Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг ЛГБТ Төв НҮТББ 9 дэх жилдээ 2021.08.27- 2021.09.10 өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Тэгш эрх, бахархлын өдрүүд гэж юу вэ?

“Тэгш эрх, бахархлын өдрүүд” нь ЛГБТИК+ олон нийтийн эв нэгдлийн баяр бөгөөд ЛГБТИК+ хүний эрхийг хүндэтгэх соёлыг бэхжүүлэх, ЛГБТИК+ олон нийтийн талаар нийгэмд зонхилсоор байгаа ташаа ойлголтыг залруулах болон ЛГБТИК+ хүний эрхийн хөдөлгөөнийг нийтэд таниулах зорилготой билээ. ЛГБТ Төв нь “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг 2013 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа.

ЛГБТ Төвийн тухай товч:

ЛГБТ Төв нь нийгэмд үйлчилдэг, ашгийн бус, гишүүнчлэлгүй, төрийн бус байгууллага бөгөөд бэлгийн болон хүйсийн цөөнх болох лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр болон бусад (ЛГБТИК+) олон нийтийн хүний эрхээр 2009 оноос хойш албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж буй Монгол дахь цорын ганц байгууллага юм.

Тэгш эрх, бахархлын өдрүүдийн уламжлалт үйл ажиллагаанууд: 

Олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх, ЛГБТИК+ олон нийтийн эв нэгдлийг харуулах зорилгын дор олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулсаар ирсэн юм. Жил бүрийн нөхцөл байдал, онцлогийг харгалзан үзэж, “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг өөрчлөн шинэчилдэг билээ.

  1. Тэгш эрхийн төлөө алхалт
  2. Тэгш эрхийн төлөө дуу хоолой
  3. Күийр театр
  4. “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадам
  5. Эрхийн төлөө урлаг үзэсгэлэн
  6. Сайн дурын ажилчдын өдөр 
  7. Автобус болон автобусны буудлууд дахь Солонгон туг, ЛГБТИК+ хүний эрхийн тухай мэдээлэл

Энэ жилийн тухайд:

Жил бүрийн 8-р сарын сүүлийн 7 хоногоос эхлэн тэмдэглэдэг “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг энэ жил 8-р сарын 27-с 9-р сарын 10-г дуустал онлайнаар зохион байгуулна. Цар тахалтай холбоотой нөхцөл байдал, Засгийн Газрын шийдвэртэй холбоотойгоор бид олноороо цуглах үйл ажиллагааг энэ жил зохион байгуулахааргүй болсон. 

Онлайн Тэгш эрх, бахархлын өдрүүдэд юу юу байгаа вэ?

  • Видео мэндчилгээ, ярилцлага
  • Автобус болон автобусны буудлууд дахь Солонгон туг, ЛГБТИК+ мэдээлэл
  • Олон нийтийг оролцуулсан challenge, пост бүхийн контентууд
  • “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадам
  • ЛГБТИК+ сэдэвт воркшоп, хэлэлцүүлгүүд

Цар тахалтай холбоотойгоор гэнэтийн өөрчлөлт, шийдвэр гарж болзошгүй билээ. Тиймээс 8-р сарын сүүлээр илүү тодорхой, дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргэх болно.

ЛГБТ Төвийн хамт олон “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийг хүн бүхэнд хүртээмжтэй, нээлттэй зохион байгуулах гэж хичээн ажиллаж байна. Удахгүй уулзацгаая!

Хүндэтгэсэн,

ЛГБТ Төв НҮТББ

Холбоо барих:

+976 70110323

info@lgbtcentre.mn