Хосын харилцааны тухай
Хөтлөгч: Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт уншигчид аа! Та бүхэндээ Тэгш эрх, бахархлын өдрүүдийн мэндийг хүргэе. Яг энэ өдрүүдийн хзүрэнд та бүхэн маань манайхаас бэлтгэсэн контентуудыг хүлээж авч байгаа байх. Бас өөрсдөөрөө бахархаж байгаа байх. Энэ олон ялгаатай байдалтай хүмүүсийг хүлээн зөвшөөрч, хүлээж авахад нь бас тус болж байгаа байх гэж найдаж байна. Өнөөдөр маш хэрэгтэй, чухал, сонирхолтой подкастыг хүргэхээр бэлдсэн. Эхлээд зочинтойгоо танилцья. Дараа нь сэдвээ танилцуулна.
Зочин: Сайн байцгаана уу? Бүгдэнд нь баярын сарын, баярын өдрүүдийн мэндийг хүргэеээ. Намайг Даваасүрэн гэдэг. Сэтгэл зүйч мэргэжилтэй. Одоогоор Хөөрхөн зүрх ТББ-д сэтгэл зүйчээр ажилладаг.
Хөтлөгч: Та бүхэн зарим нь анзаарсан байх. “Бидний дуу хоолой” гэдэг эвент 5-р сараас хойш яваад гоё бүтээлч дэвтэртэй ажиллах үйл ажиллагаа хийгээд байсан. Яг энэ сэтгэл зүйч маань тэрийг явуулдаг. Манай ЛБГТ Төв дээр нэг удаа болсон. Тэрэн дээр хүмүүс ирээд 2 цаг тайвшраад, бас бүтээлч тал дээр ажилладаг. Тэр үед би чинь аягүй стресстэй байсан юм. Түүнийг хийхэд үнэхээр гоё байсан. Тэгээд санал тавиад энэ подкастыг хийхээр болсон. Их удаан бодож явж байгаад ашгүй өнөөдөр ингэж хийж байна.
За яг ямар сэдэв вэ гэхээр “Эрүүл харилцаа ба эрүүл бус харилцаа” гэсэн нэртэй гэхдээ юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл бид нар өдөр тутамдаа үерхэх, дурлах, хайрлах, хамтран амьдрах, харилцахаас авхуулаад зүгээр чатлах хүртэл харилцаа гэж явна. Тэр харилцаа ер нь ямар ямар зүйлийг мэдэх хэрэгтэй юм. Яавал нөгөө хүнээ гомдоохгүй, гэмтээхгүй, цаашдаа сэтгэлийн шархгүй, түгшүүргүй явуулах юм, харилцаандаа сэтгэл хангалуун байх талаар зөвлөгөө өгнө. Тэгээд би эрүүл харилцааны талаар огт сонсож байгаагүй, 18-тай болоод кам аут хийхэд энэ талаар ярих хүмүүс ховор байсан л даа. Хаанаас мэдэх юм? Яахав хүчирхийлэл гэдэг үгийг сонсоод байдаг. Түүнийг шууд зодох эсвэл аймар хардах гэж ойлгоод байдаг. Өөр бас нарийн мэдэх юмнууд байсан байна лээ. Эргээд бидний хувьд, ЛГБТ хүмүүсийн хувьд хүчирхийлэл гэж яг байдаг юм уу? Бид нар ер нь илүү өртөмтгий байдаг юм уу, үгүй юм уу? гэдэг янз бүрийн асуултууд байна л даа.
Хамгийн түрүүнд эрүүл харилцаа гэж юу юм бэ? гэдгээс эхлэе.
Зочин: Сая яриан дундаа хэллээ шдээ. Ер нь ЛГБТ хүмүүст хүчирхийлэл гэж байдаг юм уу, өртөж болох юм уу, өртлөө гэхэд түүнийг хүчирхийлэл гэж үзэх юм уу гэх мэт. Хосын харилцаа, ямарваа нэгэн харилцаанд байдаг бүх хүмүүс л хүчирхийлэлд өртөх магадлалтай. Гэхдээ ямар хүмүүс хүчирхийлэлд өртөх эрсдэл арай их вэ гэхээр мэдээж хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настан гэх мэт тухайн бүлэг, тухайн орчинд хэн илүү эрх мэдлийн хувьд бага гэж мэдрэгдэж байна, хэн хүч дорой байна, хүч сул, эмзэг байна гэдгээрээ хүчирхийлэлд өртөх магадлал нь ихсээд эхэлдэг. Тэгэхээр ингээд ярихаар магадгүй ЛГБТ хүмүүс маань тухайн орчин, мэдээлэл авах суваг нь бага байдаг ч гэх юм уу түгээмэл биш байдаг гэдгээрээ хүчирхийлэлд өртөх, хосын харилцаанд гэсэндээ хүчирхийлэлтэй байгаагаа таних, таньчихаад одоо яах вэ гэдэг арга замаа олохдоо хугацаа шаарддаг байж болох юм аа гэж харж байна.
