ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөртэй холбогдох

Эрх зүйн хөтөлбөрийн зорилго нь ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийн асуудлаар нийгмийн түвшинд эрх зүйн зохицуулалтыг шинээр бүрдүүлэх, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж  байгаа эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийг хангах, хамгаалах институциудын чадавхийг бэхжүүлэх явдал билээ. Нөгөө талаас ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийн мэдлэг, боловсрол, эрхээ хамгаалах чадварыг  төлөвшүүлэх, хүний эрхийн зөрчлийг судлах, баримтжуулах, хохирогсдод эрх зүйн туслалцаа үзүүлэх, хүний эрхийн мониторинг хийх, хууль хяналтын байгууллагад иргэний хүсэлтээр төлөөлөх нь тус хөтөлбөрийн зорилгын нэг хэсэг юм.

 

Эрх зүйн хөтөлбөрийн хүрээн дэх үйл ажиллагаа:

  • Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн зохицуулалтуудад судалгаа, үнэлгээ хийх, тэдгээрт ЛГБТИ хүний эрхийг тусгах, сайжруулах чиглэлээр нөлөөллийн ажил явуулах болон хуулийн ажлын хэсэгт орж ажиллах, эрх зүйн зохицуулалт шинээр бий болгоход нөлөөллийн ажил явуулах
  • ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийг ханган хамгаалах асуудлаар Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц гэх мэт институцээр ЛГБТИ хүмүүсийн тэгш эрхийн асуудлуудаар шүүхийн тайлбар гаргуулах зорилгоор стратегийн өмгөлөөл хэрэгжүүлэх
  • ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд олон улсын байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран болон бие даан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Монгол дахь ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийн нөхцөл байдлыг судлах, хүний эрхийн зөрчлийг баримтжуулах, олон улсын гэрээдийн хороод бусад холбогдох институциудад хүний эрхийн нөхцөл байдлын тайлан бэлтгэн хүргүүлэх, нөлөөллийн ажил хэрэгжүүлэх
  • ЛГБТИ олон нийтэд эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад иргэний хүсэлтээр төлөөлөх
  • ЛГБТИ олон нийтийн түвшинд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, хүний эрхийн мэдлэг, боловсрол, эрхээ хамгаалах чадварыг  төлөвшүүлэх зорилготой сургалт, мэдээлэлжүүлэлтийг явуулах

ЭРХ ЗҮЙН ХӨТӨЛБӨР

Асуулт хариулт

Та хүний эрх, эрхээ хамгаалах чадвар, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх талаар мэдээлэл, зөвлөгөөг онлайнаар, харилцаа холбооны хэрэгслээр, биечлэн буюу ганцаарчлан эсвэл олон нийтэд зориулсан сургалтаар дамжуулан авах боломжтой.

Хэрэв хувь хүн, байгууллагын зүгээс таны эрхийг зөрчсөн болон эрх зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж байвал та төвд онлайнаар, харилцаа холбооны хэрэгслээр эсвэл биечлэн хандсанаар эрх зүйн туслалцаа авах бүрэн боломжтой. Энэ тохиолдолд төвийн Эрх зүйн хөтөлбөрийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажилтан таныг хүлээн авч, нууцын чандлалтайгаар эрх зүйн туслалцааг иргэн, эрүү, захиргааны эрх зүйн хүрээнд өгөх болно.

Эрх зүйн туслалцаа үзүүлэх явцад олж мэдсэн хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг чандлан нууцлах ба туслалцаа авч буй хүн зөвшөөрсөн тохиолдолд тодорхой хүний эрхийн зөрчлийг хувь хүний нууцад халдахгүйгээр баримтжуулалт хийнэ.

2017 оны 5-р сарын байдлаар насанд хүрсэн хүмүүсийн ижил хүйсийн бэлгийн зан үйлийг гэмт хэрэгт тооцдог улсуудын тоо өмнөх жилүүдээс аажмаар буурсаар 72-т хүрээд байна. Түүнчлэн улс орнуудын бэлгийн чиг баримжаатай холбоотой дотоодын эрх зүйн зохицуулалт хүрээгээ тэлсээр байгаа ба үүнийг дагаад нөхцөл байдал аажмаар сайжирсаар байна.

