Миний мэдэрч буй зүйлс
КОД: 2021020
ЛГБТ төвөөс хэрэгжүүлж буй “Залуу манлайлагчид” хөтөлбөрийн хүрээнд 3 дугаар багаас ЛГБТИК+ хүмүүсийн төлөөллийн бодол үзэл санааг нийтэд танилцуулж ойлгуулах, хувь нэмэрээ оруулах зорилготой зохион байгуулсан “Миний мэдэрч буй зүйлс” эсээ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Нийт 65 эсээ ирсэнээс 5 бүтээлийг шалгаруулан та бүхэнд хүргэх билээ. Өнөөдөр 2-р байрт шалгарсан эсээ бичлэгийг хүлээн авна уу.
“Хавар цаг ирж гадаа дулаахан болсон байна шүү” хэмээн бодон би тамхиа асаав.
Үеийн хүүхдүүдийн өсвөр нас эрт эхлээд эхнээсээ дуусч байх юм. Би 19 нас энэ жил хүрчихлээ гэтэл миний өсвөр насны онцлог одоо л илэрч байна. Жилийн дотор 10 сантиметр өсчихжээ. Нүүр, нуруу, цээж гээд хэсгүүд дээр маань батга гарж эхэлсэн. Гэхдээ миний хувьд эдгээр нь тийм ч асуудал биш санагдана. Энэ насан дээр хүн өөрийгөө таньж мэдэх гэж их л чармайх юм. Би ижил хүйстэн юм болов уу? Эсвэл бисексуал гэдэг нь юм болов уу? гэх бодол маань л намайг дотроос илүү их идэх нь аймшигтай. Хайртай хүнтэй болж үзэх юмсан, хайрладаг хүнээрээ хайрлуулж үзэх юмсан, нийлээд хэн хэн нь хайрладаг зүйлтэй болох юмсан гэж ямар их хүснэ бэ? Энэ мэдрэмжийг бүхий л хүн мэдэрдэг хэрнээ яагаад ингэж ганцаарддаг юм бол? Би мэдэхгүй, гэхдээ мэдэхгүй зүйлээ шаналан байж хүсээд л байх…
Тамхиа хагасад нь ортол хүчтэй сороод тэнгэр ширтэв.
Ямартай ч би энэ нийгэмд шилдэг нь болох гэж хичээдэггүй ч өөрийнхөө шилдэг нь байх гэж бас хажуугаар нь яаран амьдарна. Хэдий амьдрах хугацаа зөндөө бас нас залуу ч юм бүхнээс хоцорч буй юм шиг энэ мэдрэмж, юмс үзэж нүд тайлагдаагүй ч бүхнийг дүгнэж өөрийгөө хаах энэ мөчүүд зүгээр л зүүд байгаасай.
Дуусаж буй тамхины халуу дүүгэх нь хурууны үзүүрт мэдрэгдэв.
Эрэгтэй хүнийг хайрлах нь яг л намайг “чи бол яг ийм хүн юм аа!” гээд чичлээд байгаа мэдрэмж төрүүлээд байх. Би айж л байна. Гэхдээ яагаад айгаад байгаа юм бол. Үнэндээ би энэ нийгмийн хандлагаас биш өөрийнхөө үнэнээс л айгаад байгаа юм биш үү? Нийгэм биш чи л өөрийгөө чичлээд байна. Чи л өөрийгөө чичлээд байвал хэн чамайг тэр мөрөөддөг шиг чинь хайрлах вэ? Өөрийгөө хайрлахгүй байгаа хүнээр хүн өөрийгөө хайрлуулахгүй!

Өрөөлийг ч хайрлахгүй байх!