Хөтлөгч:
Яг ингээд хэлэнгүүт манай залуу уншигчид гайхаж магадгүй. За миний харилцаанд хүчирхийлэлтэй болтлоо удах байх гэж бодож байж магадгүй. Хэрвээ тэгж бодож байгаа бол үгүй шүү.
Энэ подкастыг заавал уншаарай/сонсоорой, найзууддаа заасал уншуулаарай/сонсуулаарай. Яагаад вэ гэхээр би мэдээлэлд харьцангй ойрхон байсан мөртлөө хүчирхийлэлтэй харилцаанд байсан болж таарсан. Түүнийгээ сүүлд мэдэж ухаарсан. Мөн ухаарах явцдаа би өөрөө бас хүчирхийлэл үйлддэг байснаа ойлгосон. Та бүгдийг бас харилцаандаа сэтгэл хангалуун байгаасай гэж хүсэж байна. Одоо ингээд илүү нарийн зүйл рүү гээ оръё.
Зочин: Хүчирхийлэл гэхээр сая чиний хэлсэнчлэн надаас хол, эсвэл зодохыг хэлэх байх, ямар нэгэн байдлаар биед нь ноцтой гэмтэл учруулаагүй бол бид нар түүнийг хүчирхийлэл гэж хардаггүй. Тэгэхээр магадгүй хүчирхийлэл биш эрүүл бус харилцаа гэж ярьвал хүмүүс арай ойр санагдаж магадгүй. Тэгэхээр эрүүл харилцаа гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр
- хамгийн эхний асуулт нь – та энэ харилцаанд сэтгэл ханамжтай байна уу?,
- дараагийнх нь – та энэ харилцаанаас ямар нэгэн айдас түгшүүр дарамтыг мэдэрч байна уу?
хэрвээ та энэ хоёр асуултанд эргэлзэж байна эсвэл би тиймээ би айж байна, сэтгэл хангалуун биш байнаа гэж хариулж байвал магадгүй таны харилцаа эрүүл бус тал руу орсон байхыг үгүйсгэхгүй ээ гэж эхнийхээр ойлгож болно.
Эрүүл аз жаргалтай харилцаанд бид үргэлж сэтгэл ханамжтай байдаг. Эрүүл харилцаанаас бид айдсыг, дарамтыг, түгшилтийг мэдэрдэггүй.
Хэрэв та их бага хэмжээгээр – хэрвээ би харилцаж байгаа хүндээ хэлэхгүйгээр иймээ явчихвал, хэрвээ би гэрийнхэнтэйгээ уулзчихвал, хэрвээ би ингэчихвэл тэр яаах бол гэсэн түгшилт байгаад байвал таны харилцаа эрүүл бус байж магадгүй ээ гэж ойлгож болно.
Хөтлөгч : Түгшүүр гэхээр яг ямар мэдрэмж юм бол. Жишээ нь: Харилцаанд байхад нөгөө хүнээ бодох үе байна шдээ. За намайг гадуур явбал яах бол гэсэн энгийн. Баярлах бол уу”, санаа нь зовох бол уу гэж бодох байх. Яг түгшүүртэйгээр бодно гэхээ ямар ялгаатай юм бол?
Зочин: Түгшилт гэдэг маань мэдрэмж. Энэ мэдрэмж маань таньд, бид нарт ялгаатайгаар мэдрэгдэж болно. Жишээ нь түгшихдээ зүрхний цохилт маань арай хурдасдаг, гар маань салганадаг ч юм уу, эсвэл төвлөрч чадахаа больчихдог ч гэх юм уу иймэрхүү байдлаар миний хувьд мэдэрдэг. Гэтэл хүн болгоны биеийн хариу үйлдэл нь өөр, яаж биедээ мэдрэх нь өөр. Тэгэхээр би одоо таны зүрх чинь салгалж байвал, ингэж байвал тэгж байвал түгшиж байна гэсэн үг гээд хэлчихвэл зарим хүнд маань тэр илэрдэггүй байх боломжтой. Тэгэхээр түгшүүрийг яааж хэлж болох вэ гэхээр – ингэх болов уу, тэгэх болов уу гэсэн санаа зовнил байна, – дээрээс таны сэтгэл санаа тогтворгүй байна. Хосын харилцаанд жишээгээр хэлбэл –
магадгүй таны хос чинь зарим найзтайгаа уулзахыг чинь эсэргүүцдэг байж болно, гэтэл та хосдоо хэлэлгүйгээр түүнтэй уулзчихлаа, түүнтэй уулзаад байж байтал гэнэт утас чинь дуугарлаа. Тэр үед та сандрана. Яаанаа юу гэх гэж байгаа бол, би хаана байна гэж хэлэх вэ гэх иймэрхүү байдлаар айдас түгшүүр явж байвал эрүүл бус л гэсэн үг. Ингэж хэлэхээр арай барьцтай сонсогдож байж магадгүй.
