс заахгүй байх юм.
Хүйсийн хэвшмэл ойлголт, тогтсон хэм хэмжээний талаарх чухал ойлголтыг бусдад нөлөөлж буйг нотлох баримт болон баталгаа байгаа юм. Жишээ нь: 2019 оны 6-р сараас эхлэн Нэгдсэн Вант Улс нь ёс бус агуулгатай хүйсийн хэвшмэл байдлыг харуулсан сурталчилгааг хориглохоор болжээ. Тодорхой хүйс заагаагүй хэл, хүмүүжил болон ирээдүйн дүр төрх ч мөн адил.
Зөвхөн хүүхэд хүмүүжүүлэхдээ биш эргэн тойрны хүмүүсээ дүгнэхдээ, өөрсдийн гадаад төрхөө бүрдүүлэхдээ, хэл яриандаа хүртэл анхаарч хоёрхон туйлт хүйсийн дүр зургаас бүрдсэн хэвшмэл нийгмийг халах цаг болсон байх.
Та бүхэн юу гэж бодож байна? Тодорхой хүйс заахгүй байх нь төрийн бодлогын галзуурал уу эсвэл зайлшгүй шаардлагатай нийгмийн хөдөлгөөн үү?