Та бүхэнд подкастын 6-р улирлаа хүргэж байгаадаа баяртай байна. ЛГБТ Төв хүн бүхэнд хүртээмжтэй байлгах үүднээс подкастаа унших хэлбэрээр хүргэхээр болж, сайн дурын ажилтнууд маань тусалдаг билээ. Та бүхэн шинэ дугаараа хүлээн авч уншина уу.
Сонсох бол ЭНД дарна уу.
Хөтлөгч: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчидаа. Хүндэт сонсогчидоо. Mongolian Queer Podcast-н 6-р улирал маань саяхан эхэлсэн байгаа. Та бүхэндээ бахархлын сарыг тохиолдуулаад маш өвөрмөц гоё зочдыг урьж оролцуулж байгаа. Энэ удаагийн дугаарт та бүхэн ихэнх нь мэдэх байх, мэдэхгүй бол зайлшгүй мэдэх ёстой ЛГБТИК+ олон нийтийн төлөөлөл нэгнийг урьж оролцуулсан байгаа.
За манай зочин өөрийгөө танилцуулна уу?
Зочин: За сайн байцгаана уу? Юуны түрүүнд намайг подкастандаа урьж оролцуулж байгаад баярлалаа. Намайг Балдангомбо гэдэг. ЛГБТ олон нийтийн хүний эрхийн хамгаалагч гэж өөрийгөө тодорхойлдог. ЛГБТ Төвд Эрх зүйн хөтөлбөрийн менежерээр ажиллаж байгаад ажлаа хүлээлгэж өгсөөн.
Хөтлөгч: Тийм шүү. Би Бааяа ахтайгаа танилцаад 4-5 жил болж байна. Кам аут хийгээд Төв дээр ирж байсан үеээсээ л танилцаж байсан. Сүүлд нэг баг болж ажиллаад 2 жил гаруй болсон байх. Тэгсэн мөртлөө би нээлттэй хүмүүсийг жоорлоод байдаг байхгүй юу? Нээлттэй юм чинь гоё үед нь оруулна гэж бодоод. Тэгээд яг тэр гоё үе нь өнөөдөр болсон байна.
Заа тэгээд эхний асуултандаа орье. Та өөрийгөө яг юу гэж тодорхойлдог вэ?
Зочин: Би өөрийгөө тодорхойлохдоо бол бэлгийн чиг баримжаа бол гей. Хүйсийн баримжаа сизжендэр.
Хөтлөгч: Яг манай сонсогчид мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ сошиал орчин хөгжихөөс өмнө олон нийтийн зурагт болон сонинд гей гэдгээрээ нээлттэй ярилцлага өгч байсан, тухайн үеийн баатруудын нэг. Яагаад гэхээр залуучууд харьцангуй нээлттэй болоод явж байгаа ч гэсэн 2000-д он, 2010-аад онд энэ асуудлаар ярих нь хэцүү байсан. Үнэхээр хаалттай эмзэг сэдэв байсан. Маш олон хүмүүст хаалттай байсан үеүдэд зөв мэдээллийг өгсөн, хэцүү үед нээлттэй байсан хүмүүсийн нэг. Тэгэхээр таньтай ярих юм зөндөө байна. Түүхээс нь бид нар сонсох ёстой.
Хаанаас эхлэх вэ? гэхээр… Та хэдэн насандаа өөрийгөө тодорхойлсон бэ? Өөрийнхөө дотор болсон үйл явцаа яриач. Уншигчиддаа бас он цагийг нь хэлбэл сайн байна.
Зочин: Би чинь өөрөө 70-аад оны хүн. Миний өсвөр нас бол 88-92 оны хооронд яваад өнгөрсөн юм уу даа. Яг шилжилтийн үе таарсан. Яг 13-14 настай байхдаа өөрийгөө үеийнхнээсээ ялгаатай юм байнаа гэдгээ мэдэрсэн. Ялангуяа 6-р ангид ороод ирсэн чинь бүүр их мэдрэгдээд, яагаад тэгж их мэдрэгдсэн бэ гэхлээр үеийн хөвгүүд охидуудын хойноос ид хөөцөлдөөд, хайрын захиа дамжуулаад л байдаг байсан чинь би чинь шаал өөр юм бодчихсон явдаг байсан. Ангийнхаа хөвгүүдэд татагдаад байна гэдгээ мэдчихээд түүнийгээ буцаагаад далд хийчихсэн. Яг тэр үед тийм л байсан юм. Тэр одоогийнх шиг нээлттэй мэдээллийг хаанаас бол хаанаас олоод уншчихдаг байж чаддагүй байсан болохоор их хэцүү. Хүмүүсийн хандлагыг ажиглах гэхээр тэр талаар мэдээлэл олдохгүй. Бүр хожуу 1992 он VIII-р ангид байхдаа, дөнгөж 16 настай хүүхэд шдээ. Тэр үед секслогич Болдсайханы ном гарсан юм. Тэр номон дээрээс зүрхшээж байгаад уншсан. Тэгсэн чинь тэрэн дээр ижил хүйсийн бэлгийн хавьтал бол буруу хурьцал юмаа, гаж дон юмаа гээд биччихсэн байсан. Тэгээд дуусаа. Дахиж нэг удаа цохилтонд орчихож байгаа юм. Тэгээд энэ тухай хэнтэй ч ярьж чадахаа байчихсан. Юун эгч ах, ээжтэйгээ ярилцах нь битгий хэл бүр үеийнхэнтэйгээ ярилцах боломжгүй хаалттай болчихсон Ерөнхийдөө бол би 26 нас хүртлээ өөрийгөө хаачихсан. Өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй. Бусадтай адилхан болохыг хүсдэг байсан.
Хөтлөгч: Таны 26 нас гэхээр хэдэн он бэ?
Зочин: 2002 он
Хөтлөгч: Тэгэхээр би одоо дөнгөж 6 хүрч байсан юм байна. 1992 он гэхээр бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчин биш гээд дөнгөж л дэлхий даяар явж байсан үе болохоор аргагүй л юм л даа тэ!
