Үүнийг гэр бүлдээ “КАМ АУТ” хийхээсээ өмнө заавал уншаарай.

Кам аут*- ЛГБТИК+ хүмүүсийн хувьд өөрийн бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа өөрөө хүлээн зөвшөөрөх, хэн нэгэнд илэрхийлэх гэсэн утгаар ашигладаг.

Хэрэв өөрийгөө таньж мэдэх гэж байгаа бол ЭНД дарна уу.

Юу чамайг хүлээж байгааг мэдэх:

Ихэнх гэр бүлийн гишүүд хэд хэдэн шатуудаар дамжин ойлгодог.

Ихэнх гэр бүлийнхэн таныг хүлээж авч, ойлгоход дараах зүйлс тохиолддог.

Энэ нийтлэлийн гол зорилго нь ЛГБТИК+ хүүхэдтэй гэр бүлүүдэд анх бэлгийн чиг барижаа, хүйсийн баримжааны асуудал яригдаж эхлэхэд ямар бэршээлүүдтэй тулгардаг талаар таниулах юм. 

Энэ нийтлэлээр тайлбарлах үе шатууд нь: цочрох, үгүйсгэх, гэмших, мэдрэмжээ илэрхийлэх, хувийн шийдвэр гаргах, бүрэн хүлээж авах.

Хэрвээ та удаан хугацааны турш гэр бүлдээ кам аут хийх эсэхээ бодож, өөрийгөө илэрхийлэхээр шийдсэн бол энэ нийтлэл танд гэр бүлийнхээ зүгээс харахад тусална.

Хэрэв гэр бүл тань таныг хүлээж авахгүй харилцаагаа тасалж магадгүй гэж бодож байгаа бол энэ нийтлэл тус болохгүй байж болох юм.

Хүн бүр өөр өөр замаар хүлээж авна

Анхааруулга: Гэр бүл бүр өвөрмөц онцлогтой. Хэдийгээр ихэнх нь энд дурдсан үе шатуудыг дагах магадлалтай боловч та өөрийн гэр бүлдээ хангалттай орон зайг нь өгөөрэй.

Энд бичсэн жишээ, зөвлөмжийг Филадельфиягийн Лесбиян, Гей эцэг эх, найз нөхдийн уулзалтад оролцсон эцэг эхчүүдийн ярианаас авсан болно.

Монгол улсад хүүхдээ хүлээж авсан тухайгаа нээлттэй ярьдаг эцэг, эх, асран хамгаалагчид одоогоор цөөн хэвээр л байна. Гэсэн хэдий ч нээлттэй хүүхдийнхээ тухай ярилцлага өгсөн нийтлэл, подкастыг доорх холбоосоор орж хүлээн авна уу.

Гей хүүгээ хүлээж авсан ээжийн ярилцлага сонсох: Хүүхэдтэйгээ аль болох ойрхон байхыг бодоорой

Хүүхдээ хүлээж авсан аавын тухай ярилцлага унших: https://ikon.mn/n/22tq

Үеэлээ хүлээж авсан тухай ярилцлага унших: https://ub.life/p/jagaa-uuriig-ni-khairladag-khumuus-baidag-gedgiig-urgelj-sanaj-yawaasai?fbclid=IwAR2p3tFfemsrXdEuM1Qa1YEBccqfkjTRlot_osWv5DrcWwtzQufe8dXqBO4

Дараах нийтлэлд бүрэн нийцсэн “загвар” тохиолдол цөөн хэдэн гэр бүлд байдаг тул таныг юу хүлээж буйг, хэрхэн тустай байдлаар хариу үзүүлэхээ урьдчилан мэддэг байх нь тодорхой хэмжээний мэдлэг, дэмжлэгтэйгээр том алхам хийх боломжийг танд олгоно.

