ЛГБТИК+ хүмүүсийг ялгаварлан гадуурхахын эсрэг өдөрт зориулан ЛГБТИК+ сэдэвтэй болон күийр дүртэй киноны дуунуудыг та бүхэнд хүргэсэн билээ. Та бүхэн ЭНДЭЭС сонсоорой. Тус жагсаалтанд орсон кинонуудын талаар та бүхэнд хүргэж байна.

АЙДАХОТБ тэмдэглэх цахим хөтчийг унших бол энд дарна уу.

Love, Simon

Энэ киног үзсэн хүнд өнгө, киноны энгийн намуухан хэмнэл гээд тодоор дурсагдах зүйл их. Өсвөр насны ЛГБТИК+ хүүхдүүдийн асуудлыг хөнгөхөн хэр нь бодитой харуулсан юм. Өөрийгөө хүлээн зөвшөөрөөгүй байгаа, магадгүй гэр бүлдээ кам аут хийхээс айж амьдарч буй олон залууст нөлөөлсөн биз ээ. Хэрэв стрэйт хүмүүс ч бас гэрийхэндээ кам аут хийдэг байсан бол гэсэн хөөрхөн хошигнолуудтай хамт хайр бол хайр гэсэн санааг илэрхийлдэг.

Киноны төгсгөлд гол дүрийн хүү Саймон гэр бүлдээ ком аут хийхэд аав нь

-Энэ бүх хугацаанд чи ганцаараа байсан байна шүү дээ. Би чиний юуг ч өөрчилж чадахгүй гэж хэлдэг хэсэг нь хүн бүрийн сэтгэлд хоногшиж чадсан хүчтэй хэсэг билээ.

Moonlight

Ил бүтээл нь 2017 оны Оскарын шилдэг бүтээлээр нэрлэгдсэн билээ. Нэгэн залуугийн түүхийг гурван мөчлөгт хуваан хүүрнэнэ. Хар арьстан болон гей хүний дүрийг бодит хэрнээ яруу харуулдаг. Нийгмийн тогтолцооны үр дүнд цөөнхийн цөөнх хүний амьдралыг кино урлагаар дамжуулан үзэгчдэд дэлгэсэн юм.

“Чи өөрийгөө хэн болохоо чи өөрөө л шийднэ. Өөр хэн ч чамайг хэн байхыг шийдэхгүй” хэмээн Хуаны хэлдэг үг нь олон хүнд хүрсэн агаад тус дүрээрээ Махелшала Али Оскарын шилдэг туслах жүжигчний шагналыг хүртсэн юм.

Blue is the Warmest Color

Энэхүү өнгөлөг бас өвөрмөц киног бараг хүн бүр мэдэх байх. Адель охины өөрийгөө ойлгож, өөртөө кам аут хийж буй тухай өгүүлэх энэхүү кино нь тус жилийн Каннын кино наадамд амжилттай оролцож, гол дүрийн хоёр жүжигчин болох Адель Экзаркопулос, Леа Сейду нар шилдэг жүжигчдийн шагналыг тус тус хүртсэн билээ. Тус кино нь лесбиан хосуудын харилцааг бодитоор гаргаж ирсэнээр шинэлэг байсан юм.

Brokeback Mountain

Ил кино нь ЛГБТ кино дундаа сонгодогт тооцож болохуйц бүтээл билээ. Хэдхэн жилийн өмнө энэ асуудлаар кино бүтээл ховорхон хийгдэж байхуйд энэхүү бүтээл стрэйт, сизжендер олон нийтэд ЛГБТ олон нийтэд зөвөөр ойлгуулахуйц сайн хийгдэж чадсан юм. Сэтгэл хөдөлгөм бөгөөд удаан хугацааны хайрын тухай энэхүү киног үзэхдээ хүн бүхэн догдолж, уярах биз ээ.

Frozen

Одоог хүртэл Элзагийн дүрийг ЛГБТ мөн үгүй дээр маргаан явж байгаа билээ. Үнэн эсэх нь гол асуудал бус хөндөж буй сэдэв нь чухал байж магадгүй юм. Элзагийн дүр бол багаасаа өөрийгөө бусдаас өөр гэдгээ мэдэрдэг, гэхдээ тэр хүчээ яаж удирдахаа мэдэхгүй, мөн аймшигтай зүйл гэдэгт итгэсэнээр л гэр бүлийнхэнээсээ хүртэл нууна. Нэг талаар Элзагийн дүр бол бэлгэдэл юм. Багаасаа өөрийгөө өөрөөр мэдэрдэг, магадгүй түүнээсээ айж буй ЛГБТ багачуудад Элзагийн дүр урам зориг, хүч өгөх байх. Хэрэв анзаарсан бол гэр бүл нь хүлээн зөвшөөрсний дараа Элза хоёрдугаар ангидаа илүү хүчирхэг болсон байдаг. Өөрийн зөв гэж бодсон зүйлдээ хүчтэй зогсож чаддаг эрэлхэг нэгэн болсонг харуулна. Энэ нь хэн нэгэн өөрийгөө хүлээн зөвшөөрсөнөөр илүү өөртөө итгэлтэй болохыг бидэнд үлгэрлэж байна.

