ЛГБТ Төв: Хүн бүрд Хүний эрх, Шударга ёс, Нэр төр
Та яг одоо Mongolian Queer Podcast-ыг уншиж байна.
Хөтлөгч: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчид аа. Хүндэт сонсогчид оо. Mongolian Queer Podcast-н 6-р улирлын шинэ дугаар эхлэж байна. Өнөөдөр бид илүү сонирхолтой сэдвээр та бүхэнд мэдээлэл хүргэх гэж байна. За манай зочин өөрийгөө танилцуулна уу?
Зочин: За сайн байцгаана уу? Намайг Билгүүн гэдэг. Би одоо хуульчаар ажилладаг. 8 дахь жилдээ хуульчаар ажиллаж байгаа мөн 2019 оноос эхлээд НҮБ-ын “Тэгш ба Чөлөөт” аяны зохицуулагчаар ажиллаж байгаа.
Хөтлөгч: Тэгэхээр сонсогч/уншигчид маань “Тэгш ба Чөлөөт” аян гэхээр сайн мэдэхгүй байж магадгүй. Тэр нь яг ямар аян юм бэ?
Зочин: “Тэгш ба Чөлөөт” аян нь 2013 оны 7 сараас эхлээд НҮБ – Хүний эрхийн дээд комисарын газраас ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалах кампанит ажил маягаар эхэлсэн. Монгол улсад бол 2018 онд анх хэрэгжиж эхлэсэн байгаа. Кампанит ажлын маань гол зорилго ЛГБТ хүмүүсийн талаарх зөв мэдээллийг нийгэмд түгээх, тэр талаарх зөв боловсрол, мэдээлэл олгох мөн ялгарварлан гадуурхаж байгаа аливаа асуудал болон бусад ЛГБТ хүмүүсийн эсрэг үүсэж байгаа асуудлыг аль болох багасгаж, арилгах, ялгаварлан гадуурхалтыг зогсоох зорилготой мэдээллийн кампанит ажил байгаа.
Хөтлөгч: Өнөөдөр хуулийн талаар ярьж магадгүй юм байнаа гээд та бүхэн гадарласан байх. Гадарлаагүй ч байж магадгүй. Ер нь бид хоёр хуулийн талаар ярина. Гэхдээ нуршихгүйгээр хүн болгонд ойрхон сэдвийг сонгосон байгаа.
Зочин: Ерөнхийдөө одоо Монгол улсад ЛГБТ асуудалтай холбоотой ямар ямар хууль тогтоомж байдаг, ямар ямар хуулиар юуг зохицуулдаг талаар товч мэдээлэл өгье гэж бодсон юм. Тэр дундаа миний өөрийн хамгийн их сонирхож судалдаг зүйл нь ижил хүйсийн хүмүүсийн гэрлэлийг ямар улсуудад зөвшөөрсөн, ямар хэлбэрээр зөвшөөрсөн, Монгол улсад ямар шатандаа яваа вэ гэдэг талаар байдаг л даа. Тэр талаар товчхон мэдээлэл өгье гэж бодсон юм. Одоогоор ижил хүйсийн гэрлэлтийг бүтэн гэрлэлт маягаар 29 улс хүлээн зөвшөөрсөн байгаа. Тэгэхээр бусад гетеросексуал хосуудтай адилхан гэр бүл болоод хүүхэд үрчилж авах уу эсвэл тээгч эхээр үртэй болох уу яг адилхан гэр бүл болоод бусад гэрлэгсдийн бүх эрхийг эдлэх боломжтой 29 орчим улс байгаа. Үүнээс гадна яг бүтэн гэрлэлт биш өөр хэлбэрээр ижил хүйсийн харилцааг хүлээн зөвшөөрсөн улс орнууд бас байдаг. Хамгийн энгийн жишээ гэх юм бол Израйл улс байна. Өөрийнх нь улсад бол ижил хүйсийн хүмүүс хоорондоо гэрлэх хуулийн зохицуулалт байхгүй гэхдээ ижил хүйсийн гэрлэлтийг зөвшөөрдөг улсад (Жишээлбэл АНУ-д) хоёр Израйлын иргэн гэрлэлтээ бүртгүүлээд ирэх юм бол тэрийг нь Израйл улс хүлээн зөвшөөрнө. Тийм нэг хэлбэр байна. Дараагийн нэг хэлбэр нь болохоор хамтран амьдрагч хэлбэрээр ЛГБТ хүмүүсийн хосын харилцааг зөвшөөрсөн орнууд байдаг. Энэ нь болохоор яг бүтэн гэрлэлт биш тэднийг бодвол эрх үүргийн хувьд арай хязгаарлагдмал, гэхдээ хүлээн зөвшөөрсөний нэг хэлбэр байгаа.
Манайд бол одоогийн гэр бүлийн тухай хуулинд хамтран амьдрагч гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ сүүлд гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр үүнийг оруулах ёстой гэсэн санаа явж байна лээ. Яагаад гэхээр зөвхөн ЛГБТ хосууд биш зүгээр гетеросексуал хосууд хамтраад 10 жил амьдардаг ч гэхдээ гэрлэлтээ батлуулаагүй, дундаасаа хүүхэдтэй, хүүхэд нь 8-9 настай. Тэгээд 10 жил хамт амьдраад дундаасаа мөнгө төгрөг гаргаад байр эдр авдаг. Дараа нь гэрлэлтээ батлуулаагүй байж байгаад 10 жил болсны дараа хоёр тийш болдог. Тэгээд тэрийг зохицуулах гэхээр гэрлэлтээ бүртгүүлээгүй учраас гэрлэгсэд гэж үзэхгүй ээ гээд хөрөнгө дээр маргаан гардаг, хүүхдийн асран хамгаалах эрх дээр маргаан гардаг. Тэр хамтран амьдрагч гэдэг бол зөвхөн ЛГБТ хүмүүс биш ер нь одоо орчин үе XXI-р зуунд бүх л хосуудад энэ хамтран амьдрагч гэсэн ойлголтыг хуулинд оруулах шаардлага үүсчихсэн байгаа. Дараагийн хэлбэр бол яг бүрэн хэлбэрээр хүлээн зөвшөөрөгдсөн ялангуяа Европын холбооны орнууд Канад, Америк, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Америк, Бразил, Аргентин гэсэн энэ орнуудад хууль нь батлагдаад ЛГБТ хүмүүсийн хоорондоо гэрлэх бүх нөхцлийг хангасан байгаа. Миний мэдэж байгаа хамгийн сүүлийн жишээ гэх юм бол ноднин Тайван улсад Азид анх удаа ЛГБТ хүмүүсийн гэрлэлтийг зөвшөөрсөн хууль баталсан байгаа.
