Тэгш эрх, бахархлын өдрүүдийг энэ жил цахимаар тэмдэглэж байгаа билээ. Та бүхэнд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах болон хүүхдээ хэрхэн дэмжих талаар эргэлзэх зүйл гарч байсан бол энэхүү нийтлэл тус болно гэж найдаж байна. ЛГБТИК+ хүүхэд бүр хайрлуулж, дэмжүүлж байх болтугай.
№1
КАМ АУТ ХИЙХ ҮЕИЙН СТРЕСС, ТҮГШҮҮР
21 насандаа кам аут хийсэн Г.Сүрэнхор “Би өмнө кам аут хийгээгүй байхдаа хүмүүс намайг юу гэж хэлэх бол, юу гээд бодчих бол гэхээс айдаг байсан. Би эмэгтэй хүн сонирхдог гэж хэлэх ч зориг байхгүй, баригдчихгүй юм шүү гээд өөрийгөө зовоогоод бас бусдад худлаа ярих их хэцүү байсан” хэмээжээ.
Кам аут – Өөрийнхөө бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаагаа хүлээн зөвшөөрөх, бусдад илэрхийлэх үйлдэл
Гэрийнхэндээ кам аут хийвэл ямар хариу авахаа мэдэхгүй байгаа ЛГБТИК+ өсвөр насныхан болон залууст дээрх асуудлууд ихээхэн тулгардаг. Гэрийнхэн нь ойлгож хүлээж авахаар байсан ч кам аут хийх нь айдас, түгшүүртэй байдаг аж. Хэрвээ таны хүүхэд ЛГБТИК+ байж магадгүй ч танд хараахан илэрхийлээгүй бол эртнээс яахаа бодож тооцоолох нь зөв. Таны хариу үйлдэл, хэлсэн үг хүүхдийн тань сэтгэл зүй болон цаашдын амьдралд хэрхэн нөлөөлөх талаар сайтар бодоорой. Таны хүүхэд ямар үг сонсохыг хүсэх бол?
“Хамгийн чухал зүйл бол зүгээр л хүүхдээ дэмж. Хүмүүс хайрыг мэдэрч, бусдаас дэмжлэг авах үедээ авьяас, чадвараа илүү олж нээж, өөртөө итгэлтэй болдог.” гэж өсвөр насныхны сэтгэл зүйч Пол Митрани хэлжээ.
Mongolian Queer Podcast-н зочин Г.Сүрэнхор “Кам аут хийснээс хойш ээж бид хоёрын харилцаа бүр илүү дотно болсон, утсаар ярих болгондоо “хайртай шүү ээж” гэж хэлдэг болсон. Ер нь л юу ч нуумааргүй юм шиг санагддаг болсон. Тэгснээр амьдрал илүү тайван болдог шүү. Миний ээж намайг ойлгосонд би их баяртай байгаа.” гэжээ.
№2
ХҮҮХДЭЭ ХЭРХЭН, ЯАЖ ДЭМЖИХ ВЭ?
“Сургууль дээрээ дээрэлхүүлэх болов уу, ажлын байран дээрээ ялгаварлан гадуурхагдах вий” гэх мэтээр зовниж, бусдын хандлага болон шашны үзэл баримтлалаасаа болж гэр бүлийн гишүүд ЛГБТИК+ хүүхдээ цаашид яах бол хэмээн санаа зовдог. Гэхдээ яаж ч шийдсэн бай “Хүүхдээ дэмжих, хүүхдээ гэсэн хайраа илүү ихээр илэрхийлээрэй” хэмээн Доктор Митрани уриалжээ.
“Хэрэв та хүүхдийнхээ ялгаатай байдалд санаа зовж, бухимдаж байгаа бол тэдгээр мэдрэмжүүдээ ил гаргахгүй байсан нь дээр. Өөрийн мэдрэмжээ хүүхдээсээ бусад хүмүүстэй ярилцаж, илэрхийлэх нь та болон таны хүүхдэд хэрэгтэй.” хэмээн сэтгэл зүйч Митрани зөвлөжээ. Таны хүүхэд ээж, аав эсвэл дотны хүнээсээ ямар үг сонсохыг хүсч байгаа талаар бодож үзээрэй.
Худал зүйлгүй, илэн далангүй нээлттэй харилцдаг гэр бүлтэй байх нь хүүхдийн тань сэтгэл санааны байдал болон хоорондын харилцаанд хэрэгтэй.
Өсвөр насны хүүхдүүдтэй нээлттэйгээр харилцах нь чухал. “Хоорондын яриагаа шууд тасалж дуусгахгүйгээр “Өөрийн санаагаа надад хэлсэнд баярлалаа”, “Юу болоод байгааг ойлгоход туслаач” зэргээр харилцах нь зүйтэй” хэмээн Доктор Митрани тодруулж хэлсэн.