Euphoria

Энэхүү киног зөвхөн Gen Z-гийн кино гэж хүлээн авах нь өрөөсгөл ч байж мэднэ. Түүнд дурдаж байгаа гэр бүлийн харилцаа, хайр сэтгэл, гээд бүгд л бидний дотор байдаг сэдвүүдийг хөнддөг. Нүдэнд үзэгдэхгүй ч байсаар байдаг зарим зүйлүүдийг ил гаргасан билээ. Энэхүү киног үзэх явцад Жүлесийг транс* гэж тодотгох ч юм уу, эсвэл Руйгийн дүрийг күүйр  гэж тодотгосон зүйл харуулахгүйгээр мэдрэмжээрээ урсан өнгөрнө. Магадгүй энэ нь киноныхоо нэрэнд ч мөн тохирсон санагдана. Euphoria гэдэг нь туйлын аз жаргалтай мэдрэмж гэсэн утгатай үг юм.

Frida

Frida Kahlo de Rivera гэх энэ сайхан уран бүтээлчийг мэдэхгүй хүн гэж үгүй билээ. Мексик Улсад 1907 онд төрсөн тэрбээр осолд орсныхоо дараа ч зурж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна. Фрида нь хамгийн алдартай феминист төлөөллүүдийн нэг ба хамгийн алдартай бисексуал эмэгтэйчүүдийн нэг билээ. Түүний уран бүтээл цаанаа л нэг өөр…

Энэхүү кино нь Фридагийн бэлгийн чиг баримжааг хэт стрэйт үзүүлсэн гэж ЛГБТ хүмүүсийн зүгээс үнэлгээ авдаг ч түүний амьдрал, уран бүтээл, хайр дурлалынх нь амьдралыг гайхалтай гаргасан бүтээл болсноороо 2002 онд 6 Оскарт дэвшиж байжээ.

Jongens (Boys)

Хэн нэгнийг хайрлаж байгаа ч илэрхийлэх боломжгүй байна гэдэг хэцүү. Хайрлах хүсэл тэмүүлэл, хэн нэгнийг сэрүүн бодож, зүүдлэх, үнэхээр мэдэрч байгаа зүйлээ харуулах боломжгүй юм шиг санагдах үед сэтгэлийн их зовлон шаналал, бусдыг гомдоох зүйл хийхэд хүргэдэг. Өсвөр насны хүүгийн хайр дурлалыг тухай сэтгэл хөдөлгөм энэ киног заавал үзээрэй. Зураг авалт, өнгө, хөгжмийн найруулга зэрэг нь үнэхээр сайн.

Hedwig and the Angry inch

Мюзиклд дуртай хэн бүхний заавал үзэх кино. Дуулалт, зураг авалт, жүжиглэлт нь ярих юмгүй маш сайн. Мөн дүрийн түүх, үйл явдлын зангилаа, хайр, уур бухимдал, ялгаатай байдлаас үүссэн зовлон зүдгүүр бүр нь киног бүр амьд болгосон.

 

Glee

Glee-г үзэж эхлэхэд зүгээр л high school драма мюзикл шиг санагдах байх. Харин дүрүүдээ танилцуулах тусам дүр бүр нь өөрийн гэсэн онцлог түүхтэй, ялгаатай байдлыг дэлгэцэн дээр гаргаж ирсэн юм. Мөн тэр ялгаатай байдал бүрийн онцлог хэрэгцээ, зовлон, ялгаварлан гадуурхалтын тухай хөнгөн хэрнээ мартагдахааргүй шигтгэж өгсөн билээ. Мөн жүжигчдийн ковер хийсэн дуунуудых нь сонголт болон дуулах чадвар нь яав ч таныг уйдаахгүй.

Hallelujah-Circus Queer Film

5 хан минутын энэ богино хэмжээний уран бүтээлийг заавал үзээрэй гэж зөвлөх байна. Зураг авалт нь эртний уран барилга болох Монтреалийн Гэгээн Питерийн сүмд болсон бөгөөд орчин болон дууны утга нь шашны нөлөөнд күийр олон нийтийг ялгаварлан гадуурхалтын золиос дахиж битгий болоосой гэсэн утгатай.

Гол дүрийн 2 бүжигчний ур чадвар, дэглэлт камерийн хөдөлгөөн зэрэг үнэхээр гайхалтай… Зүгээр л үз.

Нийтлэлийг бэлдсэн: А.Марал, Гонто