Монголд интерсекс хүмүүсийг “манин”, “хос бэлэг эрхтэнтэй” гэх мэт доромж утга бүхий нэр томьёогоор мэддэг. Олон Улсад хүний эрхийн жишгээр “интерсекс” гэх нэр томьёог ашиглахыг илүүд үзэж байна.

2005 оны 11-р сарын 8-нд анх удаа “Интерсекс эв санааны нэгдлийн өдөр”-ийг Олон Улсын Интерсекс байгууллагын төлөөлөгч Жоэль Сорсэ Ларами санаачлан, тэмдэглэсэн байна. Үүнээс хойш жил бүр интерсекс хүмүүст тулгарж буй асуудлыг гаргаж ирж, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор жил бүр уламжлан зохион байгуулж байна. ЛГБТ Төв Интерсекс эв санааны нэгдлийн өдөрт зориулан энэхүү мэдээллийг та бүхэнд хүргэж байна.

Интерсекс гэж юу вэ?

ЛГБТ Төв нь Интерсекс нэр томьёог НҮБ-ын “Тэгш ба чөлөөт” аяны хүрээнд тодорхойлсон тайлбартай нийцүүлэн хэрэглэж байна.

Интерсекс- хүйсийн анхдагч хүйсийн шинж чанар буюу бэлэг эрхтэн (шодой, үтрээ, сав, хөх гэх мэт) болон хоёрдогч бэлгийн шинж чанар буюу бэлгийн булчирхай (гонад) болон хромосомын хувьд хоёр туйлт хүйсийн ангилалд (эр ба эм) багтдаггүй хүмүүсийг хэлнэ.

Интерсекс байх нь хэвийн зүйл бөгөөд “эмчлэгдэх” ёстой гэж ойлгож болохгүй юм.

Хэр олон интерсекс хүн байдаг вэ?

Дэлхийн хэмжээнд хүн амын 1,7% нь интерсекс төрдөг гэж үздэг. Энэ нь улаан үстэй төрдөг хүмүүстэй ойролцоо тоо юм. 

Интерсекс залуучуудын ярилцлагыг унших бол энд дарна уу.

Олон улсын тодорхойлолт:

Сүүлийн жилүүдэд Олон Улсын хэмжээнд интерсекс нэр томьёо, тайлбарыг анагаахын тайлбараас илүү хүний ​​эрхийн хууль тогтоомжид нийцүүлж үзэж байна. 

Энэхүү тодорхойлолтыг НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын газраас 2019 онд хийсэн Интерсекс олон нийтийн хүний эрхийн зөрчлийн тухай үндсэн тэмдэглэлд  ийнхүү бичжээ:

“Интерсекс гэдэг нь төрөлхийн бие махбодын бэлгийн шинж чанарын олон янз байдлыг тодорхойлоход хэрэглэдэг ерөнхий нэр томьёо юм. Интерсекс гэдэг нь эр эсвэл эм бие махбодын хүйсийн хэвшмэл ойлголтод багтдаггүй бэлгийн шинж чанартай төрсөн хүнийг хэлдэг. (бэлгийн анатоми, нөхөн үржихүйн эрхтэн, даавар болон/эсвэл хромосомын хувьд гэх мэт) “

2016 онд Хүний Эрхийн Үндэсний Байгууллагуудын “Ази Номхон Далайн орнуудын  Форум”-аас бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, бэлгийн шинж чанарын талаарх гарын авлага хэвлүүлж, интерсексийг дараах байдлаар тодорхойлжээ:

“Эрэгтэй, эмэгтэй гэх хоёр туйлт бие махбодын ойлголтод нийцээгүй бэлгийн шинж чанартай (бэлэг эрхтэн, бэлгийн булчирхай, хромосомын бүтэц) төрсөн хүмүүсийг тодорхойлоход хэрэглэдэг ерөнхий нэр томьёо юм.”

Интерсекс туг

Яаж интерсекс гэдгээ мэдэх вэ?

Интерсекс шинж тэмдэг нь хүний бие организмын ялгаатай байдлын энгийн, биологийн илрэл. Интерсекс байдал олон янзаар илэрч болно. Бүх интерсекс хүмүүсийн интерсекс шинж тэмдэг төрөхөд нь, эсвэл нялхад нь илэрдэггүй. Интерсекс байдал эхийн хэвлийд, анх төрөхөд, бэлгийн бойжилт эхлэхэд, эсвэл насанд хүрсний дараа илэрч болдог. Магад хүүхэдтэй болох гэж оролдох үед энэ байдлыг оношлох ч бий.

ЛГБТ Төвийн тухай:

ЛГБТ Төв нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол дахь ЛГБТИК+ олон нийтийн хүний эрхийн төлөө ажилладаг цор ганц бөгөөд анхны төрийн бус, ашгийн бус, нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй байгууллага юм. 

ЛГБТИК+: Лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр болон бусад гэсэн үгсийн товчлол. ЛГБТИК+ хэмээх үг нь бүх бэлгийн болон хүйсийн цөөнхийг бүрэн төлөөлөх утгаараа зөв хэрэглээ болдог.

ЛГБТ Төвтэй холбогдох:

Утас: 70110323

Вэбсайт: www.lgbtcentre.mn     

Facebook: LGBT Centre (Mongolia)

Youtube: LGBT Centre Mongolia

Twitter: @LGBTMongolia

Манай хаяг: Улаанбаатар хот, СБД, 8-р хороо, Бага тойруу 49/1, 201 тоот

Дэмжигч байгууллага: Монголын эмэгтэйчүүдийн сан ТББ