“Миний мэдэрч буй зүйлс” 

КОД: 2021018 

ЛГБТ төвөөс хэрэгжүүлж буй “Залуу манлайлагчид” хөтөлбөрийн хүрээнд 3 дугаар багаас ЛГБТИК+ хүмүүсийн төлөөллийн бодол үзэл санааг нийтэд танилцуулж ойлгуулах, хувь нэмэрээ оруулах зорилготой зохион байгуулсан “Миний мэдэрч буй зүйлс” эсээ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Нийт 65 эсээ ирсэнээс 5 бүтээлийг шалгаруулан та бүхэнд хүргэх билээ. Өнөөдөр 3-р байрт шалгарсан эсээ бичлэгийг хүлээн авна уу.

Би гей учраас чамтай дахиж учрахгүй.

Тэр их царайлаг залуу байсан. Царай төрхөөрөө сургуульдаа шагшигддаг. Буржгар үстэй, тэрийгээ хараар будчихдаг. Том нүдтэй, өндөр хамартай, зузаандуу уруултай, шар арьстай, гоё биетэй яг л миний хувьд ханхүү байлаа. Бид нэгдүгээр ангиасаа нөхөрлөсөн ч аравдугаар ангид ордог жилийн есдүгээр сарын нэгэнд би түүнд дурлаж билээ. Үнэндээ юу болоод байгааг ч мэдэхгүй гурван секунд ширтэж зогссон доо. Надад үхтлээ дурлахад тэр хугацаа хангалттай байсан. Бид нэг ангид суралцдаг учраас тэр намайг найзаа гэж бодно. Тэгээд найз охинтой болж түүнтэйгээ уулзах бүрт намайг дагуулж явна. Би ямар үгүй гэж хэлж чадах биш дээ, надад бол түүнтэй уулзаад хамт байх нь чухал байсан болохоор тэр. 

Цаг хугацаа өнгөрөх бүрт би энэ шохоорхол уу? Эсвэл жинхэнэ хайр дурлал уу? гэдгийг эргэцүүлэн бодож, дотроо өөрийгөө хорьж ядан сэтгэл хөдлөлөө ил гаргахаас эмээдэг, хааяа өөрийгөө үзэн яддаг хүүхэд болсон байлаа. Түүнд дурласан тэр өдрөөс хойш түүнийг бодоогүй өдөр гэж байхгүй. Сэм сэмхэн бурхнаас нууцаар бид зүүдэндээ учирдаг. Уулзахдаа хаашаа ч юм нэг газар луу хөтлөлцөөд инээд алдан гүйнэ. Хааяа өндөр барилгын дээвэр дээр мөрөө дэрлэлцэн мөрөөдөлөө ярин сууна. Түүнтэй уулзаад сэрэх бүрд би инээх ба буцаж унтаад сэрэхийг хүсдэггүй болчихсон. Энэ мэтээр би өөртэйгөө тэрсэлдэн өөрийн мэдэрч байгаа зүйлээ хэнд ч хамаагүй хэлчихмээр санагдаад л. Эсвэл хааяа зүгээр л түүн дээр очоод шууд “Би чамд сайн” гээд хэлье гээд очсон ч сандарсандаа чухал царай гаргаад өөр юм яриад явчихдаг байсан сан. Бидний гэр хоорондоо зайдуу байсан ч тэр намайг дуудахад би асуудалгүй гүйгээд очдог. Би оччихоод буцахдаа түүнтэй гар бариад салдаг байсан учраас ердөө тэр мөчийг мэдрэхийн төлөө, түүнийг хэсэг ч гэсэн харахын тулд шөнө орой хамаагүй гүйгээд очдог байлаа. Түүнээс хойш энэ үйлдэл давтагддаг байсан учраас тэр бараг л гадарладаг болчихсон бололтой. Нэг л хөндий зайгаа бариад байгаа юм шиг л…

Түүний төрсөн өдөр хавар дөрөвдүгээр сард болдог. Энэ байдлаар дөрвөн жил аль хэдийн өнгөрсөн байлаа. Нэг азтай хавар түүний төрсөн өдрөөр манай ангийн хэсэг найзууд нийлээд ой мод руу салхинд гарахаар шийдсэн. Өмнөх шөнө нь би зүүдэндээ түүнтэй хамт ойн модонд юм ярьж суугаад байсан нь тэр өдөр яагаад ч юм энэ зүүд биелэх юм шиг санагдаад байлаа. Тухайн өдөр нь бид салхилж байгаад орой болоход бүгд буцахаар болов. Би майхантай очсон байсан болохоор “Эндээ хонолоо, гэртээ асуудалтай байгаа учраас та нар яв даа” гэж хэлэхэд бусад маань гэр лүүгээ явж, тэр “тэгвэл хоёулаа хоноё” гэж хэлээд надтай үлдэхээр боллоо. Бурхан минь би дахиад зүүдлээгүй биз гэж дотроо хагартлаа баярлаж догдолж байтал манай ангийн нэг охин “яаж та хоёрыг үлдээх вэ дээ” гээд хүрч ирснээ түүний хажууд суучихсан. Тэгээд гадаа нэлээн харуй бүрий болсон учраас бид гурав гал түлэх гээд мод түүхээр явтал нэг мэдсэн тэр хоёр хөтлөлцөөд байгаа нь анзаарагдлаа. Миний дотор эвгүй оргиж үг дуугарахаа ч болив. Сарны гэрэл тусаж шөнө дунд болоход тэр 2 цугтаа ой модоор нэлээн дээшлээд дуу нь л сонсогдож байлаа. Бид бага зэрэг хундага тулгасан байсан болохоор миний сэтгэл санаа аль хэдийнээ хямраад эхэлчихсэн уйлахад бэлэн бүх зүйлийг өрөвдөлтэй гэгч нь сонсон суусан.

