ЛГБТ төвөөс хэрэгжүүлж буй “Залуу манлайлагчид” хөтөлбөрийн хүрээнд 3 дугаар багаас ЛГБТИК+ хүмүүсийн төлөөллийн бодол үзэл санааг нийтэд танилцуулж ойлгуулах, хувь нэмэрээ оруулах зорилготой зохион байгуулсан “Миний мэдэрч буй зүйлс” эсээ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
Нийт 65 эсээ ирсэнээс 5 бүтээлийг шалгаруулан та бүхэнд хүргэх билээ. Өнөөдөр 1-р байрт шалгарсан эсээ бичлэгийг хүлээн авна уу.
Миний мэдэрч буй зүйлс
КОД:2021004
Цас хайлж, жихүүн салхи шуурсан тэр нэгэн хаврын орой би өөрийн хамгийн хайртай ороолтоо зүүгээд , элэгдэж хуучирсан чемодандаа өөрийн хувцсаа хийгээд гэрийнхээ хаалгаар гарч билээ. Тэр үед дөнгөж л арван жилээ төгссөн залуухан хүү ганцхан хайртай хүнтэйгээ л хамт энэ хорвоог туулна хэмээн хатуу шийдээд гэрээсээ явсан нь тэр билээ.
Бурхан биднийг анх бүтээхдээ ийн бодсон ажээ:
Хорвоо дэлхий дэндүү уужим хийгээд том билээ. Энэ гайхалтай ертөнцөд маш олон төрлийн хүмүүс амьдарвал илүү сонирхолтой байх. Эрэгтэй, эмэгтэй, өнгөт, цагаан арьстан, тэр дундаа эрэгтэй эмэгтэй хүмүүст бие биенээ хайрлаж үр удмаа үлдээх зүрх сэтгэлийг бий болгоё, за байз ер нь яагаад хоёр эрэгтэй хүн бие биенээ хайрлаж болохгүй гэж? Ер нь бие биенийгээ л хайрлаж амьдарч чадвал эрэгтэй эмэгтэй тийм хамаатай гэж үү? хэмээн бодоод бурхан биднийг бүтээсэн ажээ. Гэвч зарим хүмүүс энийг ойлгодоггүй нь харамсалтай. Тийм ч учраас тэр үед аав ээжийнхээ хайрыг ч гүйцэж мэдэрч амжаагүй хүү гэрээсээ яван, хайртай хүнтэйгээ хамтдаа эрх чөлөөтэй аз жаргалтай амьдрахаар явсан байх.

Тэр цаг үеэс хойш усны шувуу нэгэнтээ 4 удаа алс хол орших халуун орныг зорьжээ. Амьдрал эхэндээ аз жаргалтай өрнөж байсан ч хувь тавилан миний хайртай залууд шунаж хорвоо дээр орь ганцаар үлдээсэн юм. Тэр үед надад мэдрэгдэж байсан цорын ганц зүйл бол зүгээр л энэ бүхнийг хаяад хэний ч мэдэхгүй газар очоод ганцаараа үхэн үхтлээ амьдрах л байсан. Тэр хүслээ ч би биелүүлэхийг оролдсон ч бүтээгүй. Хэдий миний бэлгийн чиг баримжааг хүлээн зөвшөөрөөгүй ч хүүгээ алдахвий гэсэн айдастаа дийлдээд аав ээж минь намайг 2 сар гаруй хайсны эцэст намайг олж сэтгэл заслын эмчилгээ хийлгэж, эмнэлэгт хэвтүүлж хүүгээ аврах гэж байна л гэж бодсон бодол нь харамсалтай нь эсрэгээрээ намайг амьдын тамд унагасан билээ. Тиймээс ч би өөрийн зугтах мөрөөдлөө дахин биелүүлэхээр шийдэж ээжийнхээ цүнхэнд байсан бэлэн мөнгийг нь хулгайлж тэр шөнөдөө Улаанбаатар хот руу зугтаж өдгөө 2 жил хэртэй аав ээжээсээ нуугдаж амьдарсан.
Эхэндээ таньж мэдэх хүнгүй хэцүү байсан ч нүүрний буян минь байсан уу эсвэл аз намайг түшсэн үү цалин сайтай байрлаж ажиллах боломжтой ажилд орж чадсанаар амьдаралаа дахин шинээр эхлүүлэх боломж бий болж билээ. Тэр цаг хугацаанд би зөвхөн тэнгэрт одсон хайртай залуугаа л бодож сэтгэл зүрхээ хэзээ ч онгойхгүй бат бөх цоожоор цоожилчихсон байсан. Магадгүй би өөрийн аз жаргал эрх чөлөөгөө олтол тэр цоожоо тайлах эрхгүй билээ.
Удахгүй хил нээгдмэгц өөрийн 2 жил зовж цуглуулсан мөнгөө аваад алсын алсад очих улс руу өөрийн эрх чөлөөтэй амьдрах гэсэн мөрөөдлөө биелүүлэхээр зугтахаар шийдсэн. Хэрвээ би Монголоос өөр улсад төрсөн бол ингэтлээ ус агаар мэт эрх чөлөө рүү тэмүүлэх байсан болов уу? Хайртай хүн минь ижил хүйстэн гэдгээсээ болж бусдад зодуулж нас барах байсан болов уу? Аав ээж минь намайг тэгтлээ их сэжиглэх байсан болов уу? Үгүй л байх. Магадгүй ийм улсад төрсөн нь миний азгүй-гийх байж болох ч амьдралаа өөрчлөх боломж надад байгаа. Тийм ч учраас зөвхөн өөрийнхөө төлөө хартай хүн минь эмнэлгийн орон дээр эцсийн амьсгалаа хураахдаа надад “Эндээс зугт. Тэгээд аз жаргалтай амьдраарай гэж” захисан захиасыг биелүүлэхийн төлөө би алс холын мөсөн туйл , элсэн цөлөөс байсан ч хамаагүй аз жаргалаа заавал олно гэж өөртөө ам тангараг өгсөн юм. Миний мэдэрч буй бүх зүйл бол энэ…. Эрх чөлөө..Аз жаргалыг эрж олох
Энэ эсээг би аз жаргал , эрх чөлөөгөө олж амжаагүй бүх хүмүүст зориулан бичив. Бусдад нээлттэй түгээж эсвэл дэлгэж болно.
БУСАД ЭСЭЭГ УНШИХ БОЛ ЭНД ДАРНА УУ.
Төслөө амжилттай зохион байгуулсан Залуу манлайлагчиддаа баяр хүргэе! Төслийг дэмжсэн Канадын элчин сайдын яамдаа талархлаа илэрхийлье!
3-р багийн гишүүд:
- Ганбаяр
- Анударь
- Отгонбаяр
- Чингүнжав