Хөтлөгч: Яг тэр утсан дээр бол надад тохиолдож байсан. Би бүр утсаа доош нь харуулчихаад авч чадахгүй суудаг байсан. Тэгээд бараг 2-3 цаг тасралтгүй залгаад л, өөр хүний утаснаас ч залгаад л байдаг байсан. Ингээд эрүүл бус харилцааны тухай сонсчихлоо. Одоо тэгээд яах ёстой вэ?
Зочин: Хүн хүний л шийдвэр. Чам шиг салья гэсэн шийдвэр гаргаж болно. Салж чадахгүйгээр энийгээ өөрчлөе гэж оролдож болно. Салах гэдэг бол сайн сонголт мэдээж биш. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр салахын өмнө хэрэглэж турших, засаж залруулах, хэрвээ чи энэ хүнтэй хамт байна гэж бодож байвал арга замууд зөндөө байдаг. Цаашид хамт байх тухай төсөөлж чадахгүй байвал салах гэсэн сонголт бас байгаа.
За түрүүний ярьсан жишээн дээр авч үзвэл яах вэ гэвэл ярилцана гэсэн үг. Мэдээж бие биедээ худлаа ярихыг хүсэхгүй байна. Энэ нь сэтгэл зүйн хувьд тааламжгүй мэдрэмжийг үүсгэж байна. Тэгэхээр би тэр найзтайгаа уулзмаар байна. Уулзах нь чиний асуудал. Тэр хүний асуудал биш. Тэр хүн тэгвэл яагаад уулзуулахгүй гээд байгаа юм. Бие биенийгээ сайн сонсож ярилцаж байгаад аль алинд нь таарах шийдвэрт хүрэх ёстой. Магадгүй уулзуулахгүй гээд байгаа шалтгаан нь харамлах байж болно. Эсвэл зүгээр тэр хүний гадаад үзэмж нь таалагдадгүй учраас уулзуулахгүй байна уу, эсвэл чамайг ямар нэгэн эрсдэлээс хамгаалж уулзуулахгүй гээд байна уу гэдэг дээр шалтгаануудаа ярилцанаа гэсэн үг. Хэрвээ тэр хүн өөрийнх нь зүгээс найз чинь таалагдахгүй, чамайг уулзуулахгүй байна гэдэг чинь хувиа хичээх үйлдэл болчихож байгаа юм. Тэр хүн чинь найз та хоёрын харилцааг хүндэтгэхгүйгээр, өөрийнхөө хүсэл зорилгод чамайг нийцүүлэх гээд хориг тавиад байна. уулзах, утсаар яриа, чаатлахад хориг тавиад байна. Иймэрхүү байгаад байвал чи түүний болзолыг хүлээж авахгүй байна, энэ нь хувиа хичээх үйлдэл болж байгаа учраас.
Нөгөө талаас чамайг ямар нэг эрсдлээс сэргийлээд , эрсдэл байна гээд үзээд байвал эрсдлээс яаж хамгаалах юм. Тийм эрсдэлтэй зүйл болбол би чамд хэлнээ гэдэг ч юм уу, ингэж холбоо барьнаа, хаана уулзахаа би чамд хэлнээ гэх иймэрхүү байдлаар сонголтуудыг хоорондоо ярилцаж болно.
Хөтлөгч: Нөгөө талаас хүчирхийлэл үйлдчихсэн байна. Би ингээд харамлаад байдаг юм аа. Тэр найзтай үнэхээр уулзуулмааргүй байдаг, надад их хэцүү байдаг, би өөрийгөө барьж чаддаггүй ч юм уу тийм тохиолдол байвал яаах бол? Хориг тавиад байдаг тэр хүн нь уншиж байгаа бол..
Зочин: 1-рт чи өөрөөсөө асуу. Ямар шалтгаанаар чи хамтрагчаа найзтай нь уулзуулахгүй гэж хориод байгаа юм. Чи шалтгаанаа бодоогүй байхыг ч үгүйсгэхгүй. Чи өөрөө шалтгаанаа бод. Тэр шалтгаан чинь л тэр хүнийг өмчлөх, тэр хүнийг харамлах шалтгаан байвал энэ чинь эрүүл бусаа гэж харах хэрэгтэй. Чи тэр хүнийг найзтай байх эрхийг зөрчиж байна. Тэр чамаас гадна олон нийгмийн харилцаанд орох хэрэгцээтэй. Тэр болгоныг нь чи хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг маань өмчлөөд байнаа л гэсэн үг.
