ЗАЛУУЧУУДЫН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөртэй холбогдох

ЛГБТ Төв байгуулагдсан цагаасаа хойш залуучуудын хүний эрхийн төлөөх идэвх, санаачлага, оролцоог дэмжих, залуучуудыг эрх мэдэлжүүлэх, залуучуудын хүний эрхийн төлөө ажиллах чадавхыг бэхжүүлэх, хөгжүүлэх ажлыг стратегийн ач холбогдолтойд тооцсоор ирсэн. Энэхүү хөтөлбөрөөрөө ЛГБТИ хүүхэд залуус болон дэмжигч залуусын нийгэмд оролцох оролцооны ур чадварыг нэмэгдүүлэх, манлайллыг хөгжүүлэх, ЕБС, их дээд сургуулиуд болон бусад холбогдох байгууллагуудтай ЛГБТИ хүүхэд залуучуудын өмнө тулгардаг асуудлаар хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэн, хяналт мониторинг хийж үнэлдэг бүх оролцогч талуудын хамтран ажиллах тогтолцоог байгуулах зорилготой.

 

Залуучуудын хөтөлбөрийн хүрээн дэх үйл ажиллагаа:

  • Төрийн болон төрийн бус байгууллагуудын хүүхэд залуучуудын хөгжлийн бодлогод нөлөөлөх, ЛГБТИ хүүхэд залуучуудын эрхийн асуудлуудыг багтаах
  • Залуучуудын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудад ЛГБТИ эрхийн тухай сургалт өгөх, ЛГБТИ залуучуудын эрхийг хангах асуудлаар хамтран ажиллах
  • Боловсролын орчин дахь ялгаварлан гадуурхалтыг устгах нөлөөллийн ажил хийх
  • Суурь боловсролын тогтолцоонд ЛГБТИ хүмүүсийн тухай шинжлэх ухаанч мэдээллийг багтаах нөлөөллийн болон агуулгын ажил хийх
  • “Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” жил бүрийн хөтөлбөрөөр залуучуудыг хүний эрх хамгаалах мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэх
  • ЛГБТИ хүүхэд залуучуудын эрхийг хөхиүлэн дэмжихэд чиглэсэн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх
  • Боловсрол ба урлагаар дамжуулан ЛГБТИ хүүхэд залуучуудын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах
  • Сайн дурын ажилтнуудад өөрийгөө илэрхийлэх ээлтэй орчинг бүрдүүлэх, арга хэмжээг зохион байгуулах, тэднийг идэвхжүүлэх, хийхийг зорьж буй ажлыг дэмжих

ЗАЛУУЧУУДЫН ХӨТӨЛБӨР

Асуулт хариулт

Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөр 2014 оноос хойш хэрэгжиж байгаа ба жил бүр 15-20 хүүхэд залуучуудын хүний эрхийн бүх төрлийн асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, хүний эрх хамгаалах идэвх, санаачлага болон чадавхийг бэхжүүлэх зорилготой 4 сар үргэлжилдэг сургалтын хөтөлбөр билээ. Сургалтанд оролцсоноор манай төгсөгчид хүний эрх, нөлөөллийн ажил, төсөл хөтөлбөрийн менежмент, манлайллын ур чадвар, ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийн тухай бүрэн ойлголт эзэмшдэг. Сургалт нь 7 хоног бүрийн хагас сайн өдөр 3 цаг үргэлжилдэг бөгөөд нийт 13 сургалтын өдөртэй. Сургалт эхэлснээс хойш сарын дараа оролцогч бүр санхүүжилт авч, өөрийн эсвэл багийн төслөө хэрэгжүүлэх боломжтой байдаг. “Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөр нь Канад Сан (2014-2015) болон Австрали Улсын Элчин сайдын яамнаас (2015-2016) санхүүжигдсэн.

“Хүний эрхийн төлөө залуу манлайлагч” хөтөлбөр эхлэхээс 2-3 долоо хоногийн өмнө хөтөлбөрт хамрагдах өргөдлийг хүлээж авдаг бөгөөд жил бүр 17 наснаас 30 нас хүртэлх 15-20 хүүхэд залуучуудыг шалгаруулдаг. ЛГБТ Төвийн FB хуудас болон вэбсайтаас хөтөлбөр зарлагдсан үгүйг мэдэх боломжтой.

