Тэгш эрх, бахархлын өдрүүд 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. Бид нийгэмд өөрийнхөөрөө амьдарч, дуу хоолойгоо илэрхийлж яваа нэгэн бүсгүйтэй ярилцан, нийтлэлээ та бүхэнтэй хуваалцаж байна. Та бүхэн хүлээн авна уу.
Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу.
Сайн байна уу. Юуны өмнө та бүхэнд өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээр ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Мөн миний ярих зүйл нийгэмд тулгарч буй асуудлуудын нэг сэдэв нь гэж бодож энэхүү яриаг өгч байгаа юм. Намайг Ж.Оюунболор гэдэг, одоо 23 настай. Гоо сайханчаар мэргэшсэн.
Өөрийгөө хэрхэн тодорхойлдог вэ?
Би өмнө нь ikon.mn-д өгсөн ярилцлагадаа энэ талаар дурдсан. Трансжендэр хүн гэхээрээ сэтгэцийн өвчтэй биш гэдгийг ДЭМБ аль хэдийн баталчихсан. Би трансжендэр эмэгтэй хүн юм.
Трансжендэр байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу.
Та өөрийгөө хэдэн насандаа эмэгтэй хүн гэж мэдсэн бэ? Дурсамжуудаасаа хуваалцаач
Анх би 12, 13-тайгаасаа өөрийгөө илүү ихээр мэдэрч эхэлсэн л дээ. Ерөнхийдөө алхах, гишгэх, аливаа зүйлийг үзэж харах, ярихаас авахуулаад их л эмэгтэйлэг гэж хүн бүхэнд их анзаарагддаг гэж сонсож байсан. Тэр үед л мэдэж, мэдэрсэн гэж ойлгож болно.
Та хэзээ өөрийнхөөрөө амьдарч, нийгмийн төлөө дуу хоолойгоо өргөхөөр шийдсэн бэ? Тухайн үеийн бодол, мэдрэмжээсээ хуваалцана уу.
Монголын энэ хэцүү царцуу нийгмийг нэг талаас хатуу болгодог зүйл байхад, нөгөө талаас их зөөллөх ёстой юм байна гэж боддог. Миний хувьд хүмүүс энэ талаар мэдлэггүй байгаа учраас л хүлээж авах нь бага гэж дүгнэж байгаа.
Намайг аль хүүхэд байхад л Ган-Од, дэлхийн од Элтон Жон гэх мэтээр ЛГБТИК+ хүмүүс байсаар л байсан, аль ч цаг үед. Харин одоо цагт мэдээлэл илүү их нийгэмд хүрснээрээ л ил тод харагдаж байгаа болохоос биш, би гэнэт гарч ирээд л сурталчилгаа хийгээд л, олны танил болох гээд байгаа зүйл огт байхгүй юм шүү дээ. Яагаад гэвэл ийм хүмүүс далд нуугдмал байвал эрсдэл маш өндөр, хэцүү гэдгийг л харуулж ойлгуулах гэж хичээж байхад бусдын сэтгэл рүү битий ус цацаачээ, хүмүүсээ гэж хүсмээр байна. Бусад хүнтэй л адилхан гэр бүлтэй, хайртай хүнтэй, сэтгэл зүрхтэй сэтгэдэг шдээ.
Түүнээс бага насны хүүхэд, өсвөр насны хүүхдүүдийг буруу зүйлээр татаж чангаасан үйлдэл миний хувьд нэг ч байхгүй. Миний гэр бүлийн хүмүүжилд тийм ёс суртахуунгүй зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.
“Олон байх тусмаа уруу татдаг муу нөлөөтэй, устга эд нарыг. Нуугдаад амьдраач.” гэх мэтчилэн хүмүүс муухай үг олон хэлдэг. Адилхан монгол хүн байж яаж ийм үг амнаас нь, тархинаас нь, бодлоос нь гарч хэлж чаддагийг би ойлгодоггүй. Элдэв хараалын үгс хэлж сураагүй болхоор хэлж чадаад байдаг хүмүүсийг өөрсдөдөө буцаад нэг хэлээд үзээрэй гэж хэлмэээр байна даа.
Би нийгэмд тустай хүн болж, мөн цаашлаад олонд ойлгогдсон хүлээн зөвшөөрүүлсэн нэгэн болох болно гэж л амлаж чадна.
Нийгэмд нээлттэй трансжендэр эмэгтэй хүн байх ямар вэ? Бусад трансжендэр охиддоо хандаж юу гэж хэлэх вэ?
Би транс бүсгүй. Бусад трансжендэр охидын талаар би сайн мэдэхгүй. Хаа ч явсан хүмүүс “Тэнд танайхан байна”, “Энд тийм зураг даруулч ихаж” гэх мэтээр дайрах гүтгэх зүйл гардаг. Аль болох эерэг өнцгөөс тайлбарлаад хэлдэг, хүн юм чинь ойлгоно гэж л найддаг. Би элдэв ёс бус зүйлээс холуур амьдрахыг л хичээж явна даа.
Амьдралдаа хийсэн сонголтондоо би хэзээ ч харамсдаггүй, ямагт дээгүүр харж явна л гэж боддог. Муу муухай бүхэн надаас, чамаас, танаас хол байгаасай гэж би өглөө болгон уух цай, идэх хоолондоо шивнэж амьдардаг зуршилтай. Бусадтай сайхан харьцаж, бусдад төвөг учруулахгүй байвал саадгүй амьдарчихна гэж бодож байна. Иймээс үргэлж бусдыг ойлгож, бусадтай сайхан харьцаж байгаарай гэж хүсэж байна.
Бас нийгэмд, олон нийтэд хандаж юу хэлмээр байдаг вэ?
Их таатай байлаа. Уншигчид минь инээдтэй, наргиантай, гуньж шаналах үеийг минь уншаад ойлгоно гэдэгт найдаж байна. Хүн бүр хүүхэд бүхэн аз жаргалтай байг
Та бүхэн ам дамжсан яриагаар бусдыг бүү дүгнээрэй. Тэд цаанаа яаж амьдарсныг нь хэн ч мэдэхгүй, ирээдүйд тэд хэн болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. /инээв/
Уншигч нартаа Тэгш эрх, бахархлын өдрүүдийн мэндийг хүргэе! Та бүхэн нэгдсэн мэдээлэл авах бол ЭНД ДАРНА УУ.