Өөр хэн нэгний бусад харилцааг хүлээн зөвшөөрөхийн тулд, эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Чи өөртөө найзтай байх, өөр нийгмийн харилцаанд орох, тэр хүний өмч биш байх, тэр хүнээс гаднах өөрийгөө бас хүлээн зөвшөөрөх тийм зүйлсүүд хийгээд өөрийгөө бас бэлэн байлгах хэрэгтэй. Тэгж байж чи бусад хүмүүст тэр боломжийг, тэр чөлөөт цагийг, тэр орон зайг өгч чадна гэсэн үг.
Хөтлөгч: Миний хамгийн түрүүлж санаанд орсон зүйл гэхээр байнга хоёулахнаа байх хэрэггүй юм байнаа л гэж ойлголоо. Хосууд чинь хоёулахнаа л цуг удаан байвал романтик, хайраа илэрхийлж байгаа гэж бодоод байдаг. Тэгтэл хоёр тийшээ явдаг, хоёр өөр хоббигоо хөгжүүлээд цагийг өнгөрөөдөг ч юм уу, тэгэх хэрэгтэй юм байна л гэж бодогдлоо.
Зочин: Ингэхээр хосуудын зөрчил гардаг нэг зүйл нь хайраа илэрхийлэх, хайрлуулж байна гэдгээ мэдрэх зүйлүүд нь өөр өөр болоод байдаг. Зарим хүмүүс цаг хугацаа зарцуулахыг хайраа илэрхийлж байна, намайг хайрлаж байна гэж хүлээж авдаг. Зарим нь чанартай цаг гаргахаас илүү бэлэг өгөх ч юм уу, ямар нэг материаллаг байдлаар халамж үзүүлэхийг хайрлаж байна гэж мэдэрдэг байж болно. Зарим нь үнсэх, тэврэх, хайртай гэж хэлэх иймэрхүү зүйлүүдийг илүү чухалд үздэг байж болно. Ингээд ялгаатай байдлаас болоод хоёр тал би чамайг хайрлаад л байна шүү дээ, яагаад чи намайг хайрлахгүй байна гэсэн бодлоос болдог ч юм уу, чиний хайрлаж байгаа чинь надад мэдрэгдэхгүй байна гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар зөрчил үүсдэг. Тэгвэл энийг шийдвэрлэх арга зам нь хүн болгоных өөр байдаг. Хүн бүр хайраа өөрөөр илэрхийлдэг, хайрлах гэдэг чинь нэг ёсондоо чадвар шдээ. Тэр чадварыг арай өөр өөрөөр эзэмшсэн. Өөр өөр илэрхийлдэг байж болно. Үүнийг нь хүлээн зөвшөрөх нөгөө хүнээ таньж мэдэх, өөрийнхөө юу хүсээд байгааг таньж мэдэх хэрэгтэй. Хэрвээ ингээд таниад мэдчихвэл би өөрөө хүрэлцэх хайрын мэдрэмжтэй үнсэх, тэврэх арьсанд нь шүргэлцэж байж хайрыг мэдэрдэг байхад миний хос тэгдэггүй надаа бэлэг өгөхийг ч юм уу, цэцэг, өөр юу байдаг юм материаллаг зүйл өгөхийг хайр гэж үзэж байвал би хэрэв таниад мэдчихсэн тохиолдол нөгөө хүнээс бэлэг ирж байвал энэ хүн намайг хайрлаж байна. Энэ нь надад чухал биш ч гэсэн намайг хайрлаж байгааг мэдэрч болох нь. Чи бас нөгөө хүндээ чиний надад энэ чинь таалагдаж байна, гэхдээ би хүрэлцэх, үнсэх, тэврэх зэргийг илүүд үздэг юм шүү гэдгээ ойлгомжтойгоор хэлчихэж болно.Хэрэв чи тэврээд үнсээд байдал би хайртай гэдгийг чинь илүү сайн мэдрэх гээд байнаа гэдэг ч юм уу,
Хөтлөгч: Их сонирхолтой, чухал мэдээлэл байна. Би анхныхаа экс эдртэйгээ яаж ойлголцдог байсан юм бол гэж бодоод байх юм. Тэгвэл цаашлаад эрүүл тэнцвэртэй харилцаа гэж юуг хэлэх юм бэ? Ямар ямар тодорхойлолт байдаг вэ?
