Тэгш эрх, бахархлын өдрүүд Монголд 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил ковид-19 цар тахлын улмаас тэмдэглэлт өдрүүдээ ЛГБТ Төв цахим хэлбэрээр хийж байгаа билээ. Олон нийтэд ЛГБТИК+ хүмүүсийн талаар эерэг, зөв ойлголт өгөх үүднээс бид “Өдрийн сонин”-д энэхүү нийтлэлийг орчуулан хэвлүүлэв.

Цар тахлын үеэр гэртээ гацсан Кэннэт Фэлтс амьдралынхаа 90 жилийг өгүүлсэн намтар бичихээр шийджээ. Гэвч бичиж эхлээд Фэлтс амьдралынхаа турш нуусан нэгэн нууцаа дэлгэхгүйгээр түүний түүх хэзээ ч бүрэн бүтэн болохгүй гэдгийг анзаарчээ. Тэр нууц нь түүний бэлгийн чиг баримжааны тухай юм. 

Одоо Колорадо мужийн Арвадад амьдардаг тэрбээр 12 настайгаасаа хойш гей гэдгээ мэддэг байсан гэв. Түүний өсөж торнисон цаг үед гей хүн байх нь бусдын дургүйг хүргээд зогсохгүй хууль бус байсан учраас тэрээр өөрийн мөн чанараа нуухаар шийдсэн байна.

Харин сүүлийн жилүүдэд олон зүйлс өөрчлөгдсөн бөгөөд 2015 онд ижил хүйсийн гэрлэлтийг АНУ-д хууль ёсны болгосон билээ. 

Фэлтс намтартаа түүний жинхэнэ хайр Филипийн талаар оруулахгүй байж болохгүй гэжээ. Тийм ч учраас тэр 90 настайдаа хамгийн эхлээд охиндоо, дараа нь бусад гэр бүлийнхэн, найзууддаа Фэйсбүүкийн постоор өөрийнхөө гей бэлгийн чиг баримжааг илэрхийлсэн байна.

Тэрбээр Фейсбүүкт “Би гей, би үүндээ нээлттэй бөгөөд эрх чөлөөтэй байна” гэжээ.

Булшиндаа авч орох байсан нууц

Сургуулийнхаа найзынд хоносон нь түүнийг өөрийгөө гей гэдгээ мэдэхэд хүргэжээ. Гэвч түүний гэр бүл Христийн шашинтай бөгөөд гей байх нь нүгэл гэж зааж сургадаг байв. 

Фэлтс үүний талаар “Би хэрэв гей гэдгээ хэлсэн бол там руу явна гэж мэддэг байсан. Энэ нууцаа булшиндаа авч орох гэж байсан” гэж хэлсэн юм.

Kenneth Felts in the US Navy when he was deployed to Korea during the Korean War.
Фелтс АНУ-ын тэнгисийн цэргийн флотод Солонгосын дайнд явж байжээ.

 

Ийнхүү Фэлтс Америкийн усан цэрэг болж Солонгосын дайнд явахдаа, түүний дараа коллежид сурч байхдаа гээд залуу насаа стрэйт хүн шиг (эсрэг хүйсийн хүндээ татагдаж, дурладаг бэлгийн чиг баримжаатай хүн) өнгөрөөжээ. 

1950-аад оны сүүлээр тэр Калифорнийн Лонг Бийч руу жижиглэнгийн зээлийн компанид ажиллахаар нүүсэн байна. Тэнд Фэлтс Филип Жонестэй уулзжээ.

“Би түүнтэй таарахдаа стрэйт хүн шиг байсан учраас түүнийг нээлттэй гей гэдгийг таамаглаагүй байсан” гэв. “Надад Филип бид хамтдаа байх боломжтой гэдгийг харуулсан.”

Кофе шопуудаар болзож эхэлсэн тэр хоёр тун удалгүй Филипийн гэрт илүү их цаг өнгөрөөх болж, удалгүй хамт амьдрах болсон байна. Жил гаран тэд хэдий нууц боловч аз жаргалтай хосуудын амьдралаар амьдарч байв. 

“Филиптэй хамт Калифорнид амьдардаг байхад ижил хүйсийн хүнд татагдах нь хууль бус байсан. Гэмт хэрэг байсан учраас бид хөтлөлцөх юм уу тиймэрхүү зүйлс хийж болохгүй. Хэрэв тэгвэл баривчлагдаж болох байсан. Тэгээд шүүхэд дуудагдах юм бол хотоор чиний талаар тархаж чи найз, гэр бүл гээд бүх юмаа алдах байлаа” хэмээн Фэлтс өгүүллээ.

Калифорни мужийн энэ хууль 1975 он хүртэл хүчинтэй байв.

 

Цагийн эрхэнд Фэлтс нийгмийн дарамт, шахалтаас үүдэн хайртай хүнээсээ салахаар шийджээ. Учир нь ЛГБТ хүмүүсийн хайрыг гэмт хэрэгт тооцдог нийгэм маш олон хүнийг сэтгэлийн шарх, түгшүүртэй амьдруулж байв.