Кам аут хийхээсээ өмнө өөрөөсөө асуух асуултууд

  1. Чи өөрийнхөө бэлгийн чиг баримжаанд итгэлтэй байна уу? “Итгэлтэй байна уу?” гэсэн асуултад хариулах зориггүй байвал асуудлыг одоохондоо бүү дэлгээрэй. Чиний өөртөө итгэлгүй байдал гэр бүлийг чинь чамайг хүлээж авахад эргэлзэхэд хүргэдэг.
  2. Та өөрийнхөө бэлгийн чиг баримжаанд таатай байдаг уу? Хэрэв та гэмших мэдрэмж, сэтгэлийн хямралтай байгаа бол эцэг эхдээ хэлэхээ хүлээсэн нь дээр. Таны кам аут хийсэн нь тэднээс асар их энерги шаардах болно; өөрийнхөө тухай эерэг дүр төрхийг бүрдүүлэхдээ энгийн үеэс их хичээх шаардлага үүсэх байх.
  3. Танд дэмжлэг бий юу? Гэр бүлийнхэн чинь хэрхэн хүлээж авсан нь таныг хэцүү байдалд оруулвал яах вэ? Таныг сэтгэл зүйгээр дэмжих хүн болон хүрээлэл хэрэгтэй. Өөрийгөө үнэ цэнтэй гэж мэдрэх нь хамгаас чухал.
  4. Та ЛГБТИК+ хүний эрх, түүх зэргийн тухай хангалттай мэдэх үү?  Таны гэр бүл насан туршдаа гомофобик нийгэмээс авсан мэдээллээрээ хариулах байх. Хэрэв та энэ сэдвийг сайн судалсан бол найдвартай мэдээлэл, судалгааг хуваалцан тэдэнд туслах боломжтой.
  5. Танай гэрийн уур амьсгал ямар вэ? Хэрэв танд хэзээ хэлэхээ шийдэх сонголт байгаа бол цаг хугацаагаа сайн анхаараарай. Кам аутаас өөр ямар нэг асуудалгүй үеэ сонгох нь чухал: хэн нэгний үхэл, ажилгүй байх, хагалгаанд орох, салалт гэх мэт
  6. Чи хүлээцтэй хандаж чадах уу? Эцэг эх тань өмнө нь ерөөсөө төсөөлж байгаагүй зүйлтэйгээ нүүр туулж байгаа. Тиймээс ойлгож ухаарахад нь хангалттай цаг өгөөрэй. Энэ нь зургаан сараас хоёр, гурван жил ч үргэлжилж магадгүй юм.
  7. Та яагаад кам аут хийх гэж байгаа вэ? Мэдээж та тэдэнд хайртай, гэхдээ өөрийнхөө тухай хэлэхгүй байх нь тухгүй, хөндий мэдрэмж өгж байгаа байх. Харин хэзээ ч уурандаа кам аут хийж, тэдний эсрэг бэлгийн мөн чанараа ашиглаарай.
  8. Танд нөөц бололцоо бий юу? Бэлгийн цөөнхийн тухай ойлголт нь ихэнх хүмүүсийн хувьд төдийлөн мэддэггүй сэдэв юм. Дараах зүйлсийн дор хаяж нэгийг бэлэн байлгаарай : эцэг эхчүүдэд зориулсан ном, орон нутгийн ЛГБТИК+ байгууллагын хүн эсвэл сэтгэл зүйчтэй холбоо барих хаяг.
  9. Та санхүүгийн хувьд биеэ даасан уу? Хэрэв таныг их сургуулиас тань гаргаж магадгүй гэж сэжиглэж байгаа бол, санхүүгийн хувьд эсвэл таныг гэрээс нь хөөх асуудлууд байгаа бол кам аут хийхээ түр хойшлуулаарай.
  10. Та эцэг эхтэйгээ ямар харилцаатай вэ? Хэрэв та нар эвтэй, үргэлж бие биенээ хайрлан, халамжилдаг бол тэд эерэгээр хариу үзүүлж магадгүй юм.
  11. Тэдний нийгмийн ёс суртахууны үзэл юу вэ? Хэрэв тэд нийгмийн асуудлуудыг муу/сайн, буян/нүгэл гэх харцаар хардаг бол таны бэлгийн чиг баримжааг яг тийм өнцгөөс харж магадгүй юм. Харин тэд асуудалд уян хатан, аль аль талыг бодолцон үздэг бол таныг байгаагаар нь хүндэтгэж магадгүй юм.
  12. Чи кам аут хийх сонголтоо өөрөө хийж байна уу? Хүн болгон гэр бүлдээ кам аут хийх албагүй бөгөөд энэ нь таны өөрийн шийдвэр юм. Хэрвээ кам аут хийгээгүй нь дээр санагдаж байвал заавал кам аут хийх өөрийгөө битгий хүчлээрэй.

Хэрэв таны зөвшөөрөлгүйгээр өмнөөс чинь кам аут хийж, хүний эрх тань зөрчигдөж, эрсдэлд орсон бол ЛГБТ Төвд хандаж хууль, эрх зүйн зөвлөгөө авах боломжтой.

Манай оффисын утас: 7011 0323 /ажлын цагаар холбогдоно/

Фейсбүүкээр чатлах: The LGBT Centre (Mongolia)

Имэйл: legal@lgbtcentre.mn

Тэдэнд хэн нэгнийг алдсан мэдрэмж төрдөг: Эцэг эх, хүүхдийн харилцаа солигддог

Анх гэр бүлдээ кам аут хийхэд “асран хамгаалагч ба хүүхдийн хариуцлага” солигдсон мэт санагддаг. Тэд чамайг ойлгохын тулд чиний туршлагаас суралцах хэрэгтэй бөгөөд тэдэнд мэдрэмжээ илэрхийлэх, илүүг ухаарахад нь туслах үүргийг чи хүлээх хэрэгтэй.