Гэсэн хэдий ч тэдгээр 72 улсаас 45 улс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь ижил хүйсийн бэлгийн зан үйлийг гэмт хэрэгт тооцож байгаа бол 27 улс нь зөвхөн эрэгтэйчүүдийн ижил хүйсийн бэлгийн зан үйлийг гэмт хэрэгт тооцож байна. Түүнчлэн одоогийн байдлаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн 8 улс харилцан зөвшилцлийн үндсэн дээрх ижил хүйсийн бэлгийн зан үйлд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноож, 5 улсад энэ тохиолдолд цаазаар авах ялыг хэрэглэхгүй ч эрх зүйн хувьд хэрэгжих боломжтой хэвээр байна. Мөнхүү 14 улсад ижил хүйсийн бэлгийн зан үйлийг яллахдаа 14 жилээс бүх насаар нь хорих хүртэл ял оноож байна.

БЧБХБИ-р ийнхүү ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл нэн их байсаар байгааг дуусгавар болгох зорилгоор НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2016 оны 6-р сарын 30-нд Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээрх ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн эсрэг Хараат бус шинжээчийн институцыг бий болгох тогтоол гаргасан ба 2017 оны 6-р сарын 6-нд эхний жилийнх нь тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дээр авч хэлэлцсэн билээ.

Олон улсын хүний эрхийн хэм хэмжээ нь олон улсын гэрээнүүд, гэрээний дагуу тодорхой улсуудад өгсөн зөвлөмж, гэрээний хороодын ерөнхий зөвлөмж, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тогтоолууд,  Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Ерөнхий чуулганы тогтоол ба Ерөнхий чуулганаас батласан бусад баримт бичиг, НҮБ-ын мэргэшсэн хараат бус шинжээч, тусгай илтгэгчдийн дүгнэлт, зөвлөмж зэргээс бүрддэг.

Ижил хүйсийн бэлгийн чиг баримжаатай хүмүүсийн хүний эрхийн асуудлыг НҮБ-ын 1948 оны геноцидын эсрэг буюу Төрлөөр хомроглон устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шийтгэх тухай олон улсын гэрээг хэлэлцэх үеэст нарийн авч үзсэн байдаг. Түүнчлэн 1948 оноос эхэлсэн ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийг ханган хамгаалах энэхүү олон улсын үйл явц 1994 оноос эрчимжиж, НҮБ-ын бусад гэрээдийн хороо болон мэргэшсэн тусгай илтгэгч, хараат бус шинжээчид барууны ч, хөгжиж буй орнуудын ч ЛГБТИ хүмүүсийн эрхийн нөхцөл байдлалд дүн шинжилгээ хийн, мэдлэг мэдээлэлгүй байдалд үндэслэсэн ялгаварлан гадуурхалт дэлхий даяар байгаа ба үүнийг дуусгавар болгох ёстойг зөвлөсөн байдаг.

Харин НҮБ-ын хүний эрхийн хэм хэмжээг тогтоогч үндсэн механизм болох Хүний эрхийн зөвлөлөөс 2007 онд Жогжакартын зарчмуудыг, 2011 онд Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа ба хүний эрх, 2014 онд мөн зөвлөлөөс Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа ба хүний эрх, 2016 онд мөн зөвлөлөөс Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанд үндэслэсэн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас хамгаалах нь гэсэн тогтоолуудыг гаргасан.

