МИНИЙ МЭДЭРЧ БУЙ ЗҮЙЛС 

ЛГБТ төвөөс хэрэгжүүлж буй “Залуу манлайлагчид” хөтөлбөрийн хүрээнд 3 дугаар багаас ЛГБТИК+ хүмүүсийн төлөөллийн бодол үзэл санааг нийтэд танилцуулж ойлгуулах, хувь нэмэрээ оруулах зорилготой зохион байгуулсан “Миний мэдэрч буй зүйлс” эсээ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Нийт 65 эсээ ирсэнээс 5 бүтээлийг шалгаруулан та бүхэнд хүргэх билээ. Тусгай байрт шалгарсан эсээн бичлэгийг хүлээн авна уу.

КОД: 2021045 

Тэр нэгэн… үзэн ядах бүхний минь тусгал байлаа. Янз үзэж байгаа аятай түүний бие, буруу газар бүрт овойж, зохисгүй газар бүрт хотойх аж. Нарийхан мөр, өргөн ташаа… Би түүнийг танихгүй, танихаас татгалзаж байна, айж байна. Булцгар хацартай дугуй нүүр өөдөөс ширтэхүйеэ бодогдоно. Ийм л янзанд үүрд үлдэхээс илүү аймшиг үл олдох. Үхсэн нь дээр. Бусдын урсгасан хараал чихэнд минь хангинахад, айдас уур хоёр гагцхүү түүн рүү чиглэн, дотор минь буцалж эхлэв. Тэнэг дүрийг нь үзэхээс тэвчихүйеэ бэрх болмогц нударгаа би зангидан духан дундуур нь буулгахад тасхийх чимээнээр толь түмэн хэсэг болон бутарч, улаанаар будагдан, шаланд буулаа. 

Транс* байдлаа зүхэх хэтэрхий амархан. Хэдэн тэрбум хүний үгэнд автах дэндүү хялбар. Би үхэх ёстой. Мэдэрч буй зүйлсээ мэдэрснийхээ төлөө. “Хөөе, охион!” гэж дуудуулах бүрт яагаад шанаадуулсан мэт дургүйцэл төрдгийг ойлгож амжаагүй долоон настай хүүхэд. Шилжилтийн насны эхэнд биед нь өөрчлөлт гарахыг хүмүүс анзаарахад, дотор нь бачууран яахаа мэдэхгүй хүн амьтны харцнаас дайжин яваа арван хоёр настай хүү. Сониуч зан нь хөдлөөд, аавынхаа хослолыг нууцаар өмсөж харснаа, анх жендэр эйфория* гэгч зүйлийг мэдрээд, “би” гэх оньсогынхоо анхны хэсгийг одоо л нэг тайлчхаад гайхшран зогсоо арван тавтай залуу. Эд нар бүгд үхэх ёстой. БИ үхэх ёстой. 

Жендэр эйфория/gender euphoria- Хүйсийн тавгүйцлийн эсрэг ойлголт.

Энэхэн л мэдрэмжүүд трансфобуудын нүдэнд байгалийн гажуудал, ёрын муу нүгэл. Тэд өчүүхэн баригдмал ойлголтоосоо жаахан ч атугай зөрүү зүйл харахаараа айж сандардаг. Бидний амьдралд хошуу дүрчхээд, бид тэдний амьдралыг сүйрүүлэхээр ирсэн мэт түгшүүр зарлан гүйлдэцгээнэ. Бидний түүхэн ул мөрийг устгаж, хүмүүс биднийг жигшдэг болтол нь худал цуурхал тараадаг юм. Үүний илрэл нь түүхэнд Гитлерийн нацистууд Магнус Хиршфельд гэгч судлаачийн “Сексологийн Институт”-ын 20000 гаруй ЛГБТИК+ олон нийтийн талаарх шинжлэх ухааны судалгаа, эх сурвалжийг багтаасан номыг үнсэн нуранги болтол нь шатаасан явдал юм. Та төсөөл дөө. 20000 гэдэг бол маш том тоо. Эдгээр баримтуудыг нацистууд устгаснаар хэчнээн мянган хүний хөдөлмөр салхинд хийсэж, хүн төрөлхтний прогрессыг хэчнээн жил, зуунаар ухраасан бол доо. Ийн биднийг түүхээс арилгаж, биднийг орчин үед л үүссэн шинэ үеийн тэнэглэл мэт харагдуулдаг нь цаанаасаа бодлоготой. Бид хорвоо дээр ганцаархнаа мэтээр өөрсдийгөө мэдэрвэл бид өөрсдөө алдаа мэт санагдаж, мэдрэмжээ нуун, тэдэнд ч мөн биднийг дарлахад амар болно. Гэвч ямар ч нийгмийн цөөнх хүн ямагт санаж яваарай. Чи ганцаараа биш. Хэзээ ч ганцаараа байгаагүй, цаашид ч мөн ганцаараа байхгүй. Харин ч чамтай адил нэгэн бодсоноос чинь хавь илүү ойрхон байгааг амлачихъя. Үүнийг би хувийнхаа туршлагаас мэднэ. 