Энэ нь амар байхгүй бөгөөд тэд чиний амьдралын чухал хэсгийг зөвөөр ойлгон мэдэж авах хэрэгтэй юм.

Тэдэнд хувийн орон зай, цаг хугацааг өг. Чи өөрийгөө ойлгох гэж хэр урт замыг туулсан билээ, төдий чинээг гэр бүл чинь ойлгон ухаарах хэрэгтэй юм. Хүлээцтэй байгаарай!

Хагацал ба алдал

Ихэнх гэр бүлийнхэн хүүхдээ кам аут хийснийг түр хугацааны хагацал, зарим нь үхэл мэт хүлээн авдаг. Элизабет Кублер-Росс хайртай хүнийхээ үхэлтэй холбоотой энэ үе шатуудыг үгүйсгэл, уур хилэн, хэлцэл хийх, сэтгэл гутрал, хүлээн авах гэж тайлбарлажээ. Яг л гашуудал шиг ЛГБТИК+ хүмүүсийн гэр бүлийхний хамгийн анхны хариу үйлдэл хагацал болон алдал байлаг.

Би нэг өглөө хүүгийнхээ өглөний цай хийхийг хараад сууж байхдаа түүнд “Би чамайг танихгүй юм, гэхдээ би чамайг яваад миний хүү Тедийг буцаагаад аваад ирээсэй гэж хүсэж байна” гэж хэлмээр санагдаж байлаа.

Хүүхдээ кам аут хийхэд гэр бүл нь хагацлыг мэдэрдэг ба энэ нь түр зуурынх юм.

Хүн бүрийн үйл явц өөр

Хэдийгээр энд тайлбарласан үе шатууд ихэнх хүмүүст хамааралтай боловч энэ нь хүн бүрийн хувьд тохирох үйл явц юм. Заримдаа энэ дараалал алдагдсан үе байдаг; хааяа нэг алгасдаг. Заримдаа үйл явц гурван сар эсвэл хэдэн жил ч шаардагдана. Цөөн тохиолдолд ямар ч дэвшил үе ч байна. 

Ихэнх хүмүүс хүүхдээ төрсөнөөс нь хойш л мэддэг, ойлгодог гэж боддог. Хэдийгээр тэд бидэнд анхаарал тавьдаг ч хүүхдийхээ тухай мэдэхгүй зөндөө зүйлс байдаг.

Тэд хүүхдийнхээ тухай мэддэг зүйлсээ алдаж, чиний жинхэнэ төрх тэдэнд таалагдах эсэхт эргэлздэг. Хүүхэд нь кам аут хийхэд хамгийн их цочирддог хүмүүс бол хамгийн том алдал, үгүйсгэлийг мэдэрдэг. 

Траума үүсгэхүйц үйл явдал

Тэд чиний амьдралынхаа турш мэдэрсэн хөндий байдлыг анх удаа мэдэрч байгаа байх. Тиймээс энэ үйл явц бол траума үүсгэхүйц юм. Хэрэв бүх талууд хүлээцтэй ухааалаг байдлаар хандвал харилцаа сэргэх боломжтой ба ихэнх тохиолдолд харилцаа илүү дотно болдог.

ҮЕ ШАТ 1: ЦОЧРОЛ

Хэрэв тэд чамайг огтхон ч таамаглаагүй бол

Чиний хэлэх мэдээний тухай огтхон ч төсөөлөөгүй байгаа гэж үзвэл тэднийг цочролд орж магадгүй гэсэн хүлээлттэй байх хэрэгтэй. Тэд цочролд орохдоо 10 минутаас 1 долоо хоногийн хугацаанд үргэлжилж магадгүй ба ихэнхдээ хэдэн хоногийн дараа дуусдаг. Цочрол бол хүн бүрийн мэдэрдэг аливаа зовнилыг даван туулахад тусалдаг байгалийн хариу үйлдэл юм.

Тэдэнд бүрэн дүүрэн үнэнээ хэлэх боломжгүй байснаа тайлбарлан үүнээс үүссэн хөндий, хол байдлыг зогсоомоор байгаагаа хэлээрэй. Тэдэнд хайртай гэдгээ ахин хэлээрэй. Тэд шууд чамд эерэг хариуг хэлэхгүй ч ганцаараа тунгаан бодох үедээ үүнийг бодох болно. 

Өнөөдрийн кам аут хийсэн чи өчигдрийн чамтай яг ижилхэн гэдгийг тэдэнд хэлээрэй. 

