Танд эрхээ бүрэн эдэлж чадахгүй, цээж бачуурч, шударга бус санагдах үе байдаг уу? Тийм бол “Та өөрөөсөө манай улс цөөнх иргэдийнхээ эрхийг бүрэн хамгаалж чадаж байна уу” гээд асуугаад үзээрэй.
Хуулиар цөөнх бүлгийн хүмүүсийн тэгш эрхийн ханган хамгаалж, бүх иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах нь маш олон талын эерэг нөлөөтэй. Цөөнх иргэдийнхээ эрхийг хамгаалах эрх зүйн орчныг хэрхэн бий болгох талаар цөөн хэдэн санааг Их хурлын гишүүн болохыг зорьж буй та бүхэнд уламжилж байна.
Хүн бүр ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхтэй
“Хүн бүхэнд төрөлхөөс заяасан эрх бий” гэдэг санааг хамгийн анх дэлхийн түвшинд гаргаж, жам ёсны эрхийг баталгаажуулсан баримт бичиг бол “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” юм. Тодруулбал, Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч ялгаварлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулж, ялгаварлан гадуурхалтаас хамгаалуулах эрхтэй гэж заасан.
Харин хэн нэгнийг ялгаварлан гадуурхвал Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг болох юм. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэж тодруулан заасан аж.
Энэхүү хуулийн зохицуулалтыг улам төгөлдөржүүлэх шаардлагатай байгааг Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн зүгээс 2019 онд “Ялгаварлан гадуурхахын эсрэг тусгайлсан зохицуулалт бүхий хууль боловсруулах эсэх талаарх хэрэгцээ шаардлагын урьдчилсан тандан судалгаа”-гаар нотолжээ.
Тодруулбал тусгайлсан зохицуулалт бүхий хууль шаардлагатай байгаа тул “Ялгаварлан гадуурхахын эсрэг хуулийн төсөл”-г боловсруулах шаардлагатай байгааг 2020 оноос эхлэн Улсын их хуралд суух гишүүд анхааралдаа авна уу.
Судалгааг дэлгэрүүлэн унших холбоос: http://nli.gov.mn/wp-content/uploads/2019/07/yalgawarlan-gaduurhah.pdf
Хүн бүр гэр бүл болох эрхтэй
Манай улсын хууль тогтоомжоор зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байгаа нь ЛГБТИК+ хүмүүсийн эрхийг хамгаалалгүй орхигдуулж байгаа хэрэг юм.
Түүх, судар бичигт үлдсэн бичвэрээс үзвэл МЭӨ амьдарч байсан хүмүүс, ан амьтны дунд ч ижил хүйстдээ татагдах явдал байсан болохыг гэрчлэх олон эх сурвалж олдсон. Энэ талаар хүн төрөлхтөн 19-р зууны сүүлчээс л албан ёсоор судалж эхэлсэн байдаг. Гэвч уг судалгааны анхан болон дунд үед ихэнхи эртэмтэд ижил хүйстэндээ татагдах өвчин гэж үзэж байснаар зогсохгүй, сэтгэцийн эмгэг гэж үзэн эмчлэх гэж оролдсон нь хүн төрөлхтний хувьд хар толбо болон үлдсэн юм.
1990 онд ДЭМБ ижил хүйсийн хүндээ татагдаж, хайрлах нь ямар нэг өвчин биш бөгөөд гагцхүү хүний мөн чанарын нэг хэмээн үзснийг бодлого, шийдвэр гаргагчдад сонордуулж байна.
Нэгэнт өвчин биш болох нь шинжлэх ухаанаар батлагдсан ЛГБТИК+ хүмүүс бусад хүмүүсийн эдэлж буй бүх эрхийг хуулийн дагуу эдлэх ёстой юм. Жишээ нь гэхэд гэрлэх, гэр бүл болох эрх билээ.
Бэлгийн цөөнх хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрснөөр наад зах нь тэд хамтран банкнаас зээл авах, гэр бүлийн хадгаламж нээлгэх, өнчин хүүхдүүд гэр бүлтэй болох зэрэг эерэг нөлөө бий болж байгаа учир улс орнууд гэр бүл болох эрхийг нь баталгаажуулж байна.
Ижил хүйсийн гэрлэлт (эсхүл тэгш эрхийн гэрлэлт) буюу ЛГБТИК+ хүмүүсийн гэрлэлтийг хамгийн анх 2001 онд Нидерланд улсад хуульчлан хүлээн зөвшөөрсөн байдаг бол хамгийн сүүлд Костарика улс энэ оны 1-р сард зөвшөөрсөн байна. Өнөөгийн байдлаар нийт 30 гаруй оронд энэхүү гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн байгаа бол 10 гаруй оронд хамтран амьдрагчаар бүртгүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Тэдгээр улсуудаас нэр дурдвал Недерланд(2001), Бельги (2003), Канад (2005), Өмнөд Африк (2006), Франц (2013), Англи (2014), АНУ (2015), Aвстрали (2017), Герман (2017), Эквадор (2019), Aвстри (2019), Тайван (2019) зэрэг улс орнууд болно. Азид гэхэд 2019 онд Тайвань улс хамгийн анх ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн.
Аль 2008 оны 12-р сард НҮБ-н Хүний эрхийн хорооноос ЛГБТИК+ хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, үзэн ядалт болон гадуурхалтыг зогсоох талаар тунхаглалыг гаргасан билээ.
ЛГБТИК+ залуус бид 21 дүгээр зууны УИХ-ын гишүүдийн ажлыг хэр их барилга байгууламж барин их мөнгө зарлагадсанаар нь бус, харин хэр их ард нийт, хүн амын эрх ашиг, тэгш эрхийг хамгаалсан хуулийн төслийг санаачлан батлуулж, хэрэгжилтийг хангаснаар нь дүгнэх болно.
Хүний эрхийн нүдээр бол ижил хүйсийн гэрлэлт бол тухайн нийгмийн тэгш эрхийн шууд тусгал билээ.
Энэхүү нийтлэлийг америк ард түмний дэмжлэгээс бүрдсэн Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн 72043820LA00001 дугаар бүхий тусламжтайгаар бэлтгэв. Бүтээлд илэрхийлэгдсэн үзэл санаанууд нь уг бүтээлийн зохиогчдын үзэл санаа бөгөөд дээрх агентлаг эсхүл АНУ-ын засгийн газрын албан ёсны байр суурь биш болно.
Нийтлэлийг бэлтгэсэн: Хандмаа, ЛГБТ Төвийн сайн дурын ажилтан