Зочин: Монголд бол бүр хожуу шдээ. Энэ асуудлыг хожуу л ярьж эхэлсэн. Бараг 2010 онос ярьж эхлэвүү дээ. Эрүүл мэндийн салбарынханд ч гэсэн сэтгэцийн гаж дон гэж үздэг хүмүүс байсан л юм чинь. Тэгэхээр тэр үед энэ талаар гэхээр хаалттай байсан. Өөрийгөө хаасан шалтгаан нь ерөөсөө жоохон боломж л олдчихвол эмэгтэй хүнтэй гэрлэчих гээд байсан. Ер нь өөртөө тийм хүлээлттэй байсан. Ямар сайндаа Мүүний шашин гээд солиороод, элийрээд явж байхав дээ. Шашны сургаалиар өөрийгөө өөрчлөх гээд байгаа юм уу? Цаг нөхцөөгөөд байгаа юм уу? Миний амьдралын хамгийн харанхуй үе шүү дээ.
Хөтлөгч: 5 жилийн өмнө Мүүний гаж урсгал гээд сенсаци болоход, баримтат кино яваад байсан шдээ. Тэр үед би таны орсныг үзсэн. Тэгээд Wooow гэж бодоод ….
Зочин: Ер нь бол хүн өөрийнхөө мөн чанарыг хүлээн зөвшөөрч чадахгүй болохоороо сүүлдээ сэтгэл зүйн хувьд маш их ядардаг юм билээ. 25-26 хүрээд нэг өглөө сэрээд бүх юмаа хаяад Хуулийн сургуульд орчихсон. Яааж байгаан гэхлээр… Үүнээс цаашаа явах зам байхгүй болчихсон юм шиг санагдаад. Тэгээд л Шихихутагт орсон. Ер нь Шихихутагт орсон ч бас тодорхой зорилготой байсан. “Хэрэв би эрх зүйн мэдлэгтэй, чадвартай байх юм бол” гэдэг дээр акцент өгөөд тэгээд Шихихутагт ороод 4 жил сураад эрх зүйч мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн.
Хөтлөгч: Тэр хүртэл та Мүүний шашинд ороод өөрийгөө их үгүйсгэж байсан. Нөгөө талаараа шашны хохирогч болж байсан талаараа ярьж байсан. Тэр үед ер нь ямар байсан бэ? Бас хүнтэй суух шахсан гэж хальт сонсож байсан.
Зочин: Ер нь бол зургаар нэг халимаг бүсгүйтэй нийлүүлэгдсээн нийлүүлэгдсэн. Арай ч гэрлээгүй. Гэхдээ хуримынх нь ёслолд эдр оролцож байсан шдээ. Тэр ер нь ерөөсөө хүлээн зөвшөөрч болохгүй юм байсан. Тэгэнгүүт нь энэ ерөөсөө худлаа болчихлоо. Аажим аажмаар өөрийгөө татаж аваад л. Манайх сэтгэл зүйн эрүүл мэндийг их чухалчилдаг шдээ. Яагаад гэвэл өөрт байгаа зүйлээ дотогш нь хийгээд байх тусам тэр чинь хүндрээд байдаг. Заримдаа би дүрс хийсэн онцгүй ааштай. Юм хэлэхэд юм саналгүй хурдан илэрхийлчихдэг. Энэ нь үргэлж өөрийгөө хааж байсантай холбоотой, гэнэт өөрийгөө задлаад тавьчихсан чинь унаган араншин нь гараад ирсэн үү гэхээр бас тийм биш, бага эгч ах нартайгаа тоглодог байсан ч гэх юм уу? Тэр үеээ дурсаад үзэхээр би их дөлгөөхөн хүүхэд байсан. Манай 10 жилийнхэн ч намайг томоотой, дөлгөөхөн хүүхэд байсан гэж боддог байсан боловч тэр хугацаанд би зан араншингийн хувьд их өөрчлөгдсөн байсан.
Сэтгэл зүйн хувьд ядарчихсан байдаг гэж түрүүн хэлсэн шдээ. Ер нь өөрийгөө үгүйсгээд байхаар хүн байнга хоолойн дээрээ хутга тулгуулчихсан юм шиг явдаг. Тийм болохоор юманд хүлээцтэй хандаж чадахаа больчихдог. Жоохон юм хэлэхээр дүрс хийдэг ч юм уу? Жоохон л зэвүүн хүргэчих юм бол “Энэ муу юу гээд байгаа юм” гээд буруу хараад хүнтэй хэрэлдчих гээд, зодолдчих гээд байдаг болчихсон байсан. Энийгээ бага багаар засаад залруулаад явахыг хичээдэг.
Хөтлөгч: Тэгээд таны амьдралын эргэлт гэх юм уу? “За ерөөсөө больё, өөрийгөө хүлээн зөвшөөрье” гэдэг бодол яг юунаас болж үүссэн бэ? Түүний дараа танд ямар ямар өөрчлөлтүүд гарсан бэ? Бэрхшээл байсан л байх даа.
Зочин: Бэрхшээл бол маш их байсан. 26 хүртлээ өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй явж явчихаад гэнэт өөрийгөө сул тавьчихсан. Өөртөө зорилго тавиад “Заа би ямар ч байсан боловсрол эзэмших хэрэгтэй” гээд дээд сургуульд орчихож байгаа юм. Хууль зүйн сургууль учраас тэнд хууль зүйн шинжлэх ухааны төрийн онол, эрх зүйн онол, хуульчийн ёс зүй гээд нарийн ширийн хичээлүүд үзээд эхлэсэн. Яг тэр үед маш том чухал эргэлт гарсан. Тэр юу вэ гэхлээр анхныхаа хайртай хүнтэй учирч байсан. Дөнгөж гарч ирээд нээх удаагүй байсан юм. Тэр хүн бол яг л өөрийнхөөрөө амьдардаг, өөрийнхөөрөө амьдрахдаа чимээгүй мөртлөө тухтай амьдардаг. Тэгээд бид хоёр хамт амьдарч үзээд 4 жил хамт амьдарсан. Яг хосуудын харилцаа ямар байдгийг тэндээс суралцаж байгаа юм. Заримдаа үл ойлголцох юм гарна. Яг тэндээс л бүх юм эргээд эхлэсэн. Дээрээс нь сургуульд сурсан нь их нөлөөлж байгаа юм, оюутан ангийн найзуудтай болсон. Гэхдээ оюутан байхдаа ч би тийм ил тод байгаагүй. Гэхдээ л ерөнхийдөө аман дээр гарч ирэх гээд байдаг байсан. Зарим ангийнхандаа хэлж амжсаан амжсан. Гэхдээ тиймэрхүү байх үедээ тэр хүнтэйгээ танилцаад, хамтран амьдарч үзээд. Тэр нь надад маш том туршлага болчихож байгаа юм. “Аан хамтын амьдрал гэдэг чинь ийм байдаг юм байна шдээ” гээд нөгөө нэг айхтар үгүйсгээд байсан ижил хүйсийн бэлгийн хавьтал энээ тэрээ асуудлууд чинь аажим аажмаар, алхам алхмаар гэхдээ тийм хурдан биш шийдэгдэж эхэлсэн. Тэгээд 2дахь асуудал нь болохоор 2004 онд манай гэр бүлийнхэн ерөнхийдөө намайг мэдчихсэн. Ер нь тэрнээс хойш шулуудчихсан шдээ.