Дууссан тамхиа унтраагаад “Brave Girls” хамтлагийн “We Ride” дууг сонсов. “City pop” төрлийн дуунууд ч гоё шүү. Машинаар шөнө давхиж буй мэдрэмж байнга төрүүлдэг юм байна. “Lana Del Rey” дуучны клипнүүд дээр гардаг шиг хайртай хүнтэйгээ хамт давхиад… Байз ер нь хайртай хүнээ төсөөлөхдөө ямар хүн төсөөлдөг юм бол? Анхны хайр, шохоорхсон хүн, дуртай алдартнаа төсөөлдөг юм болов уу? эсвэл инстаграмаар дагалцдаг царайлаг залуугаа төсөөлөх ёстой юм болов уу? Би өөрийгөө бисексуал гээд л байдаг мөртлөө яагаад л хайр дурлалын асуудал дээр зөвхөн эрэгтэй хүн бодогддог юм болоо? Би ижил хүйстэн байх ёсгүй… хорвоо дээр хөөрхөн муухай охин гээд би ялгаж чаддаг шүү дээ! Үгүй дээ! гол нь чи тэдэнтэй дурлалцмаар байна гэж үү? Чи тэгээд үнэнээр охин хүүхдийг чин сэтгэлээ хайрлаж чадах юм уу? Эсвэл чи зүгээр л хэн нэгэнд ямар нэгэн зүйл батлах гээд байгаа юм уу? Чи худлаа зүйл батлаад дараа нь юу өөрчлөгдөх вэ?
Асаагуураа тамхины хайрцагандаа хийгээд овоолсон ном дэвтэр-ний доор нуугаад гараа угаахаар явав.
Аав намайг тамхи татдагийг мэдвэл ч алах байхдаа. Хэрвээ баригдвал юу гэж хэлдэг юм болдоо. Айлын ганц дээрээс нь удам залгах хүү гэж хэлүүлэн элдэв юмнаас холуур бага зэрэг сахилга баттай амьдарсаар 19 жил болжээ. Удам залгах гэдэг миний хувьд бас нэгэн айдас түгшүүр. Хүнтэй сууж гэр бүл зохиох тухай бодож эхлээ ч үгүй надад хүүхэд гаргаж удам залгуулах ёстой гэсэн бодол аль хэдийн суусан байх юм. “Ямар ч өрөвдмөөр” юм гээд хэлэх хүн байхгүй эсвэл байгаад ч хэрэггүй. Өсвөр нас эхлээд хүнээр өрөвдүүлэх дургүй болчихсон байна.
Зурагтаар “Victoria’s Secret fashion show” үзүүлж байна.
Яасан гоё юм бэ? Гэхдээ энэ загвар өмсөгчид нь биш загвар болон тайз нь намайг алмайруулдаг. Бусадтай ижил эрэгтэй хүүхэд байсан бол охидыг нь л харж баясах байсан байхдаа гэж бодохоор болохгүй зүйл хийж байгаа мэт санагдан бяцхан гуниг дахиад л ургана. Багадаа би ээжийн өсгийтийг өмсөөд загвар өмсөгч шиг алхаж байгаад аавд баригдаж байсан маань санагдав. Аав харчхаад юу ч хэлээгүй харин ааваас амьдралдаа харж байгаагүй царайны хувирлыг би олж харсан. Би шууд л өсгийтийг тайлж аваад өрөөндөө ороод хөнжил дотроо уйлж байснаа сайн санаж байна. Зодуулж загнуулж байсан дурсамжуудаас илүү тод дурсамж, хэн ч намайг шүүмжилж загнаж зандарч зодоогүй ч багадаа авсан хамгийн том шархтай айдастай таагүй дурсамж.
Хаалганд түлхүүр зоож буй сонсогдоно. Айж сандран байж сувгаа сольж бэлтгэв.
БУСАД ЭСЭЭГ УНШИХ БОЛ ЭНД ДАРНА УУ.
Төслөө амжилттай зохион байгуулсан Залуу манлайлагчиддаа баяр хүргэе! Төслийг дэмжсэн Канадын элчин сайдын яамдаа талархлаа илэрхийлье!
3-р багийн гишүүд:
- Ганбаяр
- Анударь
- Отгонбаяр
- Чингүнжав
Mandah
Яг л би бичигдчихсэн юм шиг, яагаад ч юм айдас төрөөд…