Хүүхдийн Оюун Ухааны Хүрээлэнгийн клиник сэтгэл судлаач Доктор Лаурэн Лателла “Шүүмжлэхгүйгэр сонсдог нээлттэй харилцаатай гэр бүл хүүхдэд ээлтэй мэдрэмжийг төрүүлдэг. Хэрвээ эцэг, эх нь кам аут хийхийн чухлыг үл тоох эсвэл шууд асуудлыг шийдэхийг оролдвол энэ нь хүүхдийг тань дутуу, дорой мэдрэмжтэй үлдээдэг.” дурьджээ.
Юуны түрүүнд, юу ч болж байсан өөрийг нь хайрлана гэдгээ хүүхдэдээ ойлгуулж байгаарай. Доктор Митранигийн хэлснээр иймэрхүү яриаг “Өөрийнхөө талаар нээлттэй байгаад үнэхээр баяртай байна. Яагаад гэвэл гэр бүлийн зүгээс чинь чамайг аюулгүй орчинд байлгаж, бүхий л талаар дэмжинэ гэдгийг хэлмээр байсан юм. Ямар ч сонголт хийсэн бид чамд хамгийн сайн сайхыг л хүсэх болно.” гэх маягаар өрнүүлбэл зүгээр хэмээн зөвлөсөн.
Та бүхэн аливаа дэмжлэг, туслалцаа авахыг хүсвэл ЛГБТ Төвтэй холбогдох боломжтой. Утас: 7011 0323
№3
ХҮҮХДЭЭ АЮУЛГҮЙ БАЙЛГАХ
ЛГБТИК+ хүмүүст таагүй ханддаг хүрээлэлд орох эсэх, сургуульдаа яах бол, ямар нэгэн зөрчилтэй тулгарвал яаж давж гарах вэ хэмээн гэр бүлийн хувьд хүүхдэдээ санаа зовж байгаа байх. Митрани зөвлөхдөө “Энэ бүхэн чамд хэцүү байх болно” гэж яриагаа эхлүүлэхийн оронд таны хүүхдийг бусад хүмүүс хүлээн зөвшөөрөх эсэх эсвэл дээрэлхүүлэх вий гэж санаа зовж байна уу гэдгийг асуувал зүгээр гэжээ.
Таны хүүхэд “Зүгээр ээ, бүгдээрээ мэддэг бас хүлээн зөвшөөрсөн. Зүгээр байдаг.” гэж хэлж болно. Эсвэл ямар нэгэн дэмжлэг, тусламж дутагдаж байгаа бол танд ямар нэг байдлаар мэдэгдэж магадгүй.
“Хэрвээ сургуульд явдаг бол сургуулийнх нь бодлого, дүрэм журмыг мэдэх хэрэгтэй. Хэрвээ тухайн сургууль таны хүүхдийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн бодож байвал та хүүхдийнхээ төлөө үйлдэл хийгээрэй. Сургууль дээрх ЛГБТИК+ хүүхдүүдийг дэмжих журамтай болгохын төлөө тэмцэх, уулзалт зохион байгуулах эсвэл хүүхдээ хамгаалахын тулд өөр сургууль руу шилжүүлэх талаар бодож үзэх хэрэгтэй.” хэмээн Доктор Митрани зөвлөж байна.
Хүүхдээ аюулгүй байлгах тал гэр бүл, дотны хүмүүс нь ихэд санаа зовдог. Хүүхэд өөрийгөө хамгаалж чаддаг болоход гэр бүлийн дэмжлэг тун чухал. Хүнд хэцүү амьдралтай ЛГБТИК+ хүмүүст тусладаг, амиа хорлохоос сэргийлдэг үйл ажиллагаа явуулдаг The Trevor Project төслийн Digital Giving Manager-ээр ажилладаг Грээн хэлэхдээ “Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааны талаар нээлттэй ярих нь бүх хүүхдүүдэд ээлтэй орчинг бүтээхэд чухал ач холбогдолтой” гэжээ. Хүүхдийнхээ болон ЛГБТИК+ хүний эрхийн дэмжигч байх нь нийгэмд маш чухал нөлөө үзүүлдэг.
№4
ГЭРИЙНХЭЭ БУСАД ГИШҮҮДЭД ХЭЛЭХ
Кам аут хийх нь ЛГБТИК+ өсвөр насныхан болон залуучуудыг ихээхэн дарамтаас чөлөөлдөг боловч хааяа хааяа хөндөгдөх сэтгэлийн шарх хэвээр үлдэг. Хүүхэд тань найзууд эсвэл ажлынхандаа өөрийгөө илэрхийлэхэд тэдгээр хүмүүс сайнаар хүлээн авахгүй байж болно. Эсвэл гэр бүлийн гишүүд болон өөрт нь чухал хүмүүс хэрхэн хүлээн авах бол гэж санаа зовж байж мэднэ. Хэрвээ таны хүүхэд бэлэн болсон мэт санагдаж байвал түүний юу гэж бодож байгааг болон хэрхэн түүнийг дэмжиж болох талаар ярилцаж болох юм. Яриагаа асуултаар эхлүүлэн тэдний хариултыг тайвнаар сонсоорой. Таны зорилго бол хүүхдийнхээ яриаг анхааралтай сонсож байгаагаа мэдрүүлж, ойлгуулах юм.
