1. Бахархлын тугаар “гоёх”

Энэ өдрийг бахархлын солонгон туггүйгээр төсөөлөх аргагүй. Бахархлын туг нь ЛГБТИК+ олон нийтийг илэрхийлэх бэлэг тэмдэг шүү дээ. Та бахархлын тугийг ЛГБТ Төвөөс худалдан авч гэрийнхээ цонх, хана, тагтан дээрээ өлгөн гэрээ чимэглээрэй. Мөн  бахархлын тугтай хамт даруулсан зургаа нийтэлж, найз нөхөд, дотны хүмүүс рүүгээ илгээхээ мартуузай. 

Пост хийх бол #PrideMongolia #Прайд2021 давалгаанд нэгдээрэй.

  1. Автобусны буудал дээр зургаа даруулах

Автобусны буудлууд “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ээр бахархлын тугаар солонгордог уламжлалтай. Энэ жил 18 автобусны буудлыг, 18 чиглэлд тус бүр 1 автобусыг солонгоруулна. Та ганцаараа, хайртайгаа эсвэл найзуудтайгаа 8-р сарын 27-с 9-р сарын 10-ны хооронд зургаа даруулж, өөрийн чин сэтгэлийн мэндчилгээг бусдад хүргээрэй. Прайдын сүүлээр бид олон нийтээс ирсэн зургуудаар видео хийх тул та бүхэн идэвхтэй оролцохыг уриалж байна.

  1. Найзуудаараа, ганцаараа ЛГБТИК+ сэдэвт кино үзэх 

Кино бүхэн өөрийн гэсэн илэрхийлэмж, утга учиртай байдаг. Тиймээс ч кино урлаг хурдацтай өсөн хөгжиж буй. 8-р сарын 28-нд “Цэнхэр тэнгэрийн цаана” ЛГБТИК+ богино хэмжээний кино наадамд шалгарсан бүтээлүүдийг “Youtube” сувгаар дамжуулан олон нийтэд хүргэх болно. Хосоороo, найз нөхөд, гэр бүл, өөрийн дотны хүмүүстэйгээ күийр кинонуудыг үзэж цаг мөчийг дурсамж дүүрэн өнгөрөөгөөрэй. 

  1. Өөрийн түүхээ хуваалцах

Хүн бүхэнд өөрийн гэсэн дахин давтагдашгүй, өвөрмөц түүх байдаг. ЛГБТИК+ хүний эрхийн дэмжигч эсхүл ЛГБТИК+ олон нийтийн нэг хэсэг байхаас үл хамааран та өөрийн бахархлын өдрүүдтэй холбоотой болон амьдралын түүхээ хуваалцаарай. Манай “Нээлттэй утас” таныг сонсож байна. Та 8-р сарын 31-нд 11-цагаас 17 цагийн хоооронд +976 8669 3141 дугаар луу залгаарай. ЛГБТ Төвийн Залуучуудын хөтөлбөрийн менежер Цэвээнээ тантай ярилцаж, таны зөвшөөрөлтэйгөөр подкастанд оруулах болно.

  1. Бидэнтэй хамт байгаарай! 

Тэгш эрх, бахархлын өдрүүдийг ЛГБТ Төвийн хамт олон 9 дэх жилдээ зохион байгуулж байна. Тэгш эрх, бахархлын өдрүүдээр цацагдаж буй бичлэг болон постерийг бусадтай хуваалцаж, бидэнтэй нэгдээрэй.

https://www.facebook.com/events/575455936796453?ref=newsfeed