Хөтлөгч: Заа тэгэхээр тэр 2000-аад онд яаж тэр хайртай хүнээ олсон бэ? Бид нар бол Facebook-ээр ч юм уу? залуучууд нь Grindr, Tinder гээд application-аар танилцаж байна шдээ.
Зочин: Та нарт бол есөн шидийн юм байгаа шдээ. Бид нарын үед дөнгөж интернет кафенууд нээгдэж эхлэж байсан. Hotmail-ын мессенжер байна, Yahoo messenger байна дээрээс нь Mongolia.de гээд Германы аялал жуулчлалын компанийн вэб сайт байдаг байсан. Тэрэн дээр чаат байдаг байсан. Тэр чат их инээдтэй 100-хан хүний багтаамжтай. Тэр чатанд дээр гей хүмүүс ч юм уу орвол нэгнээ олдог. Миний үед бол тийм байсан. Анхныхаа хүнтэй бол би тэгж танилцаж байсан. Тэгээд дараа нь Yahoo messenger чинь хөгжөөд, ер нь тэр чаатад орчхоод л хүнээ олох юм бол Yahoo messenger-ээ солилцоод Yahoo messenger-ээрээ харилцдаг. Тэр үед үүрэн телефон дөнгөж гарж ирж байсан болохоор хүн бүр утастай байж чаддаггүй байсан. Гэхдээ гар утас бол байж л байсан л даа. Гэхдээ дугаараа бол айгаад хамаагүй өгөхгүй шдээ. Яагаад гэхээр Yahoo messenger дөнгөж Video Call хийдэг болчихсон байсан. Video Chat-аар бие биенээ харчихаад “Аан зза” гээд л таалагдвал уулзаад л, таалагдахгүй бол “чи таалагдахгүй байна аа” гэж хэлээд явдаг байсан.
Хөтлөгч: Тэр үед ангийн уулздаг газар байсан юм уу? Одооных шиг баар ч юм уу? ЛГБТ Төв ч юм уу?
Зочин: Барнууд яг тэр үед нээгдэж эхлэж байсан. “City Life”, “West Life” гээд. Тэгээд хэсэгхэн хугацаанд ажиллаж байгаад хаагдаад байсан. Тухайн үедээ янз бүрийн дарамттай учирдаг байсан байлгүй дээ. 2-3 ажиллаж байгаад буцаад хаагдаад л. Яг бүр тогтвортой ажиллаж эхлэсэн нь Ханзо шдээ.
Хөтлөгч: Тийм шүү. Сая л 6 жилийн ой нь болсон уу?
Зочин: 7 жилийн ой болсон. 2011 оноос хойш ажиллаж байгаа шдээ. Тэгээд яагаад 7-8 жилийн ой гэж яриад байгаа юм бол? Би 2011 он шиг санаад байхын.
Хөтлөгч: Эргээд нөгөө 2004 оны явдлын талаар??
Зочин: Гэр бүлийнхэн ихэнх мэдчихсэн л дээ.
Хөтлөгч: Яаж явж байгаад мэдчихэв??
Зочин: Яахав нөгөөдөх чинь гэртээ ирэхээ больчихгүй юу? Гэртээ ирэхээ больчихоор чинь ах эгч нарын чинь санаа нь зовно шдээ. Энэ хаана хэнтэй, юу хийгээд яваад байна гээд асуугаад шалгаагаад эхэлсэн. Тэгээд гэрийнхэн дуудаад уулзангуут л би “ Тиймээ, тийм би гей” гээд хэлчихсэн. Тэгээд уурлах нь уурласан. Би чинь өөрөө шазруундуу зантай, хүн харьцахгүй гэчих юм бл буруу харчихдаг. Зарим талаараа түүнийгээ зөв хэрэглэж чадах юм бол хэрэгтэй юм билээ шүү гэж захимаар санагддаг шдээ. Яагаад гэвэл нэгэнт би 18 настай байгаагүй, 27-28тай нас биеэнд хүрчихсэн байсан. Тэр маань их нөлөөлсөн байх. Дээрээс нь ард талд нь хайртай хүн байсан. Түшиж тулах юмтай. Гэрээсээ явлаа гэхэд найз залуу дээрээ оччихноо гэдэг ч юм уу, угаасаа хамт амьдарч байсан болохоор бэрхшээл саадтай нээх их тулгараагүй. Түших тулах хүнтэй байна гэдэг чинь ерөөсөө түүнийг хэлээд байгаа юм. Очих газартай, түших тулах хүнтэй. Тэрэндээ их бардаад, дээрээс хичээл сургуулиа их анхаардаг л байсан л даа. Нэгэн сургуульд сурч байгаа юм чинь гайгүй төгсчих юмсан гээд их хичээж, чармайдаг байсан. Одоо ингээд анзаархад би 10 жилд байхдаа жоохон хэцүү болчих л юм бол ном уншчихдаг, хичээлээ хийчихдэг. Сургууль дээр миний үеийнхэн их хэцүү шдээ. Бие биенээ дээрэлхэнэ, зодно, дарамтлана. Янз бүрийн юм болно шдээ. Манай сургууль чинь хотын захын сургууль гэж явдаг байсан болохоор ч тэр юм уу. Тийм болохоор чинь аягүй сайн найзуудтай байсан байна лээ. 2,3 найзтай. Өмгөөлөх хамгаалах хүнтэй. Гэхдээ заримдаа хүмүүст яалт ч байхгүй зодуулчих дөхөөд, “тэр намайг зодсон” гээд ангийнхаа 2, 3 хүүхдийг дагуулж буцаж очоод зодолдчих гээд. Тиймэрхүү хогийн юмнууд зөндөө болдог байсан. Гэхдээ ангийнхан намайг 4-р анги хүртэл охин шиг “Охин Бааяа” гэж дууддг байсан.