Зарим хүмүүсийн хувьд хүүхдийнхээ ЛГБТИК+ гэдгийг хамгийн сүүлд олж мэдсэн гэдэгтээ сэтгэл хангалуун бус байдаг. Хэрвээ та хүүхдээ найзуудтайгаа юм уу эсвэл өөр хүмүүстэй илүү илэн далангүй байсанг олж мэдвэл гайхаж, хүндээр тусган хүлээж авахгүй байхыг хичээгээрэй. The Trevor Project-с явуулсан ЛГБТИК+ залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанаас харахад судалгаанд оролцсон ихэнх хүүхдүүд өөрийгөө ЛГБТИК+ хүн гэдгийг эхлээд найзууддаа, тэгээд өөрийн итгэдэг насанд хүрсэн хүнд (ихэвчлэн эцэг, эх нь биш) хэлдэг байна. Талаас бага хувь нь сургууль дээрх итгэлтэй хүндээ хэлсэн байв. Гэрийнхэндээ хэлэхээс цааргалсан шалтгаануудаас хамгийн чухлаас нь дурдвал:
- Ар гэрийнхэн нь хүүхдүүдийнхээ амьдрах орчин болон санхүүгийн эх үүсвэр нь байдаг бөгөөд амьдралд нь санаа тавьж, оролцож байдаг. Карманы мөнгөгүй болох гэрээсээ хөөгдөж магадгүй гэх мэт айдсаасаа болж ихэвчлэн гэр бүлдээ өөрийгөө хэлдэггүй байна.
- Хүүхдүүдийн хувьд хамгийн том дарамт нь гэр бүлийнхний зүгээс тавих хүлээлт байдаг. Кам аут хийх нь хүүхдэд гэр бүлийн дотны хүмүүсийнхээ урмыг хугалсан мэт санагдаж, гэмших мэдрэмж төрүүлдэг байна.
Нийгэмд ЛГБТИК+ хүмүүсийг илүү нээлттэй болгож, тэгш эрхтэй болгохын тулд бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааг энгийнээр бодож эхлэх юм. Гэр бүлийн бусад гишүүдэд хүүхдийнхээ бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааг хэлэхдээ болгоомжтой хандаарай. “Бусад гэр бүлийн гишүүдэд кам аут хийх эсэх нь хүүхдийн тань шийдэх асуудал. Тиймээс хүүхэдтэйгээ илэн далангүй ярилцаж, цаашид өсөн дэмжихэд нь юу хэрэгтэйг асуун, хэрхэн дэмжиж хамтдаа яахаа төлөвлөх хэрэгтэй. Энэхүү харилцан ярианд хамгийн чухал нь тэдний хүсэл эрмэлзлийг сонсож, хүндлэхэд оршино” хэмээн Грээн зөвлөсөн байна.
№5
ЛГБТИК+ БАЙХ НЬ ЗҮГЭЭР Л “ҮЕ ШАТ” БИШ
Гэр бүлийнхний санаа зовж байгаа өөр нэгэн зүйл бол нийлж байгаа хүүхдүүдээсээ болж ЛГБТИК+ болсон байх вий буюу “уруу татагдсан” байх вий гэх асуудал.
“Ихэнх хүүхдүүд өсвөр нас буюу өөрийн бие хүнээ олж мэдэх насан дээрээ бусдад өөрийгөө илэрхийлдэг. Тэд үсний засалт, хувцас, хөгжим гээд янз бүрийн зүйлсийг туршиж үзэн өөрийгөө олж авахыг хичээж байдаг. Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа нь эдний нэг байж магадгүй. ЛГБТИК+ байх нь үнэн бодит мөн чанар бөгөөд ихэнхдээ зүгээр трэнд дагасан хөнгөн зүйл биш байдаг.” Хэмээн Доктор Митрани онцолжээ.
Манай подкастанд зочноор орсон зураач Бадамаа хүүхдийнхээ тухай нээлттэй ярилцаж байсан юм.
“Миний хүү гей. Тэгээд хүүхэд чинь өөрөө тийм нуух юмтай болохоороо өөрийн эрхгүй бас цаашаа зүтгээд байдаг юм билээ. Кам аут хийснийх нь дараа бид хоёрын хооронд нуух юм байхгүй болчихоор аль алинд нь их гоё болчихсон. Ер нь тэгээд ЛГБТИК+ байлаа гээд тэрэнд эмзэглээд, ойр дотны хүмүүс нь ойлгодоггүй хүүхдүүд болохоор амиа хорлох юм бодогддог гэсэн. Тийм учраас ийм юман дээр бол эцэг, эхчүүд хүүхдээ аль болох ойлгоод, аль болох юм уншиж судлаад, тэр талаас нь хүүхэдтэйгээ аль болох л ойрхон байхыг л бодоорой доо. Нэг л заяасан сайхан хүүхэддээ эерэг хандацгаагаарай л гэж хэлмээр байна.”
Орчуулсан: Нинжин
Хянасан: Ц.Цэвээнравдан
Эх сурвалж: Child Mind Insitute
ЛГБТИК+ Хүүхдээ дэмжих 5 зөвлөмж – Noorog
[…] lgbtcentre.mn […]