Өөрийгөө хүлээн зөвшөөрөх.

Амаргүй юм. 

Яагаад би зовоод байгаа билээ? Би эмэгтэй бас эмэгтэй хүнд дурласан болохоор. Тэр дурлалаа хэнд ч хэрэггүй юм гээд хаячихъя гэхэд энэ чинь эд хэрэгсэл биш мэдрэмж учраас мянга үгүйсгэлээ ч нэмэргүй байна.. 

Гэвч тэрхэн үедээ дарах аргагүйгээр татагдан дурлаж, шүлгийн боть хүртэл гаргачих шахуу хэмжээнд хөөрч, хүн бүхэнд би дурлачихлаа, хэн гэдэг нь чухал биш ээ, хэзээ ч ийм юм болно гэж төсөөлж байсангүй гэж чангаар зарламаар санагдсан билээ.. 

Одоо харин өрөөндөө бүдэг гэрлээ асаачихаад, тун дарууханаар өөрийгөө стрэйт биш юм байна гэдгээ аль хэдийн хүлээн зөвшөөрч, гэр бүлийнхэндээ хэлэх гэж яарч адгалгүй, зүгээр л ийм юм байлгүй л яахав дээ гэж өөртөө хэлээд л сууж байна.. 

Өөрийгөө хайрлах нь. 

Хэрвээ хажууд минь өөр хэн нэгэн дурласныхаа төлөө дотроо өөрийгөө зэмлээд, өнгөрсөн бүхнээ буруушаагаад сууж байх юм бол, би түүнд “чи яаж догдолж, сандарч, баярлан хөөрсөнөө сана л даа. Яагаад заавал хэн нэгнийг буруутан болгох ёстой гэж? Чи буруугүй шүү дээ. Хэн ч буруугүй. Амьдралдаа өөрийнхөө тухай шинэ зүйлийг мэдэж авлаа шүү дээ” гэж хэлэх байсан. Тийм болохоор өөртөө хатуу хандахгүй байхаар шийдлээ. 

Зүгээр. 

Анхны дурлал маань цонхны тавцан дээр планшет бариад зураг зурдаг, гоё гартай хөвгүүн байлаа. Цэвэрхэн арьс, гоё хамар уруул.. Хоёр жил үерхээд салсан, тэр хугацаанд биеийн дотно харилцаа сонирхолын түвшинд байснаас биш хосууд шиг бол байж чадаагүй, арван наймтай л байсан.  Түүнээс хойш зургаан жил хүнтэй үерхээгүй. Бүх хүн хүлээн зөвшөөрчихөөд байхад би бэлгийн харилцаанд ерөөсөө орж чаддаггүй байв. Өсөж яваа эрэгтэй хүнд, найз охин нь тийм байх амар биш шүү дээ. Ер нь ч тийм харилцааг чухал биш гэж боддог байсан ч, заза хичнээн хайртай ч өөрийгөө хүчлэж чадахгүй нь гээд салах шийдвэр өөрөө гаргачихаад, дараа нь олон жил өөрийгөө буруутгасан. 

Хоёр жилийн өмнө их сонин нь нөгөө ангийн гэдэг шиг манай оффист нөгөө өрөөнд суудаг нүдний шилтэй даруухан ч гэмээр нэг охинтой дажгүй нөхөрсөг байдаг байв. Тэр охин бага зэрэг эршүүд. Нэг өдөр хажууд сууж байхдаа намайг дэрлэтэл би яагаад ч юм сандраад, нэг удаа бүр эвентийн үеэр өөрийн мэдэлгүй бүжгэнд урьж хамт бүжиглэсэн удаатай. Би чинь тийм галзуу хүн биш шүү дээ. Хэсэг бодогдоод байсан, дурсаад байгаа нь гаж ч юм шиг. Ажлаас гарахдаа өөрийг нь зурж бэлэглээд, удалгүй мартсан. 

Дараа нь бас л нэг сонин юм болов. 

Сайн найз маань лесбиян. Анхнаасаа ч ойлгомжтой,  нээлттэй байсан. Тэгсэн нэг өдөр найз нь гээд сонирхолтой стилтэй охинтой танилцтал, надтай яг ижилхэн нэртэй байв. Намайг ажиглаад ч байгаа юм шиг санагдаад, цамцыг маань магтахад би бүр ичиж орхисон. Яагаад ичээд байгаа юм бол? 