Хөтлөгч: 2002 оноос өдийг хүртэл ЛГБТ олон нийтийг хараад өөрийнхөө үетэй харьцуулаад явж байна гэхлээр аягүй урт ном байгаа байхгүй юу тэ! Монгол ЛГБТ Төв гэхэд 2007 онд үүсэн байгуулагдсан байгаа шдээ. Таны хувьд ЛГБТ Төвийг үүсэн байгуулж байхад байсан уу? эсвэл сонсож байсан уу? Тэр үед бол ямаршуу байсан юм.
Зочин: Анхны ЛГБТ байгууллага гэх юм бол “Тавилан” гээд ТББ Монголын эмэгтэйчүүдийн сангийн санхүүжилтээр байгуулагдаж байсан шдээ. 1999 онд байгуулагдаж байсан юм байна лээ. Гэхдээ тэр үед бол би юу ч мэдээгүй. Ягаад тэр байгууллага хаагдчихсан бэ гэхлээр хөөрхөн олон нийтээсээ санал асуулга аваад лавлах утас ажиллуулж эхлэсэн юм байна лээ. Гэсэн чинь тэрийг нь цагдаагийн байгууллага та нар садар самуун сурталчиллаа гэнгүүт нөгөө ТББ маань ч гэсэн айж сандраад 6 сар хэрээтэй ажиллаад хаагдсан. “Тавилан”-гийн суурин дээр чинь “Залуус Эрүүл мэнд Төв” байгуулагдсан. Гэхдээ ажиллах чиглэл нь Бэлгийн замын халдварт өвчин, ДОХ, ХДХВ болгоод чиглэлээ өөрчлөөд явсан. Тэгээд дараа нь “Хамтдаа” төв байгуулагдсан. Тэд нар нь ердөө хүний эрхийн талаасаа биш эрүүл мэндийн суурьтай ажиллаж байсан. Тэгээд дараа нь 2007 онд ЛГБТ Төв байгуулагдсаныг би мэдээгүй л явж байсан. Яаж мэдсэн бэ? гэвэл Залуус Эрүүл мэнд Төвийн сургалтуудад их суудаг байсан. Яагаад гэхээр бэлгийн замаар халдах халдвар гэж юу юм, энэнээс өөрийгөө яааж сэргийлэх вэ? бэлгэвч яааж хэрэглэх вэ? бэлгэвч гэдэг чинь ямар ач тустай вэ? байнга шинжилгээнд хамрагдах нь ямар ашигтай юм, өөрийгөө хамгаалах нь юунд хэрэгтэй юм гээд аягүй хөөрхөн сургалтууд болдог байсан. Тэгж явж байгаа 2009 оны 9 сарын дундуур байна уу даа Залуус Эрүүл мэнд Төв Улаанбаатар зочид буудалд сургалт хийсэн тэгэхэд анх Анараатай тааралдаж байсан. Тэгээд “Аан ийм байгууллага байдаг юм уу? Энэ чинь жинхэнэ нөгөө миний уншаад байгаа LGBT ТББ байна шдээ. Гадаадын хэвлэл мэдээлэллээс хараад байхад Gay Star ч юм уу? Английн ЛГБТ байгууллага ингэлээ тэглээ гээд гоё гоё мэдээнүүд уншдаг шдээ. Тэгсэн чинь Монголд бас ЛГБТ Төв байгуулагдаж байгаа гээд, бүртгүүлж чадахгүй 3 дахь жилдээ явж байсан. Тэгээд л би 2009 оноос ЛГБТ Төвийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхлэсэн. Тэгээд 2009 оны 12 сард нь албан ёсоор гэрчилгээгээ авч байсан. Тэгэхэд Роб, Анараа эдр бид нар хамтдаа л байсан.
Хөтлөгч: Тэр үеийн талаар бол би мэдэхгүй шдээ. Сонсож байсан. Түүхэн товчооноос уншиж байсан. Тиймэрхүү л мэдээлэллүүд байгаа. Тэр үеийн ЛГБТ Төвийн нөхцөл байдал ямар байсан юм? Хүмүүс яаж хүлээж авч байсан юм? Одоо бол ЛГБТ Төв гэж ярихаар харьцангуй гоё хүлээж авч байгаа шдээ. Байгуулагдаад 10 жил болчихсон, хүний эрхийн байгууллага дундаа байх ёстой, мундаг гэж ойлгож авдаг болсон байгаа.
Зочин: Угаасаа манай ЛГБТ Төв сайн суурьтай байгуулагдсан. 2-рт гэвэл чи бодоод үз лдээ. Бид 2009 оны 12 сард гэрчилгээгээ аваад үйл ажиллагаагаа явуулаад, Хүний эрхийн зөвлөлөөс 4.5 жилд нэг удаа Хүний эрхийн тайлан хэлэлцүүлэг бэлддэг шдээ. Тэрэнд анх тайлан бэлдэх гээд Роб, Отгонбаатар бид 3 явж байсан. Роб чинь манай Гүйцэтгэх захирал байсан, Отгонбаатар удирдах зөвлөлийн гишүүн байсан. Дээрээс нь би нэмэгдчихсэн. Тайлан илтгэлийг бэлдэх гээд иргэний нийгмийн байгууллагуудтай гадаад хэргийн яаман дээр уулзалт хийгээд сууж байсан байхгүй юу? Тэр үеийн хандлага харагддаг юм. Яасан бэ гээд тэгсэн чинь “Энэ одоо гомо, лесби хүмүүсийн байгууллага энд байх ёстой юу?” гээд нэг эрэгтэй хүн босож ирээд аймаар уурлаад мэдэгдэл хийсэн. Тэгээд тэндээс Отгонбаатар, Роб бид 3 бие бие рүү гээ хараад дуугарах гэсэн чинь тэнд ард нь байсан МОНФЕМЕНЕТ-ийнхэн тэр чигээрээ Ундарьяа ч юм уу? Оюу-Толгой хяналтын Сүхгэрэл эгч эд нар бүгдээрээ босож ирээд гоё өмгөөлж “Хүүе энэ чинь хүний эрхийн асуудал шүү” гээд. Хэзээнээс ерөнхийдөө ЛГБТ эрхийг ярьж эхэлсэн бэ гэхээр 2009 оны төгсгөлөөс…
Хөтлөгч: Олон нийтийн хувьд ямар байсан юм. Иргэний нийгмийнхний хувьд бол хүний эрх гээд дуулчихсан, арай чих зөөлөн. Бүгд тийм биш байх лдаа. Олон нийтийн массын хувьд бол ямар байсан бэ?