Зарим гэр бүлийнхэн аль хэдийн таамагласан байдаг

Зарим гэр бүлийнхэн огт цочирддоггүй: “Би үргэлж чамайг онцгой гэдгийг мэддэг байсан. Зүгээр дээ би чамд хайртай. Чи надад чамайг ойлгон хүлээн авахад туслаарай.” Заримдаа тэд “Бид үргэлж чамайг мэддэг байсан” гэж хэлдэг. Ийм үед чамд илүү амар байх ба тэд аль хэдийн эхний үе шатуудыг бие даан туулсан байдаг.

ҮЕ ШАТ 2: ҮГҮЙСГЭЛ

Үгүйсгэл нь биднийг шаналган зовоож буй мэдээнээс хамгаалах үүрэгтэй. Цочролоос ялгаатай нь тухайн хүн мэдээг сонсоод, хүлээн авахдаа хамгаалалтын механизм бүтээхийг оролдож буй юм.

Үгүйсгэсэн хариултууд янз бүрийн хэлбэрээр ирдэг: дайсагнал (Миний хүү хэзээ ч ЛГБТИК+ байх боломжгүй), үл хайхрах (Аан заза, орой ямар хоол идэх вэ?), анхаарахгүй (Чи наад амьдралаа сонговол надад огт хамаагүй шүү), татгалзсан (Наа чинь түр зуурынх, удахгүй зүгээр болно).

Бидний амьдарж буй хомофобик нийгмээс сонсож, хүлээж авдаг ойлголтыг нь та гэр бүлдээ кам аут хийснээр тэдний танин мэдэхүйд холион бантан үүсгэх болно.Үгүйсгэж буйгаа илэрхийлэхдээ гэр бүлийнхэн тань тайван байдлаас чангаар уйлах эсвэл хашгирах ч байж болно. Ихэнхдээ тэд дундыг барьдаг. Мөн тэд олон удаа уйлдаг.

“Бид хүүхдээ “уруу татагдсан” байна гэж бодсон”

Хүү маань зарим ЛГБТИК+ хүмүүсийн үйл ажиллагаа түүнд аюултай бас сонирхолтой санагдсан учраас “уруу татагдсан” гэж эхнэр бид хоёр бодож байсан. Хэвлэл мэдээлэл ЛГБТИК+ хүмүүсийн тухай бичиж, нийтэлдэг нь хүүгийн маань нүдэнд өртсөн байх. Хүү маань жоохон учраас өөрийгөө сайн мэдэхгүйдээ гей болсон байх гэж бид хоёр маш итгэлтэйгээр боддог байсан.

Бид хүүгээ нэг удаа ч болов сэтгэл зүйчтэй уулзахаар ятгаж, өөрсдөө бас тусдаа сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ авахаар болсон. Хоёр гурван удаа сэтгэл зүйчтэй уулзахад бид хоёрын үгүйсгэсэн хамгаалах механизм нурж унасан. Сэтгэл зүйч хэлэхдээ “Би маш олон залуу гей хүмүүсд зөвлөгөө өгж байсан. Гей байх нь түр зуурынх биш бөгөөд миний мэдэж байгаачлан, таны хүү гей” гэсэн.

Хэрэв гэр бүл тань таныг сэтгэл зүйчид хандахыг хүсвэл

Хэрэв гэр бүл тань тэдний төөрөгдлийг арилгахад мэргэжлийн зөвлөгөө тусална гэж бодож байвал та өөрийн мэддэг хэдэн сэтгэл зүйчийн нэрийг санал болгоорой. ЛГБТИК+ биш хүнийг санал болгохыг зөвлөж байна, учир нь эцэг эх чинь “нэг талыг бариагүй” өнцгөөс асуудлыг харахыг хүснэ.

Хэрэв тэд чамайг зөвлөхтэй уулзахыг шаардах юм бол тэднийг ч бас хамт суухыг санал болгоорой. Тэд эсэргүүцэж магадгүй ч тэд сэтгэл дотроо хэн нэгэнтэй ярилцах хэрэгтэй байж магадгүй юм. Та ЛГБТ Төвтэй хамтран ажилладаг сэтгэл зүйчтэй холбогдох эсвэл холбоо барих мэдээлэл авахыг хүсвэл бидэнд хандана уу.

Гэр бүлд тань “хэвийн” зүйлийг “норм/хэм хэмжээ” -оос салгаж ойлгоход тусламж хэрэгтэй байж магадгүй юм. ЛГБТИК+ байх нь хэвийн үзэгдэл биш гэж тэд бодох байх. Хэдийгээр бэлгийн болон хүйсийн олон янз байдал нь “хэм хэмжээ” биш боловч энэ нь өөрийн чинь байгалийн, төрөлхийн зүйл гэдгийг тайлбарлаж өгснөөр та тэдэнд тусалж чадна. Зарим зүйлс “норм/хэм хэмжээнээс” өөр байдгийг ярилцаж болно. Жишээ нь: ихэнх хүмүүс баруун гартай байхад зарим нь солгой гартай төрдөг; Хэдийгээр ихэнх хүмүүс ижил өнгөтэй хоёр нүдтэй боловч зарим хүний нүд 2 өөр өнгөтэй байдаг гэх мэт.