Хөтлөгч: За баярлалаа. Уншигчид маань Гетеросексуал гээд яриад байгаа энэ нэр томьёог мэдэхгүй байж магадгүй. Ер нь Стрэйт гэдэгтэй ижилхэн. Эсрэг хүйсийн хүмүүстээ татагддаг бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг хэлж байгаа шүү.
Зочин: Тэгээд ер нь яагаад хүмүүс same sex marriage буюу ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөчээ, үүнийг хүлээн зөвшөөрсөн хууль батлуулаачээ гэж маш олон хөдөлгөөнүүд, маргаанууд гаргаж байгаа л даа. Яагаад заавал зөвшөөрөх ёстой юм бэ? Зөвшөөрөхгүй байж болдоггүй юм уу? Зүгээр явж байсан биз дээ гэсэн тиймэрхүү маш олон маргаанууд байдаг. Миний хувийн зүгээс хуульчийн хувьд харахад бол манай үндсэн хуулинд Хүн бүр тэгш эрхтэй ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхалтаас ангид байх ёстой гэсэн ардчилсан үндсэн хуультай. Та хэд ч гэсэн өөр дээрээ төсөөлөөд үзвэл нэг стрэйт хос адилхан хайрлаж дурлаад гэр бүл болоод цаашдаа хамтран амьдаръя аа гэхэд манай гэр бүлийн тухай хуулиар тэгэх эрхтэй. Харин гей хосууд хоорондоо гэрлэх гэхээр болохгүй байна гэдэг чинь стрэйт хос давуу эрхтэй, гей хос үндсэн хуулинд заасан гэрлэх эрхээ эдэлж чадахгүй байна гэдэг нь хоёрдагч ангилалд, нэг эрх нь дутуу харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ чинь үндсэн хуулинд заасан тэгш байх эрх, хар ухаанаар бодоход шударга ёсны зарчимд ч нийцэхгүй асуудал болж байгаа юм.
Мэдээлэл:
ЛГБТ Төвийн сайн дурын ажилчид, Mongolian Queer Podcast-ын багийнхан подкаст/ярилцлага бүрийн цаана тусалж, хичээж байдаг билээ. Нэг подкастыг шивж, нийтлэхэд л гэхэд дунджаар 6 цаг ажилладаг юм шүү. Мөн манай подкаст ашгийн бус бөгөөд санхүүжилтгүй хэрэгждэг тул та манай сайн дурын ажилчдыг дэмжээрэй.
ЛГБТ Төвийн үйл ажиллагаа болон хүний эрхийг дэмжиж, хувь нэмрээ оруулж буй танд талархлаа илэрхийлье!
Голомт банк, 1405012628 ЛГБТ Төв, Төгрөгийн данс
Утганд нь: Подкастын багт
Тэгээд ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх ёсгүй ээ гэдэг маргаанууд бол ихэвчлэх уламжлалт үзэл бодолтой хүмүүсээс гардаг. Дээрээс нь шашны, ялангуяа Христийн шашны бүлэглэлүүд, группүүдээс тийм эсэргүүцэл нилээн ирдэг байгаа. 2015 онд Франц улс ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн хууль баталсан. Батлагдах хүртлээ маш олон, хэдэн зуун мянган хүн Парист католик шашинтай хүмүүс эсэргүүцэл илэрхийлж “гэр бүл бол зөвхөн эрэгтэй, эмэгтэй 2 хүний хооронд байдаг ариун нандин зүйл” гэдэг ч юм уу, тиймэрхүү маргаануудыг зөндөө гаргасан. Гэхдээ Франц улсын иргэдийн дийлэнх олонх нь дэмжээд парламент нь баталсан хууль гарсан байгаа. Эсэргүүцдэг, дэмждэг олон шалгаанууд байна л даа. Эхний жишээг хэлэх юм бол түрүүн хэлсэнчлэн гэрлэлт бол уламжлалт ёсоор эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд л байх ёстой ариун нандин зүйл гэж эсэргүүцэж байгаа тал нь үзэж байгаа. Дэмжиж байгаа тал нь иргэн бүр эрх тэгш байх ёстой. Миний бэлгийн чиг баримжаа ямар байхаас үл хамаараад хайртай хүнтэйгээ гэрлэх эрх надад байх л ёстой гэсэн санаа байгаа. Нэг инээдтэй юм ярьчих уу? Wanda Sykes гээд лесбиян комедиан байдаг юм. Эхнэртэй. Өөрөө ярьж байна лээ лдээ. “Би ерөөсөө 2 гей хос гэрлэж байгаа нь стрэйт хосуудын гэрлэлтийн ариун нандин байдалд яаж нөлөөлж байгааг ойлгохгүй байна” гээд. “Үнэхээр энэ гэрлэлтийн ариун нандин байдал, уламжлалыг авч явъя гэж байгаа бол та бүхэн гей гэрлэлтийг хориглох биш гэр бүл салалтыг хуулиараа хориглох ёстой. Гэрлэсэн л бол гэр бүл салж болохгүй, тэр чигтээ насаараа амьдрах ёстой тийм хууль баталж байж энэ ариун нандин байдлыг хадгалах ёстой” гэж, бараг л мафи шиг нэгэнт орсон бол дахиж гарахгүй. Тиймэрхүү инээдтэй боловч цаагуураа тийм логиктой аргументууд явж байгаа. Дараагийн нэг нь: ижил хүйсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй ээ гэж үздэг шалтгаан бол стрэйт хосууд бол үр хүүхэд гаргана, цаашдаа энэ нийгэм хүн амын өсөлтөнд нэмэр болоод явна гээд, ЛГБТ хосууд бол нөхөн үржихүй дээр хүн ам нэмэгдэхэд нөлөө үзүүлж чадахгүй гэдэг яриа яваад байдаг. Би бол энэн дээр санаа нийлдэггүй. Яагаад гэвэл гей хосууд ч гэсэн хүүхэд үрчилж авч болно. Одоо жишээ нь асрамжийн газар ч юм уу, стрэйт хосууд эдийн засгийн байдлаас ч юм уу, төрүүлсэн ч гэсэн өөрсдөө өсгөж чадахгүй үлдээчихсэн зөндөө