Хэсэг хугацаа өнгөрөхөд тэр ганцаараа хаанаас ч юм гэнэт гарч ирснээ шууд надаас “Чи надад сайн юм уу?” гэж асуув. Яг үнэндээ үүнийг л асуух гэж надтай үлдсэн юм байна лээ л дээ. Надад хэлэх үг олдохгүй балмагдсан ч цаанаасаа “тийм ээ” гээд асгартлаа уйлчихсан. Магадгүй хэлэх гээд чадахгүй шаналан байж дотроо хадгалсан үгийг маань тэр надаас өөрөө асуухад хуримтлагдсан тэр бүх нулимс маань одоо л баярлаж эрх чөлөөтэй болсон байх. Намайг зогсолтгүй ихэр татан уйлж суухад тэр надад – “Би чамайг надад сайн болсныг чинь гадарладаг байсан. Чиний надад яаж хандаж байгаа чинь л ойлгомжтой байсан. Тиймээ, би чамайг ойлгож байна. Харин чи нэг зүйл ойлгох ёстой. Би эмэгтэй хүн сонирхдог. Би чамайг найзаа гэж боддог. Ийм зүйл болсон ч надтай урьдынх шигээ найзлаарай гэж надаас гуйсан. Харин би уйлахаа зогсоогоод “Чамайг ядаж нэг удаа тэврээд үзье тэгэх үү?” гэж гуйгаад тэвэртэл тэр надаас миний нэрийг дуудсанаа “Өнөөдөр чи гадаа унтчих, бид хоёр майханд хоночихъё” гэж хэлж билээ. Миний сэтгэл санаа гэж зүгээр л авах юм байхгүй гөлийчихсөн майхныхаа хажууд суугаад үүрийн дөрвөн цаг хүртэл чимээгүй уйлж хоносон доо. Дөрөвдүгээр сар учраас шөнөдөө хүйтэн. Би нимгэн цамцтайг ч хэлэх үү дотроосоо бас гаднаасаа даарсан болохоор үүр цайтал чичирэн өөрийгөө тэврэн суухаас өөр сонголт байгаагүй. 

Уран бүтээлч @tarakashslsht шилдэг 3 эсээнд зориулан сайн дураараа зураг зурж өгч байгаа билээ.

Нар цухуйж зургаан цаг болоход би хувцасаа гөвөөд харихаар шийдлээ. Харин баяртай гэж хэлэх зориг хүрээгүй. Тэндээс автобусны буудал хүртэл гурван километр алхахдаа толгойд өчнөөн бодол хөврөлдөн байсан ч эцэст нь түүнийг ойлгох ёстойгоо ухаарсан. Би л хайртай болчихоод бүтэн дөрвөн жил өөрийгөө ч өрөөлийг ч зовоогоод байгаагаа ойлгон сэтгэлээ татахаар хичээсэн дээ. Тэр охинд ч бүр голдоо ортол гомддог байлаа. Сүүлдээ яг яагаад үзэн ядаад байгаагаа бодон буруугүй гэдгийг нь өөртөө аргадан хэлээд уучилсан. 

Мэдээж тэр өдрөөс хойш бид энэ талаар юу ч яриагүй, өмнөх шигээ найзлахаа ч больсон. Одоо тэр цэрэгт явчихсан. Харин би түүнийг ирэхээс өмнө гадагшаа сургуульд явж шинэ амьдрал эхлүүлэхийг хүсэж байна. Энэ бол өөрийнхөө бас түүний төлөө миний хийж чадах ганц зүйл. “Хүн амьдралдаа ганц л удаа дурладаг, дараа нь төстэйг нь хайдаг” гэдэг. Надад ухаангүй дурлахад гуравхан секунд хангалттай байсан. Гэвч ийм их зүйл дагуулж ирнэ би гэж огт төсөөлсөнгүй ээ. Одоо харин би явлаа. Чамтай төстэй хүнийг хайхаар, чиний байнга цацдаг үнэртэй усыг түрхээд, чамайг мартана гэж найдаад алс хол суралцахаар явлаа.

Баяртай.

 

БУСАД ЭСЭЭГ УНШИХ БОЛ ЭНД ДАРНА УУ.

Төслөө амжилттай зохион байгуулсан Залуу манлайлагчиддаа баяр хүргэе! Төслийг дэмжсэн Канадын элчин сайдын яамдаа талархлаа илэрхийлье!

3-р багийн гишүүд:

  • Ганбаяр
  • Анударь
  • Отгонбаяр
  • Чингүнжав