Дараах нөхцөл хангагдсан үед ялгаварлан гадуурхалтгүй, хүүхдэд ээлтэй, аюулгүй боловсролын орчин үүссэн гэж үзнэ. Үүнд:

  • ЕБС бүр ялгаварлан гадуурхалтын эсрэг зүйл заалтыг сургуулийн дүрэм журамдаа багтаасан
  • ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт ЛГБТИ хүмүүсийн талаарх шинжлэх ухаанч мэдээллийг зохих хичээлүүдэд багтаасан  
  • ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан, эмч болон бусад ажилтнууд хүний эрх, ЛГБТИ хүмүүсийн эрхийн тухай бүрэн дүүрэн ойлголт, мэдлэгтэй 
  • ЕБС-ийн багш, нийгмийн ажилтан, эмч болон бусад ажилтнууд ЛГБТИ хүүхдүүдийн онцлог хэрэгцээ, аюулгүй байдлыг хангах талаар бүрэн ойлголттой, тусламж үзүүлэх чадвартай 
  • ЕБС-ийн сурагчд болон ажилтнуудад ялгаварлан гадуурхалтын талаар цогц хичээл, сургалт тогтмол явуулах дүрэмтэй

Хүүхэд бүр боловсролын орчинд хамгийн их цагаа өнгөрөөж, суурь мэдлэгээс гадна нийгэмшлийн хэм хэмжээ, үнэт зүйлсийг энэ орчноос олж авдаг. Гэтэл ЕБС-ийн орчинд бэлгийн чиг баримжаа, эсвэл хүйсийн баримжаа, илэрхийллээрээ ялгаварлан гадуурхагдах нь өнөөгийн хүүхэд залуучуудад байнга тохиолдож буй дарамт, гэмт хэргүүдийн нэг юм. ЛГБТИ хүмүүсийн тухайн нийгэмд зонхилсоор буй буруу ташаа ойлголт, худал мэдээлэл, шар хэвлэл дэх сөрөг хандлага ба шинжлэх ухаанч бус мэдээлэл, нийгмээрээ хүний эрхийн анхан шатны ойлголтгүй байгаагаас үүдэн ЛГБТИ хүүхэд залуучууд, насанд хүрэгсдийн анхдагч эрх болох ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх эрх хамгийн ихээр зөрчигдсөөр байна. ЛГБТИ хүмүүсийн амьдралд өдөр тутам сөргөөр нөлөөлж буй зүйлсийг арилгахын тулд зөв, шинжлэх ухаанч мэдээлэл хамгийн чухал ач холбогдолтой учир бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа, илэрхийллийн тухай шинжлэх мэдээллийг ЕБС-ийн хөтөлбөрт оруулах нь нэн чухал хэрэгцээ болоод байна.

Цаашлаад ЛГБТИ хүмүүст бүх төрлийн төрийн үйлчилгээ үзүүлж буй салбарын (жишээ нь боловсрол, нийгмийн ажил, эрүүл мэнд, хууль сахиулах) ажилтнуудыг бэлтгэх их дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт ЛГБТИ эрхийн асуудал, БЧБХБИ-ийн асуудлыг багтаах нь ЛГБТИ хүмүүсийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ бий болохыг хангах ба ЛГБТИ хүмүүсийг бусад хүмүүсийн нэгэн адил тэгш хүндэтгэх хэм хэмжээг нийгэмд үүсгэх юм.

“Күийр найт” орон зай нь ЛГБТИ хүүхэд залуучууд болон ЛГБТИ эрхийн тухай мэдээлэл авахыг хүсч буй хүн бүрт нээлттэй, аюулгүй, ээлтэй орчинг бүрдүүлэх зорилготой орон зай. Энэхүү орон зайгаар бид төрөл бүрийн сэдвээр лекц, яриа өрнүүлж, тоглоомын болон урлагийн үдшүүдийг зохион байгуулдаг. Үнэ төлбөргүй.

