2020.08.13

                                                                                                                                    Queer theatre

 

Ааваа та надад хайртай тийм ээ?

Би ч бас… Танд хайртай учраас энэхүү жүжгинд таныг маш том зориг гаргаж урилаа.

Насан туршдаа таныг өөрөөсөө нууж амьдрахыг хүсээгүй учир… Насан туршдаа таныг хүүхдээ үл ойлгон амьдраасай гэж хүсээгүй учир… Таныг намайг хамгийн сайн ойлгож, намайг байгаагаар минь хүлээн зөвшөөрнө өө гэж хүү нь танд итгээд урьсан юм шүү, Аав аа!

Намайг ойлгож чадахгүй бухимдаж байвал (уг нь тэгээсэй гэж хүсээгүй ч…) зүгээр дээ. Ааваа ямар ч байсан таньд өөрийгөө ямар нэг баггүйгээр аав хүү 2 шиг харьцахдаа баяртай байна.

Миний ингэж төрсөн хэний ч буруу биш юм шүү. Харин ч төрүүлсэнд баярлалаа, Аав аа. Миний аав байгаад баярлалаа. Би ийм л байгаа учир олон хүнийг ойлгож хүнлэг хүн болон өсч байгаа юм шүү.

Мэдээж та сайныг л хүсч эмэгтэйлэг байлгахыг хүсэх байх… Гэхдээ аав аа, намайг аз жаргалтай амьдруулан өгч болох хамгийн сайн сонголт бас бэлэг нь өөрийнхөөр минь байлгаж амьдруулах юм шүү. Аав! Хэрвээ эмэгтэйлэг байж амьдар гэвэл… би насан туршдаа жүжиглэж амьдрах шаардлагатай болно… Аз жаргалгүйгээр.

Аав аа, би үсээ засуулж, эрэгтэй хувцас өмсөж эхлэн өөрийнхөөрөө байсан энэ сүүлийн 3 жилийн хугацаанд ямар их аз жаргалтай байгаа гээч. Би өмнө нь өөрийгөө огт мэдэрдэггүй амьдралаас уйдсан хүн гэж боддог байсан, өөрийгөө үзэн ядаж жигшдэг байсан, ганцхан мэдэрдэг байсан мэдрэмж нь гуниг л байсан.

Гэхдээ аав аа! Тэр үед үсээ засуулна гэж шийдсэн хамгийн том зоригийг гарган өөрөөрөө амьдарсанаас хойш би амьдрал ямар их аз жаргал, утга учраар дүүрэн болохыг ойлгож, мэдэрч эхэлсэн…

Аав аа, та надад хайртай тийм ээ?

Хүү нь ч бас…..

 

 

(таны транс хүү-ээс )

Захидал бичсэн хүний бодит түүхийг сонсохыг хүсвэл Mongolian Queer Podcast-аас хүлээн аваарай.

Захидал илгээх бол info@lgbtcentre.mn хаягаар илгээнэ үү.

ЛГБТИК+ хүмүүсийн захидлыг унших бол ЭНД ДАРНА УУ.

Нийтлэл бэлтгэсэн: Мишиг