хүүхдүүд байгаа. Гэтэл тэр хүүхдүүдийг үрчилж аваад яг л адилхан 2 аав, 2 ээжийн хайр халамжаар нийгэмдээ хэрэгтэй хүн болгон өсгөх бүрэн боломж байгаа. Гэтэл тэр боломжийг нь хаах ямар ч шаардлага байхгүй гэж би бол хувийн зүгээс харж байгаа. Дээрээс нь шинжлэх ухаан анагаах ухаан их хөгжсөн, тээгч эх тэ! Зарим улсад хүлээн зөвшөөрсөн байх, манай улсад бол хүлээн зөвшөөрөөгүйг сайн мэдэж байна. Зарим улсад хүлээн зөвшөөрсөн тухайн тээгч эх харилцан тохиролцоод зөвшөөрөөд гей хосын хүүхдийг тээгээд төрүүлдэг. Тэгээхээр нөхөн үржихүйн тал дээр надад бол анагаах хөгжсөн энэ үед ямар нэгэн асуудал байхгүй гэж харж байгаа
Хөтлөгч: Үүн дээр мөн нөхөн үржихүйн эрх гээд хүн болгоны нандин эрх байгаа шдээ. Тэр рүү хүмүүс их халддаг. ЛГБТ хүн ч бай, үгүй ч бай хэзээ хүүхэдтэй болох юм гэж байнга асуудаг, хүүхэдтэй болох ёстой юм шиг тулгах, эсвэл бараг хэнтэй бэлгийн харилцаанд орох ёстойг нь заах гэх мэт тийм асуудлууд байдаг. Энэ нь эмзэг бүлгийнхэнд илүү их хүрээд байдаг шдээ. Жишээ нь: Хөгжлийн бэрхшээлтэй хүн хүүхэдтэй болох эсэхийг нь шууд асуугаад яриад л, яаж хийх үү гээд авахуулаад аягүй аймар. Гэхдээ хэн ч хүсвэл хүүхэдтэй болох боломжтой болчихсон маш олон аргууд байгаа. Тэгэхээр энэ үед яаж хүүхэдтэй болох вэ гэсэн асуудал утгагүй л байгаа байхгүй юу?
Зочин: Нөхөн үржихүйн эрх бол тэр хүний хувийн өөрийн хүсэл зориг, өөрийнх нь шийдэх асуудал болохоос биш хэн нэгний дарамт шахалт, нийгмийн дарамт шахалт байх ёсгүй. Бид цагаан сараар гэр бүлээрээ уулзахад нас чинь явлаа, оройтлоо, хүүхэдтэй болж байна уу? Үрийн зулай үнэрлүүлэх нь үү? гэж дандаа тэгэж асуудаг. Бас нэг сэтгэл эмзэглэмээр жишээ сонссон. Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдий төлөөлөл болсон Болороо гээд бүсгүй байдаг. Тэр бүсгүйн оролцсон нэвтрүүлгийг сонсож байсан чинь – Жирэмсэн төрөх дөхчихсөн, нөхөртэйгөө хамт очоод эмнэлгийн үйлчилгээ авч байсан чинь 2 сувилагч нь хаалганы цаана “Энэ хоёр одоо ийм байж байж хүүхэд гаргах гээд төрөх гээд явж байх гэж дээ, өөрсдийгөө яаая гэж байж” гээд ярьсан тэр нь бүр өөрт нь их эмзэг санагдсан гээд ярьж байсан. Тэгэхээр энэ хүний нөхөн үржихүйн эрхэнд бол хэн ч гаднаас “хүүхэдтэй бол”, “хүүхэдтэй битгий бол, өөрсдийгөө яаая гэж байж” гэж хэлэх эрх байхгүй. Тэрэнтэй бол санал нийлж байна. Дараагийн нэг ижил хүйсийн гэрлэлтийг эсэргүүцдэг аргумент нь хүүхэд төрснийхөө дараа заавал ээж аав гэсэн дүр байх ёстой, эмэгтэй хүүхэд бол ээжийгээ харж, эрэгтэй хүүхэд бол заавал нэг эрэгтэй хүний дүр амьдралд нь байж байж амьдралд тэмцвэртэй хүмүүжихгүй бол том болоод ямар ч хүн болох юм билээ гэсэн аргументууд байдаг. Гэхдээ үүнтэй бол би бас санаа нийлэхгүй. Яагаад гэвэл гэр бүл гэдэг заавал төгс ээж аав хүүхэд гэсэн энэ 3 элемент байхгүй л бол гэр бүл биш гэсэн хуучинсаг уламжлал ойлголт бол одоо ер нь үеэ өнгөрөөж байгаа. 21-р зуунд гэр бүлийн маш олон төрөл байгаа: нэг аавтай, нэг хүүхэдтэй, нэг ээжтэй, өрх толгойлсон ээж, өрх толгойлсон аав эсвэл эхнэр нөхөр 2 хүүхэдгүй, эмээ ач ч юм уу бүгд л гэр бүл. Тийм учраас заавал ээж аав гээд тийм дүртэй гэр бүлд өссөн бол сайн хүн болно, мундаг хүн болно, хүмүүжилтэй хүн болно, зөв хүн болно гэсэн тийм юм бол байхгүй. Багадаа ээж аавыгаа зуурдаар алдсан ч юм уу, тийм өссөн зөндөө мундаг жишээнүүд байгаа. Тийм болохоор уламжлалт гэр бүлийг хайрцаглах нь 21-р зуунд хоцрогдсон асуудал. Тэгэхээр хүүхэд заавал ээж аав 2 гэсэн тийм ойлголт амьдралд нь байх ёстой гэсэн аргументтай би бол санал нийлдэггүй. Аан бас нэгэн жишээ бол ЛГБТ байх нь байгалийн жам гээд яригддаг. Энэ дээр бол угаасаа цаанаасаа байгалаасаа ингээд төрж байгаа, хүний бэлгийн чиг баримжаа нь өөрийн хувь хүний онцлогтой нь хамт заяадаг, баруун солгой төрнө гэдэгтэй адилхан өөрт нь заяадаг зүйл байгаа. Одоо жишээлбэл амьтны ихэнх төрөл зүйлүүдэд ижил хүйстэн амьтад байгаа,та хэд мэдээ уншиж байсан байх. ЗОО ПАРК-д байгаа 2 эрэгтэй пингвин нийлээд өндөг дараад, тэр өндгөө хамгаалаад явж байсан жишээнүүд байгаа. Тэгэхээр амьтны аймгийн олон төрөл зүйлд бас хомосексуалити буюу ижил хүйсийн бие биедээ татагдаж байгаа байдал илэрдэг. Тийм болохоор байгальд гэсэн байгаа зүйлийг байгалийн жам бус аа гэж эсэргүүцдэг тэр санаа бол логиктой санагдахгүй байгаа.