“Би ажлаасаа гараад, эд хөрөнгөө аваад гэртээ харьсан. Филлип намайг явсны дараа хоёр гурван захиа бичсэн. Хамгийн сүүлийн захиандаа тэр “Хэрэв энэ захианд хариу өгөхгүй бол би чамд дахиж төвөг удахгүй ээ.” гэсэн байсан юм. Би бусад захианд нь хариу өгөөгүй шигээ энэ захианд ч мөн хариулаагүй л дээ. Тэр нь их том алдаа байж.” гэж Фэлтс дурслаа.

Филипээс салсныхаа дараагаар тэр дахиад бэлгийн чиг баримжаагаа нуужээ. Гэхдээ энэ удаад тэр “Ларри” гэсэн өөрийнхөө өөр нэгэн хувилбарыг гаргаж амьдралаа илүү их хуваасан байна.

“Ларри миний гей тал байсан бөгөөд,  Фэлтс байдаг л стрэйт хүн нь байсан юм.”

Ларриг нууж, Фэлтс сүмийн нэгэн эмэгтэйтэй танилцсан байна. Тэд гэрлэж охинтой болсон боловч 1980 онд салжээ. Салахдаа хүртэл охиноо өөр дээрээ авах эрхээ алдана гэдгээс айж гей гэдгээ нуусаар л байв.

 

Гэсэн ч Фэлтс сэм сэмхэн номын сан орж утасны номоос нэг хүнийг хайдаг байв.

 

“Би тэр номонд байсан бүх Филлип Жонес руу залгасан боловч олж чадаагүй. Би Филлипийг орхисондоо үргэлж харамссаар нас барах боловч тэр намайг уучилсан гэж найдаж байна.

 

ЛГБТ Төвтэй холбогдох бол 70110323 

 

90 насандаа өөрийнхөө тухай илэрхийлсэн нь

 

48 настай Ребэкка Маеэс аавд нь амьдралдаа харамсаж явдаг зүйлс байдаг гэдгийг мэддэг байжээ. Тэр үргэлж энэ харуусал нь ээжтэй нь холбоотой гэж боддог байсан ч энэ таван сард жинхэнэ шалтгааныг нь ойлгожээ. 

Бид утсаар ярьж байхад тэр амьдралынхаа цор ганц хайрыг алдсан гэдгээ хэлсэн. Эрэгтэй эсвэл эмэгтэй хүн гэж тэр дурдаагүй.” гэж охин нь хэлсэн юм.

Тэр өдөр Фэлтс охиндоо түүний амьдралын цор ганц тэр хайр нь Филип Жонес ба эрэгтэй хүн гэдгийг хэлсэн байна. 

Kenneth Felts with his daughter, Rebecca Mayes, at the 2020 Denver Pride Virtual 5K.
Фелтс охин Ребеккатайгаа хамт 2020 оны Денверийн Цахим Pride-ын үеэр

Охиндоо гей гэдгээ хэлснийхээ дараа Фэлтс Фэйсбүүкээр дамжуулан бусад хүмүүст мөн өөрийнхөө бэлгийн чиг баримжааг илэрхийлжээ. Үүнийг нь хүмүүс хайр дүүрэн хүлээж авсан аж.

Нью Жерсид байдаг үрчлэгдсэн хүүхдүүдийн эцэг, эхийг олж өгдөг нэгэн эмэгтэй Фэлтс өвөөд хайртай хүнийг нь олж өгөхөөр холбогджээ. Хэдий Филипийн талаар олж мэдсэн ч, тэр аль 2013 онд нас барсан байв.

“Би үнэхээр их хайртай байсан бөгөөд энэ бүх зүйлийг түүний төлөө л хийж байна.” гэж Фэлтс өгүүлэв.

Фэлтс одоо өөрөөрөө бахархаж, жинхэнэ мөн чанараа бүрэн хүлээж авчээ. Тэр үсэндээ цэнхэр ягаан сор тавиулж, бахархлын тугаар гоёж, энэ жилийн бэлгийн болон хүйсийн цөөнх хүмүүсийн тэмдэглэлт баярт таягтайгаа оролцсон байна. 

 

Хамгийн чухал нь аав маань илүү өөртөө итгэлтэй, илүү нийтэч болсон гэж түүний охин Маеэс хэлсэн байна.

“Би үлдсэн амьдралынхаа турш аз жаргалтай байна гэдгээ мэдэж байна.” хэмээн Фэлтс CNN-д өгүүлэв.

Түүнд өөрийгөө бүрэн хүлээж авахад 90 жил шаардагдсан байж болох ч түүний түүх бусдад өөрсдийгөө хүлээн зөвшөөрөх зоригийг өгнө гэж найдаж байгаагаа тэрбээр мөн илэрхийлжээ.

“Чамайг хэн гэдгийг хүлээн зөвшөөрч, хайрлах бүхэл бүтэн ертөнц энд байна.” гэв.

Орчуулсан: Нарка

Хянасан: ЛГБТ Төв