Тэд хэдийгээр чиний бэлгийн чиг баримжаа нормоос өөр ч байгалиас заяагдмал бөгөөд, жам ёсны зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үгүйсгэлийг давж гарах

Хэрэв тэдний үгүйсгэх нь “Би энэ тухай ярихыг хүсэхгүй байна” гэсэн хэлбэртэй байвал та зөөлөн бөгөөд болгоомжтой байдлаар хандах хэрэгтэй. Тэд долоо хоног орчмыг ингэж хэлвэл өөрчлөгдөөгүй байна гэсэн үг юм. Тэднийг тайвширсан үед энэ сэдвийг зөөлнөөр хөндөөрэй: “Аав аа, би энэ талаар тантай олон жилийн турш ярилцахыг хүсч ирсэн; намайг өөрөөсөө битгий түлхээрэй. Би танд худлаа ахин хэлэхийг хүсэхгүй байна. Би танд хайртай, хариуд нь намайг хайрласаар байхыг хүсч байна.” гэх мэтээр өөрийн үгээ тэдний  хамгаалалтыг нэвтрэх арга болгоорой. Тэдний асууж байгаагаас илүү ихийг хэлэх шаардлагагүй. Учир нь мэдэхийг хүсэхгүй зүйлсийнх нь тухай ярихад тэд илүү хүчтэй хамгаалалт үүсгэнэ. Зөвхөн тэдний хүссэн зүйлд хариулаарай; Тэд өөр асуултуудыг дараа нь асуух л болно. Тэд асуултаа асуухдаа эвгүй байдалд орох тул та хариу өгөхөөсөө өмнө асуултаа тодруулах хэрэгтэй байж магадгүй юм.

Нэг хүн нөгөөгөөсөө удаан хүлээн авж магадгүй

Шаардлагатай бол гэр бүлийнхэнтэйгээ тус тусад нь харьцахад бэлэн байгаарай. Ихэнх хос кам аут үйл явцад өөр өөрийнхөөрөө ханддаг. Нэг нь цочролд орж, нэг нь манлайлж, нөгөөхөөсөө түрүүлж асуудлыг шийдвэрлэхийн төлөө явдаг. Хэн нэгэн нь арай удаан байвал бүү уурлаарай.

Бэрхшээл тохиолдоход хосуудын харилцаанд асуудал үүсэх нь бий. Илүү хурдан дасан зохицож байгаа нь хань ижлээ албаар зовж байгаа гэж бодох ба илүү удаан хөдөлж байгаа нь нөгөөгөө нөхцөл байдалд хэтэрхий хөнгөнөөр хандаж байна гэж бодож магадгүй юм.

Өөр өөр хурдаар хүлээн авч байгаа гэр бүлүүд дотроо хагаралдаж, маргах магадлалтай.

ҮЕ ШАТ 3: ГЭМШИХ

Тэд өөрсдийгөө буруутай мэт мэдэрнэ

Ихэнх хүмүүс ЛГБТИК+ хүмүүсийг “асуудал” гэж хардаг бөгөөд “Юунаас болов?” гэсэн асуудаг. Учир нь тэд шалтгааныг нь мэдвэл засах арга зам байгаа гэж боддог.

Миний хувьд дотроосоо асуух болсон: “Би юуг буруу хийсэн бэ?” Миний хүүхдийн бэлгийн чиг баримжаа ген, гаднах орчноос болсон бай аль нь ч хамаагүй миний л буруу үлгэр дуурайллаас болсон мэт санагдах болсон. Аль ч өнцгөөс харсан би өөрийгөө гол буруутан нь гэж бодох болсон ба  нэг хэсэг өөр хүнтэй ярьж ч чадахгүй байнга ичиж, гуниглах болсон.

Хүүхэд кам аут хийхэд гэр бүлийн бүх гишүүд гэмтэй санагддаг ба хүүхэдтэйгээ ижилхэн хүйстэй гишүүд үүнийг илүү хүчтэй мэдэрдэг.

Өрх толгойлсон эцэг, эх, асран хамгаалагч үүнийг илүү хүнд хүлээж авдаг

Өрх толгойлсон эцэг, эх, асран хамгаалагчид өмнө нь болсон салалт, хагацлаас болж өөрийгөө улам буруутгах нь түгээмэл тохиолддог. “Би чамайг өсгөж чадаагүйд уучдаарай, би ээж аав хоёул байж чадсангүй.” 

Эцэг эхүүд гэмшихдээ зөвхөн өөрсдийнхөө тухай боддог тул өөрсдийхөө асуудалд анхаараад чамайг анхаарах нь бага байдаг. 