Зочин: Олон нийт массын хувьд бол бас л эвгүй байсан шдээ. Тэр үед чинь одоогийнх шиг хууль ч байгаагүй. Дээрээс нь эрх нь зөрчигдсөн байсан ч цагдаад хандах нь бага байсан. Ялангуяа олон нийт өөрсдөө цагдаагаас айдаг. Бид нарын дунд чинь яриа хурдан тардаг шдээ. Хэн нэгэн нас барлаа гэхэд ЛГБТ хүмүүсийг дуудаж аваачиж байцаадаг ч юм уу? Хүний эрхийн зөрчлүүд гардаг байсан. Дээрээс нь транс охидуудыг хүчирхийлсэн хэргүүд гараад, үндсэрхэг үзэлтэй бүлгэмүүд чинь аймар эвгүй сонсогддог байсан шдээ.
Хөтлөгч: Би ч тэр үеийн мэдээллүүдийг уншиж байсан. Жоохон байсан мөртлөө. Тэгээд их айж байсан. ЛГБТ гэдгээ илэрхийлээд амьдрах юм бол их хар бараан амьдрах юм байна даа гээд.. Монголд амьдрах боломжгүй юм байна л гэж боддог байсан. Гэхдээ харьцангуй өөр бодолтой болчихсон л доо. Монголдоо л байх хэрэгтэй гээд. Тэгээд хамгийн анх хэзээ нээлттэй ярилцлага өгч байсан бэ? Ямар ярилцлага байсан бэ?
Зочин: Би чинь 2009 оны 10 сараас Удирдах зөвлөлийн гишүүн гэж явж байгаад, 3 жил бид нарт санхүүжилт олдоогүй. Ялангуяа манай үүсгэн байгуулагчид дандаа хувиасаа мөнгө гаргаж, үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Дээрээс нь АНУ-ын Элчин сайдын яамны санхүүжилтээр том төсөл хэрэгжүүлээд явж байгаад, 2011 оны 5-р сард би ЛГБТ Төв Эрх зүйн хөтөлбөрийн менежерээр орсон. Тэгээд ажлаа хүлээж аваад, цалинтай гоё ажилд ороод явж байсан чинь ТВ-н ярилцлаганд ор гээд. Тэгээд би ТВ ярилцлаганд орохоосоо нэг өдрийн өмнө би Анараатай уулзаад, Анараа надад бүх юмыг зааж өгөөд тэгж, ингэж ярьна шүү гээд. Одоо тэр ярилцлага байдаг л даа. ТМ телевизийн “Бүсгүйчүүд” гээд нэвтрүүлэгт орсон. Хөтлөгч нь өөрөө хүний эрхийн мэдлэгтэй хөтлөгч байсан. Тэгээд бид хоёр ЛГБТ Төвийн тухай ярилцаад, гей, лесбиан, трансжендер, бисексуал хүмүүс гэж ямар хүмүүс байдаг тухай би тайлбарлаад. Одоо гэхдээ тэр нэвтрүүлгээ үзэхээр ичээд байдаг юмаа. Гэхдээ тэр шууд нэвтрүүлэг байгаагүй, бичлэгийн нэврүүлэг байсан ч гэсэн үнэхээр их сандарсан. Үнэхээр хэцүү байсан. Харин нэвтрүүлэг гарсны дараа олон нийт маш их үзсэн байсан. Тухайн үедээ үзэгч сайтай нэвтрүүлэг байсан юм шиг байгаа юм. Тэгээд олон нийтийн зүгээс “Чи аягүй сайн ярьдаг юм байна лээ шдээ. Чамайг ингэж ярьдаг гэж бодоогүй шдээ” гэж хүмүүс хэлж байсан. Тийм юм сонсоод сайхан байсан ч одоо тэрийгээ харахаар ичээд байдаг юм аа. Нээх их түгдрээд л, сандрангуутаа гараа савчаад л, явж өгсөн байсан ххэ. Манай ЛГБТ Төвийн Youtube channel дээр байдаг.
Хөтлөгч: Би харин үзээгүй л юм байна. Анараа ахын орсон “Nandia’s Talk Show” байдаг шдээ /2010 оны 3 сарынх/ тэрийг үзчиээд “Пүүх Монголд ийм хүмүүс байдаг л юм байна даа.” Гэж бодож байсан юм. Тэгэхээр аль 2010 оны үед тийм юманд орж байсан гэхээр, зурагтыг чинь ид үздэг байлаа шдээ. Тэр үедээ их том сенсаци болж байсан байх лдаа. Би ЛГБТ Төвийн архиваас бүх телевиз, сонин, сэтгүүлд өгсөн ярилцлагуудыг үзсэн л дээ. Тэр үед ярилцлага өгсний дараа гадуур явж байхад хүмүүс таних ч юм уу? Тиймэрхүү юм болж байсан уу?
Зочин: Ер нь хүмүүс намайг их таньдаг. Гэхдээ гудамжинд явж байхад ямар нэг халдлага энэ тэрд өртөж байгаагүй. Яагаад ч юм надад хүмүүсийн хандлага эерэг л байдаг байсан. Гэхдээ 2018 он хүртэл шүү. Facebook-т бол хааяа нэг “л*лрын”, “гомо”, “п**да” гэсэн сэтгэдлүүд ирэхэд би шууд ignore-дчихдог лдоо. Би тэрийг бол за яахав цахимаар үзэн ядаж байна, бодитоор учрах аюул заналаас харьцангуй бага учраас бараг ойшоож үздэггүй байсан. Эсрэгээрээ гэвэл манай олон нийт болохоор их ялгаварлан гадуурхалтанд өртдөг байсан. Би гудамжинд явж байгаа учраас хэн ч намайг гей гэж мэдэхгүй шүү дээ. Би өөрөө хэлдэггүй л юм бол. Тэр утгаараа харьцангуй бага. Түүний дараа би дахиад үргэлжлүүлээд MONGOL HD дөнгөж байгуулагдаж байсан үед “НҮҮДЭЛ – ШИЙДЭЛ” нэвтрүүлгээр Отгонбаатар, Би, манай удирдах зөвлөлийн гишүүн Золзаяа, Мөнхнасан гээд манай нөлөөллийн хөтөлбөрийн ажилтан бид хэд бүгдээрээ ороод, их өндөр үзэлттэй нэвтрүүлэг байсныг хэлэх үү? Маргааш нь яах юм бол доо гэж бодож байсан ч яагаа ч үгүй.
