Энэхүү нийтлэл уншигч таныг өөрийгөө ЛГБТИК+ хүн мөн эсэхээ мэдэхэд бага ч болов туслах болно. Та анхааралтай уншиж, хүлээн авна уу.

Хүн бүр бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа, илэрхийлэлтэй. Дийлэнх нь  эсрэг хүйсийн хүндээ татагддаг бол цөөн буюу хүн амын 10 гаруй хувь нь ижил хүйсийн хүнд татагддаг хэмээх жишиг тоо байдаг. Өнөөгийн нийгэмд ЛГБТИК+ олон нийт кам аут буюу өөрийгөө ЛГБТИК+ гэдгээ илэрхийлэх хүндрэлтэй байдгаас гадна өөртөө эргэлзэх, өөрийгөө хэрхэн тодорхойлохоо мэдэхгүй байх зэрэг асуудалтай тулгардаг.

Хэрэв хүүхэд тань кам аут хийсэн бол та энд дарж нийтлэл уншаарай.

Кам аут – Өөрийнхөө бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаагаа хүлээн зөвшөөрөх, бусдад илэрхийлэх үйлдэл

1. Зөвхөн та л өөрийгөө тодорхойлно!

Illustration: Brian Rea

Өөрийн бэлгийн чиг баримжааг та өөрөө л тодорхойлох эрхтэй. Хэн нэгэн, найз, гэр бүлийн зэрэг дотнын хүн таныг хэнийг хайрлаж, дурлахыг заах эрхгүй. Мөн ямар ч сэтгэлзүйн тест, асуумж таны бэлгийн болон хүйсийн баримжаа илэрхийллийг тодорхойлохгүй болохыг анхаараарай. Хүн хэдэн ч насандаа таньж мэдэж болдог. Ялангуяа бисексуал олон нийтийн хувьд бусдыг бодвол арай хожуу өөрийгөө таньж мэдэх нь элбэг тохиолддог. Зөвхөн өөрийн дотоод зүрх сэтгэлийн дуудлагыг л сонсох хэрэгтэй.

Хэрэв өөрийгөө ЛГБТИК+ гэдгээ мэдвэл сэтгэлээр унах шаардлагагүй. Энэ нь ямар нэгэн сэтгэцийн өвчин биш ба та уруу татагдсан гэсэн ойлголт биш юм шүү. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага аль хэдийн 1990 онд өвчин биш хэмээн зарласан.

2. Зөв мэдээ, мэдээлэл авах нь чухал!

Illustration: Brian Rea

Зөв мэдлэг, мэдээлэлтэй байснаар өөрийгөө ойлгоход амар байх болно. ЛГБТ Төв ТББ-аас эрхлэн гаргадаг “Mongolian Queer Podcast”-ыг сонсохыг зөвлөж байна. Бусдын түүхийг сонсож, туршлага хуримтлуулах сайхан боломж юм шүү. Мөн бэлгийн болон хүйсийн цөөнхийн тухай түгээмэл асуугддаг асуултуудыг та эндээс унших боломжтой.

3. Ямар ч бэлгийн чиг баримжаатай байсан “ЧИ БОЛ ЧИ” юм шүү

Illustration: Brian Rea

Чиний ямар бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэлтэй байх нь чамайг 100 хувь тодорхойлж чадахгүй. Хэдий чи өөрийгөө ЛГБТИК+ гэж мэдсэн ч сэтгэлээр битгий унаарай. Чамайг ойлгох, ярилцах хүн байж л байх болно. Хэрэв чамд ярилцах хэрэгцээ гарвал ЛГБТ Төв ТББ-тай холбогдоорой.

“Өөрийгөө хайрлах нь сонголт гэж би боддоггүй. Харин тэсч үлдэхийн тулд бидний заавал хийх ёстой шийдвэр юм.”

                                                                                    -Лиззо /дуучин/

4. Хэрэв кам аут хийх гэж байгаа бол…

Illustration: Brian Rea

Та ойр дотны хүндээ кам аут буюу өөрийгөө илэрхийлэх гэж байгаа бол эрсдэлээ тооцоолж, аюулгүй байх төлөвлөгөө зохиогоорой. Өөрөө бүрэн мэдээлэлтэй байж, кам аут хийх гэж буй хүний хандлагыг тандаж, тодорхойлоорой. Энэ талаар дэлгэрэнгүй эндээс унших боломжтой.

5. Өөртөө хангалттай хугацаа өг

 Өөрийгөө ЛГБТИК+ гэдгээ таньж мэдэхэд хангалттай цаг хугацаа шаардлагатай. Зарим хүмүүс өөртөө эргэлзэхгүйгээр шууд л ЛГБТИК+ хүн гэдгээ илэрхийлдэг бол зарим нь 2 жил өөрийгөө сонсож өнгөрөөдөг. Мөн өөрийгөө үгүйсгэж, хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс ч бас бий.

Хүн бүр л онцгой бас бусдаас ялгаатай. Гэхдээ нийгэмд шударга бус байдал, ялгаварлан гадуурхалт байсаар байгаа нь үнэхээр харамсалтай. Тэглээ гээд чи гадуурхагдаж, бусдаас тусгаарлагдах ёсгүй. Чи хэн ч байсан үнэ цэнтэй, хайрлуулах бүрэн эрхтэй гэдгээ үргэлж санаарай.

Чи хайрлуулах эрхтэй бас үнэ цэнтэй хэвээрээ!

Нийтлэл бэлтгэсэн: Ц.Цэвээнравдан