Мэдээж тэд асран хамгаалагч болохоор гэмтэй санагдсанаа чамд хэлэхгүй. Энэ нь тэдэнд яг л “Би чамд энэ муухай зүйлийг авчирлаа. Би чамайг бусдаас өөр болгочихлоо. Намайг буруутга.” гэж байгаатай л адил. Энэ нь тэдний хувьд тийм ч тайтай байдал биш юм.

Тэдний буруу биш гэдгийг хэл

Чи тэдэнд төрөл бүрийн аргаар тусалж чадах ба ЛГБТИК+ бэлгийн чиг баримжаа, хүйсийн олон янз байдал нь тэдний бодсон шиг тийм ч хялбар шалтгаантай биш ба үүний шалтгааныг тайлбарлах олон онол, судалгаа байдгийг хэлээрэй.

Тэдэнд үүнийг тайлбарласан сайн судалгаатай ном өгөөрэй. Тэд одоо дотны найз эсвэл лам дээр очиж магадгүй ба тус болж чадахгүй хүмүүсээс тэднийг холдуулах хэцүү байж магадгүй. Харин тэдэнд мэдээлэл боловсрол олгож чадах ЛГБТИК+ байгууллага, олон нийтийн газрын мэдээлэл, холбогдох хаяг зэргийг өгөөрэй. Хэрэв өөр гэр бүлүүдэд тусалдаг сургалт, агентлагууд байвал тэдэнд явахыг санал болгоорой.

ЛГБТ Төвөөс эрхлэн гаргасан монгол хэл дээрх гарын авлага, ном зэргийг оффис дээрээ ирж, үнэ төлбөргүй авах боломжтой.

ҮЕ ШАТ 4: МЭДРЭМЖЭЭ ИЛЭРХИЙЛЭХ

Тэд мэдрэмжээ ил гаргана

Өөрийгөө буруутгах, чимээгүй шаналах нь үр дүнгүй гэдгийг ойлгоод гэр бүлийн гишүүд асуулт асуух, хариулт сонсох, санаа бодлоо илэрхийлэхэд бэлэн болдог. Энэ шат бол чиний тэдэннтэй хийх хамгийн үр дүнтэй харилцан яриануудын нэг байх болно.

Тэд одоо сэтгэлээ бүрэн дүүрэн илэрхийлэх болно: “Би ач, зээтэй болохгүйдээ урам хугарч байна.” “Гэр бүлийнхээ өөр хэнд ч битгий хэлээрэй.; “Би өөр хэн нэгэнтэй энэ асуудлаар тулгарахад бэлэн биш байна.” “Би маш их ганцаардаж бас шархалж байна.; Мэдээгүй нь дээр байсан юм.” “Чи яагаад надад ингэж хандаж байгаа юм?” “Би үхмээр санагдаж байна.”

Хомофобик нийгэмд амьдраад чи тэдэнтэй ижил мэдрэмжүүдийг (айдас, ганцаардал, тусгаарлал, өвдөлт, ирээдүйдээ итгэлгүй байх г.м) мэдэрж байсанаа тэдэнтэй ярилцаж болох юм. 

Гэхдээ тэдэнд өөрсийгөө илэрхийлэх цаг өгөөрэй, битгий өөрийнхөө хэрэгцээг тэднийхээс дээгүүр тавиарай. Хэрэв тэд ном уншаагүй, өөр гэр бүлтэй ярилцаагүй байгаа бол дахин санал болгоорой.

Уур хилэн ба өвдөлт

Бидний хүү Тед хайртай хүнээ бидэнтэй уулзуулах гэж байхад бид энэ талаар огт бодолцож үзээгүй. Учир нь бид өөрсдийгөө буруутгахаа больсон ч хайртай хүн- Даныг манай гэрд болсон бүх аймшигтай маргаанд буруутгасан юм. Бид өөрсдийгөө ийм зүйл хүртэхээргүй сайн эцэг эх гэж боддог байсан. Би Дан руу уураа ил гаргадаггүй байсан ч дотор минь байдаг байлаа.

Уур хилэн ба өвдөлт нь хамгийн түгээмэл илэрхийлэгддэг мэдрэмжүүдийн нэг юм. Ахиц гаргахын тулд тэд энэ мэдрэмжээ дотроо булснаас бүгдийг нь гаргах хэрэгтэй юм. Өнгөцхөн харвал эдгээр нь хувиа хичээсэн муухай ч тэдний зайлшгүй тулгарах ёстой шатуудын нэг юм. Чамд эдгээрийн хүлээн авах хүнд байх ба кам аут хийсэндээ харамсаж магадгүй юм. 

Гэхдээ тэсээрэй! Одоо буцаж явах шаардлагагүй ба тэд мэдрэмжээ илэрхийлээд эхэлсэн л бол ахиц гарж байна гэсэн үг.

