Бид 6-р сарыг бахархлын сар хэмээж өөрсдийгөө зоригжуулан, өөрөөрөө байхад зориулдаг билээ. Тэгвэл яагаад бахархлын сар нь “бахархлын” сар болж ямар учраас үүссэн юм бол?
Бидний тэмдэглэдэг бахархлын сар, бахархлын жагсаал нь ЛГБТИК+ соёл, түүнчлэн нийгмийн хандлагад хамгийн нөлөө бүхий АНУ-аас гаралтай. Одоогоос 51 жилийн өмнө буюу 1969 онд Стөүнваллын бослогоос эхэлсэн аж.
1950, 1960-аад оны Америкийн нийгэм ЛГБТИК+ хүмүүст хууль зүйн хүрээнд ч тэр, нийгмийн хүрээнд ч тэр дарамт шахалттай байсан билээ. 1965 оноос эхлэн жил бүрийн 7-р сарын 4-нд тухайн үеийн ЛГБТИК+ байгууллагууд “Сануулга” хэмээх жагсаал хийж, ЛГБТИК+ хүмүүс иргэний үндсэн эрхээр хамгаалагддаггүй гэдгийг сануулдаг байжээ. Гэсэн хэдий ч ижил хүйстэн байх нь бүү хэл, эсрэг хүйсийн хүн шигээ хувцаслах хүртэл АНУ-д хууль бус байсан учраас цагдаа нар гей баруудад дайралт, нэгжлэг хийж маш олон гей, транс* хүмүүсийг баривчилдаг байсан ажээ.
1969 оны зургаадугаар сарын 28-ны өглөө Стөүнвалл хэмээх гей бард байсан лесбиян, гэй, бисэксуал, транс* хүмүүс цагдаа нарын хийсэн дайралтын эсрэг тэмцсэн байна. Энэхүү тэмцэл нь ЛГБТИК+ нийгмийн түүхэн дэх хамгийн чухал үйл явдал гэж яригддаг бөгөөд АНУ төдийгүй дэлхий даяар хомофоб үйлдлийн эсрэг, ЛГБТИК+ хүмүүс өөрсдийн эрхийн төлөө тэмцэх илэрхийлэл болжээ. Цагдаа нарын эсрэг өрнүүлсэн тэмцэл нь тун удалгүй тухайн гудамжийг бүхэлд нь хамарч хэдэн өдрийн турш үргэлжилсэн байна.
Ийнхүү 1970 оны 6-р сарын 28-нд Стөүнваллын тэмцлийн 1 жилийн ойгоор “Кристофер гудамжийг чөлөөлсний өдөр” (Стөүнвалл бар нь Кристофер гудамжинд байрладаг байсан) хэмээх жагсаалыг Кристофер гудамжаас Централ Парк хүртэл зохион байгуулжээ. Энэхүү жагсаал нь бидний одоогийн мэддэг Бахархлын жагсаал юм.
Бахархлын жагсаалдаа 50 жилийн ойн мэнд хүргэе!
Стөүнваллын тэмцэл нь бахархлын сар, бахархлын жагсаалын үндсийг тавиад зогсохгүй ЛГБТИК+ хүмүүсийг хүчирхэгжүүлж, нийгэмд бид байгаа хэмээн илэрхийлж, тэгш эрхийг шаардах томоохон эхлэлийг тавьсан юм. Нуугдаж айдаг байсан хүмүүс өөрөөрөө байж, өөрсдийгөө хайрлан, цагдаа, хуулийн эсрэг тэмцсэн нь орон зай, цаг хугацаа хамааралгүй ЛГБТИК+ хүмүүст итгэл найдвар төрүүлж одоог хүртэл өрнөж буй эрхийн төлөөх тэмцэлд томоохон ач холбогдолтой байдаг билээ. Ийнхүү бахархлын жагсаал маань 50 жилийн дараа гэхэд бүх тивд тархаж сая сая хүмүүсийг хамарсан үйл ажиллагаа болжээ.
АНУ-д 1969 оноос хойш мужууд “homosexuality” буюу ижил хүйстэн байхыг гэмт хэргийн тооноос хасаж эхэлсэн бөгөөд 2003 он гэхэд бүх мужууд гэмт хэрэг гэж үзэхээ больжээ. 1978 онд Харви Милк Калифорниа мужийн хамгийн анхны гей улс төрч болсон бөгөөд энэ нь ЛГБТИК+ эрхийн төлөө тэмцэлд томоохон нөлөө үзүүлж чадсан юм.
1980-аад онд дэлхий ХДХВ-ын вируст нэрвэгдэв. Эхний тохиолдлууд нь ихэвчлэн гей хүмүүст илэрч байсан нь ХДХВ/ДОХ-ыг “Gay Related Immune Deficiency” буюу Гей байдалтай хамааралтай дархлал хомсдол гэж нэрлэхэд хүргэсэн байна. Энэхүү явдалтай холбогдуулан ЛГБТИК+ хүмүүсийг ялгаварлах нь ихэссэн бөгөөд мөн түүнийг дагаад эрүүл мэндийн үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохыг шаардсан олон байгууллагууд үүсч ЛГБТИК+ хүмүүсийн нийгэм дэх оролцоо ихэссэн байна.
Үүнээс хойш АНУ-ын ЛГБТИК+ түүхэнд хамгийн том дэвшлийг авчирсан үйл явдлууд нь Калифорниа мужид 2008 онд ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр, мөн ерөнхийлөгч асан Барак Обамагийн хийсэн томоохон үйл ажиллагаанууд юм. 2015 онд АНУ-ын дээд шүүх бүх мужид ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байна.
Хамгийн анх 2001 онд Нидерланд улсад ижил хүйсийн гэрлэлт хуулийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн бол одоогийн байдлаар хамгийн сүүлд 2020 оны 5-р сарын 26-нд Коста Рикад хүлээн зөвшөөрөгдөөд байна.
2020 оны 6-р сарын 14-нд АНУ-ын дээд шүүхээс хүнийг ЛГБТИК+ байдлаас нь үүдэж ажлаас нь халахыг хуулиар хориглосон юм.
Монгол улсад 2014 онд анхны бахархлын жагсаал “Тэгш эрхийн төлөө алхалт” нэртэйгээр зохион байгуулагдаж, 14 хүн Сүхбаатарын талбайгаар тайвнаар жагссан билээ. Үүнээс хойш жил бүрийн бахархлын жагсаалд оролцох хүмүүс олон болж, ЛГБТИК+ хүмүүсийн тэгш эрхийн төлөө алхсаар байгаа юм.

ЛГБТИК+ залуучууд бахархлын сараар юу хийцгээж байна вэ?
Нийтлэл унших бол ЭНД дарна уу.
Нийтлэлийг бэлтгэсэн: Нарзаяа
Нийтлэл хянасан: Кенна