Хөтлөгч: Би ижил хүйсийн гэрлэлтийн талаар зохицуулалт бий болсноос хойш ямар ямар хөгжил дэвшил гарч болох вэ гэж хальт уншиж байсан юм. Миний мэдэхээр адаглаад өсвөр насны ЛГБТ хүүхдүүд сэтгэл зүйн дэмжлэг их авдаг, бид нарыг байгаа гэдгийг хүмүүс мэдэж байна шүү, бид нар бас гэрлэх эрхтэй юм байна, би том болоод хайртай хүнтэйгээ гэрлэж болохнээ ч юм уу?
Яаж ч бодож болдог байх. Амиа хорлох эрсдлүүд нь буурсан гэж уншсан. Тэгээд өөр ямар ямар сайн жишээнүүд гарч болох юм?.
Зочин: Одоо жишээлбэл ийм байна л даа. Гей хосууд оюутан болоод гэр бүлдээ кам аут хийгээд илэрхийлдэг. Тэгэнгүүт одоо зарим хэцүү жишээнүүд байна л даа. “Чи миний хүү бишээ. Манай гэрээс яв” ч гэдэг юм уу. Миний сонссон нэг тохиолдол. Гадаадад болсон тохиолдол л доо. Тэр болохоор оюутан болоод гэр бүлдээ хэлээд гэрээсээ хөөгдөөд, тэрнээс хойш гэрийнхэнтэйгээ холбоо харилцаа тасарчихсан. Хайртай хүнтэйгээ 20-иод жил амьдарсан. Тэгээд 40 гарсан байхдаа автын осолд ороод комонд ороод өөрөөр хэлбэл аманд гуурс залгаад тархи нь үхжилтийн байдалд ороод тэгээд 2-3 сар эмнэлэг дээр байхад эмч нар “ Заа ингээд эмчилгээ авахгүй, энэ хүний гуурсыг салгаад үхүүлэх үү? эсвэл гуурсыг нь авалгүй хичнээн сар жилээр хэвтүүлэх үү?” гээд. Тэр бол үхэл амьдралын маш том шийдвэр. Энэ шийдвэрийг гаргах гэсэн чинь тухайн улсад энэ 2 гей хосын гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн ямар нэгэн хууль тогтоомж байгаагүй учраас энэ шийдвэрийг олон жил хамт амьдарсан хүн нь шийдэх боломжгүй байж. Яагаад гэвэл эмнэлгийн зүгээс хуулийн дагуу харахад тэр хүн зүгээр л найзууд, ямар ч хосууд биш, гэр бүлийн гишүүн биш, гишүүн гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй. Тэгэнгүүт эмнэлэг яасан бэ гэхээр аль 20 гаран жилийн өмнө холбоо тасарсан ээж аав руу нь холбогдож өмнөөс нь шийдвэр гаргуулж байсан. Ээж аав нь бол гуурсыг нь салгая гэсэн. Гэтэл тэнд 20 жил сэтгэл зүрх, цаг хугацаа, залуу нас бүх юмаа зориулсан хайртай хос нь тэр тохиолдолд ямар ч эрх эдлэхгүй, ямар ч өөрийнхөө байр суурийг илэрхийлэх боломжгүй маш харамсалтай тохиолдол болсон. Бас нэг жишээ гэх юм бол: Манай Монголд ч бас хамтран амьдарч байгаад гэр бүлийн гишүүд бол нийлээд байрны лизингд орж болно. Хамтарч зээл авч болно. Бие биенийхээ зээлэн дээр батлан даагч гээд хамтраад гарын үсэг зураад л зээл авах боломжтой. Хэрэв одоо ижил хүйсийн хосуудын гэрлэлтийг хүлээн зөвшөөрвөл хоёр гей хос, хоёр лесбиян хос хамтраад хамт орлогоо харуулаад өөр өөрсдийнхөө нэр дээр манайд хэрэгжиж байгаа 8%-н зээлэнд орох боломжтой. Мөн татвар хураамж, өв залгамжлалын асуудал байна. Аль нэг нь нас бардаг. Хамт олон жил амьдарч баялаг бүтээсэн хүмүүст нь нас барсан хүнийг нь хөрөнгө нь ирэх ёстой. Гэтэл хэрвээ ижил хүйсийн хосуудын гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол хөрөнгө нь хаа байсан өөр хүмүүст очих, 20-30 жилийн өмнө харилцаа холбоо тасарсан, гэрээсээ хөөсөн ээж аавд нь очих гэх мэт. Гэтэл нас барсан хүний хүсэл зориг нь ээж аавдаа тэр эд хөрөнгөө өгмөөргүй байсан байж таараа. Хайртай хүндээ үлдээхийг хүснэ. Иймэрхүү жишээнүүд гарч болно.