Харин эсрэгээрээ транс хүмүүсийг үзэн ядаад байдаг юм шиг санагддаг. Яагаад гэвэл соёл зан заншилтай холбоотой байх.
Хөгтлөгч: Энэ олон жилийн ЛГБТИК+ олон нийтийг харж байгаа шүү дээ. Дөнгөж нээлттэй болоод ЛГБТ Төв дээр ирж байгаа ч юм уу? Эсвэл ангийн газар цуглаж байгаа хүмүүсийг хараад танд яг ямар мэдрэмж төрдөг вэ? Бас ямар өөрчлөлтүүд харагдаж байна. Бодитоор…
Зочин: Манай нийгэм бол их хурдацтай өөрчлөгдөж байгаа. Хүмүүсийн хандлага ч гэсэн, тэр тусмаа залуучуудтай ярилцаад байхад “Өө тийн шдээ, тэгэлгүй яахав, наад чинь хүний эрхийн асуудал” гэж хүлээж авдаг болсон. Зөвхөн миний хүрээллийн хүмүүс л тэгээд байгаа юм уу гэж боддог байсан. Үгүй юм шиг байна лээ. Хаана ч очсон угаасаа ЛГБТИК+ хүмүүс байдаг шдээ гэж ярьдаг залуучууд олон болчихсон. Жишээ нь 2003 онд анх партинд очиж байсан хүн шдээ. “Color Boys” гээд групп байдаг байсан. Тэндээс зохион байгуулж байсан. Тэр үед л залуучууд нийгмээс айсан байдалтай. Би өөрөө ч партиндаа орох гэж бүтэн цаг хүлээсэн лдээ. Ганцаараа орж чадахгүй, дотор хэн байгаа юм мэдэхгүй шдээ. Аймаар инээдтэй. Яг тийм л айдастай байсан байгаа байхгүй юу?. Гэсэн ч манай залуучууд одоо бол ерөнхийдөө тэр айдас нь хэвээрээ л байгаад байгаа юм шиг. “Хүмүүс намайг мэдчихвэл яах бол” гэсэн айдастай зууралдсан хэвээрээ л байгаа.
Хөтлөгч: Ер нь дотор нь байгаад байхаар анзаарахаа больчихдог юм шиг байгаан. АНУ-г бид наp шүтээд байдаг мөртлөө одоо юу болж байна тэ! Гэтэл Монгол улс дотроо л заваан бантан шиг гээд үзээд байдаг боловч юмыг хурдан хүлээж авдаг, нэг хүлээж авбал Монгол улс даяараа хүлээж авчихдаг, хэрэгжээд явчихдаг гэх ч юм уу? Олон нийтийн зүгээс ЛГБТ Төв яг юу хийдэг юм гээд бодоод байдаг гэтэл 5-6 жилийн дотор тэр 50-60 жилийн турш тэмцсэн хүмүүсийн дэргэд харьцангуй дэвшил гаргаад, одоо тэр ИЛГА гээд Олон улсын Лесбиан Гей нийгэмлэгээс гаргасан том газрын зураг дээр бол манайх хөгжсөн улсуудтай адилхан эрх зүйн хамгаалалттай гэж явж байгаа. Яахав хэрэгжилт гэдэг бол өөр асуудал. Хэрэгжүүлэхийн тулд бид нар бас нэхэх л шаардлагатай л даа. Тэгээд нөгөө талаас ЛГБТ олон нийтийн зүгээс залуу үе бол маш лаг байнаа. 20-с доош насныхан. Жинхэнэ дотроосоо гэрэлтээд л
Зочин: Би бол тэд нараар бахархаж үхмээр санагддаг. Дотроо гэрэлтээд, дүрэлзээд л…. Арга ч үгүй юм даа. Яг Ардчилсан нийгэмд төрөөд гараад ирсэн. Тийм учраас эрх чөлөө хаагдмал байдаг гэдгийг мэдэхгүй. Угаасаа л эрх чөлөөтэй ардчилсан нийгэмд төрчихсөн болохоор тэгж гэрэлтэхээс өөр арга байхгүй. Тэр хүүхдүүдэд ямар нэгэн хориг саад байхгүй, хаана ч очсон өөрийнхөө үзэл бодлийг чөлөөтэй илэрхийлж чадаж байна.
Хөтлөгч: Ер нь таны 20 жилийн туршлагыг нэг подкастанд оруулах хэцүү шдээ. Гэхдээ ер нь иймэрхүү юм байдаг юм, ийм түүхийг даван туулсан хүмүүс байдаг гэдгийг ойлгосон байх. Тэгээд та одоо юу хийж байна? 6-р сар чинь Бахархлын сар. Таны хувьд уламжлал болгон хийдэг зүйл байгаа юу? Энэ жил ямар онцлогтой байна?
Зочин: Ерөнхийдөө жагсаалдаа оролцоно гэсэн чинь үлгэр болчихлоо. Ямар ч гэсэн ЛГБТ Төвдөө сайн дурын гоё ажил санаачлах гээд явж байгаа. Тэрийг ирэх долоо хоногын 3 дахь өдөр дэлгэе гэж бодож байна. Ямар ч гэсэн гудамжинд гоё юм хийнэ дээ гээд бодоод л байна. Жагсаал бол биш шүү. Ерөнхийдөө ажлаа хүлээлгэж өгсөнийхөө дараа би сургуульд сурсан. Одоо Хууль зүйн магистраар Шихихутаг их сургуульд суралцаж байгаа. Түүнийхээ хажуугаар хуульчийн мэргэжлийн шалгалтандаа бэлдэж байгаа. Хуульч болно гэж боддог. Иргэний нийгэмд зөндөө удчихлаа. Одоо мэргэжлийн карьераа хөөе дөө гэж бодсон. Цаашдаа би хуульч болчих юм бол ЛГБТ хүмүүсийнхээ эрхийг өмгөөлөх, хамгаалах ажлыг ЛГБТ Төвтэйгөө хамтраад ажиллаад явнаа гэсэн алсын зорилготой. Угаасаа бид өөрсдөө л санаачлахгүй бол тэрийг өөр хэн хийх юм бэ? Тэгэхээр бид өөрсдөө л санаачлагатай байх хэрэгтэй.