Зочин: Зөвшилцөх хэрэгтэй. Хэрэв та хоёрын дунд зөрчлүүд гарвал, энэ зүйлсүүдийг гарахаас нь өмнө хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг зөвшилцөлтэй болно. Тухайлбал зарим хүмүүс олон нийтийн газар хөтлөлцөж явахыг, ялангуяа ЛГБТИК+ хүмүүс зарим нь өөрийгөө олон нийтэд илэрхийлээгүй байгаа тохиолдолд, нэг л илэрхийлчихсэн, нэг нь илэрхийлээгүй байж ч болно. Тийм тохиолдолд хоёулаа олон нийтийн газар биеэ яаж авч явах вэ гэдэг дээр зөвшилцөлд хүрч болно. Иймэрхүү жижиг зүйлүүд дээр ч гэсэн урьдчилаад зөвшилцсөн бол давуу тал болно. Бүх зүйлийг урьдчилаад ярих хэцүү л санагдаж байгаа байх л даа. Ядаж нэг удаагийн зөрчил болоход тэр хугацаанд нь намдаагаад орхисон ч гэсэн, ер нь цаашдаа энэ үл ойлголцох явдал гүнзгийрээд, өөр өөр нөхцөл байдал үүсэхэд хоёулаа яаж шийдвэрлэх вэ гэдэг варианттай болох нь байна шдээ. Ийм байна, бие биедээ итгэдэг байна, итгэл гэдэг нь шууд бий болчихгүй лдээ. Тухайн хүнийгээ үнэт зүйл, итгэл үнэмшилийг нь мэддэг болж байж итгэнэ. Урт хугацааны процесс. Гэхдээ л та хоёрын хайр сэтгэл дээр тулгууласан харилцаа явж байгаа учраас итгэдэг, мөн юу юу хийвэл энэ итгэл алдарч болох юм бэ гэдэг дээр харилцан ярилцах хэрэгтэй. Харилцан итгэдэг, харилцан хүндэлдэг байх хэрэгтэй. Хэн хэндээ анхаарал тавьдаг, зарим зүйлүүдийг даалгахдаа итгэж чаддаг, бие биеэ хүндэлдэг байх ёстой. Хүндлэх нь сонсохоос эхлэнэ, сайн ярилцах ёстой. Тэгвэл ярилцахдаа яах юм гэхээр хүндлэнэ. Хүндлэж байгааг чинв яаж мэдэх вэ гэхээр тухайн хүний ярьж байгаа зүйлийг ямар нэгэн шүүмжлэлгүйгээр, тухайн хүн яг юу хэлж байна түүнийг нь л сонсож буцаж хариу хэлдэг. Тэгэхгүй бол бид нар ярилцахдаа илүү өөрийнхөө өнцгийг оруулаад нөгөө хүний хэлж байгааг заримдаа үгүйсгэх гээд, чи ингэж бодсон байна, гэхдээ л би тэгээгүй гэдэг ч юм уу, нөгөө хүнээ ярьж байхад би энэнд яаж хариулах вэ, би өөрийгөө юу гэж өмөөрөх вэ ч юм уу хосууд маань тэгчих гээд байдаг. Ингэхгүйгээр хүндэлж сонсохнээ.
Хөтлөгч: Энэн дээр бол ойлгоогүй зүйлүүдээ сайн лавлаж асуухгүй бол дараа нь би л лав ингэж ойлгосон, чи тэгж хэлсэн биздээ гэнгүүт хоолойны өнгөнөөс авхуулаад үл ойлголцол үүсчихдэг юм байна лээ. Тиймээс ярилцаж байхдаа ингэж ойлголоо. Энэ зөв үү гэж лавшруулж асуух нь зүгээр юм байна лээ. Би одоо хэрэгжүүлээд явж байгаа.
Зочин: Яг тийм ойлгосноо хэлнэ. Дээрээс нь чи ийм юм мэдэрсэн юм байна тэ? гэжхэлвэл нөгөө хүнд чинь аягүй их ойлгож байгаа юм шиг мэдрэмж төрдөг байхгүй юу. Миний мэдрэмжийг хүртэл ойлгоод байгаа юм байна шдээ гэдэг ч юм ууэ Ямар нэг ажил дээрээ болсон зүйлээ ярихад нь ажлынхан чинь тэгж хэлсэн нь чамд таагүй мэдрэмж төрүүлсэн юм байна тиймээ? гэдэг ч юм уу, эсвэл тэр үед найзынхаа дэргэд намайг тэгж хэлсэн чинь надад тэгж санагдсан гэхэд нь, чамайг найзуудынхаа дэргэд магтвал чамд сайхан санагддаг юм байна тиймээ? гэдэг ч юм уу, тийм байдлаар нөгөө хүнийхээ мэдрэмжийг дэмжиж ойлгож байгаагаа баталгаажуулж байх нь зүйтэй.
Хосууд маргалдсаныхаа дараа ярилцах үе илүү их тохиолддог байх. Гэхдээ маргалдахдаа хосууд маань нэг алдаа гаргачих гээд байдаг. Юу вэ гэвэл тухайн маргаж байгаа үйл явдлаа л ярихгүй, энэ үеээ л ярихгүйгээр “чи ер нь л тийм шдээ” гэж хэлчих гээд байдаг. Чи угаасаа л тийм шдээ гэдэг ч юм уу, тухайн үйл явдлаа биш тухайн хүний зан чанар, бүхэлдүүлж ярих гээд байдаг. Гэтэл маргалдаж байгаа үе чинь тухайн өдрийн асуудал, асуудал нь тодорхой жижигхэн л байгаа шдээ. Түүнийгээ бүр томруулж маргалдчих гээд байдаг. Ингэхээрээ тэр маргалдааны дараа ч гэсэн үл ойлголцол, гомдол үлдчихээд байдаг. Тэр асуудал маань шийдэгдээд өнгөрсөн ч гэсэн тэр намайг тийм гэж хэлсэндээ, чи намайг угаасаа тэгж боддог л юм байна шдээ гэдэг юм уу тийм юм болдог.
