ЛГБТ Төвийн Хүний эрхийн залуу манлайлагч хөтөлбөр 5 дахь удаагаа зарлагдлаа
ЛГБТ Төв нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага нь бэлгийн болон хүйсийн цөөнх олон нийтийн нөхцөл байдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах чин хүсэлтэй залуу хүмүүсийг чадавхжуулах хөтөлбөрийг 5 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 2011, 2015, 2016 болон 2018 онуудад тус тус амжилттай зохион байгуулж, 50 гаруй оролцогчдоос 5 нь ЛГБТ Төвд бүтэн цагийн, үндсэн ажилтан болж байсан түүхтэй. Энэ удаад оролцогч бүрээ илүү анхааран, цаашдаа бусдыг болоод өөрийгөө манлайлахад нь дэм болох үүднээс хөтөлбөрөө нэмж баяжуулсан бөгөөд Канадын Элчин Сайдын Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулах гэж байгаад таатай байна.
Хөтөлбөрт тавигдах шаардлагууд:
-18-26 настай
-Улаанбаатар хотод оршин суудаг
-Өмнө нь ЛГБТ Төвийн Залуу манлайлагч хөтөлбөрт оролцож байгаагүй
-Хагас жилийн турш Пүрэв гараг бүр үдээс хойш сургалтанд суух цаг гаргах
-Хөтөлбөрт хамрагдах, шинийг сурч, бүтээлч байх хүсэл эрмэлзэлтэй байх
Хөтөлбөрт хамрагдсанаар ямар давуу талтай вэ?
-Манлайллын чадавхууд, нөлөөллийн арга хэлбэрүүд, ЛГБТИК+ хүний эрхэд хамааралтай олон улсын болон дотоодын эрх зүй, сэтгэл зүйн чадамж, бусадтай харилцах гэх мэт 16 төрлийн ур чадварын сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдана.
– Найз, нөхөдтэй, өөрийн хүрээлэлтэй болно
– Өөрийн санааг гаргаж, төсөл хэрэгжүүлэх боломж
– Сэтгэл зүйчтэй тогтмол уулзах цаг олгоно
Ямар төслүүд хэрэгжүүлж болдог вэ?
Нийт 12 оролцогчид хөтөлбөрийн турш суралцах явцдаа бичил төсөл хэрэгжүүлэх юм. ЛГБТИК+ олон нийтийн нөхцөл байдлыг дээрдүүлэх, тэдэнд мэдлэг болон мэдээлэл хүргэх эсвэл нийгэмд эерэг, зөв ойлголт өгөх зэрэг зорилготой өөрсдийн санаачилсан төслөө хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Өмнөх 5 удаагийн залуу манлайлагч хөтөлбөрөөр сурж мэдсэн зүйлсээ нийгэмд хүргэснээс дурьдахад: “Анхны үнсэлт” вайрал видео, “Залуучуудын дуу хоолой” вайрал видео, “Би хэн бэ?” вайрал видео, “Миний найз ЛГБТ” ном, ЛГБТ аман түүхийн төсөл, ЛГБТ яруу найргийн түүвэр, ЛГБТ сэдэвт Манга зохиолын тэмцээн (“Хайр бол хайр” манга ном хэвлэгдсэн), Rainbow flag видео төсөл, их дээд сургуулиуд дээр аюулгүй орон зай үүсгэх, “Sonder” богино хэмжээний кино, “Тэр гараг” сэтгүүл зэрэг олон санаачлагууд байна.
Манай хөтөлбөр ямар давуу талтай вэ?
-Хүн бүрд ээлтэй, нээлттэй орон зайг бүрдүүлнэ
-Олон нийттэйгээ ойр байхад дөхөм
-Оролцогч бүр хөтөлбөрийн туршид сэтгэл зүйчтэй тогтмол уулзах боломжтой
-Өөрсдийн санаагаа төсөл болгож хэрэгжүүлэх боломжтой
-Багийн ажиллагаа, хүний эрхийн ойлголт гэх олон ур чадваруудыг эзэмших боломжтой
Хөтөлбөр үргэлжлэх хугацаа: 11-р сарын 28-с 5-р сарын 15 хүртэл Пүрэв гараг бүр үдээс хойш 3 цаг
Бүртгэлийн хугацаа: 10-р сарын 29-с 11-р сарын 12-г дуустал
Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70110323 болон ЛГБТ Төвийн чатботоор холбогдоорой.
Хөтөлбөрт 12 оролцогчдыг шалгаруулж авна. Оролцогчдийг 2 үе шаттайгаар шалгаруулна. Үүнд:
- Бүртгэлийн цахим маягт (Эхний шатанд тэнцсэн оролцогч нарт утсаар болон имэйлээр мэдэгдэж дараагийн шатны ярилцлагыг товлоно)
- Ярилцлага
Хөтөлбөрийн маягтыг ЭНД ДАРЖ бөглөнө үү.