ҮЕ ШАТ 5: ШИЙДВЭР ГАРГАХ

Чухал шийдвэр

Тэдний сэтгэлийн траума бага зэрэг намдах үед тэд асуудалд илүү учиртайгаар хандаж эхэлнэ. Тэд энэ үедээ ихэвчлэн тунгаасны дүнд асуудлын гаргалгааг бодолцож үзнэ.

Яг л салаа замын уулзварт ирээд аль замаар явахаар тунгаан бодохтой адил. Хүн бүр өөр өөр сонголт хийх ба энэ нь тэдний зан ааш, хувийн онцлогийг тусган харуулна.

Гэр бүл дотроо өөр өөр сонголтхийх ба олон хүчин зүйл тэдэнд нөлөөлнө. Тэдний шашин шүтлэг хамгийн ихээр нөлөөлөх ба өөр гэр бүлтэй ярилцан ЛГБТИК+ ном унших нь хариултад эерэгээр нөлөөлөх магадлалтай юм. 

Тэдний чамтай харилцаагаа сэргээх хүсэл нь хамгийн том нөлөө болох ба 3 төрлийн хариу өгж магадгүй юм:

  1. Эерэг

Ихэнх эцэг эх хүүхдээ үргэлжлүүлэн хайрладаг ба хүүхдийнхээ бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжааг байгаагаар нь хүлээж авдаг. Хоёр талын харилцаа үнэн сэтгэлээсээ илэн далангүй болсон тул гэр бүлийн харилцаа нь илүү дээрдсэн гэж эцэг, эх, асран хамгаалагчид хэлдэг. 

Тэд өмнө нь чамайг анзарсан байж магадгүй ч тусалж дэмждэг эцэг эх хэрэгцээг чинь урьдныхаасаа өмнө ойлгон анхаардаг. Тэд чамд тулгарах асуудлуудад санаа зовж эхэлдэг. 

Эхнэр бид 2 хүүгийнхээ амьдралыг илүү мэддэг болсон ба түүнийг хэр сайн шийдвэр гарган, туулж ирснийг хараад гайхширсан. Бид асуудлуудад нь туслахыг санал болгон хүүгийнхээ ачаалал, дарамтнаас бага ч болов хөнглөхийг хүссэн.: Их сургуулийн ганц хүний өрөө авж өгсөн ба энэ нь түүнд бусдад өөрийгөө тайлбарлахгүйгээр чөлөөтэй тухтай байхад тусална. Бид хүүгийнхээ найз залуу Даныгч бага багаар гэртээ урин амьдралдаа оруулсан юм. Тед дүүдээ хэлэх үед бид дүүтэй нь ярилцан, ахыгаа улам дэмжихэд нь тусласан.

  1. Хязгаар

Зарим гэр бүлүүд үүнийг жинхэнэ асуудал хэмээн хүлээн авдаг ба дахин ярих хүсэлгүй байгаагаа илэрхийлдэг. Хэдийгээр тэд дараа нь ярьж магадгүй ч маш эмзэг байдаг. Тэд энэ хүртэл л ахиц гаргасан ба цаашаа явахгүй байхыг хүсдэг.

Энэ нь чамд сөрөгөөр хандана гэсэн үг биш ба тэд өөрсдийн хэмжээгээ мэдсэн ба үүнийг нь чи хүндлэх хэрэгтэй.

Тэдэнд хайртай гэдгээ үйлдлээрээ болон үгээрээ мэдрүүлээрэй. Өөрийн оролцдог ЛГБТИК+ үйл ажиллагаануудыг тэдэнд бага багаар хэлээрэй. Ингэснээр чи тэднийг өөрөөсөө холдохыг сэргийлэх болно.

Тэднийг бусад ЛГБТИК+ найзуудтайгаа танилцуулаарай. Энэ нь тэдэнд ЛГБТИК+ хүмүүс ямар байдгийг харуулах болно.

  1. Байнгын сөргөлдөөн

Зарим тохиолдолд чиний бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа байнга сөргөлдөх шалтгаан болох нь бий. Чиний хийж байгаа үйлдэл бүр “өвчний” чинь “шинж тэмдэг” шиг санагддаг. (сонгосон найзууд, зан араншин, үг сонголт, дүнгийн голч)

Энэ сонголтыг хийсэн цагт асран хамгаалагч хүүхэд хоёр хоёул хэцүү байдалд ордог. Хэрэв зөвхөн нэг асран хамгаалагч ийм хариу үзүүлвэл нөгөө нь өөр үйлдэл хийхэд хэцүү байдаг. Хүүхдийнхээ хажууд тэд бие биенээ дэмждэг ч яг үнэндээ хааяа хоорондоо санал нийлэхгүй үе гардаг.