Тийм болохоор тэр асуудлаа л ярь. Тэр асуудал дээрээ л маргалд. Маргалдах чинь бүх л харилцаанд байгаа шдээ. Энэ нь эрүүл бус гэсэн үг биш. Маргалдахдаа тухайн асуудлаа, тухайн үеээ, тухайн нөхцөл байдал дээрээ л маргалд. Хувь хүн рүү нь халдахгүй байвал бас ашигтай байж магадгүй.
Эрүүл тэнцвэртэй харилцаанд бие биенийгээ дэмждэг байх хэрэгтэй. Дэмжинэ гэдэг нь тухайн хүний зорилго нь юу байна, хүсэл мөрөөдөл нь юу байна, найзын харилцааг нь хүртэл дэмжих ёстой. Тухайн хүний хүсээд, бүтээх гээд байгаа үнэт зүйл нь юу юм тэр болгоныг хамтдаа дэмжиж өгөхийг хэлж байгаа юм. Бодитой дэмжлэг байж болно. Сэтгэл санааны дэмжлэг байж болно. Урам зориг өгч болно гэдэг ч юм уу.
За тэгээд хамтдаа хариуцлага хүлээдэг байх ёстой. Энэ нь гэр бүлийн харилцаанд бүр томоор яригдана. Гэр бүл болохоороо, эдийн засгаа хамт үүрэлцэхээрээ ч гэдэг юм уу, жижгээр ярьвал хамт суугаад хоол идлээ, нэгнийндээ очоод хоол идлээ гэвэл энэ аягыг хамтдаа хураах юм уу, хэн нь хоолоо хийх юм, нэг нь л дандаа хоолоо хийгээд байх юм уу, үгүй юм уу, эсвэл аягыг хэн нь угаах юм, нэг л байнга угаагаад байх юм уу, нэг нь л хоол хийгээд, нэг нь л аягаа угаагаад нэг талаас л нэг үйлдэл байнга байгаад байвал энд хамтын хариуцлага яригдахаа больчихдог. Та хоёр нь хамтдаа л үерхэнэ, хамтдаа л амьдрана, хамтдаа л байна гэж ярьсан юм чинь ямар нэг зүйлийг хамтдаа л хийх ёстой. Хамтын харилцаа гэдэг нь өгөөтэй аваатай байхыг л хэлж байгаа юм. Хоёулаа хүчин чармайл гаргаж байх ёстой. Хайр гэдэг бол дурлал биш. Тухайн үеийн байж л байдаг зүйл биш яг л цэцэг шиг үргэлж л услах ёстой, үргэлж тордох ёстой, хамгийн анх хайрыг эхлүүлэхдээ хамтдаа энэ цэцгийг ургуулнаа гэсэн бол чи нарыг гарганаа, би үргэлж усланаа гэж хэлсэн бол тэр байр сууриандаа хамтдаал услах ёстой. Тэр цэцгийг нь нэг л арчлаад, услаад тоос шороог арчаад, орой ирээд бордоод л байдаг бол тэр цэцэг ургахгүй. Хамтдаа л бордоо г хийх ёсой, хамтдаа л услах ёстой хайр гэдэг бол хөдөлмөр гэж ярьдаг шдээ.
Гэхдээ 2 талын чармайлт, хоёр талын хариуцлага, 2 талын оролдлого байнгын байх ёстой. Хүмүүс за одоо үерхчихсэн юм чинь гээ орхичих гээд байдаг. Гэтэл хайр хамтдаа тордохгүй бол үхчихдэг. Тэгэхээр анхаарлаа сулруулж болохгүй. Байнгын л хайртай гэж хэлэх ёстой, байнгын хүрэлцэх ёстой байх нь.
Хүмүүс хайртай гэж олон хэлэхээр үнэ цэнэгүй болчихдог гэж яриад байдаг шдээ. Үгүй. Үнэ цэнэгүй болно гэж байхгүй. Хайртай гэж худлаа хэлбэл үнэ цэнэгүй болно. Харин дотор мэдрэгдээд байгаа хайр сэтгэл мэдрэмжээ үгээр олон илэрхийлэх нь үнэ цэнэгүй болно гэж хэзээ ч байдаггүй юм. Улам л гоё бат бөх болж байдаг.
Хөтлөгч: Энэ бол эрүүл тэнцвэртэй харилцааны тодорхойлолт юм байна. Маш их баярлалаа. Үүнээс гадна яг ингээд нэгтгээд хэлэх юм байгаа юу?
