2018 оны 8-р сарын 10-нд шүүгч Рүт Бейдэр Гинсбург дээд шүүхийн шүүгчээр 25 жил ажилласан ойгоо угтсан билээ. Билл Клинтон ерөнхийлөгч байхдаа түүнийг шүүгчээр томилсноор тэр дээд шүүхийн хоёрдох эмэгтэй шүүгч болсон юм. Гинсбург томилогдсоноосоо хойш иргэний эрх, тэгш эрх, гээд өөр бусад олон зүйлсийн төлөө тууштай тэмцэж ирсэн бөгөөд түүнийг шүтэн бишрэгчид нь “Зартай РБГ” (The Notorious RBG) хэмээн дууддаг байжээ.
Гинсбург гэрлэлтийн тэгш эрхийг олон жил хүчтэйгээр дэмжсээр ирсэн. Гэрлэлтийг Америк даяараа хууль ёсны болгосон шүүхийн шийдвэр гарахаас өмнө ч Гинсбург Америк улс үүнд бэлэн гэдэгт итгэлтэй байсан байна. Дээд шүүх Обергфеллийн хэргийг (дээд шүүхээр Обергфеллийн талд шийдвэрлэсэн энэхүү хэрэг улс даяар ижил хүйсийн гэрлэлтийг хууль ёсны болгосон зүйл билээ) авах үед Гинсбург ижил хүйсийн гэрлэлтийн эсрэг маргаж буй бүх аргументыг үгүйсгэн хаасан юм. Тэр гэрлэлтийн тэгш байдлыг үндсэн хуулийн хүрээнд дэмжээд зогсохгүй бодит амьдрал дээр ч дэмжиж буйгаа илэрхийлж олон тооны ижил хүйсийн гэрлэлтийг гүйцэтгэн, АНУ-ын гей элчин сайдын тангараг өргөх ажлыг мөн удирдаж байжээ.
Тэр сүүлд Мастерпийс Кейкшопийн (Masterpiece Cakeshop case) хэрэгт эсэргүүцэж буйгаа хатуу илэрхийлж “Хуримын бялууны захиалга өгөхөөр хосууд бялууны газарт хандахад тэдний хүсэж байгаа зүйл бол гэрлэлтээ тэмдэглэж буй бялуу болохоос өөр хүйсийн гэрлэлт юм уу ижил хүйсийн гэрлэлт тэмдэглэж буй бялуу биш бөгөөд тэд энэ үйлчилгээг авч чадаагүй юм.” гэжээ. Энэхүү хэрэгт Мастерпис Кейкшоп нь гей хосд хуримын бялуу хийж өгөхөөс татгалзсан бөгөөд АНУ-ын дээд шүүх үүнийг бялууны газрын талд шийдвэрлэсэн юм.
Шүүгч Гинсбург 1996 онд ЛГБ хүмүүс нь үндсэн хуулиар хамгаалагдсан бүлэг гэсэн шийдвэрийг дэмжиж, 2003 онд Lawrence v. Texas-н хэрэгт мөн улс даяар ижил хүйсийн бэлгийн харилцааг хууль ёсны болгоход дэмжиж байв. 2000 оны Boy Scouts of America v. Dale хэрэгт Америкийн Хөвгүүдийн Скаут нь гей гишүүдийг үндсэн хуулийн эвлэлдэн нэгдэх эрхийн дагуу хасаж болно хэмээн олонхын шийдвэр гарахад шүүгч Гинсбург эсэргүүцэж байлаа. Харин одоо Хөвгүүдийн Скаутууд гей болон транс гишүүдийг хоёуланг нь элсэхийг зөвшөөрдөг байна.
Эх сурвалж: http://baltimoreoutloud.com/
Орчуулсан: Г.Нарзаяа
ЛГБТ Төвийн сайн дурын ажилтан