Тэгээд нэг өдөр олуулаа хамт манай найзынд хонох болтол бид хоёр үнсэлцчихэв ээ. Хэн хэнийгээ сонирхож байснаа нуух аргагүй болсон гэсэн шиг.  Үнсэж үзье гэж бодсон ч юм билүү  гэж маргааш нь өөрийгөө зөвтгөөд, нөгөө охиноос зай бариад л зугтсан.. Дурлаагүй, бас сайн ч байгаагүй. 

Харин энэ удаад өөрийгөө барих хэцүү байсан л гэж хэлмээр юм уу даа.
Анх түүнтэй уулзахад их сандарсан, хараад баймаар санагдсан бараг л ховсдуулчихсан. Гэхдээ намайг тувт стрэйт л гэж харсан гэсэн. Тэр хүнд нэг алхам ойртохын тулд бас мэдрээд байгаа бүх мэдрэмжийнхээ өмнө “би стрэйт биш юм шиг байна” гэж түүнд хэлж билээ.  Мэдээж энэ сайхан хайрын түүх бол биш ээ. 

Одоо ч түүний тухай эргэлзээ, сайхан муухай бүхнийг бичье гэсэн ч бид хоёрт нэгэнт хамаагүй болжээ. Ганцхан л мэдрэмж “хэцүү байна”. Хэцүү байгаа нь зөвхөн надад л хамаатай асуудлууд юм даа.. 

Намайг тосоод авъя гэхэд найзууд байна, Төв байна. Гэтэл би өөр өөртөө гацчихсан. Гэхдээ хэн гэдгээ илүү мэдээд ч байгаа юм шиг, ганцаараа зовж байсан ч хамаагүй мэдэрсэн минь “үнэн” гэж хэлж чадахаар болжээ.


Найзууддаа хэлсэн. Би дурлачихлаа. Хэн бэ? Гэж байна. Эрэгтэй хүн биш ээ, эмэгтэй хүнд гэв. Ямаршуу хүн юм бэ? Гэснээс “чи ийм тийм байсан юм уу?” гэж огт асуугаагүй нь гайхмаар. Зөвхөн мэдрэмж, дурлал, явц, чанарыг л асуугаад байв. “Та нарт эрт хэлмээр л байсан, надаас зайгаа барих байх гэж бодсон” гэтэл “Юу гэж чамаас тийм шалтгаанаар холдох юм бэ?” гэж хариулсан даа.. 

Одоо хэцүү байгаа ч, олон асуултыг түүнээс асууж чадалгүй, хий дэмий дурсамжаа эргэцүүлж бодоод, өөрийгөө бүтэхгүйг нь мэдсээр байж яагаад хүлээж, өөрийгөө зовоож, бусдад тэнэг харагдаад байгаа юм бэ чи гэж хэдэн ч удаа буруутгав. Гэсэн ч би  өөрийгөө зөвхөн сексуалити талаас ч биш, асуудал гараад ирвэл зугтаадаг, хүнийг залхаана гэж айхдаа хана хэрэм босгоод өөрөөсөө түлхдэг, дотроо санадаг, хайрладаг, тавьж явуулж, өөрийнхөө сул талуудаас холуур эрх чөлөөтэй байхыг нь хүсдэг нэг тиймэрхүү хачин хүн гэдгээ таниж мэдсэн хэрэг ч юм уу даа. 

Ийм л нэгэн өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэж хичээж, зовж явна гэх ч юм уу даа. Найз маань надад хэлж байсан юм: “Өөрийгөө тодорхойлох гэж битгий яар. Харин хэнд дурлахаа л хараад үз” гэж. 

Дурлал миний хувьд дэврүүн, гунигтай, төгсгөхөд хэцүү байлаа. Ийм мэдрэмжинд “би тийм биш ээ, зүгээр л эрэгтэй хүн шиг харагддаг болохоор нь” гэж хариулах аргагүй шүү дээ. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, бие махбодод нь бус түүнд л татагдсан, санагалзсан, мартах гэж хичээж байна. Жаргалтай харагддаг шиг ээ жаргаасай л гэж хүсэж сууна. 

Би хэн юм бэ? Намайг юу гэж тодорхойлох нь ч бараг чухал биш. Ахиад хэзээ дурлахаа ч мэдэх юм алга, эрэгтэй хүнд үү, эмэгтэй хүнд үү гэдгээ. Би өөрийгөө нэгэнт л хуурч чадаагүй, бас чадах ч үгүй ажээ. Зовно, зовох ч байх, гэхдээ л би мэдэрч байна, үнэнээсээ. 

Тэгээд л тэр.