Бахархлын сар болж байгаатай холбогдуулан та бүхэнд хэрхэн бэлгийн цөөнх найзуудаа дэмжих талаар нийтлэл бэлтгэн, хүргэж байна. Та бүхэн уншаад, бас бусад найзууддаа хуваалцаж ээлтэй нийгмийг бүтээхэд хувь нэмрээ оруулаарай.

ЛГБТИК+ хүний эрхийн мэдрэмжтэй байхад туслах 10 зөвлөмж

1. Хүний эрх болох ЛГБТИК+ байдлын талаар зөв ойлголттой байх нь чухал.Зөв ойлголттой байснаараа та бусад хүмүүсийн эрхэм чанар, хэрэгцээг нь хүндэлж, дэмжих боломжтой болно. Мөн энэ нь таныг бусдад ямар ч цөөнх бүлгийн нэг хэсэг биш байсан ч тэднийг хүндэлж, тэдний төлөө юм хийж чаддаг гэдгийг харуулна.

2. Найрсаг ханд. Бусадтай хүндэтгэлтэй, хүлээцтэй, хүнлэг харьцаж байгаарай. Үргэлж гадуурхагдаж, бусдын сонин харцтай нүүр тулдаг хүмүүстэй эелдэгээр харьцах нь та тэднийг хүндэлж байгаа гэдгийг маш тодоор харуулж тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг юм шүү.

3. Судалгаа хий. Цахим орчин, блог, интернет, ном ашиглан ЛГБТИК+ хүмүүст тулгардаг асуудлуудын талаар мэдлэгтэй болох нь маш чухал юм шүү.

Хаанаас эхлээд уншиж болох вэ? 

Та ЛГБТИК+ хүмүүсийн тухай түгээмэл асуугддаг асуултуудыг, хариултуудтай нь унших бол ЭНД дараарай.

Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааны талаар энэ бичлэгнээс үзээрэй.

Мөн та ЛГБТ Төв дээр ирээд гарын авлагануудаас үнэ төлбөргүй авах боломжтой. Та The LGBT Centre хуудас руу чат бичиж мэдээлэл аваарай.

 

4. ЛГБТИК+ хүмүүсийн төлөө үйлдэл хий. Тэдэнд тулгардаг олон асуудлууд байдаг тул тэдэнтэй хамтарч, тэдний төлөө өөрчлөлтийг бий болгох нь тун чухал юм. Жишээ нь гэхэд бусдад зөв мэдээлэл түгээх, сайн дурын ажил хийх эсвэл Тэгш эрх, бахархлын өдрүүдэд оролцох эсвэл хомофобик үзэлтэй улс төрчдийг шүүмжлэх, эсэргүүцэх  гэх мэт

5. Алдаа гаргасан бол уучлалт гуй. Хүн болгон алдаа гаргадаг шүү дээ! Хэрвээ таны алдааг хэлж өгвөл алдаагаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйгаад дараагийн удаа анхаарахад л болно. Заримдаа хийсэн үйлдээс чинь илүү бусдад үзүүлэх нөлөө нь чухал байдаг юм шүү!

6. Танд энгийн мэт санагдах зүйлс ЛГБТИК+ хүмүүст чухал байдгийг ойлгоорой. Сизжендэр (транс* биш), стрэйт (эсрэг хүйсийн хүндээ татагдаж, дурладаг бэлгийн чиг баримжаатай хүмүүс) байх нь ариун цэврийн өрөөнд үйлчлүүлэхэд, эрүүл мэндийн аливаа тусламж үйлчилгээ, бичиг баримт авахад хамаагүй амар байдаг гэдгийг мартаж болохгүй. Харин эдгээр эрхүүдийг зарим хүмүүс тэмцэж авдаг гэдгийг хүндлэх нь маш чухал юм.

7. Сонс. Трансфоб, хомофоб (ЛГБТИК+ хүмүүсийг үгүйсгэдэг, үзэн яддаг үзэл, хандлага) үйлдлүүд үл тоогдож, наргиан, шоглоом мэт өнгөрөх нь олонтаа. Тийм учраас ЛГБТИК+ хүмүүсийн туулж, мэдэрч буй зүйлсийг сонсож, хүлээн зөвшөөрч, хүндэлж бай. Мөн хэрхэн дэмжлэг үзүүлж тусалж болох талаар тэднээс сонсоорой.