Монгол Улсын нэгдэн орсон бүх гэрээ конвенцид ЛГБТИ хүмүүсийн хүний эрхэд хамааралтай заалтууд байдаг нь гэрээ конвенциудад хүн бүр тэгш ба ямар нэгэн байдлаар, тэр дундаа хүйсээр ялгаварлахгүй хэмээх зарчим багтсантай уялдаатай. Нэн ялангуяа 1966 оны Иргэний ба улс төрийн эрхийн олон улсын пакт, 1966 оны Нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн олон улсын пакт, 1979 оны Эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн ялгаварлан гадуурхалтыг устгах олон улсын гэрээ, 1989 оны Хүүхдийн эрхийн олон улсын гэрээ, 1958 оны Ажил мэргэжил, хөдөлмөр эрхлэлтээр үл ялгаварлах олон улсын 111-р гэрээ гэх мэт үндсэн олон улсын гэрээнүүд ЛГБТИ хүмүүсийн эрхэд шууд хамааралтай.

ЛГБТ хүмүүсийн хүний эрхийг ханган хамгаалах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон Улсын Их Хурлаас 2011 оны 5-р сарын 18-нд Засгийн газрын 159-р тогтоол, 2013 оны 7-р сарын 3-нд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 13-р тогтоол, 2015 оны 12-р сарын 3-нд шинэчилсэн Эрүүгийн хууль, 2013, 2014, 2017 онуудад эрүүл мэндийн салбарын мэргэжилтний  ёс зүй, салбарын хөгжил болон эрүүл мэндээр баримтлах Засгийн газрын бодлогод “бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаар үл ялгаварлах” гэсэн заалтуудыг оруулж батлан, тэдгээр нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. (Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулага 2017 оны 7 сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө.)

Эн тэргүүнд өөрөө бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн талаар бүрэн дүүрэн ойлголттой болох, цаашлаад ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор хувь хүмүүс, тэдгээрийн нэгдлүүд хамтран төрөл бүрийн үйл ажиллагаа, санаачлага хэрэгжүүлэх боломжтой байдаг. Тэдгээрээс ЛГБТ Төвийн үйл ажиллагаа, үнэт зүйл, зорилго, чиглэлтэй холбоотой ажлуудыг санаачлан, хамтран хэрэгжүүлэх, өдөр тутмын ажлуудыг дэмжих, жил бүрийн тогтмол зохион байгуулагддаг ажлуудад оролцох, түүнчлэн онлайн орчинд бусдад зөв зүйтэй мэдээлэл түгээх зэрэг өргөн хүрээний хувь нэмэр, оролцооны хэлбэрүүд байж болно.

ЛГБТ Төв нь хувь хүн, албан байгууллагуудад тэдний хүсэлтээр болон хамтын ажиллагааны үндсэн дээр хүний эрх, тэр дундаа ЛГБТИ хүний эрх, аюулгүй ажлын орчны чиглэлээр сургалт зохион байгуулдаг. Энэхүү сургалт нь төрийн ба төрийн бус байгууллага, хувийн хэвшилд зориулсан гэсэн агуулга, зохион байгуулалтын гурван хувилбартай ба тухайн сургалт бүрийн зорилго, үргэлжлэх хугацаа, оролцогчдын онцлог зэргээс шалтгаалан уян хатан байдаг.

Түүнчлэн ЛГБТ Төвийн Эрх зүйн хөтөлбөр нь хүний эрх, тэр дундаа ЛГБТИ хүний эрхийн чиглэлээр судладаг судлаачид, эрх зүйн ангийн оюутнууд, бие даан судалгаа явуулагчдад нээлттэй бөгөөд судалгааны ажилд хамтрах, сайн дурын ажилтнаар урт, богино хугацаанд дадлагажигчаар ажиллах зэрэг боломжууд байдаг.

ЛГБТ Төв нь ямар нэгэн байдлаар хүний бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийг тодорхойлох, эсвэл бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийлэлд нь үндэслэсэн цагаачлалын процесст дэмжлэг үзүүлдэггүй. Харин бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллээс нь үүдэн амь насанд нь бодит аюул үүссэн гэж хувь хүн үндэслэлтэйгээр үзэж байгаа тохиолдолд эрсдлийн үнэлгээ хийн, дүрвэх үйл явцад туслалцаа үзүүлэх боломжтой.