Энэ захидлыг би цор ганцхан хүнд  зориулан бичлээ.

Одоо нэгэнт хамгийн түрүүнд чиний нэрийг тодоос тод бичээд захидлынхаа төгсгөлд хайртай шүү гэж чамд л зөвхөн хэлчихээд дараа нь өөрийнхөө нэрийг бичиж би чадахгүй болжээ. Магадгүй хулчгар санагдах байх л даа. Гэхдээ нүдэндээ биш зүрхэндээ нулимстайгаар ингээд чамайг явуулж байгаа минь хулчгар гэхээсээ илүү миний хийж байсан хамгийн зоригтой үйлдэл. Чамайг нэхэх миний зүрх сэтгэлийн орилоон, чамайг надаас холдуулсан шалтгаануудад хорсох миний зүрхний хилэн, чамтай хамт өнгөрүүлсэн цаг үеийг надад дурсан ярих сэтгэлийн дуу хоолой дийлдэшгүй хүчтэй хэдий ч чиний л тухай мэдэх миний зүрхний хэлийг чи явсан хойно, одоо хэн ч тайлж уншиж чадахааргүй болжээ. Чамд би одоо хүртэл хайртай гэдэг бол бурхан бид хоёрын хоорондох нууц хэвээр үлдэнэ.

Хэрвээ хоёулаа хайр гэдгийг хайр л гэж ойлгодог ертөнцөд төрсөн бол чиний гарыг санаандгүйгээр атгасан тэр цагаас эхлээд л би чамайг айдасгүйгээр хайрлаж, хэн нэгэн хэзээ нэгэн цагт бидний хайрын эсрэг дайсан болон гарж ирэхэд чи миний гараас тавихгүй гэдэгт би итгэн чамайг хайрлах байсан. Би чамд хайртайгаа хэлж, чи надад хайртайгаа хэлж чаддаг байсан тэр үед хар үсэнд минь буурал үс суутал хагацлыг чамаас үзэхгүй гэж өөртөө андгайлаад, хадны ирмэг дээр олонд шахагдан ирсэн ч чиний гараас тавихгүй гэж өөртөө амлахсан. Бурхныг хүртэл дийлэх тийм л хайрыг би чамаас шаардаж, бурхан хүртэл эсэргүүцэх тэр үед бурхны буруу байсан гэдгийг чи бид хоёр л батлаж чадна гэдэгт итгэхийг хүссэн, магадгүй зүгээр л чиний амлалтанд итгэхийг хүссэн. Гэвч би чадаагүй. Энэ бол хамгийн харамсалтай зүйл. Хайртай хүнийхээ амлалтанд ч итгэх эрхгүй мэт чамайг хайрласан минь, нууцаар чамайг үнсэх ёстой мэт өнгөрүүлсэн тэр мөчүүд, зүгээр л чамайг хайрласан болохоороо зовох хэрэгтэй мэт байж. Биднийг эсэргүүцэх хүмүүсийн дэндүү тэнэг үзэл бодол, хийсвэр төсөөлөл дунд харамсалтай нь чамтай хамт хөл алдаж, эцсийн мөчид чиний гар миний гараас алдран чи түүнд живчихсэн.
Тэр үед чамайг хамгийн их үзэн ядсан хэдий ч хайр гэдэг үгийн эсрэг утгатай үг нь үзэн ядалт биш байсан. Энэ удаан хугацааны тэмцлийнхээ дараа би нар, сар, үнэн гурав хэзээ ч удаан нуугдаж эсвэл алга болохгүй гэдгийг ухаарсан даа. Тиймээс би нар дэлхийг холоос хайрладаг шиг чамайг хайрлана. Сар ододтой хамт гэрэлтдэг шиг сэтгэл минь гэрэлтэнэ. Магадгүй чи үүнийг хэзээ ч мэдэхгүй байх. Гэхдээ би чамайг бүр мөсөн живсэн гэдэгт бас хэзээ ч итгэхгүй. Харгис хэдий ч мөхөж байгаа энэ далайн эрэг дээр чамайг хүлээсээр байна.
Та бүхэн захидлаа info@lgbtcentre.mn хаяг руу илгээгээрэй. 
Бусад захидлыг унших бол энд дарна уу.