Дараагийн нэг ажил бол.. Энэ жил сонгуулийн жил шдээ тэ! Би 2012 оноос хойш Иргэний нийгмийн ажиглагч хийсэн. Би хөндлөнгийн ажиглагч гэсэн үүднээсээ нам бус. Дандаа залуучууд ажилладаг тийм гоё байгууллага. Тэгээд 2012, 2016, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар ажилласан. Энэ жил бол ажиглагчдын баг ахлаад ажиллаж байна.
Хөтлөгч: Яг ажиглана гэхээр юу хийх вэ?
Зочин: Ажиглана гэдэг нь болохоор сонгуулийн явц яг хуулийн дагуу явж байгаа эсэхийг ажигладаг, баримтжуулдаг. Тэнд хэрвээ хуулийн дагуу яваад зөрчилгүй дуусаж байвал Okey сайн тэ! Гэтэл хуулийн дагуу явахгүй, тэнд хууль зөрчигдөж байх юм бол бид тэрийг ажиглаад баримтжуулна гэсэн үг.
Хөтлөгч: Миний мэдэх хүний эрхийн хамгаалагчид ажиглагч их хийдэг юм байна лээ. Тэгээд би сонгуульд их итгэдэг болсон. Сонгуулийг худлаа л болдог байх гэж боддог байсан хандлага маань өөрчлөгдсөн. Тэгэхээр бас аягүй чухал юм байна лээ гэж залуучууддаа хэлмээр байна.
Зочин: Ер нь бол сонгуульд саналаа өгөх хэрэгтэй. Цалингүй сайн дурын үндсэн дээр ажиллана.
Хөтлөгч: Тэгэхээр сонгуульд идэвхтэй оролцож байгаа юм байна шдээ. Яг энэ талаар залуучууддаа богинохоноор хэлбэл яаах бол? Яагаад сонгууль өгөх ёстой юм бэ? Би бол жишээ нь: “ЛГБТ хүн, улс төрчид энэ талаар ойлголтгүй, ихэнх нь хомофобик байлгүй. Тэгэхээр би саналаа өгч яадаг юм.” гэвэл яах вэ?
Зочин: Чи Монгол улсын иргэн шдээ. Үндсэн хуулин дээр нэмэлт зүйл заалт байгаа “Төрийн эрх мэдэл, бүх ард түмний мэдэлд байна” гээд.. нэг өгүүлбэр байгаа. Аягүй том өгүүлбэр шүү. Тэгэнгүүт төлөөллийн зарчим орж ирдэг. Төлөөллийн зарчим дээр юу гэдэг вэ? гэхээр төрийн эрх барих мэдлээ төлөөллийн зарчмаар дамжуулж УИХ-д шилжүүлдэг байхгүй юу? Тэр нь 4 жилд нэгхэн удаа болдог. Тэр нь сонгууль байгаа юм. Тэгэхээр УИХ –ын гишүүн гэдэг чинь ард түмний элч төлөөлөл шүү.. Тэгэхээр чи өөрийг чинь төлөөлөх хүнийг сонгоно гэсэн үг шдээ. Тэр хүнийг сонгочихлоо гэсэн чинь чиний эсрэг зүйл хийгээд байвал яах вэ? Тэр хүн чинь ЛГБТ хүний эрхийг хаагаад л боогдуулаад байвал яаах вэ? Ийм аймар чухал зүйл. Маш их зүйл шалтгаалах байгаа биз. Сонголтоо зөв хийх ёстой. Сонголтоо зөв хийхийн тулд нэр дэвшигчдийг сайн харьцуулж унших хэрэгтэй. Тийм байгаа биз.
Хөтлөгч: Twitter-ыг нь ухаж байгаад хомофобик зүйл бичсэн байна уу? Сайхан чалчдаг юм байна лээ шдээ. Би ч бас ойлголтгүй байсан. Итгэдэггүй байснаа түрүүн хэлсэн шдээ. Итгэдэггүй байсан нь үнэн. Би чинь Ардчилалаас хойш төрсөн хүн болохоор мэдэхгүй шдээ. Үнэ цэнийг нь. Сүүлд бодоод байхад энэ Ардчилал гээд байгаа юм чинь бид нарт чөлөөтэй орилох, цагдаа дээр очоод “Юу гээд байгаа юм бэ? миний эрх шдээ” гэх боломжийг олгоод байгаа юм байна лээ. Ялангуяа цөөнх бүлгийн бид нар энийгээ сайн хамгаалаад, улс төржсөн күүл залуучууд болохгүй бол болохгүй юм байна лээ. Бөөн бөөнөөрөө гадаад руу дүрвэж чадахгүй шдээ. Ихэнх нь гадаад гарчихвал сайхан амьдрана гэж боддог юм шиг байгаа юм.
Хоёулаа их удаан ярьчихлаа. Энэ хүртэл уншсан уншигчиддаа баярлалаа. Их чухал сэдвийн талаар ярилцлаа л даа. Яагаад гэхээр ЛГБТИК+ хүний эрхийн хөдөлгөөнд Бааяа ах шиг удаан байсан хүмүүс ховор. Нэмээд нээлттэй амьдардгаараа бас ховор хүмүүсийн нэг шүү дээ. Амьд түүх болохоор нь олон талаас нь олдсон дээр нь ярья гэж бодоод байгаа. Одоо хамгийн сүүлийн асуулт: Яг ЛГБТИК+ залуустаа зориулж юу гэж хэлмээр байна. Энийг л сонсоосой гэх үг байна уу?
Зочин: Боломж олдвол хариуцлагатай сур. Боловсролоо хариуцлагатай эзэмш гэж л захимаар байна. Өөр юм одоо захихгүй. Тэртээ тэргүй Ардчилсан нийгэмд хүн хариуцлага алдах л юм бол унах нь маш амархан байдаг гэж би хардаг. Яагаад тэгж бодсон бэ гэхээр цэвэр хувь хүн өөрийнхөө хариуцлагыг өөрийн хар толгойгоороо хариуцаж явдаг нийгэм байхгүй юу? Хүмүүс энийг одоохондоо ойлгохгүй байгаа юм. Магадгүй ээж аав нь байгаа болохоор ээж аавдаа дулдуйдаад хариуцлагаа шилжүүлчээд яваад байж болно. Ялангуяа ЛГБТИК+ залуучууд тэгж болохгүй. Хариуцлагаа хар толгойгоороо хариуцахын тулд боловсролоо эзэмших хэрэгтэй.