Хөтлөгч: Гэрлэлт гэдэг чинь их том ойлголт. Зүгээр хоёулаа хоорондоо бөгж зүүгээд тэгээд нэг бичиг баримтыг нь авсанаар ойлгож болохгүй юм байна шдээ. Түүний цаана маш том хүн болгоны өдөр тутмын амьдрал , үхэл амьдралын шийдвэр ч юм уу, илүү нарийн зохицуулалт байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Би бас их дутуу л ойлголттой л байсан л даа. Энэ бол хайраа л батлаж байгаа нэг хэлбэр, үхэн үхтлээ нөгөө хүнтэйгээ хам байна гэсэн шийдвэрийг харуулж байгаа гэж ойлгодог. Гэтэл цаана нь ийм том хүн болгоны хүсдэг амьдралаа босгох тийм юм болчихож байна.
Одоогоор ЛГБТ хүмүүс гэрлэх боломжгүй байгаа юм байна. Энэ талын хууль хэрэгжихэд тодорхой урт хугацаа шаардагдана. Тэр хүртэл болзошгүй нөхцөл байдлууд үүсэхэд ямар ямар аргууд байгаа вэ? Жишээ нь гэрээслэл бичих ч юм уу, би энэ хүнтэй амьдарч байсан, хэрэв би ийм байдалд орох юм бол энэ хүнд энэ өмчөө өгмөөр байна гэдэг ч юм уу? Арай өөр зохицуулалтууд байгаа юу?
Зочин: Тийм зохицуулалт гаргаж болно. Манай яг одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа үндсэн хууль болон гэр бүлийн тухай хуулинд бол: Үндсэн хуульд бол гэр бүл нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцан зөвшөөрсөний үндсэн дээр гэр бүл байна гэсэн заалттай байгаа. Тэрэнтэй нь уялдуулаад гэр бүлийн тухай хуулинд эрэгтэй хүн нэг эхнэртэй, эмэгтэй хүн нэг нөхөртэй байнаа гээд миний хүсэл зоригоос үл хамаараад би эрэгтэй хүн бол зөвхөн эмэгэй хүнтэй гэрлэнээ гээд хуулиар надаас түрүүлээд шийдээд тулгачихсан тэгэхээр би одоо эрэгтэй хүн эрэгтэй хүнтэй боломжгүй байгаа. Заа тэр өв залгамжлалын тухай бол иргэн гэрээслэлээ үлдээж болно. Одоогийн байдлаар ЛГБТ хосын гэрлэлтийг манайх зөвшөөрөөгүй байгаа ч гэсэн мэдээж хамт амьдарч байгаа хайртай хүндээ гэрээслэл бичээд надад ямар нэгэн зүйл тохиолдох юм бол миний эд хөрөнгийг энэ хүн авнаа гээд гэрээслэл үлдээх боломж байгаа. Хамгийн гол асуудал нь иргэний хуулинд гэрээслэлээр өвлөгчдөөс гадна хууль ёсны өвлөгчид гээд хүмүүс байгаа. Тэр хүний ээж аав, ах дүү, эхнэр нөхөр, төрүүлсэн хүүхэд гээд гэрээслэлд юу гэж бичсэнээс үл хамаараад тодорхой хувийг нь зайлшгүй авах ёстой тийм өвлөгчид байдаг. Тэр өвлөгчдөд очсоны дараа, гэрээслэлд дурьдагдсан хайртай хосынх нь өмчид очих боломж байгаа. Одоохондоо манайд ингэж л зохицуулах байх.
Зарим хүмүүс ярьдаг л даа. Манай нийгэмд зөндөө асуудал байхад юун ижил хүйсийн хүмүүсийн гэрлэлт яриад байгаа юм бэ? Энэ одоо тэргүүн ээлжинд ярих ёстой зүйл юм уу? Энэ нийгэм бэлэн биш байна, арай болоогүй байна. Хэдэн жилийн дараа ярь гэдэг ч юм уу? Тиймэрхүү зүйлсийг ч би сонсож байсан. Би бол үүнтэй санал нийлдэггүй. Яагаад гэвэл нэг асуудал чухал, нөгөө асуудал арай чухал биш гэж ялгах бол дэмий. Харин нийгэм аль болох бүх асуудлаа ярилцаад бүгдийг нь хэлэлцээд шийдвэрлэх зам руугаа орох ёстой. Нийгэм бэлэн биш байнаа гээд хүлээх нь утгагүй. Хэзээ ч бэлэн болохгүй угаасаа. Тэрийг бид, активистууд, хүний эрхийн төлөө тэмцэж байгаа хүмүүс байнга ярьж хэлж, хэлэлцүүлж зөв мэдээлэл түгээж байж л нийгмээ бэлднэ үү гэхээс бэлэн болно гээд хүлээгээд суугаад бүтэхгүй. Тэгж бэлэн болтол нь хүлээсэн гадаадын орнууд ч мэдэхгүй. Сая Тайваньд Азид анх удаа батлагдсан ижил хүйсийн гэрлэлтийн тухай хуулийн тухай ярих юм бол 1997 оноос эхлээд тэр ТББ нь тэмцэж эхлэсэн байдаг. Нэг өдөр шийдэгдээд, нэг өдөд батлагдчихдаг юм биш. Маш олон жилийн хүмүүсийн нөр их хөдөлмөр, судалгаа, цаг зав зарцуулсаны үндсэн дээр хамгийн сүүлд гарч байгаа тод жишээ нь болж байгаа юм. Маш олон жилийн тэмцэл зарцуулагдана.
Хөтлөгч: ЛГБТ хүмүүсийн нөхцөл байдал амьдрал нь ирээдүйд байдаггүй, өнгөрсөнд бас үлдчихээгүй. Яг одоо бид амьдарч байгаа учраас гэрлэмээр байгаа хүмүүс нь гэрлэх л хэрэгтэй. Нөгөө талаас ЛГБТ хүмүүс шаардах хэрэгтэй, шаардахгүй юм аа гэхэд нийгэмдээ бэлдэхийн тулд өөрийгөө оршин байгааг харуулаад байх хэрэгтэй гэж боддог.
Гэрээслэлийн тухай дахин асуумаар байна л даа. Солонгос кинон дээрээс ч гарсан их хэцүү байдалд ороод хийчихсэн юм шиг харагддаг байсан. Уг нь их энгийн л юм байна лээ шдээ. Зүгээр л хүн нэг удаа гэрээслэлээ бичээд үлдээчихвэл зүгээр юм шиг байгаа юм. Яаж бичдэг юм бол? Хаана ханддаг вэ?