Байршил: ЛГБТ Төвийн байр

Хэзээ: 14 хоног тутам нэг удаа

Мэдээлэл: ЛГБТ Төвийн FB хуудас болон вэбсайтаас өдрүүдийг мэдэж авах боломжтой

Та Залуучуудын хөтөлбөрийн менежертэй холбогдон ямар сонголтууд байгаа талаар мэдээлэл авах боломжтой. Та сайн дурын ажилтнаар бүртгүүлэхийг хүсвэл өөрийн нэр, утас, цахим шуудангийн хаягтайгаа info@lgbtcentre.mn хаягаар ирүүлээрэй.

Сайн дурын ажилтнуудгүйгээр ЛГБТ Төвийг төсөөлөх бэрх. Хэчнээн гүйцэтгэх баг бүтэн цагийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй, хоёр гадаадын сайн дурын ажилтан, зөвлөхтэй ажилладаг ч гүйцэтгэх багийн цаана маш олон сайн дурын ажилтнууд төвийн олон ажилд туслаж байдаг. ЛГБТ Төвийн сайн дурын ажилтнууд:

  • Иргэний нийгмийн байгууллагуудын  уулзалт, сургалтад явах, туршлага судлах, өөрийн мэргэшихийг хүсч буй асуудал хариуцсан хөтөлбөрийн менежерт туслалцаа үзүүлэх, дагалдах (7 хоногтоо 3 өдөр тодорхой цагуудад)
  • Хөтөлбөрүүдийн нөлөөллийн ажлыг судлах, суралцах
  • “Күийр найт”-ыг хамтран зохион байгуулах, удирдан явуулах
  • 24-7 ажилладаг тусламжийн утсыг хариуцах, тусламжийн утсаар зөвлөгөө өгөх
  • “Тэгш эрх, бахархлын өдрүүд”-ийн зохион байгуулалтад туслах (7, 8-р саруудад)
  • “Аюулгүй ажлын байр” санаачлагын хэрэгжилт дээр ажиллах (7 хоногтоо 2 өдөр тодорхой цагуудад)
  • ЛГБТ Төвийн мультимедия нөлөөллийн контентыг үүсгэх дээр ажиллах
  • Тайлан бичиж сурах (англи, монгол хэл дээр)
  • Төсөл бичиж сурах (англи, монгол хэл дээр)
  • Англи болон бусад хэлнээс монгол хэл рүү кино орчуулах гэх мэт олон ажилд оролцох боломж бий

Жич: Хэрэв танд нэмэх шинэлэг, бүтээлч санаа байвал төвтэй холбогдож, санаа оноогоо заавал нэмэрлээрэй.

ЛГБТ Төв нь ЛГБТИ хүмүүсийн хүний эрхийн талаар ажиллахдаа хүний эрх, нийгмийн шударга ёсны төлөө ажиллаж буй бүх төрлийн байгууллага, хүмүүстэй хамтарч ажилладаг. Ямар ч хүний эрхийн хөдөлгөөний түүхийг харвал тухайн олон нийтээс гадна бусад хүмүүс тэр хүний эрхийн хөдөлгөөнд нэгдсэнээр нийгмийн өөрчлөлтийг авч ирсэн байдаг. Тэр ч утгаараа ЛГБТИ эрхийн дэмжигч (англиар ally) хүмүүсийн оролцоог бид чухал гэж үздэг ба ЛГБТИ хүмүүст орон зай, боломж олгохоос гадна ЛГБТИ эрхийг дэмжигч хүмүүст орон зай, боломж олгох асуудлыг анхаарч ажилладаг. ЛГБТИ эрхийн дэмжигч байхын тулд та бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа ба илэрхийллийн тухай өөрөө сайн ойлгож, бусадтай энэхүү зөв мэдээллийг хуваалцан, ЛГБТИ хүмүүсийн төлөө өөрийн үзэл бодлоо илэрхийлэхээс эхлэнэ.

Төвийн аль ч ажилтнаас зөвлөгөө авах боломжтой. ЛГБТ Төвийн дотоод журмын дагуу ажилтнууд таны нууцыг задруулахгүй ба шаардлагатай тохиолдолд танд нарийн эрх зүйн болон эрүүл мэндийн зөвлөгөөг хариуцах хөтөлбөрийн менежер өгөх болно.