Хөтлөгч: Хариуцлага гэхээр айгаад байж магадгүй. Үнэндээ хариуцлагаа хар толгойгоороо хариуцнаа гэдэг их гоё зүйл шүү. Өөрийнхөө хийж байгаа сайн зүйлийн төлөө бүх үр шимийг нь чи авна, буруу юм хийвэл чи өөрөө л хүртэнэ. Гэхдээ засах боломж байгаа.
Зочин: 2 дахь захих юм нь алдаанаас битгий ай. Алдалгүй л яадаг юм. Би бол түмэнтээ бүтэлгүйтсэн шдээ. Гэхдээ л унаж босоод л, унаж босоод байсан юм шиг мөртлөө дараа нь ингээд харахаар өндөр түвшинд оччихсон байдаг байхгүй юу. Тийм учраас алдаанаас битгий ай гэдэг үг байдаг. Урагшаагаа ахих ёстой. Түрүүн би дурьдсан шдээ. Миний хүрээлэл, миний тойрог дотор намайг үзэн яддаг хүн байхгүй. Энэ ерөөсөө миний шийдвэр байсан байгаа юм. Би хэнтэй үерхэх юм, хэнтэй нөхөрлөх юм, ямар хүмүүстэй харилцах юм энэ тойргоо би өөрөө бүтээсэн байгаа юм. Надаас өөр хэн бүтээх юм бэ? хэн ч бүтээгээгүй л байгаа байхгүй юу. Тийм учраас миний эргэн тойронд хомофобик хүмүүс байдаггүй ч гэдэг юм уу? Одоо ингээд янз бүрийн хүмүүстэй уулзаад л явж байна. Дандаа сайхан эерэг хүмүүстэй л тааралддаг. Ядаж л намайг юу хэлэх гээд байгааг, ямар санааг хэлэх гээд байгааг сонсдог хүмүүс тааралддаг. Тийм болохоор энэ цэвэр сонголтын юм байгаад байдаг.
Хөтлөгч. Тийм шүү. Чамайг хүлээж авдаггүй, дэмждэггүй найзуудтай байж өөрийгөө зовоож яах юм бэ?
Зочин: Түүний оронд пад хаалгаа хаагаад, шинэ хаалга нээх хэрэгтэй биздээ
Хөтлөгч: Найзууд бол олддог шүү.
Зочин: Харин гэр бүл олдохгүй ээ..
Хөтлөгч: Үерхэх хүн ч цагаа тулбал олдоно шдээ. ЛГБТ хүмүүс цөөхөн ч гэсэн болдог шүү.
Зочин: Хайр сэтгэл дурлалын тал дээр бол ерөнхийдөө өдөр болгон дурлах хэрэгтэй гэж солиороод байдаг шдээ. Ер нь дурлахгүй бол хөгшрөнө шүү. Маш гоё хөгжилтэй байлаа.
Хөтлөгч: Өнөөдөр бас хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бааяа ахыг бол 2 дахь удаагаа дуудсан. Өмнөх удаа подкастанд маань жоохон техникийн асуудал гараад, гэхдээ хоёрдахь подкаст нь илүү гоё дэлгэрэнгүй боллоо шдээ. Ам халаад илүү сурчихсан ч юм уу тийм байна. Хүрэлцэн ирсэнд баярлалаа.
Зочин: Урьсанд баярлалаа.
Хөтлөгч: Сонгуулийн ажиглалтанд нь амжилт хүсье. Энэ жилээс эхлээд сонгууль маань илүү залуучуудын оролцоотой болох байх гэж би найдаад байгаа.
Зочин: Би ч бас их итгэж байгаа. Энд тэнд залуучууд аягүй хөөрхөн аян өрнүүлчихсэн байна лээ. Тэрийг харчихаад “Аан зза. Одоо л залуучууд улс төрийн оролцоон дээр залуучуудын оролцоо байх ёстой гэдгийг ойлгож эхэлж байгаа юм болов уу?” Энэ жилийн сонгуульд залуучуудын оролцоо цойлж гарч ирээсэй гэж бодоод байгаа. Янз янзын залуучууд гоё хүмүүс нэр дэвшиж байгаа юм байна лээ. Энэ тэнд дэмжчих юмсан гэсэн хүмүүс зөндаа харагдаж байсан. Тэр залуучуудаа бас дэмжээд өгөөсэй гэж хүсэж байна. Би өөрөө хөндлөнгийн ажиглагч болохоор хамаагүй нам эвсэл дэмжиж болохгүй. Ажиглаад л байж байна даа.
Хөтлөгч: Заа ингээд улс төржсөн, хөгжилтэй, кам аут түүх, ЛГБТ Төвийн түүхийг хамт ярилцсанд маш их баярлалаа. Мөн подкаст сонсогчид/уншигчиддаа маш их баярлалаа. Та нарын ачаар өдийн 6 дахь улирал дээрээ подкастаа хийгээд явж байгаа.
Зочин. Ёстой гоё подкаст. Би бол байнга сонсдог шдээ. Энэ долоо хоногт хэн орсон байна гээд л…
Хөтлөгч: Тэгээд цааш нь найзууддаа түгээгээрэй гэж хэлмээр байнаа. За дараагийн дугаар хүртэл баяртай.
ЛГБТ Төв: Хүн бүрт Хүний эрх, Шударга ёс, Нэр төр
Та сая Mongolian Queer Podcast-ыг уншлаа.
Нийтлэлийг бэлтгэсэн: Bilguun Batchuluun
Энэхүү подкастыг америк ард түмний дэмжлэгээс бүрдсэн Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн 72043820LA00001 дугаар бүхий тусламжтайгаар бэлтгэв. Бүтээлд илэрхийлэгдсэн үзэл санаанууд нь уг бүтээлийн зохиогчдын үзэл санаа бөгөөд дээрх агентлаг эсхүл АНУ-ын засгийн газрын албан ёсны байр суурь биш болно.