Зочин: Зөвшилцөх ёстой юм байна. Зөвшилцөхдөө аль альныхаа хүслийг нь харгалзахын тулд зөвшилцөх гээд байна гэдэг ч юм уу, хамтдаа хариуцлага хүлээх юм байна, хамтдаа чармайх юм байна, үнэнч хариуцлагатай байдал хамтдаа байх ёстой юм байна, бие биеэ адил тэгш дэмжих ёстой юм байна гээд ингээд ярианаас маань анзаарсан бол 2 хүний хоёулангынх нь ижил тэнцүү оролцоо яриад байна. Хоёулаа харилцаандаа эрх чөлөөтэй, дураараа, аз жаргалтай, сэтгэл ханамжтай өөрийнхөөрөө байх тухай яриад байна. Тэгэхийн тулд зөвшилцөх гээд байна. Тэгэхийн тулд л бие биедээ хайртайгаа хэлэх гээд байна. Заавал бие биедээ итгэдэг байх гээд байна. Өөрийнхөөр нь байлгахын тулд би үүнийг нь дэмжих гээд байна гэдэг ч юм уу. Тэгэхээр эрүүл тэнцвэртэй харилцааг хамгийн түрүүнд ойлгох зүйл бол ижил тэнцүү байх юм байна. Тухайн хүн өөрийнхөөрөө энэ харилцаанд байж чадах юм байна, эрх чөлөөтэй дураараа байж болох юм байна аа гэж ойлгоно.
Таны тэгш байдал алдагдаад л би ганцаараа энийг хийгээд байна, ганцаараа л чармайгаад байна гэсэн мэдрэмж төрөөд, энэ харилцаанд та өөрийнхөөрөө байх чинь алдагдаад л, өөртөө цаг хугацаа гаргах чинь багасаад л, ямар нэгэн хяналт дарамтанд өртөөд л байвал бага багаар эрүүл бус тэнцвэргүй болоод байнаа л гэсэн үг.
Хөтлөгч: Үнэхээр эрүүл бус тэнцвэргүй харилцаанд яваад байвал юу болдог юм бэ? Ямар хор уршигтай болоод үүнийг яриад байгаа юм бэ?
Зочин: Хүн төрөлхтний мөнхийн хүсэл тэмүүлэл – та яаж амьдрахыг хүсдэг вэ гээд тэгвэл хостой хосгүй байсан ч гэсэн хамаагүй аз жаргалтай байхыг хүсдэг. Яг энүүн шиг эрүүл тэнцвэртэй байлгах гээд байна вэ гэвэл эцэстээ сэтгэл ханамжтай амьдрахын тулд. Та нарын хамгийн чухал зүйл юу гэвэл бид нар хайртай хүмүүсээ л нэрлэнэ. Хичнээн бид ажилдаа хайртай, хамт олондоо хайртай байсан ч хамгийн чухал зүйл нь бид нарын гэр бүлийнхэн л байдаг. Ялангуяа хос гэдэг бол бид нарын амьдралын сэтгэл ханамжинд их нөлөөлдөг шдээ. Тэгэхээр энэ амьдаралыг бүхэлд нь жаргалтай байлгахын тулд эрүүл тэнцвэртэй байлгах гээд байгаа юм. Таны хосын харилцаа, чухал гэж бодоод байгаа тэр харилцаа чинь эрүүл биш болоод ирвэл амьдралдаа сэтгэл ханамж буураад ирдэг. Өнөөдөр хостойгоо маргалдчихсан байвал, ямар нэгэн байдлаар зөвшилцөж чадаагүй байвал ажил дээрээ ирээд ажиллахад төвлөрөхөд асуудал үүсдэг. Найз нөхөдтэйгөө харилцахад хүртэл асуудал үүсдэг гэхмэтчилэн бид нарын бусад харилцаанд ч нөлөөлөөд эхлэдэг. Тэгэхээр амьдралыг аз жаргалтай, сэтгэл ханамжтай, байлгахын тулд хосын харилцаагаа эрүүл тэнцвэртэй байлгах нь чухал юмаа. Жишээ нь: Ажлыг маань хос маань дэмждэггүй байвал, хүсэл мөрөөдөл амжилт гаргах тэр хэсгийг маань хүлээн зөвшөөрөхгүй байвал яах вэ гээд бодоод үзээрэй. Тэгэхээр ажиллахдаа сэтгэл хангалуун хийж чадахгүй байх ямар нэгэн гэм буруу байгаа юм шиг санагдах, өөрийнхөөрөө ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй болох гээд ингээд би нарын харилцаанд нөлөөлөөд эхлэж байгаа.