Зочин: Ер нь бол гэрээслэлийг бичгээр үйлдээд өөрийнхөө оршин суугаа харьяа дүүргийн нотариат дээр очоод батлуулаад, хадгалуулаад ч юм уу, тийм зарчмаар хадгалуулдаг. Манайд бас нэг юм байдаг. Миний бодлоор бол мухар сүсэг гэж бодоод байдаг юм, хүний итгэл үнэмшилгүй дайрч байгаа юм биш уучлаарай. Хүмүүс гэрээслэл бичнэ гэхээр “Юун муу ёртой юм, үхлээ дуудаж байгаа юм уу тэ! Ийм залуу байж байж гэрээслэл бичээд байхдаа яаадаг юм гээд” гэж хэлдэг. Би хуульч хүний үүднээс залуус 2 зүйлийг зайлшгүй хийгээрэй гэж зөвлөмөөр байна. 1-рт гэрлэлтийн гэрээ: Гэрлэлтийн үед хосууд ямар үүрэгтэй байх вэ? Ямар тохиолдолд гэрлэлтээ цуцлах вэ? Хүүхдээ яааж харж хандах вэ? Та нар Амеркийн Холливуудын кинонууд дээрээс харж л байсан байх. Нэг удаа надтай оройн хоолонд заавал орсон байх ёстой гэх мэт. Энэ бол дэгсдүүлсэн заалтууд мэт. Гэхдээ гэрлэлт бол хоёр хүний харилцан ойлголцож байгаа үйлдэл учраас гэрлэлтийн гэрээг гэрлэхээсээ өмнө заавал байгуулаад хэн нь ямар үүрэгтэй, яах уу,ийх үү? Жишээ нь: чи намайг араар тавьсан бол би чамаас гэрлэлтээ цуцлуулна, хүүхдээ өөр дээрээ авна, энэ эд хөрөнгө байрыг би өөр дээрээ авна гэдэг ч юм уу, тийм үүрэг хариуцлагыг өндөржүүлсэн гэрээ байгуулсан нь дээр. 2-рт гэрээслэл: ер нь хүн болгон юмыг яаж мэдэхэв, осол аваар энд тэнд гарна. Ер нь нас яваад өмч хөрөнгөтэй болсон л бол бичих нь зүйтэй. Хүн нас барсаны дараа өмч хөрөнгө хуваах тал дээр маш олон асуудлууд гардаг. Хамаатан садан, эгч ах нар хоорондоо муудаад тангараг тасрах явдал байдаг. Тийм эвгүй байдал, маргаан гарахаас зайлсхийж гэрээслэлийг бол хийж байсан нь дээр. Гэрээслэлийн загвар ч бас байгаа. Маш энгийн. Тойргийнхоо ч юм уу, аль нэг нотариат дээр ороход загвар нь бэлэн байгаа. Зөвлөгөө аваад бичих бол бүрэн боломжтой.
Хөтлөгч: Их үнэтэй мэдээлэл байна. Манайхан бас иймэрхүү нөхцөл байдал яриад хууль ярихаар бас л нөгөө саяных шиг юу вэ? Ямар сонин бэ? гээд хол ч юм шиг, дандаа муу юм яриад байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ ойр орчимд маань их байдаг л асуудал. Манай хамаатнууд бас тэгж л байсан. Бас л өмч хөрөнгө дээр хэрүүл болоод, холбоо тасраад л, Цагаан сараар ч золгохгүй гээд юм юм болдог. Тэгэхээр ер нь ирээдүйдээ бэлэн байж байвал зүгээр юм байна лээ.
Зочин: Тийм. Ирээдүйн эрсдлээс хамгаалаад энэ тухай бодож байхад илүүдэхгүй. Би ижил хүйсийн гэрлэлттэй холбоотой бас нэг юм хэлэхэд Монгол хүнээс нэг зүйл сонсож байсан юм. Өөрөө бол дунд эргэм насны гей эрэгтэй. Тэгээд энэ ижил хүйсийн хүмүүсийн гэрлэлтийг зөвшөөрөх хэрэгтэй эсэх талаар залуучууд уулзаад ярилцаж байхад “Манай гей залуус арай болоогүй ээ, манай гей залуус чинь үерхэл нөхөрлөл нь маш хурдан солигдоод, олон хүнтэй үерхээд, тийм тогтворгүй байж байж юун гэрлэх вэ? Гэрлэх бол дараагийн асуудал” гэх юм уу тиймэрхүү өнцгөөс харсан байна лээ. Энэ бол тухайн хүний хувийн үзэл бодол л доо. Харин би энийг юу гэж харж байгаа вэ гэхээр… Гэрлэхийг бол хувь хүн өөрөө шийдэх ёстой. Залуу насандаа би гэрлэхэд арай бэлэн биш байна аа гээд өөр хүмүүстэй үерхэж нөхөрлөөд, туршлага хуримтлуулаад, хүнийг таньж мэдээд дараа нь гэрлэнэ гээд олон хамтрагч солиод явах нь хувь хүний сонголтын асуудал. Тийм учраас гей залууст гэрлэх эрхийг одоохондоо өгөх болоогүй ээ гэсэн агуулгаар тэр хүн хэлсэн байсан. Тэрэнтэй бол би санал нийлээгүй яагаад гэхээр хүн гэрлэе ээ гээд шийдвэр гаргахад тэр боломж нь хуулиар бэлэн олгогдсон байх ёстой. Гэтэл тэр боломжийг нь нээлттэй орхих биш хуулиар одоохондоо хаачихсан байх хэрэгтэй гэх нь буруу санагддаг. Тэр хүн өөрөө ч ЛГБТ олон нийтийн нэг байсан ш дээ. Тийм болохоор зөвхөн стрэйт хүмүүс ч гэхгүй бас манай олон нийт дотор өөрсдөө ижил хүйсийн гэрлэлтийг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрдөггүй үзэл бодолтой хүмүүс байдаг юм байна лээ. Тэр бол хувь хүний үзэл бодол би тэрийг хүндэтгэнэ. Гэхдээ миний бодол бол энэ хууль, тэгш эрхийн үүднээс харахад бол заавал байх ёстой, хүлээн зөвшөөрөх ёстой, хуулиар зөвшөөрөх ёстой асуудал гэж харж байгаа.