Танд бодогдож байв уу? Тэд шулмаас ай гэдэг ч юуны учир шулмыг амьдаар нь шатаасан ард түмнээс айж явахыг сануулдаггүй юм бол? Транс* хүмүүсийн амьдрах эрхийн эсрэг бүхэл бүтэн ертөнц байхад бид өдөр бүр амьдралыг сонгоно гэдэг бол байнгын тулаан юм. Бид ч ялгаагүй трансфобуудыг бий болгосон нийгмээс гаралтай учир тэдэнтэй л ижил үзэл санаануудыг сонсож өссөн, өнөөх бодлууд нь тархинд гүн гэгч нь суучхаад бид хэн гэдэгтэйгээ эвлэрэхийн тулд, бусдын үзэн ядалтаас гадна тэдэнтэйгээ ахин дахин байлдах шаардлагатай тулгардаг. “Чи дүр эсгэж байна”, “Өөрийгөө нэг хар даа, чи хэзээ ч эр хүн болж чадахгүй”, “Өөртөө л зовлон нэмж байна даа”, “Чи зүгээр л мисожинист байх” гэх мэтчилэн. Тэдэнтэй би хэдийнээ сая сая удаа нүүр тулсан ч, тэд мяраасаар ахин гэтэж гарч ирдэг л юм. 

Тийм ээ, бууж өгөх дэндүү амархан. Эцэс төгсгөлгүй энэ тулаанд ялагдах нь хамаагүй хялбар санагдах шөнө олон. Дэлхий ертөнцийн эсрэг байлдсаар үрэгдсэн транс* нөхдийнхөө хойноос харамсаад барахгүй боловч, тэднийхээ хойч үе болсон би, миний төлөөх амьдралын тэмцлийг нь үнэлж би ч бас тэсэж үлдэхээр шийдсэн юм. Төгс эр хүн байх албагүй ээ, хэчнээн хүмүүст сүрлэг сайхан харагдлаа гээд шүүмжлэгчид байсаар л байх болохоор, би зөвхөн дотоод хүндээ анхаарч, түүнтэйгээ л ажиллана. Транс* ахмад үеийнхэн минь миний, чиний төлөө тэмцсэн шиг би ч бас хойч үеийнхээ төлөө тэсэж үлдэнэ ээ. Зовлон бэрхшээл тоймгүй олон ч байлаа гэсэн. 

Шалаар нэг тарсан толины хагархайнуудыг би эцэст нь нэг юм цэвэрлэхээр тонгойлоо. Зарим нь гарыг маань зүсэж, үлдсэн нь алганд шигдэж, хаа сайгүй цус дусаасан байсан ч энэ өвдөлт агшин ч атугай өөрийгөө байгаагаар нь харахын тулд миний өөртэйгөө хийсэн байлдааны дэргэд юу ч биш байлаа. Түм буман шилний хэлтэрхийнүүдийг эргүүлээд наалаа ч тэнд би хэзээ ч өөрийгөө бүтнээр нь олж харахгүй байх. Тиймээс би маргааш нь ханандаа цоо шинэ толь өлгөөд, цоо шинэ өнцгөөр хартал, тэнд ганц залуу өөдөөс бүлтгэнэж байх юм. Өө сэв бүр нь, тэр булцгар хацар, дугуй нүүр нь хүртэл эр хүнийх байв. Чи байтугай би хэдий өөрчлөх гэж оролдоод барахгүй үнэн. Одоо би түүнийг танилаа. Түүнийг Харгил гэдэг. Би одоо л нэрээ мэдэж байна.

БУСАД ЭСЭЭГ УНШИХ БОЛ ЭНД ДАРНА УУ.

Төслөө амжилттай зохион байгуулсан Залуу манлайлагчиддаа баяр хүргэе! Төслийг дэмжсэн Канадын элчин сайдын яамдаа талархлаа илэрхийлье!

3-р багийн гишүүд:

  • Ганбаяр
  • Анударь
  • Отгонбаяр
  • Чингүнжав