Хөтлөгч: Заа. Баярлалаа. Маш олон мэдээллийг нэг дор багтаасан болохоор та бүхэн бас 2-3 сонсож болох байх. Найзууддаа хэлээрэй. Тэгээд миний хувийн зүгээс сүүлийн асуултанд хариулахад би яг амьдрал дээр харж байсан. Жишээ нь хоёр охидын хувьд бол нийгэмд ойлголтоор “Эмэгтэй хүн бол хүчирхийлэгч биш” гэж үзээд хоёр эмэгтэйн хооронд хүчирхийлэл байдаггүй гэж үзээд байдаг. Тиймэрхүү зүйлээс болоод хайраа илэрхийлэх байдлаа хардах, өмчлөх байдлаар илэрхийлсээр байгаад тэр харилцаа бүр аймшигтай болчихсон. Үнэхээр би тэр найзынхаа байдлыг нүдээрээ харж байсан ч гэх юм уу, тийм юм болж байсан. Сүүлдээ салахаас өө аргагүй байдал ороод салах гэж хоёр жил болсоор байгаад бараг зугтаад салсан тохиолдол байна. Тэгээд бүх юм жаргалтай болсон юм уу гэхээр үгүй. Сэтгэлд нь шарх үлдчихсэн тэрийгээ бараг аньтал нь маш удаан хүлээсэн. Хэд хэдэн удаа сэтгэл зүйчтэй уулзсан. Тэр хүртлээ өөр хүмүүстэй харилцаа тогтоох гэхээр айдаг болчихсон гэх мэт маш их хор хөнөөлтэй юм байна лээ. Тэгээд тодотгож хэлмээр байна.
Хайртай гэж үерхэж байгаа бол өөрийгөө ч тэр, нөгөө хүнээ ч тэр аз жаргалтай, сэтгэл хангалуун байлгаарай. Хэзээ нэгэн цагт саллаа ч гэсэн сайхан дурсамжтай, итгэлтэй байх үүднээс харилцаагаа бүтээгээрэй гэж хэлмээр байна. Нэгэнт салах юм чинь яаасан ч яаадаг юм гэж битгий бодоорой. Тэр хүний чинь залуу нас, бүтэл бүтэн хэдэн жилийн дурсамж нь явж байгаа болохоор хариуцлагатай хандаарай гэж хэлмээр байна.
Та бүхэн бас ямар нэг асуух зүйл, асуудал гарвал манайхтай чөлөөтэй холбогдоорой. Бид хэд хариулаад, зөвлөгөө өгөөд, сэтгэл зүйчтэй зуучлах боломжтой. Хөөрхөн зүрх-ээс гаргасан гарын авлага байгаа.
Зочин: Ер нь бол бид хоёр сая ганцхан хуудасны хүрээнд л ярьлаа. Сая гарын авлага гэж ярьсан маань ерөнхийдөө хосын харилцаанд хүчирхийлэл байна уу, үгүй юу гэдгийг шалгахаас авхуулаад, та өөртөө яааж цаг хугацаа гаргах юм, яаж хүчирхийллээс урьдчилан сэргийлэх юм, хүчирхийлэл гэхээр зодох ч байдаг юм уу тийм хүнд зүйлийг ярьсангүй. Хүчирхийлэл гэдэг маань угаасаа жижиг зүйлээс эхлэдэг. Эхлээд хэзээ ч гэр бүлийн харилцаанд бид нарын мэддэг шиг аймшигт хэргүүд болдоггүй. Бид 2-н сая яриад байгаа зөвшилцөж чадаагүй байгаа, нөгөө хүнээ өмч гэж хараад байгаа, нөгөө хүнээ өөрийнхөөрөө байлгах гээд байгаа, хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн тийм зүйлүүдээс л эхлэдэг болохоор тэр зүйлүүдийг илүү ярьхыг хичээлээ. Хэрвээ тар илүү дэлгэрэнгүй мэдмээр, уншмаар, харилцаагаа үнэлмээр байвал “Хөөрхөн Зүрх” гэдэг манай пэйжээр ороод энэ яриад байгаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, даван туулагчдад зориулсан гарын авлагыг софтоор үзэж болно. Сонсголын бэрхшээлтэй бол видеог нь үзэж болно. Харааны бэрхшээлтэй бариалаар үсгээр хараагүйчүүдийн үндэсний төвд хэдэн ширхэг байгаа гэх мэтчилэнгээр олон талын хэрэгцээнд зориулж гаргасан байгаа шүү.
Хөтлөгч: За баярлалаа: Манай оффис дээр бас гарын авлагууд нь байгаа. Та хэд бас ирээд үнэгүй авч болно. Эсвэл уншаад үлдээчихэж болно. Бас сонсмоор байгаа, хэрэгцэээй байгаа мэдээлэлээ чөлөөтэй манай пэйж рүү чат бичээрэй асуугаарай.
Зочин: Баярлалаа. Баяртай
Нийтлэлийг бэлтгэсэн: Bilguun Batchuluun