Хөтлөгч: ЛГБТ олон ний дотор маань зөндөө л бие биедээ үнэнч хосууд байгаа. Залуугаасаа хамт амьдралаа босгоод явчихсан олон л хүмүүсийг би мэднэ. Нөгөө талаасаа бүх нийгэмд бол гэрлэсэн хос гэдэг зөвхөн эрэгтэй ба эмэгтэй биш юм байна. Харилцан зөвшилцөөд бие биедээ хайртай, амьдралаа босгоё гэсэн хүн болгон гэрлэж болох юм байна гэсэн маш том хүний эрхийн мэдрэмж өгч байгаа хэрэг. Тэр талаас нь бас харвал сонирхолтой.
Зочин: Тийм. Ер нь бол хоёр хүн хоорондоо хайрлаж, дурлаад зөвшөөрөөд, бид хоёрын л асуудал бид 2 санаа нийлээд зөвшөөрөөд гэрлэе гэсэн чинь өөр хүмүүс “та хоёрыг гэрлүүлэхгүй ээ, та хоёр гэрлэх эрхгүй ээ” гэх нь логик, хар ухаанаар бодож үзсэн ч гэсэн хүний асуудалд хөндлөнгөөс оролцож байгаа юм. Ялангуяа энэ хүнийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн хувьд би ингэж л хэлмээр байна “Энэ гей хосын гэрлэлт таны амьдралд яаж нөлөөлөх гэж байгаа учраас та эсэргүүцэж байгаа юм бэ? Ямар шалтгаан байгаа юм бэ?” тэрийг бас гайхаж байна. Эсэргүүцэх шалтгаан байхгүй бол тэр хуулийг зөвшөөр гэж хэлмээр байна.
Хөтлөгч: Сая ижил хүйсийн гэрлэлтийн талаар тодорхой мэдээллийг өгчихлөө. Өөр бас Монгол улсад байдаг ЛГБТ хүмүүстэй хамаатай хууль, эрх зүйг зохицуулалтуудын талаар ярих уу?
Зочин: Би хааяа ажлын бус цагаар сайн дураараа хүмүүст хуулийн зөвлөгөө өгч байгаа. Зарим ЛГБТ олон нийтийн хүмүүс залгаад зөвлөгөө авдаг. Тэрний ихэнхи давтагдаж байгаа асуултууд нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой байдаг. Жишээ нь захирал нь ч юм уу, ажилтнууд нь өөрийг нь гей эсвэл лесбиян гэдгийг нь мэдээд ажил дээр тараачихдаг. Тэгэнгүүт захирал нь манай байгууллагад ийм хүн ажиллаж байгаа юм уу, бид нар ажиллуулмааргүй байна гээд ажлаас нь халдаг ч юм уу. Тэгэхээр нөгөө хүн маань хөдөлмөрийн хууль тогтоомжийг сайн мэдэхгүйгээс болоод “би үнэхээр гей учраас халагдах л ёстой байж дээ” гээд цаашаагаа асуудал үүсгэлгүй хохироод үлдчихсэн тохиолдлууд гарсан. Тэр талаар бас надаас зөвлөгөө авсан. Одоо манайд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн тухай хуулиар бол хүнийг ажлаас халах 5-6хан тохиолдол байгаа. Тэрэн дээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан эсвэл байгууллагын ажилтан өөрт нь итгэл үзүүлээд эд хөрөнгө эзэмшилд нь өгчихсөн байхад тэрийг нь өөртөө завших, эсвэл эрүүл мэнд ур чадварын хувьд үнэхээр тухайн ажлын байранд тэнцэхгүй байгаа гэх мэт маш цөөхөн тохиолдолд ажлаас халагдах, ажлаас халах боломжтой. Бусад тохиолдлоор өөрийг нь ЛГБТ хүн байснаар нь ажлаас халах юм бол одоо байгаа Хөдөлмөрийн хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа. Тийм болохоор шүүхэд хандаад, ажилгүй байсан үеийнхээ цалингаа нөхөж авхуулаад, нийгмийн даатгалаа нөхөж бичүүлээд, буцаад ажлын байрандаа томилогдох бүрэн боломжтой.
Хөтлөгч: Ер нь ЛГБТ байгаад ажлаасаа халагдчих юм бол хууль бус гэж үзээд заргалдаж болох юм байна тэ?
Зочин: Тэгэх ёстой. Гэхдээ хүмүүс бас цаашаа шүүхдээд явъя гэхээр өөрийнх нь бэлгийн чиг баримжаа ил болно. Шүүгч мэднэ, өмгөөлөгч мэднэ, ажлын газрынхан орно гээд бас өөрийнх нь хувийн амьдрал нийтэд нээлттэй болохоос эмээгээд цаашаагаа ханддаггүй асуудал байдаг байх. Зарим нь би угаасаа гей юм чинь халагдах л ёстой байж гэж итгээд, тэр хүнд тэгж итгэтэл нь ялгаварлан гадуурхсан байгаа биздээ: Ингэж итгээд үлдсэн цаашдаа шударга шүүхээр яваагүй байдаг санагдсан. Гэхдээ яг миний өгөх зөвлөгөө бол хэрэв яг өөрийг чинь ЛГБТ хүн байснаар нь ажлаас халж байгаа гэдэгт бүрэн итгэж байвал заавал шүүхэд хандаж тэр хохирлоо барагдуулж одоогийн Хөдөлмөрийн тухай хуулиар өөрийнхөө эрх ашгийг сэргээлгэх бүрэн боломжтой.
Хөтлөгч: Чи шүүхийн өмнө, хуулийн өмнө өөрийгөө заавал ЛГБТ гэж хэлэх ёсгүй. Намайг ингэж үзээд халсан байна. Энэ чинь буруу л гэж явах ёстой болохоос биш энэ нь үнэн үү, үгүй юу гэдгийг тогтоох ямар ч шаардлагагүй. Миний бодлоор бол хэрэв чамаас мэдүүлэг энэ тэр авахдаа ЛГБТ нь үнэн юм уу, үгүй юм уу? гэж асуувал хариулахгүй байх бүрэн эрхтэй. Ингэж асууж байгаа чинь бас хууль бус гэж хэлэх ёстой.