Бусад ЛГБТИК+ хүүхдээ дэмждэг гэр бүлийн хүмүүстэй уулзвал сөрөг хандлагаа өөрчлөхөд нь тустай байдаг байна. Гэвч таны хүссэн дэвшил, эерэг өөрчлөлт гарахгүй байж болно. Тийм тохиолдолд битгий сэтгэлээр унаарай.

  1. Тогтворгүйтэх

Тогтворгүйтэх гэдэг ойлголт маш чухал. Хүний итгэл үнэмшил, хувийн ааш занг өөрчлөх нь маш хэцүү зүйл буюу ихэхдээ 2 алхаад 1 хойшилдог үйл явц юм.

Гэр бүлүүд эргэн хуучин ойлголт, үзэл санаандаа автах нь түгээмэл тохиолддог ба чиний даваад гарсан гэж бодсон алдаануудыг ч давтах нь бий. Энэ нь тун хэцүү санагдах ч гэсэн өөрчлөлт ийм замаар ирдэг гэдгийг санаарай.

ҮЕ ШАТ 6: БҮРЭН ХҮЛЭЭЖ АВАХ 

Бүх гэр бүл энэ хүртэл ирдэггүй

Зарим л гэр бүл энэ хүртэл ирдэг. Ихэнх гэр бүлийнхэн хүүхдээ бүрэн хүлээж авалгүйгээр хүүхдээ хайрладаг ч цөөн биш гэр бүл хүүхдийнхээ өвөрмөц байдлаар бахархах хэмжээнд хүрдэг. Эдгээр гэр бүлийнхэн бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжааг хүний байгалийн заяагдмал илэрхийлэл гэж үздэг.

Тэднээс “Та болдог бол хүүхдээ өөрчлөх үү?” гэж асуувал: “Би оронд нь хүүхдээ өөрийнхөөрөө айдасгүй амьдруулахын тулд энэ хомофобик нийгмийг л өөрчлөхийг хүсч байна.” гэж хэлдэг.

Энэ шатанд ирсэн гэр бүлүүд өөрсдөө хомофобик нийгмийн хэсэг байснаа ухаардаг. Тэд олон жил сонсон инээж ирсэн хомофобик шоглоомыг тунгаан өөрсдөө ч мэдэлгүйгээр хүүхэддээ учруулсан дарамтаа ухаардаг. Энэ ухаарал нь тэднийг ЛГБТИК+ хүмүүсийн тулгардаг дарлалыг цоо шинэ өнцгөөр харахад хүргэдэг.

Бидний түүх

 Тедийг мэдэхээс 2 жилийн өмнө бид түүнийг гэр бүлээсээ илүү холдоод байгааг анзаарсан. Бид түүнийг зүгээр л нэг үе шатыг дамжиж байна гэж бодсон. Энэ үе шат дуусаад л бүх зүйл байрандаа ороод Тед ч амьдралаа ухаалгаар авч явна гэж бодож байлаа.

Бид түүнд маш олон янзаар туслахыг хичээж байлаа. Нэг сар бид яг л түүний найз шиг байж дуртай зүйлсийг нь сонирхсон ч бүтээгүй юм. Харин дараагаар нь шууд хэлж, шаардах аргыг ашигласан ч эд нарын аль нь  бүтсэнгүй.

Манай эхнэр хүүгээ “алдаж” байгаагаа улам мэдэрж байлаа. Анх жирийн л хүүхэд эцэг эхийн үл ойлголцол бага багаар улам даймжрав. Бид түүний аз жаргалгүй байгааг мэдэж байгаа ч туслах юу ч хийж чадахгүй байгаадаа гутарж байв. Бид энэ нь Тедийг гей болохоор мөн бидний ойлгох чадвар дутсанаас болж байна гэж төсөөлөөчгүй байсан юм. 

Тэр үеэс хойш юу болсон тухай би боддог; Би энэ түлхэцийг төлөвлөөгүй аялал гэж нэрлэдэг. Хэрэв бидэнд сонголт өгсөн бол энэ аялалаар аялахгүй ч байж магадгүй.

Гэхдээ төлөвлөөгүй гэдэг нь хүлээж авахгүй гэсэн үг биш юм. Бид одоо “Мэдсэндээ баяртай байна.” гэж хэлж чаддаг болсон. Бид хүүгийнхээ амьдралд нь тусалж дэмжих боломжтой болсон. Бид түүнийг “Төлөвлөөгүй гэхдээ хүлээж авсан” гэж хэлээсэй гэж хүсдэг.

 Copyright ©1995 Tom Sauerman & PFLAG Philadelphia. Republished with permission. 

© Copyright 1995-2003 OutProud. OutProud® is a registered trademark of OutProud

Орчуулсан: Б.Ган-Учрал, ЛГБТ Төв ТББ-ын сайн дурын ажилтан

Хянасан: Кенна, ЛГБТ Төвийн Хөтөлбөрийн менежер