8. Хэзээ ч тухайн хүний зөвшөөрөлгүйгээр бусдад ЛГБТИК+ хүн гэдгийг нь илэрхийлж, хэлээрэй. Хүний өмнөөс кам аут хийж, өөрийнх нь бэлгийн чиг баримжаа болон хүйсийг баримжааг нь бусдад илэрхийлэх нь маш бүдүүлэг бөгөөд тухайн хүнд аюул авчирж болзошгүй хортой үйлдэл гэдгийг ойлгоорой. ЛГБТИК+ хүн гэдгийг нь бусад хүмүүс сонсоод эерэгээр хүлээж авахгүй, амьдралд нь бэрхшээл үүсгэх вий.

9. ЛГБТИК+ хүмүүст битгий их санаа зов. Ялангуяа ЛГБТИК+ гэдгээс нь болоод тэдний ирээдүйн амьдралын талаар. Хэнтэй учрах бол, ямар хүнтэй суух бол, “хүн” шиг амьдрах болов уу гэх мэт. Хэтэрхий хувийн асуудал руу нь орж, тэр асуудлуудыг нь шийдэх гэж хичээх нь ямар ч хүнд эвгүй шүү дээ.

10. Нөхөн үржихүйн эрхийг нь хүндэл. Ямар бэлэг эрхтэнтэй бол? Яаж бэлгийн харьцаанд ордог бол? Хүүхэд гаргах болов уу? Эдгээр асуултууд танд сонирхолтой байвал интернетээс ухаарай. Заавал ЛГБТИК+ хүн гэхээрээ танд бүх амьдралаа ярьж өгөх албагүй шүү дээ. Нэмээд хэлэхэд хүн бүрийн хамгийн нандин, халдашгүй эрх бол нөхөн үржихүйн эрх билээ.

Хэрхэн дэмжих вэ?

  • Хамт байхдаа дэмж. Хэн нэгний хажууд нь байж түшиж, дэмжих хэрэг гарч магадгүй. Тэр үед тэднийг сонсож, туулж буй зүйлсийг ойлгоорой.
  • Урд нь гарч дэмж. Тэднийг дээрэлхүүлэхээс, бэртэж гэмтэхээс зайлсхийхэд нь тусалж урд нь зогсох хэрэг гарч магадгүй.
  • Түшиг тулгуур нь бол. Өөртөө юу хэрэгтэйг тэд мэдэж байгаа тул тэднийг түшиж дэмжээрэй. Заримдаа хүнд зөвлөж, заахаас илүү зүгээр л сонсож, хамт байх нь чухал байдаг шүү.
  • ЛГБТИК+ байдлыг хүндэлнэ гэдэг нь эсэргүүцэхгүй байж, дуугай өнгөрөх биш юм. ЛГБТИК+ олон нийтийг үргэлж хүлээн зөвшөөрдөг, найрсаг, дулаан нийгмийн орчинг бий болгох нь хамгийн том үйлдэл, чухал зүйл билээ. Тиймээс бусдад зөвөөр ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх, дэмжүүлэх талаар олон талаас нь эргэцүүлж, хичээгээрэй.

Транс* найзуудаа хэрхэн дэмжих вэ?

  • Найзтайгаа ярилцаж, илүү таньж мэдээрэй!
  • Өөрийгөө байнга мэдлэгжүүлээрэй!
  • Хүйс заасан үгнүүдийг хэрэглэхдээ анхаараарай! (найз охин, хөвгүүн, ах, эгч, эмэгтэйлэг, эршүүд гэх мэт)
  • Тухайн хүний сонгосон нэрийг ашиглаарай! Учир нь “жинхэнэ” гэгдэх нэр тэдэнд эмзэг мэдрэмжийг төрүүлж болзошгүй.

Нийтлэл бэлтгэсэн: Нарзаяа

Нийтлэл хянасан: Кенна

Сүүлийн зөвлөмж

Хүн бүрд ээлтэй, хүртээмжтэй нийгмийг бүтээх гэж хичээж байгаа танд маш их баярлалаа. Бас амжилт хүсье! Хүний эрхийн мэдрэмжтэй болж, олж авсан мэдлэг, мэдээллээ үйлдэл болгоход цаг хугацаа болон маш их хүчин чармайлт шаардагддаг. Гэлээ ч ЛГБТИК+ олон нийтийн төлөө хийж байгаа үйлдэл бүр чинь хожмын сайн сайханд хөтлөх юм шүү.

Бусаддаа түгээгээрэй!