Зочин: Тэгээд ингэж асуухад нь Миний ЛГБТ хүн байх эсэх нь хэргийн нөхцөл байдалд ямар ч ач холбогдолгүй ээ. Харин ЛГБТ хүн гэж намайг үзээд халж байгаа нь өөрөө хуулинд нийцэж байна уу, үгүй юу? гэдэг дээр анхаарч асуудлаа шийдэх ёстой. гэх хэрэгтэй
Хөтлөгч: Та бүхэнд бас иймэрхүү зүйл тохиолдож байсан бол ЛГБТ Төв дээр ирээд баримтжуулалт хийлгээд, зөвлөгөө авч болно. Бид хэд цааш нь энэ талаар илүү их мэдлэгтэй хүмүүстэй холбож өгч болно. Нөгөө талаас ингэж тэмцэлдэж, зарга хийх нь нөгөө байгууллагын хүмүүс аягүй сайн мэдлэгжүүлээд сургаж байгаа хэрэг л дээ. “Өө яаанаа хүнийг чинь ингэж дээрэлхэж болохгүй юм байна шдээ”, Ийм хуууль байдаг юм байна, бид нар чинь бас хуулийн дагуу явах ёстой юм байна гэдэг ойлголт авах учраас дараа дараагийн ЛГБТ хүмүүстээ аюулгүй ажлын байр бэлдэж өгч байгаа гэдэг талаас нь хараарай. Мөн гэрээ хийх нь маш чухал гэдгийг хэлэхгүй бол зөндөө хүмүүс гэрээ хийхгүй ажиллаад их хохирсон байдаг.
Зочин: Хөдөлмөрийн хуулинд бол байнгын ажлын байранд авч байгаа бол заавал хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой. Хөдөлмөрийн гэрээ байгуулсны ач холбогдол юу вэ гэхээр – Ямар хэмжээний цалин авах юм – Ямар ажлын байранд томилогдож байгаа юм – Ямар ажил үүрэгтэй юм гээд … Дараа нь хөдөлмөрийн гэрээнд чинь заагаагүй илүү, өөр хэцүү ажил хийхийг шаардаад, эсвэл гэрээ байгуулаагүйгээсээ болоод захирал нь ч юм уу, менежер нь дураараа хүссэн юмаа хийлгээд энийг хий, тэрийг хий гээд өөрийнхөө дур зоргоор аашлах боломж гарах учраас заавал хөдөлмөрийн гэрээ байгуулаад тэрэн дээрээ яг юу юу хийх юм, ямар үүрэг хүлээсэн юм, энэ ажлын байранд би ямар эрх үүрэгтэйгээр оролцох вэ? гэдгээ сайн тодорхойлоод ажиллах ёстой. Би бас сонсож байсан: Гадуур гэрээ байгуулахгүй амаараа тохироод явчихдаг ч юм уу, тэгээд дөнгөж сургууль төгсөөд ажилд орж байгаа хүмүүс болохоор цалинтай газар орсондоо баярлаад хүнд хэцүү нөхцөлд явдаг асуудлууд байгаа байх. Хэрвээ хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй ээ, шууд ингээд амаараа тохироод явчихъягэх юм бол заавал хөдөлмөрийн хуулиа харлаа хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой юм байна. Бичгээр байгуулдаг юм байна гэж хэлэх хэрэгтэй. Тэрний ач холбогдол нь та нийгмийн даатгалд хамрагдана. Нийгмийн даатгалд хамрагдсанаар эрүүл мэндийн даатгал, үйлдвэрлэлийн ослын даатгал, ажилгүйдлийн тэтгэмж гэх мэт бусад нийгмийн халамжийн үйлчилгээг авах эрх чинь нээгдээд ирэх учраас ач холбогдолтой шүү.
Хөтлөгч: Жишиг сажиг ажил гэлтгүй заавал гэрээ хийгээрэй. Аман гэрээ бол хүчингүй. Эцэст нь хохирвол яаасан муухай хүн бэ гээд л өнгөрөхөөс цаашгүй юм болно шүү.
Зочин: Дараа нь шүүх рүү яваад энэ хүн надад ажиллуулчихаад цалин өгсөнгүй ээ гээд явахад хүртэл яг ажилласан юм уу, үгүй юм уу? Чамайг ямар ажилд томилсон юм гээд нотлоход аман гэрээ хэцүү, нөгөө хүн нь би чамайг аваагүй шдээ, ажиллуулаагүй шдээ, юу яриад байна гэхэд чи хохироод үлднэ. Харин гэрээ бол өөр хоёр талын гарын үсэгтэй, он сартай. Энэ миний нэр байна, таны гарын үсэг байна. Та амласан цалингаа надад өгөөгүй гээд цаашаа өөрийнхөө эрхийг хамгаалахад ч гэсэн ач холбогдолтой.
Хөтлөгч: Заа өнөөдөр энэ их мэдээллийг бидэнд өгсөнд баярлалаа. Түрүүн хэлсэнчлэн зарим хуулиуд шинэчлэгдээд, яриагдаад явах үед та бүхэнд бас дор дор нь мэдээлэл өгөхийг хичээнэ. Мөн хуулийн тухай асууултууд байвал бидэн рүү илгээгээрэй. Улирал бүрдээ хуулийн талаарх ойлголтуудыг та бүхэнд өгөх гэж хичээж байгаа шүү.
За баярлалаа.
Зочин: За намайг бас урьж оролцуулсанд баярлалаа. Би өөрөө энэ подкастыг их сонсдог. Өнөөдөр өөрөө ингээд оролцсон маань надад маш нэр төрийн хэрэг байлаа. Баярлалаа.
Хөтлөгч: Заа дараагийн дугаараар уулзацгаая. Баяртай.
Нийтлэл бэлтгэсэн: Bilguun Batchuluun
ЛГБТ Төв: Хүн бүрд Хүний эрх, Шударга ёс, Нэр төр
Та сая Mongolian Queer Podcast-ыг уншлаа.